Монгол Улсаас АНУ-ын хооронд
шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд “МИАТ” ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар
үйлчилгээний газар АНУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газар “FAA” FAR-145 дүрмийн
дагуу аудит шалгалтад амжилттай шалгуулж, тэнцлээ.
АНУ-ын нислэгийн аюулгүй
ажиллагаа, техникийн үйл ажиллагааны чанар, стандартыг бүрэн хангасан агаарын
тээвэрлэгч болсноор “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагааны цар хүрээ тэлж, АНУ-ын зах
зээлд гарах, тус улсад бүртгэлтэй агаарын хөлгүүдэд засвар үйлчилгээ үзүүлэх
бүрэн боломжтой болж буй юм.
ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газраас зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр боллоо. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-ийн зочноор Монгол Улсын Шадар сайдын ахалсан “Mars-V” төслийн менежер Д.Энхтүвшин, Модуль хөгжүүлэлтийн багийн ахлагч З.Дөлсайхан нар оролцож, тус төслийн талаар ИНЕГ-ын дарга, удирдлагууд болон харьяа газар нэгжийн ажилтнуудад танилцууллаа. Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн хэрэгжүүлж буй “Mars-V” төсөл нь Монголын говьд: 1. Марс гараг дээр амьдрахад шаардлагатай ур чадварыг нутагшуулах, техниктэй ажиллах мэдлэг олж авах, туршлага хуримтлуулах, багийн ажиллагаа болон амьдрах чадвараа нэмэгдүүлэх сургалтын төв байгуулах; 2. Марс гарагийг судлах технологиудыг төсөөтэй орчинд судлах, хамтарсан судалгаа хийх, олон улсын оролцоо бүхий шинжлэх ухааны судалгааны төв бий болгох; 3. Марсын амьдрах орчныг хамгийн төсөөт орчинд нь мэдэрч, Марс явах хүмүүсийг бэлтгэдэг хөтөлбөрөөр өөрийгөө сорьж үзэхийг хүссэн аялагчдад зориулсан тусгай сонирхлын аялал жуулчлалын хөтөлбөр бүхий төв байгуулах үндсэн зорилготой байна. Өөрөөр хэлбэл, Марс гарагт судалгаа хийх багийг бэлтгэх сургалтын төвийг байгуулж, сансрын технологийн хөгжлийг Монголд нутагшуулахаас гадна сансрын мэдрэмж, туршлага авахыг хүссэн сонирхогчдод зориулсан тусгай сонирхлын аялал жуулчлалыг Монгол орны зарим бүс нутагт хөгжүүлэх зорилготой төсөл юм. Монголын говийн цаг уур, хөрс, орчин нөхцөл Марс гараг дээрхтэй төстэй учраас сансар огторгуйд аялах боломж зөвхөн сансрын нисгэгчид бус, хүн бүрд нээлттэй байх боломжтой гэдгээрээ онцлог байна. Эхний ээлжид төслийн суурь баазыг Өмнөговь аймагт байгуулж, сургалтын хөтөлбөрөө Дундговь аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг хэллээ. “MARS-V” төслийн үйл ажиллагааг дэмжин ажиллах ажлын хэсэгт ИНЕГ-ын дарга гишүүнээр ажиллаж байгаа. Мэдээллийн цагийн төгсгөлд “MARS-V” төслийн багийн зүгээс төслийг хэрэгжүүлэхэд Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа алба салбар, нэгжүүдийн 2023 оны тайлангийн хурал үргэлжилж байна. Өнөөдрийн хурлын эхэнд Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба 2023 онд төлөвлөсөн болон хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. НХҮА нь ИНД-172 дүрмийн дагуу Монгол Улсад Бүс, Ойртолт, Аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээ, нислэгийн мэдээллийн болон аюулын дохио мэдээллийн үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлж ажилладаг. Тус алба нь өнөөдрийн байдлаар 9 хэсэг, 244 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд 3 зорилтын хүрээнд нийт 38 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь 100 хувь хэрэгжилттэй үнэлэгдсэн байна.