“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хамт олон оролцлоо.
“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хамт олон оролцлоо.
“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ
Юуны өмнө “Буянт-Ухаа”-гийн буурал дэнжээрээ нэрлэгдсэн нисэх буудлынхаа үүх түүхээс хуваалцаж, хамт олноо бидэнд танилцуулаач.
Д.Цэрэндондов
/”Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын Үйлдвэрлэл инженерингийн хэсгийн дарга/
Сайн байцгаана уу. Юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Анх 1957 онд нисэхийн холимог хороог иргэний нисэхийн үүрэг гүйцэтгүүлэхээр “Буянт-Ухаа”-д нүүлгэж ирснээр манай нисэх буудлын хөгжлийн түүх эхэлсэн байдаг. 1961 онд нисэх буудлыг өргөтгөн, шинэ аэровокзал, цардмал талбай байгуулж, орчин үеийн онгоц хүлээн авах холбоо навигацийн болон гэрэл суултын тоног төхөөрөмжөөр тоноглосон. Ингээд 1970-аад оноос улс орны гадаад харилцаа өргөжиж, дотоодын зорчигчдын тоо нэмэгдсээр 1986 оны 6 дугаар сарын 04-ний өдөр цагт 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай шинэ нисэх буудлын барилга ашиглалтад орсон нь одоогийн манай “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал юм.
2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Монгол улсын Засгийн газрын 255 дугаар тогтоолоор “Чингис хаан” Олон улсын нисэх буудал болгон нэрийг нь өөрчилсөн. Харин Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” дахь "Чингис хаан" Олон улсын нисэх буудлыг "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудал болгон нэрийг нь өөрчилж, олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглах тогтоол гарсан. Өнөөдрийн байдлаар манай нисэх буудал нийт 91 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.
Тун удахгүй нисэх хүчний 100 жилийн ой тохиох гэж байна. Энэ салбартаа хэдэн жил ажиллаж байна вэ?
Б.Мөнгөнжигүүр
/АГУТ-ын Ахлах гал сөнөөгч-аврагч/
Намайг Бямбажавын Мөнгөнжигүүр гэдэг. Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа “Буянт-Ухаа”ОУНБ /тухайн үеийн “Чингис Хаан” Олон улсын нисэх буудал/- ын Гал унтраах, авран хамгаалах албанд 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн одоог хүртэл 18 дахь жилдээ ажиллаж байна.
Иргэний нисэхийн салбартай ажил амьдралаа холбосон түүхээ бидэнтэй хуваалцаач? Таныг ховорхон хувь заяагаар агаарын хөлөгт мэндэлсэн гэж сонслоо?
Тиймээ. Би 1974 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ховд-Улаанбаатар чиглэлд нисэж байсан АН24 агаарын хөлөгт мэндэлсэн. Тухайн үед агаарын хөлгийн 1-р нисгэгч Загал, 2-р нисгэгч Баатар, үйлчлэгч Бадамцэцэг нарын экипажийн бүрэлдэхүүнтэй байсан юм билээ. Үйлчлэгч Бадамцэцэг эгч тухайн үед намайг эх барьж авч байсан гэдэг. Иргэний агаарын харилцааны газрын дарга дэслэгч генерал Ш.Санжмятав, боловсон хүчний мэргэжилтэн Виктор нар надад Мөнгөнжигүүр нэрийг төрсний гэрчилгээний хамт олгосон байдаг.
Мөн агаарын харилцааны газрын даргын тушаалаар пионерын зуслан, сургалт, Монгол улс дотроо иргэний агаарын тээврээр үнэ төлбөргүй зорчих эрх зэргийг 18 нас хүртлээ эдэлж байсан. Мөн нисэхийн дунд сургуульд үнэ төлбөргүй сурах эрхийн бичгээр шагнуулж байсан. Миний иргэний нисэхийн салбартай ажил амьдралаа холбосон түүх ийм байна.
