Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны Хойд Азийн бүсийн оффис Бээжин хотноо байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээ 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болж, 160 гаруй зочин төлөөлөгч оролцлоо. Өнөөдөр 30 жилийн ойгоо тэмдэглэж буй Хойд Азийн бүсийн оффис нь 80 гаруй ажилтан, сургагч, аудитортай бөгөөд тус бүс нутгийн 48 гишүүн агаарын тээвэрлэгчид тус оффистой агаарын тээврийн аюулгүй байдлын болон бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, санхүү борлуулалт, сургалт дадлагын чиглэлээр хамтран ажиллаж байна.
Ойн арга хэмжээний үеэр Олон улсын агаарын тээврийн холбоо нь хамтын ажиллагаа, сургалт хөгжлийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний 10 орчим гэрээ, санамж бичгийг салбарын төлөөлөгчидтэй байгуулсны дотор Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA)-ны Аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа хариуцсан тэргүүн дэд ерөнхийлөгч Ник Кариин (Nick Careen) нар хоёр байгууллага хоорондын нисэхийн аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах “санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Олон улсын агаарын тээврийн холбоогоор дамжуулан салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, агаарын тээвэрлэгчдийн аюулгүй байдлын хангалт, зах зээлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалт болон техник технологийн дэвшлийг нэвтрүүлэх, сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж, агаарын тээвэрлэгчдийн оролцоог сайжруулах, түүнчлэн тус холбооноос хийгддэг олон улсын аюулгүй байдлын аудит (IOSA), газрын үйл ажиллагааны аюулгүй байдлын аудит (ISAGO) зэрэг дэлхий даяар агаарын тээврийн аюулгүй байдлын баталгаа болж байгаа шилдэг туршлагыг нэвтрүүлэх, агаарын тээвэрлэгчдийн аюулгүй байдлын үнэлгээг өсгөж олон улсын зах зээлд илүү танигдах, үйл ажиллагааг өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүр хамтран ажиллах төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхээр тус санамж бичигт тусгасан байна.
Монгол Улсын Засгийн газраас агаарын тээврийн либералчлалын бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж эхэлснээр үндэсний агаарын тээвэрлэгчид олон улсын агаарын тээврийн зах зээлд гадаадын тээвэрлэгчидтэй өрсөлдөхөөс гадна хамтран ажиллах хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэхүү хэрэгцээ шаардлагыг хангах, шинээр байгуулагдаж буй агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагааг тогтворжуулах, аюулгүй байдлын болон хүний нөөцийн сургалтын хэрэгцээг хангах, сайжруулах зэрэг ажлыг тус холбоогоор дамжуулан хийж хэрэгжүүлэх боломж бүрднэ.
Уг санамж бичгийн хүрээнд хэрэгцээ, шаардлагатай сургалтуудыг нисэхийн дэд бүтэц, боловсон хүчнийг түшиглэн Монгол Улсад тогтмол зохион байгуулах, холбооны зүгээс манай агаарын тээвэрлэгчдэд шинэ бүтээгдэхүүн, боломжийг санал болгох, агаарын тээврийн тогтвортой түлш болон газрын үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, нисэх буудал, агаарын тээврийн "ногоон бодлого” боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг чиглэлд хамтран ажиллах юм.
Нисэхийн сургалтын төвөөс ээлжит “Мэдээллийн цаг” арга хэмжээг өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд зохион байгууллаа. Энэ удаад "Ажлын байран дахь хараа хамгаалал, хараа зүйн зөвлөгөө" сэдвийн хүрээнд "Ихэр Талст" эмнэлгийн нүдний эмч Ц.Хаш-Эрдэнэ, Ц.Хашчулуун нар мэдээлэл өглөө.Мэргэжлийн эмчид нүдээ хэзээ үзүүлэх вэ? Хэрэв таны нүд эрүүл бол жилд 1 удаа, нүдний ямар нэг төрлийн өвчтэй эсвэл чихрийн шижин, артерийн даралт ихсэх өвчтэй бол 6 сар тутам, харин нүдэнд ямар нэг таагүй мэдрэмж төрөх, эсвэл нүдний гэмтэл авсан тохиолдолд тухай бүр яаралтай нүдний эмчид хандахыг зөвлөж байна.Мөн ажлын байран дээрээ хамгаалалтын шил тогтмол зүүж хэвшсэнээр ажлын байран дахь нүдний гэмтлийн 9/10 нь урьдчилан сэргийлэгдэх боломжтой гэдгийг хэллээ.Танхимын мэдээллийн дараа ажилтнуудад нүдний даралт үзэх, хараа шалгах зэрэг эмчийн үзлэг хийн, хараа зүйн зөвлөгөө өгч, нүдний шил хийх зэрэг үйлчилгээ үзүүллээ.Жил бүрийн 10 дугаар сард “Хараа хамгаалах дэлхийн өдөр” тохиодог. Өнгөрсөн жил “Ажлын байранд нүдээ хайрлая” уриан дор явагдсан бол энэ жил “Хүүхдүүд ээ, Нүдээ хайрлая” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн байна.
