НИДЕРЛАНДЫН ХААНТ УЛС БОЛОН САУДЫН АРАБЫН ХААНТ УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭР ҮЗЭГЛЭЖ, ТОХИРОЛЦЛЫН БИЧИГ БАЙГУУЛЛАА

2024/10/23

Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO)-ын Олон Улсын Иргэний нисэхийн aгаарын хэлэлцээрийн хурал “ICAN2024”-д оролцож буй Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид 10 дугаар сарын 22-ны өдөр Нидерландын Хаант Улсын төлөөллүүдтэй уулзаж, агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс Нидерландын Хаант Улстай 1995 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах зорилготой юм. Мөн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэж байна.

Түүнчлэн Саудын Арабын Хаант улстай агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг тохирч тохиролцлын бичигт гарын үзэг зурлаа. Тус тохиролцлын бичигт aгаарын харилцааны хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, талууд холбогдох хууль тогтоомж дүрэм журмын дагуу хэлэлцээрийн төслийг үзэглэх, батлах болон дотоод эрх зүйн ажиллагааг түргэн шуурхай гүйцэтгэхийг зорьж ажиллахыг эрмэлзэв.

Эдгээр хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх нь олон улсын нислэгийн сүлжээг өргөжүүлж, улс хоорондын агаарын харилцааг сайжруулах, шинэ зах зээлд нэвтрэх, хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.

Олон Улсын Иргэний нисэхийн aгаарын харилцааны хэлэлцээрийн хурал нь 2008 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байна. Дэлхийн улс орнуудын агаарын тээврийн харилцааг өргөжүүлэх, шинэчлэх зорилготой тус хурал нь Олон улсын иргэний байгууллагын санаачилгаар хийгддэг агаарын тээврийн хэлэлцээрүүдийг төвлөрүүлэн богино хугацаанд олон улс хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, шууд хэлэлцээр хийх боломжийг олгодог.

Хуралд оролцогч улсууд олон талын хэлэлцүүлэг хийж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ зах зээлийг нээлттэй болгож, агаарын тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой байдаг. Мөн ICAN нь цаг хугацаа болон зардлыг хэмнэх, олон улсын түншлэлийг өргөжүүлэх, улс орнуудын иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.

Тус хуралд Монгол Улсаас 2013 болон 2018 онд оролцож байсан бөгөөд энэ жил 3 дахь удаагаа оролцож байна. Энэ жилийн “ICAN2024 хурал нь 10 дугаар  сарын 21-нээс 25-ны өдрүүдэд Малайз улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдаж, нийт 83 улс, хоёр олон улсын байгууллагыг төлөөлсөн 700 гаруй төлөөлөгчид оролцож байна.

Холбоотой мэдээ

НИСЭХ ХҮЧНИЙ 100 ЖИЛИЙН ЛОГО ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЛАА
2024/06/20

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой 2025 онд тохионо. Энэхүү түүхт ойг тохилдуулан ИНЕГ-аас 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангах, ойд зориулсан зохион байгуулалтын арга хэмжээнд ашиглах лого шалгаруулах уралдаан зарлалаа.Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүлээн авах бөгөөд логоны уралдаанд шалгарсан 1 уран бүтээлчийг Үндэсний агаарын тээвэрлэгчдийн нислэг үйлдэж буй олон улсын 1 чиглэлийн үнэгүй тийзээр урамшуулна.

ХАСХОМ ГАРГАДАГ АЛБАН ТУШААЛТНУУДЫН АНХААРАЛД
2024/02/02

Авлигатай тэмцэх газраас ХАСХОМ гаргасан явц 2024.01.31-ний байдлаар манай байгууллага дээр хангалтгүй байгаа болон энэ жилийн Цагаан сарын баярын өдрүүд уг мэдүүлэг гаргах эцсийн хугацаа /2024.02.15-ны өдөр/-тай давхцаж байгааг анхаарч ажиллах талаар зөвлөмж ирүүлээд байна. Иймд нийтийн албан тушаалд хамаарч, ХАСХОМ гаргадаг албан тушаалтнууд зөвлөмжийг анхаарч, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана уу. javascript:nicTemp();

ОНОШИЛГОО, ХЭМЖИЛ ЗҮЙН ЛАБОРАТОРИ 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2023/12/19

Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь Хэмжил зүйн тухай хууль болон Стандартчилал, техникийн зохицуулалт,  тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг Иргэний нисэхийн салбарт хэрэгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулан ажиллах, Нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулахад чухал шаардлагатай хэмжил зүйн бодиттой мэдээлэл, үр дүнг гаргах, Чанарын удирдлагын тогтолцоог хадгалах, сайжруулах, Хэмжилт шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт болон сорилт шинжилгээний ажил үйлчилгээг итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтын дагуу түргэн шуурхай үзүүлэх зорилт тавин 13 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус лаборатори нь сорилт шинжилгээний төрөл, радио цаг уур, цахилгаан цулын төрөл, шугаман өнцөг, геодезийн төрөл болон үл эвдэх сорилын төрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг. 2023 онд 4 зорилтын хүрээнд 24 арга хэмжээ төлөвлөж оны эцсийн байдлаар төлөвлөгөөний биелэлт 100% болжээ. Оношилгоо, хэмжил зүйн лаборатори нь энэ онд нийт 340 дээж авч, 38 шилэн хэмжүүрийн шалгалт тохируулга хийсэн байна. Мөн 532 газардуулгын эсэргүүцлийн хэмжилт хийж, 94 радио цахилгаан хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийж, 28 удаагийн геодезийн хэмжилт хийжээ.  MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагыг хангасан чанарын тогтолцоог нэвтрүүлэн Стандарт хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн газарт чадавхаа үнэлүүлж 2023.11.10-ны өдрийн Д/03-91 дугаартай гэрээгээр 4 жилийн хугацаатай 7 дахь удаагаа итгэмжлэгдсэн байна. Мөн 4 стандартыг орчуулан Монгол Улсын үндэсний стандартаар батлуулжээ. ОХЗЛ-ийн тайлангийн төгсгөлд удирдлагууд нэн тэргүүнд тулгарч буй асуудлуудаа дахин танилцуулж, гарц гаргалаа олох, зарлагын хэмжээг ирэх онд бууруулан орлогыг нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө сайтар нягтлан гаргаж, боломжит арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байгаа талаар дурьдлаа.