ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН АГААРЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН “ICAN 2024” ХУРАЛД МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙН ХАРИЛЦААГАА АМЖИЛТТАЙ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

2024/10/25

Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO)-аас жил бүр зохион байгуулдаг Олон Улсын Иргэний нисэхийн агаарын харилцааны хэлэлцээрийн “ICAN2024” хурал 

Малайз улсын Куала Лумпур хотноо 10 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд боллоо.

Улс орнуудын агаарын тээврийн харилцааг өргөжүүлж, шинэчлэх зорилгоор 2008 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдсаар ирсэн тус хурал нь олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шууд хэлэлцээр хийх боломжийг олгож, зах зээлийг нээлттэй болгох, агаарын тээврийн хүртээмжийг сайжруулах чухал платформ болдог юм. 

Монгол Улс энэхүү хуралд гурав дахь удаагаа oролцож, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид Австрали, Испани, Нидерланд, Итали, Руанда улсуудтай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан, Саудын Арабын Хаант улстай тохиролцлын бичигт гарын үсэг зурав.

Тухайлбал:

1. Австрали Улстай: 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улс Австрали Улстай агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгийн дагуу хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх нээгдэж байна.

2.Испанийн Хаант Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийг үзэглэж, тохиролцлын бичигт гарын үсэг зурснаар 2018 онд байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг шинэчилж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх нээгдсэн. Уулзалтын үеэр Испанийн Хаант Улс 2025 онд болох Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд Монгол Улсыг дэмжих санал өгөх хүсэлт илэрхийлэв.

3.Нидерландын Хаант Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс Нидерландын Хаант Улстай 1995 оны 03 дугаар  09-ний өдөр байгуулсан  Агаарын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах зорилготой юм. Мөн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэх юм.

4.Саудын Арабын Хаант Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг тохирч, тохиролцлын бичигт гарын үзэг зурлаа. Тус тохиролцлын бичигт aгаарын харилцааны хэлэлцээрийн төслийг иргэний нисэхийн эрх бүхий байгууллагууд тохирч, талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу дотоодын журмаа шуурхай гүйцээж ажиллахыг эрмэлзэв.

5. Итали Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэж, Италийн Ром, Милан (Мальпенза болон Бергамо), Венец болон хожим тодорхойлох 2 цэг тохиров.

6. Руанда Улстай: Агаарын харилцааны хэлэлцээрийн төсөл үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Нислэгийн цэг, давтамж болон багтаамжийг хэлэлцээрийг байгуулах үед тусдаа тохиролцохоор болсон. 

Түүнчлэн хурлын үеэр Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Канад, ОХУ-тай хоёр талын уулзалт зохион байгуулж Герман Улсын хувьд нислэгийн давтамж нэмэгдүүлэх талаар, Канад Улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулах чиглэлээр ажлыг эрчимжүүлэх санал тавьж Канадын тал 2025 оны эхээр дотоодын журмаа гүйцээж, хэлэцээрийг байгуулахаар тогтов. 

ОХУ-тай Улаанбаатар-Москва хотуудын хооронд шууд нислэг сэргээх талаар дэлгэрэнгүй санал солилцож ярилцав. Мөн ОХУ-ын талаас 2025 онд болох Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Зөвлөлийн сонгуульд “Aгаарын тээвэрт чухал ач холбогдолтой улсууд”-ын хэсэгт сонгогдоход дэмжлэг үзүүлэх саналыг илэрхийлэв.

Хурлын үеэр үзэглэгдсэн хэлэлцээрүүд болон санамж бичгүүд нь Монгол Улсын агаарын тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах,өрсөлдөөнийг дэмжих, шинэ зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын урсгалыг дэмжих, цаашид бүс нутгийн болон олон улсын түвшинд агаарын тээврийн үйл ажиллагааг чөлөөтэй, хүртээмжтэй болгон өргөжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

“ICAN2024” хуралд нийт 83 улс болон хоёр олон улсын байгууллагыг төлөөлсөн 700 гаруй төлөөлөгчид оролцлоо.





Холбоотой мэдээ

ТАЙЛАНДЫН ВАНТ УЛСЫН БАНГКОНГ ХОТ ДАХЬ ИКАО-ЫН АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ТӨВД ИКАО БОЛОН ИАТА ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛСАН “ISAGO-ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙХ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫН АУДИТ” СУРГАЛТ СЕМИНАРТ ХАМРАГДСАН ТАЙЛАН
2023/11/30

