Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.
“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Баянхонгор аймаг дахь “Баянхонгор” нисэх буудлын хамт олон оролцлоо. “БАЯНХОНГОР” НИСЭХ БУУДАЛ "Баянхонгор" нисэх буудлынхаа үүх түүхээс бидэнтэй хуваалцаж, хамт олноо танилцуулаач? Д.Мөнхжаргал /Нисэх буудлын дарга/ БНМАУ-ын СНЗ-ийн 1956 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 272 дугаар тогтоолоор "АН-2" онгоц иргэний агаарын тээвэрт алслагдсан сумдад нислэг хийж эхэлсэн байдаг. Баянхонгор аймгийн төв Галуут суманд байхад анхны Нисэх буудал нь хоёр гэр, нэг цуваа зургаан машин, РСП-5 радиостанцтай байгуулагдаж, нисэх буудлын даргаар Жинжирийн Гомбосүрэн гуай томилогдон, 7 хоногт хоёр удаа зорчигч, шуудан тээвэрлэж байсан түүхтэй. 1960 онд “ИЛ-14" агаарын хөлөг анх Галуут суманд бууж, хот хоорондын нислэг эхэлсэн. 1961 онд Баянхонгор аймагт анхны вокзалыг барьж, одоогийн нисэх буудлын тулгын чулууг тавьж, Нисэх буудал хэмээх томоохон айлын гал голомт бадран, нэгэн халуун ам бүлийнхэн нэгдсэн түүхтэй. 1992 онд хатуу хучилттай бетонон зурвас, шөнийн гэрэл суултын М-2 систем ашиглалтад орсноор өдөр шөнийн аль ч нөхцөлд баруун аймгуудын болон өөрийн рейсийн нислэгийг саадгүй хүлээн авах боломж бүрсэн юм. 1999-2005 онуудад Аэродромын хамгаалалтын сеткен хашаа, холбоо навигацийн шинэ тоног төхөөрөмж, сансрын холбоогоор хангагдсан, газрын холбооны тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн зэрэг нь нисэхийн аюулгүй ажиллагааг найдвартай ханган ажиллахад ихээхэн үр дүнтэй ажил болсон. 2010-2014 онуудад вокзалын барилгын урсгал засвар, зорчин ирэгчдийн өргөтгөлийн барилга,. зорчигчдын ачаа тээш хүлээн авах, олгох конвейр, газрын үйлчилгээний тоног төхөөрөмж болон авто машины парк шинэчлэл хийсэн. 2014-2015 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд олон улсын өнгөрөлтийн агаарын хөлгийг радиолакаторын тусламжтайгаар харж удирдах станцыг суурилуулав. 2019 онд тээш шалгах рентген төхөөрөмж аппарат суурилуулагдаж, бид нислэг үйлдэхэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр хангагдсан. Түүхэн хугацаанд АН-2, АН-24, АН-30, ИЛ-14, Ю-12, Ми-8, saab-340, RJ,140 Фоккер-50, Cesssna-208, Eurocopter EC-145, Embrar-ERJ145 зэрэг агаарын хөлгүүд нислэг үйлдэж байсан бөгөөд 2011-2014 онуудад Изинес эйрвэйс, Монголиан эйрвэйс авиа кампаниудын Сааб-340, RJ-140, Фоккер-50 зэрэг агаарын хөлгөөр 7 хоногт 4 удаагийн тогтмол нислэг хүлээн авдаг байв. Цаг үеийн байдлаас шалтгаалан бид хэсэг хугацаанд тогтмол нийлэг хүлээн авахгүй байсан ч 2019 оноос Аэро-монголиа ХХК-ийн EMRAR ERJ-140 маркийн 45 хүний суудалтай агаарын хөлгөөр ард иргэддээ түргэн шуурхай үйлчилж эхэлсэн билээ. Нислэггүй байх хугацаанд бид нисэх буудлын тохижилт, өнгө үзэмжид анхаарал хандуулан, засвар үйлчилгээ, олон бүтээн байгуулалтыг үр дүнтэй хийж ашиглалтад оруулж хэрэглэж