БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД БОЛСОН “АЗИ, НОМХОН ДАЛАЙН САЙД НАРЫН ХОЁРДУГААР БАГА ХУРАЛ”-Д МОНГОЛ УЛС ОРОЛЦЛОО

2024/10/04

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо 2024 оны 9 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд Ази, Номхон далайн сайд нарын хоёрдугаар бага хурал зохион байгуулагдлаа. Иргэний нисэхийн асуудлаар зохион байгуулагдсан тус хуралд Монгол Улсыг төлөөлж, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Д.Ганболд болон Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчид оролцов.

Элчин сайд Д.Ганболд Монгол Улсыг төлөөлөн үг хэлэхдээ, Энэтхэг Улсын Засгийн газар болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-д талархал илэрхийлж, Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын хөгжил, шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд иргэний нисэхийг либералчлах, олон улсын стандартыг хангасан аюулгүй, үр ашигтай нисэхийн салбарыг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн Монгол Улс, АНУ-тай шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг 2025 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгахаар ажиллаж байгааг дурдлаа.

Ковид-19 цар тахлын дараа Монгол Улсын нутаг дэвсгэр дэх нислэгийн тоо, зорчигч болон ачаа тээврийн үйл ажиллагаа сэргэж, цаашид өсөх хандлагатай байгааг мөн дурдаад, Монгол Улс дэлхийн 45 улстай агаарын харилцааны хэлэлцээртэй байгаагаас 2024 онд шинээр 4 улстай хэлэлцээр байгуулсныг онцлов.

Элчин сайд мөн 2025 онд Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд шууд нислэг үйлдэх зорилт тавин ажиллаж буйг онцлон дурдлаа.





Холбоотой мэдээ

“НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗААВАРЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ” ДАХИН ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
2024/04/08

Иргэний нисэхийн ерөнхий газар Олон улсын Иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-тай хамтран зохион байгуулж буй “Нисэхийн аюулгүй байдлын зааварлагч бэлтгэх сургалт” өнөөдөр эхэллээ. 2017 оноос Монгол Улсад зохион байгуулагдаж эхэлсэн тус сургалт дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд завсардаад байсан юм.Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр сургалтын талаар “Өмнө нь бид энэ төрлийн сургагч багш нарыг заавал гадны улсад сургаж, бэлддэг байсан бол 2017 оноос Олон улсын Иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-тай хамтран дотооддоо сургаж эхэлсэн. Нэг сургагч багш бэлтгэх олон улсын сургалтын зардал маш өндөр байдаг. Тиймээс дотооддоо зохион байгуулах нь эдийн засгийн хувьд ч их өгөөжтэй юм. Суралцагчид энэхүү сургалтад хамрагдсанаар дотоодын үзлэгийн шалгагч нартаа зааж сургаж, дараа дараагийн шалгалт, сургалтад хамрагдаж, олон улсын хэмжээнд багшлах боломж бүрддэг.  Бид энэ сургалтыг ирэх жилээс илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Хөтөлбөрийн зохицуулагч бөгөөд Нисэхийн аюулгүй байдлын ахлах зөвлөх Тони Блэкистон “Энэхүү сургалт нь Иргэний нисэхийн салбарт заналхийлж буй аюул заналыг илрүүлэх, үүний эсрэг зохих арга хэмжээг авах, салбарын аюулгүй ажиллагааг хангах зорилготой. Сургалтын явцад ИКАО-ын журам, олон улсын стандартын дагуу 2 удаагийн шалгалт авч, төгсгөнө. Сургалтаас гарах үр дүнгийн хувьд суралцагчдын мэдлэг, ур чадвар дээшлэхээс гадна цаашид аюулгүй байдал, хамгаалалтын чиглэлээр олон улсад багшлах, заах арга зүйн хувьд илүү чадамжтай болно” гэлээ. Тус сургалт 4 дүгээр сарын 8-наас 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Сургалтад Монгол улсаас 10 суралцагч, Олон улсын Иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын Ази, номхон далайн бүс нутгийн гишүүн улс орнуудаас 10 суралцагч хамрагдаж байна.

МОНГОЛ УЛСАД НИСЭХ ХҮЧИН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 99 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2024/05/24