НХҮА нь 2023 онд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр 14 томоохон ажлуудыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, хэрэгжилтийг 100% хангаж ажилласан байна.Тус алба нь орон нутгийн нислэгийн хөдөлгөөний мэдээллийн үйлчилгээг “Арцат” нэгтгэсэн ажлын байрнаас үзүүлж эхэлсэн байна. Ингэснээр нислэгийн мэдээллийн ажилтнуудын ээлжийн зохион байгуулалтыг оновчтой хийх, нислэгийн мэдээллийн үйлчилгээг олон түвшинд гаргаж, шинэ тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх эхлэл тавигдаж байна.Монгол Улс болон БНХАУ-ын НХУТ-д хооронд автоматаар мэдээ солилцох AIDC системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, үйл ажиллагаанд нэвтрүүлэн 2023.11.24-нөөс Ланжоу НХУТ, 2023.12.01-нээс Бээжин НХУТ-тэй хэвийн ашиглаж байна.Нисэхийн мэдээллийг Монгол улсын нутаг дэвсгэр дотор болон бусад иргэний нисэхийн байгууллагуудтай солилцоход ашиглах AMHS системийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг бүрэн ханган, 2023.12.01-ээс эхлэн туршилтаар ашиглаж эхлээд байна.“Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд (SI) системийн бус хэмжлийн фүүтийн нэгжийг нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулагдан судалгааны ажлыг гүйцэтгэн, тайланг холбогдох байгууллагад хүргүүлэн ажилсан байна.“Нисэхийн дууны холбооны /VCS/ системийг агаарын навигацийн үйлчилгээнд ашиглах ажлын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд бэлтгэл ажлыг бүрэн хангаж, 2023.06.12-ноос эхлэн үйл ажиллагаанд ашиглаж байна.“Чингис хаан” ОУНБ-ын хөдөлгөөнт бүсэд газрын хөдөлгөөний зориулалттай тооцоот ажиглалтын MLAT систем нэвтрүүлэх төлөвлөгөөний дагуу холбогдох судалгаа, материалыг бүрдүүлж, хэрэгжилтийг бүрэн ханган, туршилтаар ашиглаж байна.PBN III шат ажлын хүрээнд RNAV5 агаарын замуудыг RNP2 агаарын замууд руу шилжүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган судалгаа, тайланг 2023.11.21-нд АНҮГ-т хүргүүлсэн. “Буянт-Ухаа” болон “Чингис хаан” ОУНБ-ын хөөрч буух зурвасын завгүйдлийн судалгааг олон улсын стандарт аргачлалаар гүйцэтгэж, тооцоолсон.НХҮА нь ОУИНБ-ын Хавсралт 19 болон Док9859-ийн дагуу ИНД-172, ИНД-100-ийн шаардлагад нийцсэн Аюулгүй байдлын нэгдмэл удирдлагын тогтолцоог 2023.06.16-наас эхлэн хэрэгжүүлээд байна.Мөн НХҮБ-ын Аюулгүйн хамгаалалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг бүрэн хангаж, 2023.10.10-2023.10.20-ны өдрүүдэд ОУИНБ-ын ICAO USAP-CMA аудит шалгалтад амжилттай хамрагдсан.НХҮА нь бүсийн удирдлагын түр шилжин ажиллах ажлын байрыг “Буянт-Ухаа” ОУНБ дахь Бүсийн дадлагажуурын байранд суурилуулж, холбогдох эрсдэлийн үнэлгээ, дасгал, сургуулилтыг зохион байгуулаад байна.Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх зорилгоор нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын зайчлалыг ОУИНБ-ын Doc4444-т нийцүүлэн багасгах, НХҮЕЖ-ын 12-р бүлэгт оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж, 2023.12.19-нд “Нислэгийн яриа-2023” зөвлөгөөнөөр хэлэлцсэн байна. 2023 онд ЗХ-ний 337-р ангийн МиГ 29 сөнөөгч онгоцны 7 удаагийн дадлага сургалтын нислэгийг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулсан байна.НХҮА нь 2023 оны 12 дугаар сарын 14-ний байдлаар олон улсын өнгөрөлтийн 40.721 нислэгт удирдлагын үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оноос 12.3%-иар өссөн үзүүлэлт юм. Мөн Олон улсын нийт хөөрөлт, буултын нислэг тайлант хугацаанд 9182 нислэгийн гүйцэтгэлтэй байсан бол орон нутагт 9914 нислэгийн гүйцэтгэлтэй тооцогдсон нь нийт хөөрөлт, буултын нислэгийн тоо өмнөх оноос 91.9%-иар өссөн үзүүлэлт юм.