байна. Жишээлбэл, Зорчигч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, тав тухтай байдлыг эрхэмлэн нисэх буудлын дотор хэсэгт их засвар, гадна талд аймаг орон нутгийн дэмжлэгээр 145 сая төгрөгийн өртөг бүхий металл фасад хийсэн бөгөөд ажилчид өөрсдийн дотоод хүч бололцоонд тулгуурлан, 12 метрийн өндөртэй “Нислэг” усан оргилуур, нийтийн эзэмшлийн хашааг шинэчлэн, 3D блокоор барьж, ажилчдыг ая тухтай ажиллах нөхцөлөөр хангах зорилготой фитнес заал, саун, душ зэргийг барьж байгуулсан. Манай хамт олон нисэхийн болон нислэгийн аюулгүй байдлыг найдвартай хангаж, зорчигчдын ая тухтай байдлыг ханган, тэдэнд агаарын тээврийн соёлтой боловсон үйлчилгээг үзүүлэн, агаарын хөлгүүдэд нислэг хөдөлгөөн, цаг агаар, холбоо мэдээллээр найдвартай хангаж, орчин үеийн дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмжтэй, өдөр шөнийн аль ч нөхцөлд агаарын хөлөг хүлээн авч ажиллаж байна. Танай хамт олны 2025 онд өмнө тавьж буй зорилго, зорилтоосоо бидэнтэй хуваалцвал? Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор нисэх буудлын үйлчилгээ сайжрахад ахиц гарч, нисэх буудалд тээш хадгалах, мэдээллийн цэгийн үйлчилгээ, жуулчны мэдээллийн төвийн үйл ажиллагааг сурталчлан, үйлчилгээнд шаардлагатай мэдээллүүдийг цахим орчинд байршуулах, хаягжуулах зэрэг ажлууд хийгдсэнээр зочид буудал, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна. Манай хамт олон 2025 онд өнгөрсөн оныхоо хийж бүтээсэн ололт амжилтаа улам бататгаж, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг найдвартай хангах нэг үндсэн зорилт болох хөөрч буух хучилттай зурваст 2,4 тэрбум төгрөгийн өртгөөр 22.144 м2 газарт хүчитгэл хийсэн бөгөөд дахин 21.000 м2 газарт урсгал засвар хийж хүчитгэх, будган тэмдэглэгээг сайжруулах, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, мастик гагнаас хийх, мөн орон нутгийн зорчигчдод тогтмол нислэгээр үйлчлэхээр аймаг орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах, уул уурхайн компаниуд, зочид буудал, тээвэр, худалдаа, жуулчны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах санал гаргах зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Танай нисэх буудлын аэродромын хөөрч буух хучилттай зурвасын засварын ажил хийгдэж дууссан. Ямар ажлууд хийгдсэн бэ? Г.Баянжаргал /Аэродромын инженер/ Гантуул овогтой Баянжаргал миний бие ШУТИС-ийн Авто замын ангийг төгсөж, 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор нисэх буудалд Аэродромын техникчээр анх ажилд орж, ажил амьдралын гараагаа эхэлснээс хойш 8 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд нисэхийн салбартаа сурч мэдэх, судалж таних, хийж бүтээх өрнүүн их хүсэл эрмэлзлээр дүүрэн болсон гэж боддог. Манай нисэх буудлын ХБХЗ-ны зарим хэсэгт урсгал засвар хийж, хүчитгэх шаардлагатай байсан бөгөөд уг ажлыг хэдэн жилийн өмнөөс холбогдох газарт шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлүүлсэн. Ингээд 2024 оны төсөвт суугдаж, улмаар тендер зарлагдаж, “Их Богд зам ХХК” шалгарч, 2024 оны 5 дугаар сараас ХБХЗ-ны засварын ажил эхэлсэн. Энэ оны 7 дугаар сард 21.800 м2 талбайд урсгал засварын ажил дуусаж, комисс хүлээн авч ашиглалтад оруулаад байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр орон нутгийн 8 чиглэлд нислэгийг сэргээн, тогтмолжуулсан. 