ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН “ICAN 2024” ХУРАЛД МОНГОЛ УЛС ОРОЛЦОЖ, ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН ХАРИЛЦААГАА АМЖИЛТТАЙ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

2024/10/28

Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO)-аас жил бүр зохион байгуулдаг Олон Улсын Иргэний нисэхийн агаарын харилцааны хэлэлцээрийн “ICAN2024” хурал
Малайз улсын Куала Лумпур хотноо 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд боллоо.
Улс орнуудын агаарын тээврийн харилцааг өргөжүүлж, шинэчлэх зорилгоор 2008 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдсаар ирсэн тус хурал нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шууд хэлэлцээр хийх боломжийг олгож, зах зээлийг нээлттэй болгох, агаарын тээврийн хүртээмжийг сайжруулах чухал платформ болдог юм.
Монгол Улс энэхүү хуралд гурав дахь удаагаа oролцож, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид Австрали, Испани, Нидерланд, Итали, Руанда улсуудтай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, Саудын Арабын Хаант улстай тохиролцлын бичигт гарын үсэг зурав.
Тухайлбал:
1. Австрали Улстай: 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улс Австрали Улстай агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн дагуу хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх нээгдэж байна.
2. Испанийн Хаант Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийг үзэглэж, тохиролцлын бичигт гарын үсэг зурснаар 2018 онд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг шинэчилж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх нээгдсэн. Уулзалтын үеэр Испанийн Хаант Улс 2025 онд болох Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд Монгол Улсыг дэмжих санал өгөх хүсэлт илэрхийлэв.
3. Нидерландын Хаант Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс Нидерландын Хаант Улстай 1995 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Агаарын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах зорилготой юм. Мөн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэх юм.
4. Саудын Арабын Хаант Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг тохирч, тохиролцлын бичигт гарын үзэг зурлаа. Тус тохиролцлын бичигт aгаарын харилцааны хэлэлцээрийн төслийг иргэний нисэхийн эрх бүхий байгууллагууд тохирч, талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу дотоодын журмаа шуурхай гүйцээж ажиллахыг эрмэлзэв.
5. Итали Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэж, Италийн Ром, Милан (Мальпенза болон Бергамо), Венец болон хожим тодорхойлох 2 цэг тохиров.
6. Руанда Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нислэгийн цэг, давтамж болон багтаамжийг хэлэлцээрийг байгуулах үед тусдаа тохиролцохоор болсон.
Түүнчлэн хурлын үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Канад, ОХУ-тай хоёр талын уулзалт зохион байгуулж Герман Улсын хувьд нислэгийн давтамж нэмэгдүүлэх талаар, Канад Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах чиглэлээр ажлыг эрчимжүүлэх санал тавьж Канадын тал 2025 оны эхээр дотоодын журмаа гүйцээж, хэлэцээрийг байгуулахаар тогтов.
ОХУ-тай Улаанбаатар-Москва хотуудын хооронд шууд нислэг сэргээх талаар дэлгэрэнгүй санал солилцож ярилцав. Мөн ОХУ-ын талаас 2025 онд болох Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн сонгуульд “Aгаарын тээвэрт чухал ач холбогдолтой улсууд”-ын хэсэгт сонгогдоход дэмжлэг үзүүлэх саналыг илэрхийлэв.
Хурлын үеэр үзэглэгдсэн хэлэлцээрүүд болон санамж бичгүүд нь Монгол Улсын агаарын тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах,өрсөлдөөнийг дэмжих, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын урсгалыг дэмжих, цаашид бүс нутгийн болон олон улсын түвшинд агаарын тээврийн үйл ажиллагааг чөлөөтэй, хүртээмжтэй болгон өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.
