АНУ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧ АГААРЫН ТЭЭВРИЙН КОМПАНИ “UNITED AIRLINES” МОНГОЛ УЛСАД АНХНЫ БУУЛТАА ХИЙЛЭЭ.

2025/05/02

2023 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны ажлын айлчлал хийхдээ тухайн үеийн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харристай албан ёсны хэлэлцээ хийсэн. Энэ үеэр сүүлийн 20 гаруй жил хүлээгдсэн хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлэцээр болох “Open sky” гэрээг үзэглэсэн. Үүний үр дүн гарч, Америкийн тэргүүлэгч агаарын тээврийн “United Airlines” компани Монгол Улс руу нислэг үйлдэж эхэллээ.

Монгол Улсын Засгийн Газраас явуулж буй агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд дотоодын 5 агаарын тээвэрлэгчээс гадна "Turkish airlines", "Korean Air", "Asiana Airlines", "Air China" тэргүүтэй гадны 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байгаа бөгөөд "United Airlines" компани 17 дахь авиа компани болж нэмэгдэж байна.

Монгол Улсын ИНЕГ болон холбогдох байгууллагууд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас олгодог САТ-1 гэрчилгээжилтийг авах ажил явагдаж байна.

Энэхүү гэрчилгээг Монгол Улс эзэмшсэнээр 2025 ондоо багтаж Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" компани АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой болно.

АНУ болон Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болох нь хоёр орныг холбоод зогсохгүй тийзний үнэ хямдарч, аялал жуулчлалын салбарт чухал нөлөө үзүүлнэ.

Холбоотой мэдээ

"АВЛИГЫН ХОР ХӨНӨӨЛИЙГ НИЙГЭМД ТАНИУЛАХ, АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО
2023/12/05

2023 оны 11 дүгээр сарын 30-ны 11:00 цагаас "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын II давхрын хурлын танхимд "Авлигын хор хөнөөлийг нийгэмд таниулах, авлигатай тэмцэх" сэдвээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс ХАСХОМ гаргах үүрэг бүхий албан тушаалд ажилладаг ажилтнуудад зориулсан сургалт хийх гэж байгаа тул та бүхэн идэвхтэй хамрагдана уу. Хаана: Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын II давхрын хурлын танхимд Хэзээ: 2023.11.30-ны ПҮРЭВ гарагт 11:00 цагаас Цахимаар оролцох: ZoomID: 8067951161 Pass: se335544 /жижгээр бичнэ/

“МЕНТОРШИП-2024” ХӨТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2024/08/30

“Мэдлэг туршлагыг өвлүүлж, тогтвортой хөгжилд хөтөлнө” уриатай “Менторшип-2024” хөтөлбөр нь ИНЕГ-ын даргын тушаалаар 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд амжилттай хэрэгжиж, өнөөдөр хаалтаа хийлээ. Тус хөтөлбөрт ИНЕГ, ИНҮТ, түүний харьяа, салбар нэгжээс нийт 20 оролцогч сонгогдож, 10 ментор буюу чиглүүлэгч, 10 ментий буюу суралцагч хамрагдсан юм. Өнөөдөр оролцогчид өнгөрсөн 3 сарын хугацаанд хийж бүтээсэн ажлаа бусдадаа тайлагнан, амжилт бүтээлээ хуваалцаж, шилдгүүдээ тодруулснаар хөтөлбөр өндөрлөж байна. “Менторшип-2024” хөтөлбөрийн шилдэг оролцогч хосоор ИНҮТ-ийн НХҮА-ны Сургалт дадлагын хэсгийн Ерөнхий нислэгийн хөдөлгөөний удирдагч, ментор Т.Амарзаяа, ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны хэлтсийн Хамтын ажиллагааны мэргэжилтэн, ментий Н.Өлзийжаргал нар шалгарч ИНЕГ-ын дарга, удирдлагуудаас шагналаа гардлаа. Мөн хөтөлбөрт амжилттай оролцсон нийт оролцогчдод талархал гардуулав. Хөтөлбөрийн менторууд өөрийн хариуцсан ментийгийн ур чадвар, сонирхол, ямар чиглэлээр сурч хөгжихийг хүсэж байгаа зэргийг тодорхойлсны үндсэн дээр цаашдын зорилгоо тодорхойлоход нь тусалж, нөөц бололцоогоор ханган, зааж зөвлөсөн. Өнөөдөр ментийнүүд хөтөлбөрийн хугацаанд хувь хүний хувьд болон мэдлэг, ур чадварын хувьд хөгжиж, олон ахиц дэвшил гарсан талаар хэлсэн юм. Ажилтнуудыг мэргэжлийн ур чадвар болон хувь хүний түвшинд сурч хөгжихөд дэмжлэг үзүүлэх, байнга сурч хөгжих хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэх, ажилтнуудын залгамж халааг бэлтгэх, байгууллагын дотоод соёл зэрэг хандлагыг бий болгох зорилгын хүрээнд нэгдэж, хөтөлбөртөө цаг зав, сэтгэл зүтгэл гарган, 3 сарын туршид шинийг мэдэж, суралцах хүсэл эрмэлзэл дүүрэн байж, хөтөлбөрөө амжилттай өндөрлүүлсэн оролцогчдод ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа баяр хүргэж, цаашид ч бие биеэсээ тасралтгүй суралцан, амжилтаа үргэлжлүүлэхийг хүслээ. Мөн хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан зохицуулалтын багийнханд баяр хүргэв. “Менторшип” хөтөлбөрийг цаашид уламжлал болгон зохион байгуулж, жил ирэх бүр хамрах хүрээ болон үр дүнг нь нэмэгдүүлж ажиллахыг ИНЕГ-ын удирдлагууд хэллээ.