9 дэх чиглэл нь Баянхонгор аймаг болно. Нислэг хэзээнээс эхлэхээр төлөвлөж байна вэ? Б.Энхболд /Аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдагч/ Балжинням овогтой Энхболд миний бие 2002 онд аавынхаа хийж байсан ажлыг өвлөн авч, ажил амьдралын гараагаа нисэхийн салбараас эхэлж, өнөөг хүртэл 22 дахь жилдээ ажиллаж байна. Миний аав Цэенгийн Балжинням 1969-2002 оны хооронд Баянхонгор нисэх буудлын цэнэглэгч автомашины жолоочоор тасралтгүй 33 жил ажиллаж, залуу насаа энэ салбартаа зориулсан хүн байсан билээ. Манай нисэх буудал 7 хоногт 2-3 нислэгтэй. GEOSAN ХХК-ийн C-208 агаарын хөлөг тогтмол нислэг үйлдэж байна. 2024 онд одоогийн байдлаар нийт 98 нислэг, үүн дотор онцгой үүргийн нислэг 10 удаа, тусгай үүргийн нислэг 9 удаа, түргэн тусламжийн нислэг 12 удаа, захиалгат нислэг 67 удаагийн нислэгт процедурын нислэг хөдөлгөөний удирдлага, нислэгийн мэдээлэл болон тусгай тоноглолтой автомашин, тоног төхөөрөмжүүдээр газрын хангалт үйлчилгээг үзүүлж, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллалаа. Манай аймагт нислэг 2024 оны 10-р сарын 26-наас Улаанбаатар-Баянхонгор-Завхан чиглэлд 7 хоногт 2 удаа, МИАТ ТӨХК өвлийн цагийн хуваарьт том оврын CRJ700 агаарын хөлөг нислэг үйлдэхээр төлөвлөгдөж байна. Цаашид тийзийн үнэ буурах, зорчигч урсгал нэмэгдэх, улмаар нислэгийн давтамж нэмэгдэх бүрэн боломжтой. Түүнээс гадна орон нутгийн нислэг сэргэж, зорчигч урсгал нэмэгдэх төлөвтэй байгаад таатай байна. Орон нутгийн нислэгээр өндөр настан, нярай, бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн их үйлчлүүлдэг. Тиймээс, иргэдийн эрх ашиг, ая тухтай байдлыг нэгдүгээрт тавьж, үйлчилгээний чанараа илүү сайжруулж, төрийн болон хувийн хэвшлийн авиа компанитай хамтран ажиллахад бэлэн байна. Орон нутгийн бусад нисэх буудлуудаас "Баянхонгор" нисэх буудлын ялгарах онцлог гэвэл юуг нэрлэх вэ? М.Жанчивдорж /Холбоо навигацийн инженер/ Мядраа овогтой Жанчивдорж миний бие ШУТИС-ийн ХоМТС-ын Электроникийн инженерээр төгсөж, Баянхонгор нисэх буудалд холбоо навигацийн техникчээр 2005 оны 03 дугаар сарын 15-ны өдөр томилогдож, ажил амьдралын гараагаа эхэлснээс хойш 20 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байна. Би хамт олноо нөхөрсөг, тусч, халуун дулаан сэтгэлтэй, ажилсаг, хөдөлмөрч хамт олон гэж хүндлэн хайралдаг. Манай нисэх буудал говь, хангай, тал хээрийн 3 бүсийн нутагтай аэродромын өндөр 1865 м өндөрт өргөгдсөн. Цаг агаар, газар зүйн байрлал зэрэг нь нислэг үйлдэхэд нэн тохиромжтой