НХҮА нь хүний нөөцийн стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, цаашид бэлтгэх шаардлагатай нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын эрэлт хэрэгцээ, мэргэшүүлэх шаардлагатай гадаад, дотоод сургалтын төлөвлөгөөг баталсан. Мөн байгууллага, хамт олны уур амьсгалыг эерэг болгох зорилгоор ажилтнуудад хувь хүний хөгжлийн сургалтыг Ганабелл институттэй хамтран зохион байгуулж, Дээлтэй ATC, мэргэжил сурталчлах зэрэг олон төрлийн олон нийтийн арга хэмжээнүүдийг идэвхтэй зохион байгуулжээ.2023 онд тус албанд тохижилт хангамжийн 55 ажил, бусад шаардлагатай худалдан авалтын 11 ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Нийт хөөрөлт, буултын нислэгийн эрчимжилт нэмэгдэж буйтай холбогдуулан тус албанаас нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын хүний нөөцийн бэлэн байдлыг хангах, мэргэшүүлэх сургалт, дадлагын чанарыг сайжруулах, ээлж зохион байгуулалтыг холбогдох дүрэм журмын дагуу төлөвлөхөд цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг тайлангийн төгсгөлд танилцуулав. Үүнд: 1. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын илүү цаг болон мэргэжлийн зэргийн нэмэгдэл хөлсийг олгох; 2. Бүсийн болон цамхгийн дадлагажуурын тоног төхөөрөмжийг шинэчлэх; 3. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын гадаад сургалт; 4. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны нөхцөлийг хангахад шаардлагатай чихэвч болон сандлын худалдан авалт; 5. “Бүсийн НХУТ”-ийн цахилгаан шат; 6. Нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын зайчлалыг багасгах. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь 2024 онд 3 зорилтын хүрээнд нийт 29 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
АНУ-ын ЭСЯ, АНУ-ын Ази, номхон далайн бүсийн улсуудын цэргийн командлал, Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал болон Иргэний нисэхийн үндэсний төв хамтран “Хүмүүнлэгийн болон гамшгийн үед агаарын тээвэрлэлтийн чадавхыг дээшлүүлэх сургалт”-ыг 2025 оны 5 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус сургалтын төлөвлөлтийн талаар нэгдүгээр сарын 24-ний өдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Ази, номхон далайн бүсийн улсуудын агаарын цэргийн командлал, Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлалын төлөөлөл болон Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга, холбогдох албаны төлөөллүүд уулзаж, ярилцлаа. Учирч болох гамшиг, ослын үед агаарын зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх вэ гэдэг маш чухал. Тиймээс тус сургалтаар улс орнуудын агаарын тээвэрлэлт болон хамтын ажиллагааны чадавхыг сайжруулах гол зорилготойг уулзалтын үеэр онцоллоо. Номхон далайн агаарын цэргийн командлалын А373 дивизийн номхон далайн элч сургуулийн төлөвлөгч Грэг Форнер “Бид сургалтыг 2025 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалт хээрийн сургалт, команд штабын сургалт гэсэн хэсэгтэй явагдана. 2025 оны 3 дугаар сард 6-7 улсын төлөөлөл Монгол Улсад ирж, анхны төлөвлөлтийн хурлыг хийхээр төлөвлөж байна” гэв. ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр “Сургалтын үеэр Ази, номхон далайн 20 улсын 6 том агаарын хөлгөөр гамшиг тохиолдсон үед агаарын зохион байгуулалт, үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар явагдана. Маш үр дүнтэй, ач холбогдолтой сургалт болно гэж бид харж байна” гэсэн юм.