“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд 2024 онд хэдэн нислэг үйлдэгдэж, хэдэн нислэгт нөөц нисэх буудлаар сонгогдон ажилласан бэ?
Э.Бадрал
/ҮИХ-ийн ерөнхий зохицуулагч/
Монгол Улсын Засгийн газрын 455 дугаар тогтоолын дагуу манай нисэх буудал 2021 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглагдаж байна.
"Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудалд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл олон улсын 80, орон нутгийн 2112, нийт 2192 нислэг үйлдэгдэж, нөөц нисэх буудлаар сонгосон хүсэлт 4806 удаа хүлээн авч, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын 2025 хийж хэрэгжүүлэх ажлын талаар дурдвал? Ирэх ондоо ямар зорилго, зорилтуудыг өмнөө тавиад байна вэ?
Б.Баяржаргал
/БУОУНБ-ын Бизнес төлөвлөлтийн хэсгийн төлөвлөлтийн мэргэжилтэн/
Бид “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлынхаа эрхэм зорилго, стратегийн зорилт, үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд нийцүүлж, сайжруулах талаар судалгаа шинжилгээ хийж, төлөвлөгөө боловсруулах, хэрэглэгч болон харилцагч байгууллагын ажилтнуудтай хамтран ажиллаж, зах зээлийн судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн байгууллагын орлогыг нэмэгдүүлэх, бизнесийг хөгжүүлэх, маркетингийн чиглэлээр үр ашигтай төлөвлөн зохион байгуулахаар зорилт тавин ажиллаж байна.
Хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа онцлох ажлуудаа танилцуулаач?
Нисэхийн салбарын орлогын шинэ эх үүсвэр, нисэхийн бус орлогыг бий болгох зорилгоор нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулан олон ажил төлөвлөж байгаагаас нэг онцлох ажил нь нисэхийн музейг дэвшилтэд технологид суурилсан AR болон VR технологиор дамжуулан агаарын тээврийн салбарын түүхийг шинэлэг байдлаар бэлдсэн “Виртуал музей” байгуулаахаар төлөвлөн ажиллаж байна.
Нисэхийн салбарт ажиллахад бахархах зүйл олон байдаг байх? Энэ талаар?
П.Нарантуяа
/Терминал үйлчилгээний тасгийн дарга/
Би Нисэхийн тээвэр зохион байгуулалт мэргэжилтэй. Иргэний нисэхийн салбарт тасралтгүй 34 дэх жилдээ ажиллаж байна. “Буянт Ухаа” ОУНБ-ын үйлчилгээний, тэр дундаа Хүндэт зочны танхимд 30 гаруй жил ажиллаж гадаад, дотоодын төрийн тэргүүнүүдийг угтан авах, үдэн гаргах нэр хүндтэй, хариуцлагатай албыг хашиж ирсэндээ бахархалтай байдаг.
Нисэх хүчний хөгжил дэвшлийн түүхийг бүтээлцэхэд хөдөлмөр бүтээлээрээ оролцож, олон сайхан чадварлаг хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж ирсэн дурсамж дүүрэн байдаг.
Нисэх буудлынхаа үүдээр орж ирэхээс эхлээд таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Терминал үйлчилгээг хариуцан ажилладгийн хувьд зорчигч, үйлчлүүлэгчдийн сэтгэл хангалуун байх тал дээр анхаарч, өдөр бүр хариуцлагатай байхыг хичээж, ажлаа үйлчилгээний журам, технологийн дагуу нягт нямбай, аль болох алдаа гаргахгүйг хичээн ажилладаг даа. Ингэж ажиллахад хамт олны минь хүчин чармайлт, ажилдаа сэтгэлээсээ хандах хандлага ихээ.
Онцгой нөхцөлийн үед ажиллахад техник хэрэгслийн нөөц зэрэг бэлэн байдал хэр хангагдсан байдаг вэ?