ИНЕГ-ын даргын 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн А/639 тоот тушаал, баталсан удирдамжийн дагуу 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 8 дугаар сарын 17-ны өдрүүдэд Тайландын Вант Улсын Бангкок хотноо Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын Ази, номхон далайн бүсийн төв болон Олон улсын Агаарын тээвэрлэгчдийн холбоо /ИАТА/-оос хамтран зохион байгуулсан “ISAGO-Газрын үйл ажиллагаанд хийх аюулгүй ажиллагааны аудит” сэдэвт сургалт семинарт НААХЗА-ны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн байцаагч Ж.Содзаяа, тус хэлтсийн мэргэжилтэн Ц.Аззаяа нар нар хамрагдлаа.Энэхүү сургалт семинар нь олон улсын стандарт шаардлагын хүрээнд агаарын тээвэрлэгчийн газрын үйл ажиллагаанд хэрхэн аюулгүй ажиллагааны аудит хийх болон энэхүү аудитад хамрагдсанаар нисэх буудлууд, Иргэний нисэхийн удирдах газарт ямар ашиг тус, үр дүн гарах талаар туршлага судлах, мэдлэг олж авах зорилготой.Сургалтыг Паул Флеминг – ИАТА-ийн Нислэгийн аюулгүй ажиллагааны Газрын үйл ажиллагаа хариуцсан хяналтын албаны дарга заасан.Сургалт өглөө 09.00-17.00 цагийн хооронд ИКАО-ын Ази номхон далайн бүсийн төвийн хурлын танхимд зохион байгуулагдав.Сургалтын хугацаанд танилцсан сэдвүүд:Газрын үйл ажиллагаанд хийх ISAGO аюулгүй ажиллагааны аудитын хөтөлбөрГазрын үйл ажиллагаанд хийх ISAGO аюулгүй ажиллагааны аудитын үр дүнГазрын үйл ажиллагааны стандарт заавар /Хэвлэлт 8/Газрын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын аюулгүй ажиллагааны удирдлагын системАгаарын тээвэрлэгч, газрын үйлчилгээ үзүүлэгч байгууллагын бүтэц, удирдлага зохион байгуулалтГазрын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад хийх ISAGO аюулгүй ажиллагааны аудитАгаарын тээвэрлэгчийн газрын үйл ажиллагаанд хийх ISAGO аюулгүй ажиллагааны аудитГазрын үйл ажиллагаанд аюулгүй ажиллагааны аудит хийснээр нисэх буудлуудад гарах үр дүн, ашиг тусГазрын үйл ажиллагаанд аюулгүй ажиллагааны аудит хийснээр Иргэний нисэхийн удирдах газарт гарах үр дүн, ашиг тусЭнэхүү сургалт семинарт хамрагдсанаар ISAGO газрын үйл ажиллагааны аюулгүй ажиллагааны аудитын зарчим, гарын авлага, аудит хэрхэн хийгддэг аргачлалтай танилцаж, энэхүү аудитаар илэрсэн зөрчлийн мэдээг судлаж цаашид агаарын тээвэрлэгчдийн газрын үйл ажиллагаанд хийгдэх үзлэг шалгалтаар анхаарах мэдээллийг олж авлаа. Мөн бусад орны Иргэний нисэхийн байгууллагууд газрын үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьдаг талаар мэдээллийг авлаа.

“БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2023/12/19

Өнөөдөр буюу 2023 оны 12-р сарын 19-ний өдөр Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжүүд 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудад тайлагналаа. Тайлангийн хурлыг эхлүүлж “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал 2023 оны ажлын тайлангаа тавьсан юм. Тус нисэх буудал энэ онд нийт 8 зорилтын хүрээнд 44 арга хэмжээ төлөвлөж 2023 оны IV улирлын байдлаар хэрэгжилт 98,6% байна. “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал 2023 онд бага оврын агаарын хөлгийн нийт 2074 нислэг үйлдсэнээс орон нутгийн 2003 нислэгт нийт 2781 зорчигч, Олон улсын 71 нислэг, 2031 зорчигч тээвэрлэжээ. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 4205 нислэгт нөөц нисэх буудлаар сонгогдон ажилласан байна. Мөн 69 удаагийн чиглэсэн үзлэг шалгалт хийж, 2 удаагийн түргэн цугларалт зохион байгуулсан байна. Нисэх буудлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөхөн хангалтаар сэлгэн ажиллах ажилтны хөрвөх чадварыг дээшлүүлэх арга хэмжээг 2023 оны 7 дугаар сарын 6, 7 өдөр зохион байгуулжээ. “BU AIRSHOW” 2023 оны 5 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Тайлангийн дараагаар удирдлагууд асуулт асууж, санал дүгнэлтээ хэллээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тайлангийн төгсгөлд тус нисэх буудлын хамт олныг ирэх 2024 оны төлөвлөгөөндөө үр ашигаа сайжруулах ажлаа сайн төлөвлөж, нисэх буудлын бүх үйлчилгээ, мэдээлэл цахимжсан байх шаардлагатайг хэлээд гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гадны томоохон байгууллагуудаас туршлага судлан үйлчилгээндээ нэвтрүүлэх шаардлагатайг дурьдлаа.