байршилтай. Мөн баруун аймгуудын дамжин өнгөрөх авто зам болон агаарын зайн гол цэг болдгоороо онцлогтой. Аялал жуулчлал хөгжүүлэхэд нэн тохиромжтой байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй нутаг юм. Нисэхийн салбарт, тэр дундаа үүх түүх арвинтай орон нутагтаа ажиллахад бахархах зүйл олон байдаг байх? Манай Нисэх буудал 2026 онд түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэнэ. Бид энэ хугацаанд Баянхонгор аймаг төдийгүй гадаад дотоодын жуулчид болон ард иргэддээ ая тухтай зорчих үйлчилгээгээр тасралтгүй үйлчилж ирсэн бөгөөд ахмад үеэсээ байнга суралцаж, залуу хойч үедээ өвлүүлэн уламжилж ирсэн. Тогтмол нислэггүй үед нисэх буудлын ажилтнууд юу хийдэг нь иргэдэд их сонин байдаг. Энэ талаар? Б.Энхболд /Аэродромын нислэгийн хөдөлгөөний удирдагч/ Тогтмол нислэг гэдэг нь бас нэг өрөөсгөл ойлголт юм. Манай нисэх буудал 7 хоног бүрийн даваа гаригт захиалгат нислэг хүлээн авдаг. Мөн бусад онцгой болон тусгай үүргийн, түргэний нислэгийг нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагааг найдвартай ханган хүлээн авч байна. Нислэггүй байх хугацаанд бид нисэх буудлын тохижилт, өнгө үзэмжид анхаарал хандуулан, засвар үйлчилгээ, олон бүтээн байгуулалтыг үр дүнтэй хийж, ашиглалтад оруулж байна. Жишээлбэл, Зорчигч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, тав тухтай байдлыг эрхэмлэн, нисэх буудлын дотор хэсэгт их засвар, гадна талд аймаг орон нутгийн дэмжлэгээр 145 сая төгрөгийн өртөг бүхий металл фасад хийсэн. Мөн ажилчид өөрсдийн дотоод хүч бололцоонд тулгуурлан, 12 метрийн өндөртэй “Нислэг” усан оргилуур, нийтийн эзэмшлийн хашааг шинэчлэн 3D блокоор барьж, ажилчдын ая тухтай ажиллах нөхцөлөөр хангах зорилготой фитнес заал, саун, душ зэргийг барьж байгуулсан. Цаашид бид нисэх буудлынхаа үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой анхаарч, зорчигч үйлчлүүлэгчдийн аюулгүй, тав тухтай байдлыг хангасан нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. Та нисэх буудалдаа хэдэн жил ажиллаж байна вэ? Нисэхийн салбартай ажил амьдралаа холбосон түүхээсээ хуваалцаач. Б.Баттөгс /Сантехникийн слесарь/ Анх 2000 онд МИАТ Төлөөлөгчийн газарт шатахууны нярав, лаборант, билет бичигчээр ажилд орсноос хойш одоог хүртэл 25 дахь жилдээ нисэхийн салбарт ажиллаж байна. Анх ажилд ороход сумлагчийн жолооч Ц.Балжинням ах, МИАТ-ийн төлөөлөгч Б.Гантуяа нар маань нисэхийн тухай тайлбарлан ойлгуулж, зөвлөж, гар нийлэн хамтран ажиллаж байв. Тухайн үедээ нислэг ихтэй, зарим үед агаар муудсан үед 4 агаарын хөлөг зэрэг буух ч тохиолдол гарч байсан. Тухайн үед баруун аймгуудын нөөц буудал болдгоороо онцлогтой байсан юм. М.