“ICAN2024” хуралд нийт 83 улс болон хоёр олон улсын байгууллагыг төлөөлсөн 700 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Холбоотой мэдээ

ТОМИЛОЛТООР АЖИЛЛАСАН ТУХАЙ ТАЙЛАН
2024/01/10

2023 оны 11 сарын 13-ны өдөр Улаанбаатар хот Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Нэгдсэн үндэстний байгууллагын “Террорист этгээдүүдийн хөдөлгөөнд хяналт тавих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 261 дүгээр тогтоолоор Монгол Улсын хилийн хяналт шалгалтыг сайжруулах, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцох шуурхай байдлыг хангах, терроризмтай тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Терроризмтай тэмцэх алба (UNOCT)-ны “СТ Travel” хөтөлбөрт нэгдэн тус байгууллагын ᠌᠌"Go Travel” програмыг нутагшуулах болсон. Ингэхдээ, хөтөлбөрийн хэрэгжүүлэгч байгууллагаар Хил хамгаалах ерөнхий газрыг тогтоож, хөтөлбөрийн үндэсний зохицуулагчийн чиг үүргийг Терроризмтай тэмцэх зөвлөлийн ажлын албанд хариуцуулан, программыг нутагшуулж үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлын хэсгийг Монгол Улсын Терроризмтай тэмцэх зөвлөлийн даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/09 тоот тушаалаар дөрвөн дэд ажлын хэсэгтэй байхаар байгуулж түүнд ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Агаарын тээврийн дэд ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байгаа болно. НҮБ-ын хөтөлбөрт нэгдэн зорчигчийн мэдээллийн программ авч ашиглахаар болж байгаатай холбогдуулан НҮБ-ын Терроризмтай тэмцэх алба, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (OSCE) хамтран жил бүр уламжлал болгон Австри Улсын Вена хотын “Hoffburg Conference Center”-т зохион байгуулдаг Зүүн Европын Зорчигчийн мэдээлэл солилцооны албан бус ажлын хэсгийн 3 дугаар хурал (3rd Eastern European Informal Working Group on passenger data) 11 дүгээр сарын 08-ны өдөр, мөн Зорчигчийн мэдээлэл солилцооны 7 дугаар семинар (7th Seminar on Passenger Data Exchange) 9-10-ны өдрүүдэд тус тус оролцож ажиллав. 1. Зүүн Европын Зорчигчийн мэдээлэл солилцооны албан бус ажлын хэсгийн 3 дугаар хурал. Террорист бүлэглэлүүдийн зарим газар нутагт нөлөөлөл тогтоохоор үйлдэж байгаа зэвсэгт мөргөлдөөний улмаас газар нутгаа алдсан гадаадын террорист этгээдүүдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдэх эрсдэлийг хаах зорилгоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 2014 оны 2178, 2016 оны 2309 Тогтоолуудыг, 2017 оны 12 сарын 2396 тоот Тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулан баталж, Гишүүн Улсуудыг дараах байдлаар үүрэгжүүлсэн байдаг. - Тухайн газар нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа агаарын тээвэрлэгчид холбогдох үндэсний эрх бүхий байгууллагуудад Зорчигчийн урьдчилсан мэдээлэл (API) гаргуулахыг шаардах︔ Террорист этгээдүүдийн шилжилт хөдөлгөөний талаархи холбогдох мэдээллийг холбогдох Улс орнууд хоорондоо солилцдог байх; болон Зорчигчийн урьдчилсан мэдээллийг бүх холбогдох эрх бүхий байгуулагуудаар шинжилгээ хийгддэг байдлыг хангах. - Зорчигчийн нэрийн бүртгэл (PNR)-ийг цуглуулах бүтэц бүрдүүлсэн байх, Зорчигчийн нэрийн бүргэлийн дата өгөгдөлийг боловсруулж дүн шинжилгээ хийдэг байх, үндэсний эрх бүхий байгууллагууд хэрэглэдэг байх болон хоорондоо солилцдог байх, тус дата өгөгдлийг холбогдох болон сонирхсон Улсуудтай хуваалцдаг байдлыг дэмжих. Мөн Тогтоолд бүсийн болон Олон улсын байгууллагуудын оролцоог дараах байдлаар тодорхойлсон: - Гишүүн Улсуудын