Ч.Дэлгэрмаа
/Үйлдвэрлэл инженерингийн хэсгийн онцгой байдал хариуцсан мэргэжилтэн/
“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал нь онцгой нөхцөлийн үед ажиллахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан “Онцгой нөхцөлийг зохицуулах төв”-тэй. Тус төвийн бэлэн байдлыг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын аэродромын үйл ажиллагаа эрхлэх Ерөнхий заавар, үйлдвэрлэл инженерингийн хэсгийн үйл ажиллагааны зааварт заасан төлөвлөгөөний дагуу тоног төхөөрөмж хариуцсан инженер болон техникчид хамтран тогтмол хугацаанд шалган байнгын бэлэн байдалд хяналт тавьж ажилладаг. Галын автомашин, багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийн бэлэн байдалд техникийн үзлэг хийж, хэвийн ажиллагааг хангуулан ажилладаг.
Таны мэргэжлийн онцлог юу вэ? БУОУНБ-д ямар тоног төхөөрөмжүүдийг хариуцан ажиллаж байна?
Г.Цолмон
/Үйлдвэрлэл инженерингийн хэсгийн тусгай тоног төхөөрөмж хариуцсан ээлжийн техникч/
Би нисэх буудлын тусгай тоног төхөөрөмжүүдийг хариуцан ажилладаг. Үүнд нисэх буудлын терминалын зорчигч гүүр, зорчигч бүртгэлийн цэг, хэвтээ налуу туузан дамжуурга, зорчигч болон ачаа тээш үзлэгийн аппарат, агаарын хөлгийг зогсоолд байх үед цахилгаан тэжээлээр хангах GP буюу давтан хувиргуур зэрэг тоног төхөөрөмжүүд орно.
Нисэх буудлын Тусгай тоног төхөөрөмжийн инженер техникчид бид эдгээр тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагаа, ашиглалт, засвар үйлчилгээг ханган ажилладаг.
Aviation photo news-ийн энэ удаагийн дугаарт оролцсон “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хамт олондоо баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт ИНҮТ-ийн Шатахуун хангалтын албаны хамт олон оролцлоо. “ШАТАХУУН ХАНГАЛТЫН АЛБА” Шатахуун хангалтын алба үүсэн байгуулагдсан цагаасаа хойш хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа танилцуулаач? Г.Баттулга /Дарга/ 2021 оноос Чингис хаан олон улсын нисэх буудалд дотоод болон гадаадын бүх төрлийн агаарын хөлөгт зөвхөн манай алба шатахууны сумлагаа хийж байгаа бөгөөд 2022 онд 34693 тн, 2023 онд 55816 тн, 2024 оны эхний 7 сарын байдлаар 37768 тн шатахуун сумлаад байна. Таны ажлын онцлог. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол? П.Болдбаатар /Ээлжийн инженер/ Ээлж хүлээж авснаар өдөр тутмын ажил маань эхэлдэг. Үүнээс шатахуун хадгалах савны чанарын тунадаслагаа, шатахуун хүлээн авах, сумлагч автомашинд ачилт хийх, агаарын хөлгийн сумлагаа хийх гидрант системийн технологийн шугамын хаалтуудыг шалгах, гидрант системийн доод цэгийн тундаслагаа, технологийн худгийн үзлэг гэх мэт, технологийн үзлэг шалгалтыг өдөр тутамдаа хийдэг. Ажил мэргэжлийн онцлог гэвэл манай Шатахуун хангалтын алба нь Монгол улсад нэвтэрсэн гидрант системтэй. Үүгээр онгоц сумлах технологийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажилладаг. Та хэдэн жил ажиллаж байна вэ? Ажилдаа сэтгэл ханамж хэр байдаг бол? Д.