ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА (ICAO)-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ТӨВ (APAC-RO)-Д АЖИЛЛАА

2025/05/01

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Хаант улсын Бангкок хотод байрлах Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон далайн бүсийн төв (APAC-RO)-д ажиллаж Бүсийн захирал ноён Тао Ма болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ.

Тус уулзалтаар Монгол Улсад Иргэний нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Иргэний нисэхийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд 2025 оны 03 дугаар сард Иргэний нисэхийн ерөнхий газарт үзүүлсэн зөвлөх үйлчилгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хэрхэн хангах талаар төлөвлөгөө боловсруулан ажиллах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх талаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын зүгээс Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор үнэмлэх гэрчилгээжүүлэлт, нислэгийн стандарт хариуцсан байцаагчдын сургалтыг үнэ төлбөргүйгээр 2025 онд багтаан зохион байгуулж өгөхөөр тохиролцсон бөгөөд талууд нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагаанд шаардлагатай, дүрэм журмыг илүү сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг ажлыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай тухай санал нэгдсэн байна.

Уулзалтын төгсгөлд ноён Тао Ма Монгол Улсаас зорин ирж иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллаж байгаа төлөөлөгчдөд талархал илэрхийлж, амжилт хүсэв.

Энэхүү уулзалт нь Иргэний нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын үед иргэний нисэхийн салбарын хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулахад чухал ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ

“НИСЭХ БУУДЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТАД ИНҮТ-ИЙН 20 АЖИЛТАН АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА
2023/12/05

Бүгд Найрамдах Солонгос Улсын Инчеон олон улсын нисэх буудлын Нисэхийн академид "Нисэх буудлын аюулгүй байдал" сэдэвт сургалт 2023 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус сургалтад Иргэний нисэхийн үндэсний төвийн Аюулгүй байдал хамгаалалтын албаны 20 ажилтан амжилттай хамрагдлаа.