Харилцан ойлголцлын санамж бичигт Иргэний нисэхийн ерөнхий газрыг төлөөлж дарга Э.Төрбаяр, “Транскон электрон систем” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Владимир Драбек нар 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Прага хотноо гарын үсэг зурлаа.
Монгол Улсын
Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Иргэний
нисэхийн ерөнхий газар болон “Транскон электрон систем” ХХК хооронд байгуулагдах харилцан солилцох санамж бичиг нь иргэний
нисэх, иргэний нисэхийн дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн
хөгжүүлэх зорилготой. Мөн тус газартай иргэний нисэхийн салбарт, тэр дундаа
орон нутгийн нисэх буудлуудын шинэчлэлт, нисэхийн тоног төхөөрөмж, технологи
нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх болно.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн газрын захирал Анджейс Виюмсонс нар 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, эцэслэн байгууллаа. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулах ажил ковид-19 цар тахлын жилүүдэд саатаад байсныг эрчимжүүлж, 2023 оны 04 дүгээр сард хоёр тал хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, үзэглэсэн. Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй агаарын тээврийг либералчлах бодлого, түүнчлэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Агаарын харилцааны тухай хэлэлцээр шинээр байгуулах, одоо хэрэгжиж буй хэлэлцээрүүдэд өөрчлөлт оруулах замаар олон улсын нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Монгол, Латви хоёр улсын хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулж, шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлснээр аялал жуулчлалыг хөгжүүлэх, Латви болон Хойд Европын хэсэгт оршин сууж буй манай улсын иргэд болон жуулчдад хямд зардлаар ая тухтай нисэх боломж бүрдэхийн зэрэгцээ дотоодын агаарын тээвэрлэгчид Хойд Европын орнууд руу шинэ нислэгийн чиглэл нээх, аяллын дугаар хамтран ашиглах зарчмаар нислэгийн сүлжээг өргөжүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болох юм.
БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлыг Сөүл хотноо зохион байгуулж байна.Тус хурал нь дэлхийн улс орнууд дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллаж худалдаа, тээвэрт үүсч буй саад бэрхшээлийг арилгах, тээврийн дэд бүтцийг хамтран хөгжүүлэх замаар улс орнуудын улс төр, эдийн засаг нийгмийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээр хэлэлцэж байна.Хуралд дэлхийн 20 гаруй орны тээврийн сайд, дэд сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна. Манай улсаас Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Хуралдаанд Монгол Улс газар зүйн байршлаа ашиглан Ази Европыг холбосон тээврийн транзит орон болохоор зорьж байгаа тухай болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих тээвэрлэлт нь эдийн засгийн зардал хэмнэсэн, тээврийн үр ашигтай коридорууд болох талаар мэдээллээ.Мөн Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, хэрэгжүүлж буй, төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулан хамтран ажиллах боломжуудын талаар танилцуулсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар сэргээн баригдах “Шинэ Хархорум” хотын олон улсын нисэх онгоцны буудал, Улаанбаатар-Хархорин хот чиглэлийн авто зам, төмөр зам барих болон бусад зам, тээврийн суурь дэд бүтцийг байгуулах төслүүд дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.“Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлын үеэр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны Дэд сайд Kim Sang-moon нар Монгол Улсын авто замын засвар арчлалтын менежментийг сайжруулах хүрээнд 6.5 тэрбум воны буцалтгүй тусламжийн төслийг эхлүүлэхээр протколд гарын үсэг зурсан нь уг арга хэмжээний онцлох үйл явдлын нэг байлаа.Мөн БНСУ-ын зам, гүүр, туннел болон барилгын салбарт тэргүүлэгч Dowha engineering, Kolon Global Corporation, Daewoo Engineering&Construction Co.Ltd, Ilsung Construction, Buycksan Engineering, Soosong Engineering, Kunwha Engineering&Consulting Co.Ltd, Kyingdong Enineering Co.Ltd, Construction Gurantee Cooperative зэрэг компанийн төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын зам тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгч санал солилцов. Зам, тээврийн хөгжлийн яам