уялдаа холбоог сайжруулж, Техникийн туслалцаа шаардлагатай цар хүрээг тодорхойлж, дээрхи чадавхыг хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөц болон хүний нөөцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (OSCE), НҮБ-ын Терроризмтэй тэмцэх алба хамтран НҮБ-ын UN-CT Travel Programme хөтөлбөрийг дэмжих зорилгоор 2021 онд Зүүн Европын Зорчигчийн мэдээлэл солилцооны албан бус ажлын хэсгийг байгуулах санаачлагыг гарган хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ удаагийн Зүүн Европын Зорчигийн мэдээлэл солилцооны албан бус ажлын хэсгийн 3 дугаар хуралд Албани, Армени, Азербайжан, Беларус, Босния Герцоговин, Израиль, Казахстан, Киргиз, Молдав, Монтенегро, Монгол, Македони, Серби, Тажикистан, Туркменистан, Украин, Узбекистан зэрэг улсын Зорчигчийн мэдээллийн төв (PIU passenger information unit), тухайн улсын Зорчигчийн урьдчилсан мэдээлэл, Зорчигчийн нэрийн бүртгэлтэй ажилладаг, НҮБ-ын CT travel хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын төлөөлөл оролцов. Ажлын хэсгийн хурлаар НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн Тогтоолыг хэрэгжүүлэхэд гарч байгаа хүндрэл бэрхшээл, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэж байгаа туршлага солилцоо, CT Travel хөтөлбөр Зорчигчийн мэдээллийн төвүүд улс орнуудад байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа хугацаа харьцангуй өөр байгаа тул эрт байгуулагдаж үйл ажиллагаа нь тогтворжсон улсын төлөөллүүд Зорчигчийн урьдчилсан мэдээлэл, Зорчигчийн нэрийн бүртгэл ашиглан хэрхэн олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг зэрэгтэй тэмцэж байгаа, дотоодын хууль сахиулах байгууллагуудтай болон олон улсан хэрхэн мэдээлэл солилцон ажилладаг талаар туршлага солилцов. Мөн Зорчигчийн мэдээллийн төвөө байгуулах шатандаа явж байгаа улсуудад хууль эрх зүйг хэрхэн бий болгох, Зорчийгчийн мэдээллийн төвийн үйл ажиллагааг төрийн хяналтын болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулах, хүний эрхийг хангах, хүний эрхийн зөрчилгүй хэрхэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар төлөөллүүд санал солилцсон. 2. Зорчигчийн мэдээлэл солилцооны 7 дугаар семинар. Семинарыг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Нарийн бичгийн даргын албаны Үндэстэн дамнасан заналхийллийн газар (TNTD-Transnational Threats Department), Хилийн аюулгүй байдал менежментийн нэгж (BSMU – Border Security and Management Unit) болон НҮБ-ын Терроризмтэй тэмцэх офис (UNOCT) хамтран зохион байгуулав. Семинар дараах таван хэлэлцүүлэгтэй зохион байгуулагдсан: - Тээврийн салбартай хамтран ажиллах, холбогдох Энэ хэлэлцүүлэгт Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO), Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA), ХБНГУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч Lufthansa компани байгууллагын төлөөллүүд Улс орнуудын эрх бүхий байгууллагуудтай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль эрх зүй бий болсон улс орнуудад хэрхэн Тээврийн салбарыг Зорчигчийн мэдээллийн төвийн үйл ажиллагаатай хэрхэн уялдуулдаг, холболтыг хэрхэн бий болгодог, ямар дэмжлэг туслалцаа үзүүлдэг талаар танилцуулгууд хийгдэж хэлэлцүүлэг хийгдсэн. - Тээврийн аюулгүй байдлыг тээврийн бүхий л салбарт сайжруулах – Дараагийн алхам далайн тээвэр, авто тээвэр, төмөр зам. Хэлэлцүүлэгт НҮБ-ын Терроризмтэй тэмцэх офис, Олон улсын усан онгоцны аялалын холбоо (CLIA – Cruise Lines International Association) зэрэг