Цолмон /Ахлах инженер химич/ Би агаарын хөлгийн шатахууны чанарыг хянах салбарт 15 дахь жилдээ ажиллаж байна. Аюулгүй нислэгийн чухал хэсэг болох шатахууны чанарыг хянадаг лабораторийн чадварлаг инженер химичид болон нислэг үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахад бүхий л хүч чадлаа дайчлан ажилладаг лаборатори болон бусад хэсгийн инженерүүд, ШХА-ны нийт ажилчдаараа маш их бахархаж, сэтгэл хангалуун ажилладаг. Дашрамд, лабораторийн инженер химичид маань ажилдаа хичээнгүй, хариуцлагатай хандаж, чадварлаг баг болон ажилладагт баярлаж явдгаа илэрхийлье. Манай улсад анх удаа агаарын хөлгийг гидрант системээр цэнэглэж байгаа. Энэ ажлын давуу талаас танилцуулаач? У.Амгалан /Ерөнхий инженер/ Гидрант систем нь шатахууны агуулахаас “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоол буюу перрон талбай руу 1920 метр урт, 40 см диаметртэй хос гидрант шугам хоолой, агаарын хөлөг сумлах 14 ширхэг гидрант хавхалга, технологийн 4 худаг, өндөр даралтаас хамгаалах гидроамортизатор, гидрантын 4 насос, шүүр-сеператор, зэврэлтээс хамгаалах катодын төхөөрөмж зэргээс бүрддэг цогц систем юм. Энэ системийн давуу тал нь 1000 галлон /мин буюу 3785 литр/ мин урсгалын хурдаар 3 агаарын хөлгийг нэгэн зэрэг сумлах хүчин чадалтай. Та мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаардаг бол. Өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ? Б.Батбаяр /Сав тоног төхөөрөмжийн инженер/ Гидрант систем нь бүрэн автомат, өмнө нь Монголд байгаагүй технологи. Нисэхийн аюулгүй байдалтай шууд холбоотой учраас бэлэн байдал болон ажиллагааны шаардлага өндөр байдаг. Энэ системийн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэгчийн заавар, ашиглалтын гарын авлагыг судлалж ойлгох, ашиглалтын бэлэн байдлыг хангах нь мэргэжлийн хувьд өсөж дэвжих боломжтой болгодог. Ажил болоод хамт олныхоо талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач? Б.Цогт-очир /Ээлжийн систем хянагч оператор/ Намайг Б.Цогт-Очир гэдэг. Би 2022оны 05 сараас хойш “Шатахуун ханалтын алба”-нд “Ээлжийн систем хянагч-оператор”-оор ажиллаж байна. Манай хамт олон нь маш халуун дулаан уур амьсгал дор ажил үүргээ гүйцэтгэн, үргэлж нэг нэгнийгээ дэмжин ажилладаг ба ажилд анх орсон цагаас минь хойш тусалж дэмжсээр өдийг хүрсэнд нь ажлын хамт олондоо талархаж явдаг шүү. Нисэхийн салбарын ажлын онцлогийн талаар таны бодол. Та энэ салбарын юугаар бахархдаг вэ? Ч.Бат-эрдэнэ /Цахилгааны инженер Иргэний нисэхийн салбар бол Монгол улсын хамгийн чухал, тээврийн салбар дотроо хамгийн том салбар юм. Шинэ нисэх буудал дахь шатахуун хангалтын алба нь Улсын хэмжээндээ анхдагч тоног төхөөрөмж, автомашинууд ажиллуулж нутагшуулж байгаагаараа онцлог юм. 24 цаг тасралтгүй нислэг үйлдвэрлэлийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг онцгой салбар. Энэ ч утгаараа энэхүү хариуцлагатай ажлыг найдвартай хангаж ажилладаг инженер техникийн ажилтнууд Иргэний нисэхийн үе үеийн нийт ажилтан албан хаагчдаар бахархдаг. Хөшгийн хөндий өвөлдөө нэлээд хүйтэн газар. Өвлийн тасхийсэн хүйтэнд гадаа онгоц цэнэглэх хүнд ажил нь мэдээж. Шантрах үе гарах уу? Ц.