Нислэгийн хөдөлгөөний удирдагчийн хүний нөөц, сургалт, техник технологийн шинэчлэл, тэдгээрийн урт хугацааны тогтвортой бодлогын хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах тухай асуудлыг хэлэлцсэн хурал өнөөдөр Туушин зочид буудалд боллоо.
Тус хурлыг Олон улсын нислэгийн удирдагчдын холбоодын эвсэл, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Монголын нислэгийн удирдагчдын холбоо хамтран зохирн байгууллаа.
Өдгөөгөөс 63 жилийн өмнө буюу 1961 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Европын 12 улсын нислэгийн хөдөлгөөний удирдагчид эвлэлдэн нэгдэж, мэргэжлийн холбоо үүсгэсэн нь өнөөдөр дэлхийн 100 гаруй улс орны 60 мянга гаруй нислэгийн удирдагчдыг эгнээндээ нэгтгэсэн, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Агаарын навигацийн комиссын байнгын ажиглагч байгууллага, нислэгийн удирдагчдын нэгдсэн дуу хоолойг хүргэдэг олон улсын байгууллага болон хөгжжээ. 1997 онд байгуулагдсан Монголын нислэгийн удирдагчдын холбоо 1998 онд Францын Тулузд зохион байгуулагдсан хурлаар тус эвслийн гишүүн болж, 2021 оноос эхлэн эвслийн Ази Номхон далайн бүсийн удирдах зөвлөлд орж ажиллах болсон.
Тиймээс 10 дугаар сарын 20-ны өдөр бол Олон улсын нислэгийн хөдөлгөөний удирдагчдын холбоодын эвсэл IFATCA байгуулагдсан өдөр төдийгүй нислэгийн хөдөлгөөний удирдагчид өөрсдийн ажил мэргэжлээр бахархах, тэрхүү ажил мэргэжлийнхээ төлөө дуу хоолойгоо өргөх өдөр юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Фарход Арзиевтай уулзлаа. Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, хоёр орны ард түмэн олон жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцааг бүх салбарт хөгжүүлж ирсэн. Тэр дундаа зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг гэдгийг онцлон хэллээ.Сайд С.Бямбацогт ”Агаарын харилцааны тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг орчин үеийн агаарын харилцааны эрх зүйн шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр хэлэлцээрийн төслийг тохирсон. Ойрын хугацаанд цаг алдалгүй, шуурхай байгуулах хүсэлтэй байна. Агаарын хэлэлцээр байгуулснаар хоёр улсын хооронд дамжин өнгөрөх зорчигчийн тоо нэмэгдэж, Узбекистанаас жимс, ногоо, монголоос мах, ноолууран бүтээгдэхүүн тээвэрлэж хоёр улсын хооронд эдийн засгийн эргэлт нэмэгдэх чухал ач холбогдолтой хэмээн байр сууриа илэрхийллээ. Элчин сайд Фарход Арзиевын зүгээс “Миний тэргүүлэх зорилт бол хоёр улсын зам, тээврийн болон харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх. Өнөөдрийн байдлаар хоёр улсын худалдаа 7 сая ам.долларт хүрсэн байна. Манай улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, Монгол Улсаас мах, ноос ноолуурын бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх хүсэлтэй байна. Одоогоор хоёр улсын иргэд 30 хоног харилцан визгүй зорчдог. Энэ давуу талыг ашиглан аялал жуулчлалаа хөгжүүлж, жуулчдад аялахад таатай нөхцлийг бүрдүүлмээр байна” хэмээлээ. Уулзалтын үр дүнд хоёр улсын агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулахаар хоёр тал тогтлоо.
АНУ-руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөний хүрээнд ИНЕГ-аас зохион байгуулсан АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай анхны цахим уулзалт 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулагдлаа. Уулзалтаар, ИНЕГ-ын ерөнхий мэдээлэл, холбогдох дүрэм журам, байцаагч нарын гарын авлага, зөвлөх үйлчилгээний нарийвчилсан хуваарийг ИНЕГ-т танилцуулж, “IASA” аудит үнэлгээний хяналтын хуудасны асуулга, аудит шалгалтын талаар харилцан мэдээлэл солилцлоо. Хурлаар зөвлөх үйлчилгээний хүрээнд хийгдэх цахим хурлуудын хуваарийг нийт гэрээний хугацаатай уялдуулан шахуу хэлбэрээр боловсруулж, хэрэгжүүлэх шууд нислэгийн төлөвлөлтийн хугацааг наашлуулах зорилгоор ажлыг түргэтгэх, АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас хийх IASA аудит шалгалтын товыг тогтоох үүднээс ИНЕГ-ын аудитын бэлэн байдлын суурь үнэлгээг богино хугацаанд гаргах талаар санал солилцлоо. Уулзалтад ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны дарга П.Ганболд, Гадаад хамтын ажиллагааны хэтсийн дарга Г.Батбаяр, Aюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын албаны дарга С.Ерханат, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар, Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Туяа, Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Б.Билгүүдэй, Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга Б.Хүдэрчулуун, Ахлах байцаагч Ч.Дарьсүрэн, Aхлах байцаагч Г.Ганхуяг, Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн ахлах байцаагч Д.Мөнгөнхүү, Байцаагч Б.Тулга, АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны консул Г.Алтанхундага мөн “The Wicks Group Consulting” группийн Гүйцэтгэх захирал Глен Викс, Дэд ерөнхийлөгч Катя Граймс, Дэд захирал Лори Викс болон зөвлөхүүд оролцов.