байгууллагын төлөөлөл танилцуулгууд хийж төмөр зам, далайн тээвэр, авто тээвэрт хэрхэн Зорчигчийн урьдчилсан мэдээлэл, Зорчигчийн нэрийн бүртгэл ашиглан хяналт тавих, туршлагыг нэвтрүүлсэн Улсуудад хэрхэн хэрэгждэг талаар мэдээлэл авав. - Шинэ технологи болон хандлагууд – Зорчигчийн мэдээлэл солилцоонд үзүүлж буй нөлөө. Улс орнууд хилийн хяналт, хилийн аюулгүй байдлыг хангах чиглэлд шинээр нэвтрүүлж байгаа техник технологийн хандлагууд түүнд шинжлэг ухаан, технологийн дэвшлүүдийг нэвтрүүлэх, хил нэвтрүүлэх үйл ажиллагааг “ухаалаг” болгох талаар тэргүүлэгч улсуудын хэрэгжүүлдэг техник технологийн талаар Олон улсын иргэний нисэхийн байгууллага, НҮБ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн офис, Интерпол, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагууд танилцуулгууд хийж хэлэлцүүлэг хийгдсэн. - Зорчигчийн урьдчилсан мэдээлэл, Зорчигчийн нэрийн бүртгэлийн систем хэрэгжүүлэх хууль эрх зүйн асуудлууд – хүний эрхийн талаас Зорчигчийн урьдчилсан мэдээлэл, Зорчигчийн нэрийн бүртгэлийг түүнд хамаарал бүхий хууль эрх зүйн орчингүйгээр нэвтрүүлэх боломжгүй бөгөөд хүний хувийн мэдээллийг мэдээллийн нууцлалыг хадгалж хамгаалалгүй тээвэрлэгчдээс шилжүүлэхийг албажуулах боломжгүй. Зорчигчийн урьдчилсан мэдээллийг цуглуулах, шилжүүлэх нь хувийн мэдээллийн халдашгүй байдалд нөлөө үзүүлдэг бөгөөд зорчигчийн хувийн мэдээлэлтэй ажиллах үндэсний эрх бүхий байгууллагууд олон улсын хүний эрхийг хамгаалах стандарт, хүнийг үл ялгаварлах, хүйсийн болон мэдээллийн хяналтын бодлогуудтай зөрчилгүй байх шаардлагуудыг хангаж үндэсний хууль эрх зүйн орчин нэвтрүүлэх ажлыг хүний эрхийн талаас нь НҮБ-ын Хар тамхи, гэмт хэргийн офисын Терроризмээс сэргийлэх салбар, Европын холбооны улсын Европын мэдээллийн аюулгүй байдлын офис (EU DPO – European Union Data protection Office), Европын аялалын мэдээлэл, зөвшөөрлийн систем (EU ETIAS – European travel information and authorization system) зэрэг байгууллагууд тус тус танилцуулга хийв. Үр дүн: Зүүн Европын Зорчигчийн мэдээлэл солилцооны албан бус ажлын хэсгийн 3 дугаар хурал, мөн Зорчигчийн мэдээлэл солилцооны 7 дугаар семинарт оролцож Зорчигчийн урьдчилсан мэдээлэл, Зорчигчийн нэрийн бүртгэлийг Улс орнууд нэвтрүүлэхэд гардаг нийтлэг хүндрэл бэрхшээл, зорчигчийн хувийн мэдээлэлтэй холбоотой үйл ажиллагаа тул эрх зүйн орчин бүрдсэн байх, хүний эрхийг хамгаалах талаар олон улсын болон дотоодын стандартууд хангагдсан байх, хүнийг үл ялгаварлах зарчимуудад тулгууласан байх талаар мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Тогтоол бүрэн хэрэгжихэд тээврийн байгууллагуудын Зорчигчийн урьдчилсан мэдээлэл, Зорчигчийн нэрийн бүртгэлийн мэдээлэл алдаагүй, бүрэн бүтэн байх, хуулиар хүлээгдсэн мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг чанд мөрдүүлэх зэрэг ойлголтуудаа гүнзгийрүүлж авлаа. Мөн өөрийн хариуцаж ажиллаж байгаа дэд ажлын хэсгийн ажлын хүрээнд онцгой анхаарах, тууштай байж үр дүн гардаг ойлголтуудаа олж авлаа. ТАНИЛЦСАН: Ч.МӨНХТУЯА Ч.ОДГЭРЭЛ ТАЙЛАН БИЧСЭН: Г.БАТБАЯР

ОРОН НУТГИЙН НИСЛЭГИЙГ БУЯНТ-УХАА ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ РУУ ШИЛЖҮҮЛНЭ
2024/01/09