Дагва /Цэнэглэгч машины жолооч-оператор/ Хөшгийн хөндий маань салхи ихтэй өвлийн -40 орчим хэмийн хүйтэнд сумлагаа явуулахад онгоцны адаптарт цэнэглэх хошуу ороход хүндрэлтэй, сальник хөлдөж шатахуун шүүрч бие болон хувцас, бээлий норох үеүд байдаг. -40 хэмийн хүйтэнд шатахуунаар норсон бээлий гар хайрдаг хөлдөөж байсан удаатай. Бидний ажил норсон хувцас бээлийгээ сольж ирээд сумлагаа хийнэ гэсэн асуудал байхгүй цагийн юм цагтаа, аюулгүй байдлаа хангаад сумлагаагаа дуусгасны дараа буцаж байгууллага руугаа орж байж хувцасаа сольдог. Бээлий норох үзэгдэл бол байнга учир машиныхаа паар нь дээр бээлийгээ тавин хатаагаад дараагийн сумлагаандаа ордог үеч байгаа. Бидний ажил хүнд үедээ хүнд сайхан үедээ ч сайхан. Би энэ алба, энэ ажилдаа дуртай. Шантрах үе байдаг ч албаны маань хамт ажилдаг хүмүүс их урам өгдөг дөө. Шатахуун хадгалалт, түгээлт онцгой хариуцлагатай ажил. Хяналт, шалгалт их ирэх үү? Давтамж нь ямар байдаг бол? Д.Цогтгэрэл /Чанарын мэргэжилтэн/ Хяналт шалгалт их ирдэг учир нь JIG-1, JIG-2 гэх мэт олон улсын стандартыг үйл ажиллагаандаа мөрддөг болохоор хөндлөнгийн аудит /гаднын авиакомпани, IFQP/ шалгалт 2022 онд 12 удаа, 2023 онд 10 удаа, 2024 оны 8 дугаар сарын байдлаар 8 удаагийн ирсэн байгаа. Жилд дунджаар 10 удаа, улиралд тутам 2-3 удаагийн давтамжтай аудит шалгалтад хамрагдаж байна. Боловсон хүчний хүрэлцээ хангамж хэр байгаа вэ? Ажилтнуудынхаа мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөсөн онцлог ажлууд юу байна? Г.Төмөрсүх /Захиргааны хэсгийн дарга/ Манай албаны суурь бүтэц бол Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд бууж, хөөрөх агаарын хөлөгт шатахуун сумлагааны үйлчилгээ үзүүлэх Шатахуун хангамжийн байгууламжийг ажиллуулах зорилготой үүсэн байгуулагдаж байсан. 2020 оны 5 дугаар сард 39 хүний бүрэлдэхүүнтэй бүтэц батлагдаж, бүх ажилтнуудыг сонгон шалгаруулалтын журмаар шалгаж, ажилд томилж байсан. Тухайн үeд тус салбар нэгжийн анхны даргаар томилогдож байсан хүний хувьд хэлэхэд маш чадварлаг,мэргэжлийн хамт олон бүрдсэн гэж бодож явдаг. Хүний нөөцийн хүрэлцээ, хангамжийн талаар хэлэхэд нислэгийн эрчимжилт, ажлын ачаалал нэмэгдсэнээс шалтгаалж, шат дараатайгаар орон тоо нэмэгдэж, одоогоор 47 хүний бүтэц, орон тоотойгоор ажиллаж байна. Цаашид нислэгийн тоо 2019 оны түвшинд хүрч, агаарын хөлөгт үзүүлэх сумлагааны тоо ихэссэн нөхцөлд ээлжийн хуваариар ажилладаг сумлагч болон цэнэглэгч машины жолооч-опeраторуудын орон тоог нэн тэргүүнд нэмэх шаардлагатай гэж үздэг. Өнөөдрийн байдлаар ч гэсэн маш ачаалалтай ажиллаж байгаа. Нийт ажилтнууд дотоодын сургалтын байгууллагууд болон Иргэний нисэхийн сургалтын төвийн сургалтад албаны сургалтын төлөвлөгөөний дагуу