“Амьдралын төлөөх аавууд” аян, хөдөлгөөнөөс ИНЕГ-ын ажилтнуудад аавын хүмүүжлийн арга барилын талаар мэдээлэл өглөө.Сүүлийн үед нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалан гэр бүл салалт ихэссэн бөгөөд аавгүйдлийн улмаас үүсдэг нөлөөллийн талаар тус байгууллагаас судалгаа хийсэн байна. Тухайлбал, Аавгүй өссөн хүүхдүүд сэтгэл хөдлөл болон зан авирын асуудал ихээр гаргадаг ба хөвгүүдийн хувьд ажилгүйдэл, гэмт хэрэгт холбогдох нь их байдаг байна. Судалгаагаар удаан хугацаагаар хоригдох ял авсан өсвөр үеийнхний 70 хувь нь аавгүй өссөн байдаг байна. Мөн аавгүй хүүхдүүдийн дунд сургуулиас завсардах байдал 2 дахин их байдаг, аавгүй өссөн охидуудын хувьд 3 дахин их ганц бие ээж болдог судалгаа гарчээ. “Хүүхэд дуугаа хураагаад, ярилцахаа болих нь олон хүчин зүйл нөлөөлж болно. Харин энэ нь удаан хугацаагаар үргэлжлэх нь амьдралд нь сөргөөр нөлөөлж болох юм. Тиймээс аав хүнийхээ хувьд тэдний хийх дуртай зүйлд нь оролцож, бага багаар харилцах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Хамтдаа ярилцах нь бүх асуудлын шийдэл болохгүй ч сэтгэлээ тайвшруулах боломжтой болдог гэдгийг хүүхэд тань ойлгох юм. Амьдралын төлөөх аавууд та бол хүүхдийнхээ хамгийн сайн харилцагч байх боломжтой юм” гэдгийг Амьдралын төлөөх аавууд аян, хөдөлгөөний зохицуулагч, ICAN олон улсын аавуудын сургалтын мастер багш Ч.Гансүх мэдээлэлдээ онцоллоо. “Бидэнд байгаа үнэ цэнтэй цаг бол хайртай хүмүүстэйгээ хэр их цаг гаргахаас шалтгаалдаг. Бидний ажиллаж, хөдөлмөрлөж байгаа цагууд үнэндээ гэр бүлийнхээ хүмүүсийг аз жаргалтай болгохыг хичээж байгаагаас үүдэлтэй. Гэвч заримдаа энэ их хичээл зүтгэлдээ хэт автаад хамтдаа цагийг өнгөрөөхөө умартдаг. Аавтайгаа хамт байх хугацаа дэндүү бага байсан гэдгээ бид яг аавынхаа насанд ирэх үедээ анзаардаг. Өнөөдөр хүүхэддээ цаг гаргах хамгийн тохиромжтой цаг гэдгийг өнөөдөр л бид өөртөө сануулах хэрэгтэй. Аавын гаргасан сайхан цаг, тэр хором мөч бүхэн биднийг аз жаргалтай болгож байсныг бид ойлгодог. Тэгвэл бид хүүхдүүддээ хэзээ хамгийн сүүлд дурсамж үлдээхээр гайхалтай цагийг гаргасан бэ? Өнөөдөр, одоо л тэр цагийг бид гаргаж чадна. Хүүхдүүд маань бидэнд цаг гаргаасай гэж хэлээгүй ч сэтгэлдээ цаг гаргаасай гэж хүлээж байгаа гэдгийг мөн тэрбээр аавуудад санууллаа.