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт өнөөдөр /2024.01.09/ Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитэй уулзлаа. Уулзалтаар Чингис хаан Олон Улсын нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах, нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу шилжүүлэх талаар тодорхой санал солилцов. Сайд С.Бямбацогт уулзалтын эхэнд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлах зорилт үр дүнгээ өгч, нислэгийн тоо, давтамж 2-3 дахин нэмэгдэж 2023 онд 1 сая 750 мянган зорчигч агаарын тээврээр үйлчлүүллээ. Чингис хаан Олон Улсын нисэх буудал бол Монгол, Япон хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг. Иргэдийн зүгээс бүртгэлийн цэг цөөн, зорчигчдын ачаа, тээш удаан хүлээгддэг гэсэн санал, гомдол их ирж байна. 2024 онд бид 2 сая 200 мянган зорчигч хүлээж авах зорилт тавьсан. Тиймээс бүртгэлийн цэгийг нэмэгдүүлж, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлж, хүндрэл, чирэгдэл багатай байлгах зайлшгүй шаардлага тулгарч байна. Хоёрдугаарт, орон нутагт гурван чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 оны долдугаар сараас есөн чиглэлд нислэг үйлддэг болсон. Өнгөрсөн онд 400 мянган зорчигч орон нутгийн нислэгээр үйлчлүүлснээс Оюутолгойн захиалгат нислэг 340 мянга, үлдсэн 60 мянган зорчигч нь орон нутаг руу ниссэн байна. Орон нутгийн нислэгээр өндөр настан, нярай, бага насны хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн их үйлчлүүлдэг. Тиймээс Чингис хаан Олон Улсын нисэх буудал одоо 1 сая 600 мянган зорчигч хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх хүртэл иргэдийнхээ эрх ашиг, ая тухтай байдлыг нэгдүгээрт тавьж, Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудал руу орон нутгийн нислэгээ шилжүүлэх саналтай байна.Мөн орон нутгийн нислэгийг шилжүүлснээр та бүхэнд эдийн засгийн хохирол учруулахгүй байх бүхий л арга хэмжээг авна гэдгийг онцлон хэллээ. Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефуми Манай зүгээс ачаа тээвэр хүлээн авах туузан дамжуургыг өргөтгөж, зай талбайг нэмэгдүүлэх тодорхой ажлууд хийсэн. Цаашид ч төлөвлөгөөний дагуу ажлууд хийнэ. Бүртгэлийн цэг 16 байсныг хоёроор нэмэгдүүлсэн. 2024 оны тавдугаар сар гэхэд нийт 20 бүртгэлийн цэгтэй болно. Мөн орон нутгийн нисэх буудлын бүртгэлийн цэгийг олон улсын нислэгт ашиглах боломжийг судалж, холбогдох албаныхантай уулзаж байгаа. Үйлчилгээний чанараа сайжруулж, төрийн болон хувийн хэвшлийн авиа компанийн бүх хүнийг ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хариуцлагатай, соёлтой байлгахад анхаарч байна хэмээн байр сууриа илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд хоёр тал цаашид нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг шилжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг ойрын хугацаанд авна гэдгийг тохиролцлоо.  

“СИТА” КОМПАНИАС ЗОХИОН БАЙГУУЛСАН ХИЛИЙН ХЯНАЛТЫН СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛТ СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦСОН АЖЛЫН ТАЙЛАН
2023/11/30

Олон улсын нисэх буудлын зорчигчийн урсгалыг эрчимжүүлэх ачааллыг бууруулах, зорчигчийн мэдээллийн системийг сайжруулснаар нисэхийн аюулгүй байдлыг хангах, террорист этгээдүүдийн хөдөлгөөнд хяналт тавих систем, аяллын цахим системийн талаар дэвшилтэт технологийг танилцуулах зорилго бүхий СИТА компаниас зохион байгуулсан Олон улсын дээд хэмжээний уулзалт Сингапур улсад зохион байгуулагдсан бөгөөд тус арга хэмжээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөн 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 09-ний өдрүүдэд оролцсон. Дээрх уулзалтаар “СИТА” компани нь дараах асуудлуудыг хөндөн дэвшилтэт технологийг танилцуулж, тэдгээрийг хэрэгжүүлэх дараах арга замын талаар танилцуулсан. Үүнд:Ойрын