хамрагддаг. Мөн албаны дотоод сургалт Үйл ажиллагааны зааврын дагуу байнга явагдаж байдаг. Сүүлийн үeд ашиглалтын хугацаанаас шалтгаалж, сумлагч, цэнэглэгч машины тусгай хэрэглэлүүд, багаж, тоног төхөөрөмжүүд дээр эвдрэл, гэмтэл гарч, гаднын мэргэжилтэн өндөр зардлаар урьж авчрах тохиолдлууд гарч байна. Миний бодлоор энд ажиллаж байгаа инжeнeр тeхникийн ажилтнуудаа гадаад улсууд руу одоо ашиглагдаж байгаа машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн сургалтад тодорхой үe шаттайгаар явуулж сургавал байгууллагын төсөвт хэмнэлттэй, үр дүнтэй байх болов уу гэж бодож явдаг даа. “Aviation photo news”-ийн 31 дэх дугаарт оролцсон Шатахуун хангалтын албаны хамт олондоо баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.
ИКАО-гийн Ази, номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөлт, хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн холбоо, навигаци, ажиглалтын дэд ажлын хэсэг (APANPIRG CNS-SG/23)-ийн хорин гурав дугаар семинар 2019 оны 09 дүгээр сарын 02-оос 06-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хот дахь Олон улсын иргэний нисэхийн байгууллага //-ын Ази, Номхон далайн бүсийн төвд зохион байгуулагдлаа. Энэхүү семинарт Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газрын нислэгийн хөдөлгөөний процедур үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Урантөгс, техникийн бодлого хариуцсан мэргэжилтэн М.Эрдэнэсүх нар батлагдсан удирдамжийн дагуу оролцсон болно.Тус хурлын үеэр AIDC–Бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвүүдийн хоорондын өгөгдлийн холбоо, CRV–Бүс нутгийн виртуал хязгаарлагдмал сүлжээ, SWIM – Систем даяарх мэдээллийн систем, ATN- нисэхийн цахилгаан холбооны сүлжээ, GBAS – Газар тоног төхөөрөмжид түшиглэсэн нарийвчлалыг өсгөх систем, ADS-B – Автомат хамааралтай ажиглалтын систем, Хүний хүчин зүйлс ба агаарын навигацийн инженер техникийн ажилтнууд аюулгүй ажиллагааны талаар болон бусад асуудлууд гэсэн чиглэлээр нийт 53 илтгэлтэй танилцаж, хэлэлцэн /24 WP, 41 IP, 3 flimsy/, зохих шийдвэрүүд гарсан.Монгол Улсын иргэний нисэхийн салбарт холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээний чиглэлээр цаашид баримтлах бодлого, стратегийн болон дунд хугацааны, ойрын зорилтуудыг тодорхойлох, аюулгүй ажиллагааг сайжруулах, агаарын навигацийн үйлчилгээг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай дараах мэдлэг, мэдээллийг авлаа. Үүнд:ИКАО-ийн бүх гишүүн улс орнууд тухайн бүсийн агаарын навигацийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хэсэг, дэд хэсэг /PIRG/-ийн гишүүн байж, хурал зөвлөгөөнүүдэд байнгын оролцоог хангуулан, ажлын хэсгийн дараах чиглэлийг тухайн улс орнууд нь хэрэгжүүлж ажиллахыг шаардаж байна. Үүнд:1.Ази номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөгөө болон бусад холбогдох баримт бичгийн хүрээнд агаарын навигацийн үйлчилгээг хөрш зэргэлдээх улс орнуудын үйл ажиллагаатай уялдуулах, даяарчлах, мөн ИКАО -ийн стандарт /SARPs/ болон Дэлхийн агаарын навигацийн төлөвлөгөө /GANP/-д үйл ажиллагаагаа нийцүүлэх;2.