Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэхтэй холбогдуулан одоо хүчин төгөлдөр иргэний нисэхийн дүрмүүдийг мөн өдрөөс тус хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэн шинэчлэн батлах бөгөөд Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шаардлагатай боловсруулалтыг хийж 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхэлж цахим хуудас (https://www.mcaa.gov.mn/category/539)-т байршуулсан. Дээрх дүрмийн хэлэлцүүлгийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар хуваарь гаргасан. Та бүхэн хэлэлцүүлгийн хуваарьтай танилцаж, хүрэлцэн ирэхийг хүсье.
Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан ИНЕГ-ын Ахмадын хорооны өндөр настан Пунцагийн Оюуныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны жижүүр Даваасүрэнгийн Батбаярыг Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “Авто тээврийн тэргүүний ажилтан” тэмдгээр тус тус шагнасныг ИНЕГ-ын дарга, удирдлагууд гардуулан өглөө.
Харилцан ойлголцлын санамж бичигт Иргэний нисэхийн ерөнхий газрыг төлөөлж дарга Э.Төрбаяр, “Транскон электрон систем” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Владимир Драбек нар 2025 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Прага хотноо гарын үсэг зурлаа.Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Транскон электрон систем” ХХК хооронд байгуулагдах харилцан солилцох санамж бичиг нь иргэний нисэх, иргэний нисэхийн дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой. Мөн тус газартай иргэний нисэхийн салбарт, тэр дундаа орон нутгийн нисэх буудлуудын шинэчлэлт, нисэхийн тоног төхөөрөмж, технологи нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх болно.
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 10 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 40 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 52.5 хувь нь ашиг сонирхлын зөрчлийн талаар байх бөгөөд тендер, худалдан авах ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 156 дуудлага хүлээн авчээ.Тус албанаас “Хүүхдийн шударга байдлын 2024 оны судалгаа”-ны ажилд одоогийн байдлаар аймаг, нийслэл, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 1905 сурагч, 326 эцэг, эх, 250 багшийг хамруулаад байна.Эх сурвалж. Авлигатай тэмцэх газар