Олон улсын иргэний нисэхийн
байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Ази, Номхон далайн бүсийн Иргэний
нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр (CASP-AP)-ийн гишүүн орнуудын
техник, үйл ажиллагааны 11 дүгээр (11th ATOM) ээлжит хурал”-ыг 2025 оны 02
дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Энэ удаагийн хуралд дээрх
хөтөлбөрийн гишүүн 10 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд
төлөөлөгчид иргэний нисэхийн аюулгүйн хамгаалалтын өнөөгийн нөхцөл байдал,
тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, гишүүн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх
талаар санал солилцлоо. Тус хурлаар Сингапур, Тайланд, Филиппин зэрэг улсуудын
аюулгүйн хамгаалалт, агаарын тээврийг хялбаршуулах болон аюулгүйн хамгаалалтын
соёлыг сайжруулах чиглэлээр туршлага судлах танилцуулга хийгдсэн бол тус хурлыг
зохион байгуулагч CASP-AP болон Нисэх буудлуудын холбооноос танилцуулсан нисэх
буудлын нийтийн эзэмшлийн бүсэд үйлдэгдэж болох халдлага, хүнгүй нисэх
төхөөрөмжийн халдлагаас сэргийлэх чиглэлээр хийгдсэн танилцуулгууд хуралд оролцогчдын
сонирхлыг ихээхэн татсан байна.
Хурлыг Монгол Улсад зохион
байгуулснаар Ази, Номхон далайн бүсийн
Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн талаарх
сургалтад аюулгүйн хамгаалалтын ажилтнуудыг түлхүү оролцуулж, олон улсын туршлага
судлах боломж олгохоос гадна оролцогч төлөөлөгчидтэй санал солилцож, иргэний
нисэхийн аюулгүйн хамгаалалтын чиглэлээрх Монгол Улсын өнөөгийн түвшнийг
тодорхойлох, олон улсын мэргэжилтнүүдээс холбогдох заавар, зөвлөмж авах
боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/382 дугаар тушаалаар Иргэний нисэхийн үндэсний төвийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг шинэчилсэн бүтцээр ИНҮТ нь нийт 6 газар, 199 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулна. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа 2024 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр тушаал гаргаж, ИНҮТ-ийн газрын дарга нарыг томиллоо. Тодруулбал, Иргэний нисэхийн үндэсний төвийн Бизнес хөгжил, төлөвлөлтийн газрын даргаар С.Нацагдорж, Захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар Э.Нарантунгалаг, Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын даргаар Н.Идэр, Үйлдвэрлэл, үйлчилгээний газрын даргаар Г.Мөнгөнхуяг, Хүний нөөцийн удирдлагын газрын даргаар Э.Мишээл нарыг тус тус томилсон байна. Мөн тус төвийн Санхүү, эдийн засаг, төлөвлөлтийн газрын даргаар Ч.Сэржмаа үргэлжлүүлэн ажиллах юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:Иргэний нисэхийн ерөнхий газарСанхүү, хөрөнгө оруулалтын хэлтэсЭдийн засагч Ц.Мөнхсаран201 тоот Утас: 71282069
Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албанаас БНСУ-ын агаарын ачаа тээвэрлэгч “AERO K AIRLINES” компанид ИНД-129-ийн шаардлагад нийцүүлэн гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ олгосныг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа өнөөдөр тус компанийн удирдлагуудад гардуулж, амжилт хүслээ. Ингэснээр “AERO K AIRLINES” компани А320 маягийн агаарын хөлгөөр Чеонгжу-Улаанбаатар-Чеонгжу чиглэлд хуваарьт нислэг үйлдэх эрхтэй болж байгаа бөгөөд хоёр орны хоорондын агаарын харилцаа болон харилцан ашигтай арилжааны үйл ажиллагааг улам өргөжүүлэх ач холбогдолтой юм. ИНД-129 буюу “Гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээжүүлэлт” нь 28 хоногт Монгол Улсад хоёроос дээш хөөрөлт, буулт үйлдэх, эсвэл 365 хоногт наймаас дээш хөөрөлт, буулт үйлдэх хуулийн этгээдэд гэрчилгээ олгох дүрэм юм.