ирээдүйд дэлхий нийтэд хэрэгжүүлж эхлэх цахим хилийн хяналтын системүүд, улс орнуудын аюулгүй байдлыг хангах, заналхийллийг бууруулах талаар хэрэгжүүлж буй шийдлүүд болон СИТА компанийн дэвшилтэт технологийг хэрэгжүүлж буй улс орнуудын туршлага, API/PNR өгөгдлийг хиймэл оюун ухаантай хослуулан хэрхэн үр дүнтэй, саадгүй, аюулгүй хилийн хяналтын системийг хэрэгжүүлж буй талаар туршлага;Австралийн Зорчигчийн мэдээллийн системийн хэрэгжилт, туршлага, цахим виза олгох Зорчигчийн мэдээллийн системтэй хэрхэн холбогдох талаар туршлага, мэдээллийн системийг үе шаттай шинэчлэн сайжруулах, Зорчигчийн мэдээллийн системийг цар тахлын үед хэрхэн ашигласан талаар туршлага;СИТА компанийн хамгаалалтын түвшин өндөр, аюулгүй, саадгүй аялалыг олгох цахим аяллыг дэмжих хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх талаар туршлага;Малдив улсын хилийн удирдлага, зохион байгуулалт, газар нутгийн байршлын онцлогоос шалтгаалан хилийн хяналтыг хэрхэн тогтоож буй талаар туршлага, Зорчигчийн мэдээллийн нэгжийг байгуулах талаар туршлага, зорчигчийн мэдээллийг хүлээн авах хэрэгжүүлэх үүрэг бүхий Малдивийн Гаалийн байгууллагын туршлага;Ямайка улсын хилийн хяналтын хялбаршуулах, хилийн аюулгүй байдлыг хангах, хилийн хяналтыг цахимжуулах үйл ажиллагааны талаар туршлага;Шинэ Зеланд улсын Ковидын үед зорчигчийн мэдээллийг хэрхэн ашиглаж цар тахлын тархалтыг бууруулах төлөвлөлтийг хэрхэн хийсэн талаар туршлага,БНСУ-ын хилийн хяналтад ашиглаж буй зорчигчийн мэдээллийн системийг хэрхэн үр ашигтай хэрэгжүүлж буй талаар туршлага, 2024 оноос хэрэгжиж эхлэх цахим хилийн хяналтын систем, зорчигч хилийн хяналтаар нэвтрэх автомат гарц, цахим визний талаар, 2025 оноос бүртгэлийн цэг, аюулгүй үзлэгийэ цэг болон хилийн хяналтын цэгийг бүрэн цахимжуулах, түүнийг хэрхэн үе шаттай хэрэгжүүлэх талаар туршлага;Цахим аялал хөгжүүлэлтийн хувьсал, цар тахлын дараах агаарын тээврийн сэргэлт болон дэд бүтцийн хөгжлийг хурдасгах үндэслэл, Сита компанийн саадгүй аялал хөтөлбөрийн хэрэгжүүлэх талаар танилцуулга, зорчигчийг тодорхойлоход хилийн хяналтын ажилтан болон цахим нүүр таних системийн давуу тал, харьцуулалт, хүний биометрикийг хилийн хяналтад ашиглан үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх талаар, цахим гадаад паспортын хувьсал болон түүнийг хилийн ухаалаг гарцад ашиглах;Цахим хилийн хяналтын ирээдүйн төлөвлөлт, аялалын бичиг баримтын цахим баталгаажуулалтыг байршлаас хамаарахгүй хийх талаар төлөвлөлт.Энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцсоноор олон улсын нисэх буудалд зорчигчийн урсгалыг эрчимжүүлж, улсын хилээр саадгүй нэвтрүүлэх, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх орчин үеийн дижитал шийдлүүдийг судалж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох туршлага судалсан бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Хавсралт 9-ын хүрээнд нисэх буудлын хилийн хяналтын удирдлагыг сайжруулах, түүнийг агаарын тээврийн салбарт хэрэгжүүлэх чухал ач холбогдлын талаар болон бусад улсын хилийн хяналтыг тогтоох, хамгаалалтын түвшин өндөр, аюулгүй, саадгүй аяллыг дэмжих туршлагын талаар хуваалцсан үр ашигтай уулзалт байлаа.ТАНИЛЦСАН:АГААРЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА                                                               Г.БАТБАЯРТАЙЛАН БОЛОВСРУУЛСАН:АГААРЫН НАВИГАЦИ, НИСЭХ БУУДЛЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА                             Ч.ОДГЭРЭЛ