ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН “ИРГЭНИЙ НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВ” (CATC)-ТЭЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2025/05/01

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр Тайландын Хаант улсын “Иргэний нисэхийн сургалтын төв” (CATC)-ийн Захирал бөгөөд Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга  хатагтай Пукканут Макчоую нар 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Бангкок хотод харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.

 

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр, Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга бөгөөд хяналтын ахлах байцаагч Ч.Одгэрэл, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Мөнхнасан болон Тайландын албаны хүмүүс оролцлоо.

 

Санамж бичгийн хүрээнд Монголын Улсад агаарын навигацийн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Улаанбаатар бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ төв”, “Сайншанд бүсийн нислэгийн удирдлагын хоёр дахь төв”, “Нислэгийн хөдөлгөөний алсын удирдлагын төв”, “Чөлөөт агаарын зай-FRA” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдэд ажиллах хүний нөөцийг бэлтгэх хэрэгцээ шаардлагын хүрээнд иргэний нисэхийн чиглэлээр нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч, аэродром, агаарын навигаци, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн ур чадварыг хадгалах богино, дунд, урт хугацааны сургалтуудыг тус сургууль дээр болон Монгол Улсад зохион байгуулах, цаашид өсөн нэмэгдэж буй иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах таатай нөхцөл бүрдэж байна.

Тодруулбал 2025-2026 оны хичээлийн жилд иргэний нисэхийн шаардлагатай мэргэжлээр бакалаврын түвшинд 15 оюутан, нислэгийн хөдөлгөөний удирдагчийн шинэ, болон давтан сургалтуудыг хамтран зохион байгуулах, Монгол суралцагчдад нисэхийн англи хэлний сургалтыг хөнгөлөлтэй нөхцөлөөр явуулахаар харилцан тохиролцсон байна.

Ташрамд дурдахад Тайландын Хаант улсын “Иргэний нисэхийн сургалтын төв” (CATC) нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын “Train Air Plus” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бөгөөд Ази, Номхон далайн бүсэд тэргүүлэгч сургалтын байгууллага юм.

Холбоотой мэдээ

“ЧИНГИС ХААН” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ ROUTES ASIA-2024 АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦЛОО
2024/03/05

Ази Номхон далайн бүс нутгийн агаарын тээврийн шинэ чиглэл, урсгалыг хөгжүүлэх зорилготой ROUTES ASIA-2024 арга хэмжээ энэ оны 02 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Малайз улсын Лангкави хотод зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Ази Номхон далайн бүс нутгийн 600 гаруй агаарын тээвэрлэгчид, нисэх буудлууд, аялал жуулчлалын компаниуд оролцсон бөгөөд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2 дахь удаагаа амжилттай оролцлоо. Агаарын тээврийн салбар дахь эрэлт хэрэгцээ, түүнийг хангахад тулгамдаж буй асуудлууд, цар тахлын дараах бүс нутгийн хөгжлийн хандлага болон зорчигчийн урсгал, нислэгийн шинэ чиглэлүүдийн талаарх хэлэлцүүлэг яриа өрнүүлж, агаарын тээвэрлэгчид, нисэх буудлууд болон олон улсын агаарын тээврийн холбогдох байгууллагууд харилцан мэдээллээ солилцсон өндөр ач холбогдолтой уулзалт арга хэмжээ болж өндөрлөлөө. Өнгөрсөн жилийн хувьд “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь 5 сая хүртэлх зорчигч хүлээн авах хүчин чадалтай шилдэг 5 нисэх буудлын нэгээр шалгарч байсан юм.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА (ICAO)-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ТӨВ (APAC-RO)-Д АЖИЛЛАА
2025/05/01

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Хаант улсын Бангкок хотод байрлах Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон далайн бүсийн төв (APAC-RO)-д ажиллаж Бүсийн захирал ноён Тао Ма болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Тус уулзалтаар Монгол Улсад Иргэний нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Иргэний нисэхийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд 2025 оны 03 дугаар сард Иргэний нисэхийн ерөнхий газарт үзүүлсэн зөвлөх үйлчилгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хэрхэн хангах талаар төлөвлөгөө боловсруулан ажиллах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх талаар санал солилцлоо. Уулзалтын хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын зүгээс Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор үнэмлэх гэрчилгээжүүлэлт, нислэгийн стандарт хариуцсан байцаагчдын сургалтыг үнэ төлбөргүйгээр 2025 онд багтаан зохион байгуулж өгөхөөр тохиролцсон бөгөөд талууд нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагаанд шаардлагатай, дүрэм журмыг илүү сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг ажлыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай тухай санал нэгдсэн байна. Уулзалтын төгсгөлд ноён Тао Ма Монгол Улсаас зорин ирж иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллаж байгаа төлөөлөгчдөд талархал илэрхийлж, амжилт хүсэв. Энэхүү уулзалт нь Иргэний нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын үед иргэний нисэхийн салбарын хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулахад чухал ач холбогдолтой юм.