Ази номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөгөөний дагуу холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээ болон системийг нэвтрүүлэх, хэрэгжүүлэх замаар аюулгүй ажиллагааг сайжруулах, системийн найдвартай байдлыг хангах3.Холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээний түвшингээ тодорхойлох, ИКАО-ын төлөвлөлттэй зөрүүтэй байдлыг багасгах талаар арга хэмжээ авч ажиллах, тэдгээрийг ИКАО -д мэдэгдэх;4.Улс орнууд өөрсдийн агаарын навигацийн төлөвлөгөөг боловсруулж, түүний дагуу агаарын навигацийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх;5.Агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийг сайжруулах, шаардлагатай тохиолдолд байгууллагын эдийн засгийн болон байгаль экологийн хүчин зүйл, нөхцөл байдлыг харгалзан зохих үнэлгээг хийх;6.Бусад холбогдох байгууллага болон бусад ажлын хэсгүүдтэй нягт хамтран ажиллах, өөрийн чадварлаг мэргэжилтнүүдийг тэдгээр байгууллага, ажлын хэсэг болон дэд хэсгийн хурлуудад оролцуулан ажиллуулах арга хэмжээг авах;Дээрх үйл ажиллагааны чиглэл тус бүрийг ханган ажиллахыг гишүүн улс орнуудаас шаардахын зэрэгцээ ИКАО-ийн баримталж буй бодлого, ИКАО-ийн стратегийн зорилтын хүрээнд агаарын навигацийн тоног төхөөрөмжүүд, системийн ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгох чиглээр шинэ технологи, төсөл хөтөлбөрийг нэвтрүүлэх шаардлага бидэнд тулгарч байна.Иймд ИКАО-ийн стандарт, баримт бичгүүдийн шаардлагуудыг бүрэн хэрэгжүүлэх, эсхүл зөрүүтэй байдлыг мэдээлэх, зарлах, эсхүл залруулах арга хэмжээг бид авч хэрэгжүүлэх шаардлагатай.Түүнчлэн ИНЕГ-аас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг дараах байдлаар томьёолж байна. Үүнд:APANPIRG CNS/SG, болон дэд хэсгүүдийн үйл ажиллагаанд Монгол Улсын оролцоог сайжруулах, дараах үйл ажиллагааны чиглэлүүдээр цаашид түлхүү ажиллах шаардлагатай гэж үзсэн. Үүнд:1.APANPIRG CNS-SG-ын дэд хэсэг, ажлын хэсгүүдийн уулзалт, хуралд тогтмол хамрагдах, үйл ажиллагааг эрчимжүүлэх;2.PBNICG – Үзүүлэлтэд тулгуурласан навигацийн хэрэгжилтийг зохицуулах дэд ажлын хэсэг3.ACSICG – нисэхийн холбооны сүлжээг зохицуулах дэд ажлын хэсэг4.ATA/TF – Ази / Номхон далайн бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвүүд хоорондын мэдээлэл, өгөгдөл дамжуулах холбооны хэрэгжилтийг зохицуулах дэд ажлын хэсэг5.CRV/OG – Бүс нутгийн виртуал хязгаарлагдмал сүлжээний хэрэгжилтийг зохицуулах дэд ажлын баг6.SWIM/TF – Систем даяарх мэдээллийн системийн хэрэгжилтийг зохицуулах дэд ажлын баг7.SURICG- Ажиглалтын үйлчилгээний хэрэгжилтийг зохицуулах дэд ажлын хэсэгЭдгээр ажлын хэсэг, багийн зохион байгуулж буй хурал, семинарт тогтмол хамрагдах нь Монгол Улсын ИНЕГ-ын баримталж буй бодлого, стратегийн төлөвлөлтийг аюулгүй ажиллагааг хангасан, нислэгийн үр ашигтай, системийн найдвартай боломжит байдлыг хангасан холбоо, навигаци, ажиглалтын үйлчилгээг төлөвлөж, зохицуулахад үр нөлөөтэй байхаас гадна ICAO-ийн стандарт шаардлагуудын хэрэгжилтийг хангах, зөрүүтэй байдлыг арилгах ач холбогдолтой гэж үзэж байна.