Батчимэг /Шатахууны нярав, лаборант/ Би 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдөр анхны ажлын гараагаа Хүннү Эйр ХХК-ийн Баянхонгор аймаг дахь төлөөлөгчийн газарт Тийз бичигч-бүртгэлийн ажилтнаар эхэлж, НИСЭХ гэх айлын хаалгаар хөл тавьж, салбартаа дурлаж, чин сэтгэлээсээ ажиллах хүсэл эрмэлзэлтэй болж байлаа. Улмаар 2017 онд Баянхонгор нисэх буудалд үйлчлэгчээр ажилд орж, 2018 оноос хүний нөөц, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан, 2020 онд ШУТИС-ийн газрын тосны танхимд шатахууны лаборантын сургалтад хамрагдан, 2021 оноос шатахууны нярав лаборантаар үргэлжлүүлэн, өнөөдөр салбартаа 12 дахь жилдээ ажиллаж байна. 2011 оны 12 дугаар сард Хүннү Эйр ХХК-ийн Улаанбаатар-Баянхонгор-Улаанбаатар чиглэлийн анхны нислэг үйлдэх үед Баянхонгор нисэх буудлын өргөтгөлийн барилга ашиглалтад орж, үндсэн барилгын их засвар хийж байсан үе юм. Тухайн нислэгийн бүртгэлийг нисэх буудлын гадаа цэргийн платкан дотор хийж, их даарч байсан үе саяхан мэт санагдаж байна. Жаргал зовлонгийн аль нь ч тохиосон үргэлж хажууд минь байж, тусалж дэмжиж чаддаг сайхан хамт олонтой би өөрийгөө азтайд тооцдог. Баяр баясал, саад бэрхшээлээр дүүрэн энэ хорвоод гуниг өвөртлөн алхах өдөр цөөнгүй байсан. Тэр үед ажлын цагаа тэсэн ядан хүлээж, гуниг гутрал минь тэмүүлсэн сэтгэлээр солигдож, би чинь бүхнээ хуваалцах ийм сайхан хамт олонтой, өөрт ногдсон ажилтай хүн шүү дээ гэсэн бодол намайг аз жаргалтай болгодог. Ингээд бодохоор амьдралын минь нэг хэсэг, гэр бүл яахын аргагүй “Баянхонгор” нисэх буудлын хамт олон минь юм даа. Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг чадвараа дээшлүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ? Бид ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор 7 хоногт 1 удаа спорт зааланд ширээний теннис, ажлын байранд дартс зэргийг байрлуулан тоглуулдаг бөгөөд аймаг бүсийн тэмцээн уралдаанд амжилттай сайн оролцдог. Ажлын чөлөөт цагаар теннис, дартс тоглож үзээгүй ажилтан сонирхон тоглож үзээд уг спортоор хичээллэх сонирхолтой болж, цаашдаа тэмцээн уралдаанд оролцож, өндөр амжилт үзүүлсэн тохиолдол ч цөөнгүй бий. Цаашид "Баянхонгор" нисэх буудлыг тухайн орон нутгийн онцлогтой нь уялдуулан хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулаад байгаа юм байна. Энэ талаар товч дурдвал? Баянхонгор аймгийн нутагт чулуун нүүрс, алт, барилгын материал элбэг байдаг. Байдраг, Түй зэрэг томоохон гол мөрөнтэй, Бөөнцагаан, Орог нуур, Хөх нуур зэрэг том нууруудтай. Мөн 95 хэм хүрч халдаг Шаргалжуут рашаан, Халиут рашаан, Өргөөтийн рашаан гэж ховор элементүүдтэй рашаануудтай зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд ихтэй учраас аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэн таатай бүс юм. Цаашид бид нисэх буудлынхаа үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой анхаарч, зорчигч үйлчлүүлэгчдийн аюулгүй, тав тухтай байдлыг хангасан нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна. Aviation photo news -ийн энэ удаагийн дугаарт оролцсон "Баянхонгор" нисэх буудлын хамт олондоо баярлалаа. Ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.