Иргэний нисэхийн ерөнхий газрын 2024 оны “Төлбөртэй дотоод сургалтын төлөвлөгөө”-ний дагуу “Төрийн албан хаагчийн харилцаа хандлага, ёс зүй” сэдэвт сургалтыг Удирдлагын академийн багш доктор, профессор Н.Цолмонтуяа 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хурлын зааланд амжилттай удирдан явууллаа.
Тус сургалтад
ИНЕГ, түүний харьяа салбар, нэгжийн нийт 192 ажилтан цахим болон танхимаар
хамрагдаж, төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүйн зарчим, нийтлэг
хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх
талаар мэдлэг авсан байна.
Мөн түүнчлэн мэндлэх, хүндлэх, зочин угтах, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах, гэрээ хэлэлцээр хийх, иргэд үйлчлүүлэгч, түншүүдтэй хэрхэн зөв харилцах, удирдлага, ажилтнуудын хоорондын харилцааны арга хэрэгслийн талаар сонирхолтой лекц сонслоо.
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Номадиа Пикчерс Продюсинг” ХХК-тай хамтран бүтээх, нисэхийн салбарын тухай өгүүлэх “Тэнгэр газрын хязгаарт” олон ангит уран сайхны киноны зураг авалт өнөөдөр эхэлж, мотор дуугарлаа. Орчин үеийн залуусын хүсэл мөрөөдөл, хайр сэтгэл, амьдралын талаар үзэгчдийн таашаалд нийцэх, сонирхолтой олон ангит кино бүтээл туурвих зорилгоор бүтээж байгаа энэхүү кинонд нисэхийн салбарт ажилладаг залуусын тухай өгүүлнэ. Үүгээрээ Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан нисэхийн салбарын ажил мэргэжлүүдийн онцлог, ач холбогдол, үнэ цэнийг үзэгч, олон нийт, залууст таниулан, үнэн зөвөөр ойлгуулах, агаарын тээврээр зорчигчдын мэдлэгийг дээшлүүлэх давхар ач холбогдол агуулсан гэдгийг кино багийнхан онцолсон. Төрөл жанрын хувьд романтик комеди, романтик драм, гэр бүлийн драм, драм хэлбэртэй 16 ангит кино байх юм. Кино багийн нийт уран бүтээлчдэдээ амжилт хүсье.
БНХАУ-ын COMAC компанийн төлөөлөгчид өнөөдөр ИНЕГ-ын удирдлагуудтай уулзаж, өөрсдийн үйлдвэрлэж буй ARJ21, C919 агаарын хөлгүүдийн талаар танилцуулга хийлээ. Дэлхийн тэргүүлэгч агаарын хөлгийн эд анги үйлдвэрлэгчидтэй хамтарч үйлдвэрлэсэн тус компанийн агаарын хөлгүүд нь олон улсын стандартад бүрэн нийцсэн орчин үеийн дэвшилтэт агаарын хөлгүүд бөгөөд БНХАУ болон олон улсын 511 чиглэлд 141 хот руу нислэг үйлдэж байна. COMAC компани нь жилд 36 агаарын хөлөг үйлдвэрлэх хүчин чадалтай, одоогийн байдлаар 130 ширхэг агаарын хөлгийг захиалагчдад хүргүүлсэн байна. Энэхүү уулзалтаар COMAC компани өөрсдийн ARJ21, C919 маягын агаарын хөлгүүдийг Иргэний нисэхийн ерөнхий газраар зохих журмын дагуу гэрчилгээжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
ИНҮТ-өөс зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр /2024.05.10/ боллоо.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эрүүл Монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн үндэсний хэмжээний гурван хөдөлгөөн хэрэгжиж буй. Эдгээрийн нэг “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний талаар өнөөдрийн мэдээллийн цагаар ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба нэгжийн ажилтнуудад мэдээлэл өглөө.Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, “Эрүүл Монгол хүн” төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга, анагаах ухааны доктор О.Чимэдсүрэн, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш, сэтгэл заслын эмч, АУ-ны докторант Р.Энхтүвшин нар хүрэлцэн ирж мэдээллийг өгсөн юм. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгон, зан үйлийг өөрчлөх замаар бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн хувьд эрүүл, өв тэгш, Эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх зорилго бүхий тус хөдөлгөөн нь үндсэн 4 хэсэгтэй байна. Нэгдүгээрт, эрүүл орчин нөхцөлийг бий болгох. Хоёрдугаарт, эрүүл зан үйл буюу эрүүл хооллолтыг дадал болгох. Гуравдугаарт, ард иргэдэд байнгын зөв дадал буюу дасгал хөдөлгөөн хийхүйц зан үйлийг хэвшүүлэх. Дөрөвдүгээрт, иргэдэд эрүүл мэндийн боловсролыг системтэйгээр зөв олгох явдал. Эдгээрийг цогцоор нь бүрдүүлж чадвал Монгол иргэдийг өвчилснийх нь дараа эмчлэх бус нийтэд нь эрүүл байлгах боломж бүрдэнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан энэ үеэр хэллээ. “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь Монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг нь тэтгэх, бие бялдрыг нь анагаахын шинжлэх ухааны үндэстэй чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ гэдгийг мөн онцлов. Онцгой чиг үүрэг бүхий иргэний нисэхийн салбарт ажилтан, албан хаагчдын эрүүл мэнд хамгийн чухал асуудлуудын нэг байдаг. Тиймээс салбарын ажилтнуудынхаа эрүүл мэндэд онцгой анхааран ажиллаж байгаагаа ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр хэллээ.