АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ДАХЬ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭВ
2024/09/06
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд манай улс үзэсгэлэнт байгаль, уламжлалт нүүдлийн соёлыг дэлхийд таниулах, Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах бодлого барьж буй.
Монголд эдийн засгийн бүтцийг тодорхойлох үндсэн салбаруудад аялал жуулчлал, тээвэр ложистикийн салбар чухал үүрэгтэй. Учир нь, “Монголд зочлох жил”-ийн
хүрээнд манай улс 2024 онд 1 сая, 2030 онд 2 сая жуулчин хүлээн авах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд, тээврийн салбарын үйлчилгээ чухал үүрэг гүйцэтгэнэ.
Тиймээс Зам, тээврийн яам болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны зүгээс санаачлан “Монгол Улсын аялал жуулчлалын салбар дахь тээврийн үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 4-нд ЗТЯ-ны хурлын танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, “МИАТ” ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН, Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэгч “НУБИЭ” ХХК, “Хүннү Эйр” ХХК, “Изинис Эйрвэйз” ХХК, “Аэромонголиа” ХХК, “Гэбэт” ХХК, “Рийм Хайнзан” ХХК, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, “Монголын агаарын тээвэрлэгчдийн холбоо” ТББ, “Монголын олон улсын агаарын тээврийн гишүүн агентуудын холбоо” ТББ-ын төлөөллүүд оролцсон юм.
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зам тээврийн салбар, тэр дундаа тээврийн үйлчилгээ чухал үүрэгтэйг онцлоод зам тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.
Мөн Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны зүгээс дэвшүүлж буй аялал жуулчлалын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд зам, тээврийн салбарын зүгээс шаардлагатай арга хэмжээг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогч байгууллагууд агаарын тээвэр, төмөр замын тээвэр, авто замын тээврийн 2023, 2024 оны тээвэрлэлтийн мэдээллийг танилцуулж, өнөөдрийн түвшнээ үнэлж дүгнэн, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа хэлэлцэх, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогч байгууллагууд цаашид өөрсдийн хариуцсан чиглэл тус бүрээр Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж, ажил мэргэжлийн онцлогт тохирсон үйлчилгээ, маркетингийн сургалт авах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, тээврийн үйлчилгээг сайжруулах чиглэлд хэрэгцээтэй мэдээллийг шуурхай солилцож, хамтран ажиллахаар тохиролцов.
Холбоотой мэдээ