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ой, Агаарын тээвэрлэгчдийн өдөр өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжийн нийт хамт олон баярын хурлаа хийж, ололт амжилтаа хэлэлцэн, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан ажилтнуудад төрийн болон салбарын шагнал гардууллаа. Тус арга хэмжээнд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон ИНЕГ-ын үе үеийн дарга, удирдлагуудын төлөөлөл оролцов. ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа иргэний нисэхийн салбарын нийт хамт олондоо баярын мэнд хүргээд “Бид 99 жилийн ойгоо ололт амжилт арвин угтаж байна. Тухайлбал, өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Иргэний нисэхийн тухай хуулиа шинэчлэн батлуулж, олон улсын 3 гэрээ, конвенцод нэгдэн орлоо. Мөн 5 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, 3 улстай нислэгийн багтаамж, давтамжаа нэмэгдүүллээ. Орон нутгийн нислэгийг сэргээж, тийзийн үнийг бууруулсан. Мөн олон улс болон орон нутагт нислэг үйлдэх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлсэн гээд амжилт арвинтай сайхан жил байлаа. Энэ бүгд салбарын нийт хамт олон та бүхний минь хүч хөдөлмөр гэдгийг онцлон хэлмээр байна” гэлээ. Нисэх хүчний 99 жилийн ойн хүрээнд Иргэний агаарын тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, хамт олноо манлайлсан ажилтнуудад төрийн болон салбарын шагнал гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор Нисэхийн сургалтын төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багшлах мэргэжилтэн Б.Амарсайхан, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ашиглалтын инженер Л.Энхбаатар, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны нийтийн тээврийн жолооч Ц.Энхболд нарыг шагнаж урамшууллаа. Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр НААХЗА-ны Агаарын навигацийн хяналтын хэлтсийн Хэрэглэлийн нислэгийн журам хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Ю.Золзаяа, ИНҮТ-ийн СЭЗТГ-ын эдийн засагч Д.Баярбаясгалан, ИНЕГ-ын өндөр настан Л.Батцэцэг нарын 20 хүнийг, Авто тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр ИНЕГ-ын өндөр настан Д.Баярхүүг, “Онц тээвэрчин” хүндэт тэмдгээр МИАТ ТӨХК-ийн жолооч З.Наранбаатарыг тус тус шагналаа. ЗТХЯ-ны “Жуух бичиг”-ээр ИНҮТ-ийн Үйлдвэрлэл үйлчилгээний газрын Эдийн засгийн төлөвлөлт, судалгаа хариуцсан эдийн засагч Л.Цэнгэлбаяр, НХНАА-ны Шуурхай ажиллагааны хэсгийн ээлжийн ахлагч инженер Б.Ернар, ББАА-ны Дулаан сантехник, агааржуулалтын хэсгийн хөргөлтийн инженер Н.Цогбаяр нарын 10 хүнийг, ИНЕГ-ын “Жуух бичиг”-ээр ИНЕГ-ын БХХ-ийн Аюулгүй байдал, хялбаршуулалт хариуцсан мэргэжилтэн П.Золзаяа, ИНҮТ-ийн ХНУГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Хүсэлт нарын 18 хүнийг, ИНЕГ-ын “Баярын бичиг”-ээр ИНЕГ-ын ГХАХ-ийн Агаарын тээврийн статистик хариуцсан мэргэжилтэн С.Эрхэмбаяр, “Жаргалант” сэргээн засах амралтын тогооч Н.Мягмарсүрэн нарын 18 хүнийг тус тус шагнаж урамшууллаа.

“БАЯНХОНГОР" НИСЭХ БУУДЛЫН АЭРОДРОМЫН ЗАСВАРЫН АЖЛЫГ ЭНЭ САРЫН 20-НЫ ДОТОР ДУУСГАНА
2024/06/11

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Зам, Тээврийн хөгжлийн сайдын санаачилсан “Хямд тийз, хүртээмжтэй нислэг” зорилгын хүрээнд 2023 оноос орон нутгийн нислэгийг 8 аймаг руу эхлүүлсэн. Тус орон нутгийн нислэгийг үйлдэхээр МИАТ ТӨХК 2023 онд нойтон түрээсээр CRJ200 маягийн агаарын хөлөг оруулж ирсэн бол 2024 онд хуурай түрээсээр буюу өөрсдийн нисэх  багийн бүрэлдэхүүнтэй нислэг үйлдэх боломжтой CRJ700 маягийн агаарын хөлөг оруулж ирэн нислэгээ эхлүүлээд байна. Тус найман аймаг руу тогтмол нислэг үйлдэж эхэлсэнээр орон нутгийн нислэгийн тасалбарын үнэ буурч, зорчигчдын тоо нэмэгдсээр байна. Баянхонгор аймгийн “Баянхонгор” нисэх буудал руу тогтмол нислэг эхлэх гэж байгаа. Тэгвэл тус тогтмол нислэгийн бэлэн байдлыг хангах, 3С ангилалын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын 21800м2 талбайд 3 тэрбум төгрөгийн төсөв бүхий засварын ажил хийхээр Иргэний нисэхийн ерөнхий газар “Их богд зам” ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулан 2024 оны 05 дугаар сард засварын ажлыг эхлүүлсэн.Өнөөдрийн байдлаар нийт засварын ажил 55%-ийн гүйцэтгэлтэй байгаа юм. “Баянхонгор" нисэх буудлын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын засварын ажлын талаар ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр нь гүйцэтгэгч компанийн удирдлагатай газар дээр нь уулзалт хийн засварын ажлын төлөвлөлт дээр ажиллаж, засварын явцыг эрчилжүүлж, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Тус засварын ажил хийгдэн “Баянхонгор” нисэх буудал 3С ангилал бүхий аэродромын хөөрч, буух зурвастай болсоноор нислэгийн давтамж нэмэгдэх, үүнийгээ дагаад тасалбарын үнэ буурах боломжтой юм. Цаашид “Баянхонгор” нисэх буудлыг тухайн орон нутгийн онцлогтой нь холбон аялал жуулчлал, уул уурхай болон тээвэр ложистикийн чиглэлээр хөгжүүлэх төлөвлөгөөг Иргэний нисэхийн үндэсний төвөөс гарган, шаардлагатай судалгааг хийж байгаа юм.