-APANPIRG болон CNS-SG/23-ийн дэд хэсгүүдийн үйл ажиллагаа, гарч буй бодлого, шийдвэрийг хариуцах албан тушаалтанг томилж, байнгын ажиллагаанд оруулах, тухайн чиглэл хариуцсан албан тушаалтан, ажилтан нь хэлэлцсэн асуудал, гарч буй шийдвэрийг үндэслэн Монгол Улсын -ИНЕГ-ын бодлого, төлөвлөлт, цаашдын үйл ажиллагааны санал, чиглэлийг тодорхойлж, зохих шийдвэрийг гаргуулах, ИНЕГ нь ойрын, дунд, стратегийн зорилтын хүрээнд ICAO-ийн дээд түвшний хурал, зөвлөгөөнд мэдээлж, тодорхой шийдэлд хүрч байх;-Агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжийн хувьд бүсийн хэмжээнд онцлон анхаарал хандуулж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, бүсийн хэмжээний төлөвлөлт болон хөрш улс орнуудтай хамтын ажиллагааг сайжруулж төлөвлөлтийг нэгтгэх арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Бүсийн хэмжээнд агаарын навигацийн үйлчилгээний төхөөрөмжийн шинэчлэлийн хувьд дараах төслүүдийг онцолж байна. Үүнд:AМHS- нисэхийн цахилгаан холбооны сүлжээAIDC буюу бүсийн нислэгийн хөдөлгөөн удирдлагын төвүүдийн хоорондын өгөгдлийн холбооPBCS буюу үзүүлэлтэд тулгуурласан холбоо, ажиглалтIP технологид тулгуурласан агаарын навигацийн сүлжээGOLD буюу Дэлхийн нэгдсэн өгөгдлийн холбооSWIM буюу системийн өргөтгөсөн мэдээллийн менежментSWIM хөтөлбөрийн хүрээнд CRV буюу бүсийн нэгдсэн VPN сүлжээЭнэ хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн VPN сүлжээг зохион байгуулах шаардлагатай.ADS-B буюу автомат хамааралтай ажиглалтын системATM нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний автомат системGNSS, SBAS, GBASБүсийн хэмжээнд Монгол улсын Иргэний нисэхийн ерөнхий газраас агаарын навигацийн үйлчилгээг хөгжүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа ажлууд болон Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газрын зүгээс боловсруулан гаргасан стратеги төлөвлөгөө нь ази номхон далайн орны олон улсын иргэний нисэхийн байгууллагаас дэвшүүлэн тавьсан хөтөлбөрүүдтэй нийцэж байгаа бөгөөд тус төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Иргэний нисэхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэхтэй холбогдуулан одоо хүчин төгөлдөр иргэний нисэхийн дүрмүүдийг мөн өдрөөс тус хуулийн 12 дугаар зүйлийг үндэслэн шинэчлэн батлах бөгөөд Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шаардлагатай боловсруулалтыг хийж 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхэлж цахим хуудас (https://www.mcaa.gov.mn/category/539)-т байршуулсан. Дээрх дүрмийн хэлэлцүүлгийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн зохион байгуулахаар хуваарь гаргасан. Та бүхэн хэлэлцүүлгийн хуваарьтай танилцаж, хүрэлцэн ирэхийг хүсье.