АНУ-ын "United airlines" компани 2025 оны тавдугаар сард Токио хотоос Улаанбаатар хот руу нислэг үйлдэх болсноо зарлалаа

2024/10/14

АНУ-ын "United airlines" компани ирэх 2025 онд нэмэлтээр найман чиглэлд нислэг үйлдэх болсноо өчигдөр буюу 2024.10.10-нд зарласан байна. Тодруулбал, энэхүү найман чиглэлд Монгол Улс орсон бөгөөд "United airlines" компани анх удаа Токио хотоос Улаанбаатар хот руу ирэх оны 5 дугаар сарын 1-ээс нислэг үйлдэхээр болжээ. 

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/281 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хооронд агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэ хүрээнд  “МИАТ” ТӨХК нь 2024 оны 1 дүгээр сард АНУ-ын Тээврийн яаманд нислэг үйлдэх буюу эдийн засгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлтээ гаргасантай холбогдуулан АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас хийх Нисэхийн аюулгүй ажиллагааны аудит шалгалт (IASA) шалгалтын бэлэн байдалд техникийн үнэлгээ хийлгэх, Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулж, АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай 2024 оны 4 дүгээр сард нийт 6 сарын хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байна.

Засгийн газрын бүтэц шинэчлэн байгуулагдсантай холбогдуулан шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг Зам, тээврийн сайдын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/171 дүгээр тушаалаар шинэчлэн байгуулсан.

Зөвлөх компани нь Монгол Улс олон улсын стандарт, шаардлагыг хангаж байгаа эсэхэд IASA шалгалтын хүрээнд суурь үнэлгээ хийж үр дүн, зөвлөмжийн тайлан болон Залруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг ирүүлсний дагуу шинэчлэн байгуулагдсан Ажлын хэсэг нь тайлан, Залруулах үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулж, суурь үнэлгээгээр илэрсэн үл тохирлыг засаж залруулах Ажлын хэсгийн нэгдсэн төлөвлөгөөг батлан ажиллаж байна.

Уг ажлын хэсэг нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас хийх Нисэхийн аюулгүй ажиллагааны аудит шалгалт, Тээврийн аюулгүй байдлын захиргааны урьдчилсан аудитад хамрагдах, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр нийт 68 арга хэмжээ бүхий багц ажлуудыг төлөвлөн гүйцэтгэж байгаа бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилласан, төлөвлөгөөний хэрэгжилт 12,5 хувьтай байна.

Эх сурвалж: Зам тээврийн яам

Холбоотой мэдээ

ИНЕГ СПОРТЫН ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА
2024/04/22

Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулсан 5 төрөлт спортын арга хэмжээ 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд ИНЕГ болон Оношилгоо хэмжил зүйн лабораторийн 8 багийн нийт 109 ажилтан авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцсон байна. Тэмцээний нийт дүнгээр 1-р байрыг ИНЕГ-ын Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Туяа ахлагчтай “НОГООН БАГ” эзэлсэн бол 2 дугаар байранд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Батбаяр ахлагчтай “БОР БАГ” орж, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа ахлагчтай “ЦАГААН БАГ” 3 дугаар байрыг тус тус эзэлсэн амжилттай оролцжээ.  Нийт 8 багаас хамгийн сайн зохион байгуулалттай багаар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар ахлагчтай “Ягаан Баг” тодорсон байна. Нийт оролцсон тамирчдадаа баяр хүргэж, ажлын болон спортын өндөр амжилтыг хүсье.

ИНЕГ-ЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ, ДҮРМИЙН БОЛОВСРУУЛАЛТЫН ХЭЛТЭС 2023 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА
2023/12/27

Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтэс 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус хэлтэс нь өнөөдрийн байдлаар 7 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд  хууль эрх зүйн чиглэлээр 15, дүрэм боловсруулалтын чиглэлээр 10, нийт 25  ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 84.8 хувийн биелэлттэй байгааг Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтсийн дарга П.Ариунболд танилцууллаа. Тус хэлтэс нь Иргэний нисэхийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, төслийг боловсруулах, батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах; Салбарын хэмжээнд мөрдөж буй хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, шийдвэрийн давхардал, хийдэл зөрчлийг арилгах, кодификаци хийх; Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын эрхлэх хүрээний асуудлаар гарсан эрх зүйн маргааныг шүүх, хууль хяналтын байгууллагаар хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллагын удирдлагыг итгэмжлэлээр төлөөлөн оролцох, үр дүнг тайлагнах; Иргэний нисэхийн дүрмийн төсөл боловсруулах, батлуулах, батлагдсан дүрмийг сурталчлах ажлыг зохион байгуулах; Хууль заасан хариуцах чиг үүргийн хүрээний бус, байнгын ажиллагаатай орон тооны бус ажил үүргийг хэрэгжүүлэх; Хариуцах чиг үүргийн хүрээнд Иргэний нисэхийн даргаас батлан гаргах шийдвэр /тушаал, гэрээ, дүрэм, журам, бусад/-ийн эрх зүйн үндэслэлийг хянах чиг үүрэгтэй үйл ажиллагаагаа явуулж байна.