ЗТХЯ-наас батлан ирүүлсэн удирдамж, төлөвлөгөөний дагуу “Удирдлагын манлайлал-ажилтны эрүүл мэнд” сарын аян 2023 оны 12 дугаар сарын 05-наас 2024 оны нэгдүгээр сарын 05-ны өдрүүдэд иргэний нисэхийн салбарт үргэлжилж байна.Сарын аянд ИНЕГ, ИНҮТ, түүний салбар нэгжүүд “НУБИЭ” ХХК, “МИАТ” ТӨХК, “Хүннү Эйр” ХХК болон агаарын тээврийн компаниуд нэгдсэн төлөвлөгөөний дагуу оролцож байгаа бөгөөд тайлангаа нэгтгэн ЗТХЯ-нд хүргүүлэх юм.Сарын аяны хийгдэх ажлын төлөвлөгөөний хүрээнд ”Ажил амьдралын тэнцвэр” сэдвээр “Хөдөлмөр хамгаалал хүний хөгжлийн төв”-ийн захирал С.Дуламсүрэн иргэний нисэхийн салбарын хүрээнд зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”-т оролцож мэдээлэл өгсөн бол ИНЕГ, “МИАТ” ТӨХК, Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтран салбарын ажилчдын хүүхдүүдийнхээ дунд “Ажил амьдралын тэнцвэр-хүүхдийн нүдээр” гар зургийн уралдаан зохион байгууллаа. Уралдаанд 24 хүүхэд бүтээлээ ирүүлснээс уралдааны сэдэвтэй нийцэж буй байдал, зургийн ур чадвар, агуулга илэрхийлсэн байдал зэрэг үзүүлэлтээр мэргэжлийн зургийн багш нар дүгнэж байр эзлүүлсэн байна.
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр Тайландын Хаант улсын “Иргэний нисэхийн сургалтын төв” (CATC)-ийн Захирал бөгөөд Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хатагтай Пукканут Макчоую нар 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Бангкок хотод харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр, Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга бөгөөд хяналтын ахлах байцаагч Ч.Одгэрэл, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Мөнхнасан болон Тайландын албаны хүмүүс оролцлоо. Санамж бичгийн хүрээнд Монголын Улсад агаарын навигацийн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Улаанбаатар бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ төв”, “Сайншанд бүсийн нислэгийн удирдлагын хоёр дахь төв”, “Нислэгийн хөдөлгөөний алсын удирдлагын төв”, “Чөлөөт агаарын зай-FRA” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдэд ажиллах хүний нөөцийг бэлтгэх хэрэгцээ шаардлагын хүрээнд иргэний нисэхийн чиглэлээр нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч, аэродром, агаарын навигаци, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн ур чадварыг хадгалах богино, дунд, урт хугацааны сургалтуудыг тус сургууль дээр болон Монгол Улсад зохион байгуулах, цаашид өсөн нэмэгдэж буй иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах таатай нөхцөл бүрдэж байна. Тодруулбал 2025-2026 оны хичээлийн жилд иргэний нисэхийн шаардлагатай мэргэжлээр бакалаврын түвшинд 15 оюутан, нислэгийн хөдөлгөөний удирдагчийн шинэ, болон давтан сургалтуудыг хамтран зохион байгуулах, Монгол суралцагчдад нисэхийн англи хэлний сургалтыг хөнгөлөлтэй нөхцөлөөр явуулахаар харилцан тохиролцсон байна. Ташрамд дурдахад Тайландын Хаант улсын “Иргэний нисэхийн сургалтын төв” (CATC) нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын “Train Air Plus” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бөгөөд Ази, Номхон далайн бүсэд тэргүүлэгч сургалтын байгууллага юм.