БНХАУ-ЫН “ROC AVIATION” КОМПАНИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД НИСЭХ БУУДЛУУДЫГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХӨӨР МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА

2024/09/09

ИНҮТ-ийн даргын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүдийн Монгол Улсад хийх ажлын айлчлал өнөөдөр эхэллээ.

Нисэх буудлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүд 2024 оны 09 дүгээр сарын 8-наас 15-ны өдрүүдэд манай улсад ажиллаж, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын барилга байгууламж, ашиглалтыг цогцоор нь дахин төлөвлөлт хийж, ТЭЗҮ-г боловсруулахад дэмжлэг үзүүлэх, “Буянт-Ухаа” ОУНБ болон Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлын цаашдын ашиглалтыг сайжруулах, БУОУНБ-ын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, нисэх буудлын үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөнд дүн шинжилгээ хийх, жишиг ногоон нисэх буудал болгох судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулах зэрэгт зөвлөгөө мэдээлэл өгөн ажиллах юм.

ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр болон даргын зөвлөлийн гишүүд “ROC Aviation” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр тус компанийн мэргэжилтнүүдэд хандан урилга хүлээн авч, нисэх буудлуудыг хөгжүүлэх тал дээр зөвлөгөө мэдээлэл өгөхөөр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд ИНҮТ-ийн үйл ажиллагааны талаар танилцуулав.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас нисэхийн салбарт тулгуурлан бүс нутгийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа. “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд орон нутгийн 4 нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгохоор зарласан. Үүн дээр болон БУОУНБ-ыг хэрхэн хөгжүүлэх тал дээр үнэтэй зөвлөгөө өгнө гэж найдаж байна. ИНҮТ-ийн зүгээс шаардлагатай мэдээллүүдийг өгч, бүх талаар дэмжин, хамтарч ажиллана” гэлээ.

“ROC Aviation” компанийн Гүйцэтгэх захирал ноён Ли Вей хэлэхдээ “Манай компани БНХАУ-д “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд нисэх буудлыг шинэчлэх, дахин төлөвлөх, барих зэргээр цогцоор нь хөгжүүлэхэд зөвлөн туслах цогц үйлчилгээ үзүүлдэг цорын ганц компани. Тэр дундаа Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын /ICAO/ шаардлагад нийцсэн хүлэмжийн хийн ялгаралгүй ногоон нисэх буудал бий болгох чиглэлээр зөвлөгөө өгөн ажиллаж байна. Бид БУОУНБ болон “Гурвансайхан” нисэх буудлын талаар суурь судалгаа хийсэн. Айлчлалын өдрүүдэд илүү нарийн судалгаа хийж, газар дээр нь ажиллан, цаашид хэрхэн хөгжүүлэх боломжийн талаар зөвлөгөө мэдээлэл өгөх болно. Ногоон нисэх буудал бий болгоход цаашид илүү урт хугацаанд үр өгөөжтэй хамтран ажиллана гэж найдаж байна” гэсэн юм.

Үүний дараа “ROC Aviation” компанийн мэргэжилтнүүд БУОУНБ-д ажиллалаа.Тус уулзалтад ИНҮТ-ийн холбогдох бичг үүргийн нэгжийн удирдлагууд оролцов.

“ROC Aviation” компанийн мэргэжилтнүүд үдээс хойш ИНҮТ-ийн Аэродром, гэрэл суултын албаны үйл ажиллагаатай танилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.









Холбоотой мэдээ

НИСЭХИЙН ХЭЛНИЙ УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫГ ЭХ ОРОНДОО АВЧ ЭХЭЛЛЭЭ
2023/12/14

Нисэхийн хэлний ур чадварын TEAC /TEST OF ENGLISH FOR AVIATION COMMUNICATION/ шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс манай улс дотооддоо авч эхэллээ. 2019 онд, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ хэлний ур чадварын шалгалттай холбоотой асуудлыг тухайн улс орон өөрсдөө боловсруулж үйл ажиллагаандаа ашиглах зөвлөмжийг гаргасан. Энэ дагуу Монгол Улсын ИНЕГ нь шалгалтад хамрагдах зорилтот бүлгийн хэлний ур чадварын түвшинг хүлээн зөвшөөрөгдсөн хоёрдох шалгалтаар тогтоолгох, Монгол Улсад байнгын хэлний үнэлгээний болон хяналтын систем тогтоох, хүлээн зөвшөөрөгдсөн ICAO-ийн стандарт шаардлагад нийцсэн шалгалтыг цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилгоор боловсруулах ажлыг эхлүүлсэн юм. ИНЕГ-ын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны А/154 тоот тушаалаар томилогдсон ICAO-ийн хэлний ур чадварын шалгалт боловсруулах ажлын хэсэг нь TEAC шалгалтыг ICAO-ийн Док. 9835 ийн дагуу үзүүлэлт, агуулга, материал, үйл ажиллагааны заавар зэргийг өөрийн улсын стандарт, үйл ажиллагааны шаардлагад нийцүүлэн боловсруулж, ИНЕГ-аас албан ёсны зөвшөөрөл авснаар хэлний шалгалт авах үйл ажиллагаанд ашиглаж эхэллээ. ИНЕГ-ын даргын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлын ТЕАС шалгалттай холбогдох үйл ажиллагааг Иргэний нисэхийн үндэсний төв хариуцан, шалгалтыг Нисэхийн сургалтын төв зохион байгуулж, шалгалтын үйл ажиллагаанд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгосны дагуу шат дараалсан арга хэмжээг авсан байна. TEAC шалгалтыг тус салбарын нисэхийн англи хэлний мэргэжилтнүүд болон нисэхийн нарийн мэргэжлийн экспэртүүд МАБТА-тай хамтран боловсруулсан бөгөөд хэл шинжлэлийн ухааны мастер, докторын зэрэглэлтэй экспертүүдээр хянуулж, дүгнэлт гаргуулсан байна. “Энэхүү шалгалт нь харьцангуй бага зардлаар богино хугацаанд чанарын өндөр түвшинд боловсруулагдаж, бие даасан, тогтвортой, чанартай хэлний шалгалтын үйлчилгээг хямд өртгөөр өгөх боломжийг нисгэгч, нислэгийн хөдөлгөөний  удирдагч нарт олгох чухал ач холбогдолтой” гэдгийг шалгалтын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж хэлсэн үгэндээ ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр онцоллоо. Нисэхийн хэлний ур чадварын шалгалтыг эх орондоо авч эхэлж буй түүхэн үйл ажиллагаанд ИНЕГ-ын НААХЗА-ны дарга П.Ганболд болон шалгалт авах мэргэжилтнүүд, албаны бусад хүмүүс оролцлоо.