“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн хамт олон оролцлоо. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭЛТЭС ИНЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс ямар чиг үүргээр ажилладаг вэ? Хэлтсийн хамт олноо танилцуулаач. Д.Хатанбаатар /Дарга/ Манай хэлтэс нь Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар, нэгжүүдийн санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангаж, үр ашгийг нэмэгдүүлж, Монгол Улсын “Төсвийн тухай”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай”, болон холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлж ажиллаж байна. Иргэний нисэхийн салбарын үндсэн чиг үүрэг, зорилтыг ханган биелүүлэхэд агаарын навигаци болон бусад орлогыг бүрдүүлэх, төсвийг боловсруулах, хуваарилах, нэгтгэх, гүйцэтгэл гаргах, холбогдох тооцоо судалгаа гаргах, зардлыг төсвийн дагуу үр ашигтай зарцуулах, өөрийн орлогоор санхүүжих хөрөнгө оруулалт, урсгал зардлаар санхүүжих хөрөнгө оруулалтыг хуваарилах, зарцуулах, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалтанд тус тус бүртгэлээр хяналт тавьдаг. Байгууллагын батлагдсан бүтэц орон тоогоор Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс нь дарга, ерөнхий нягтлан бодогч, ахлах мэргэжилтэн, эдийн засагч, тооцооны нягтлан бодогч-2, нярав гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй. Хэлтсийн нийт ажилтнууд 25-48 насны улсад 7-29 хүртэлх жилдээ ажиллаж буй мэдлэг, ур чадвар, ажлын туршлагатай гадаад болон дотоодын их, дээд сургууль төгссөн бакалавр, магистр болон мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй мэргэжлийн, мэргэшлийн боловсон хүчнүүдээр багаа бүрдүүлэн ажиллаж байна. Байгууллагын батлагдсан төсвийг үр ашигтай зарцуулна гэдэг амаргүй байх. Нэлээд их хүчин чармайлтаар үүнийг зохицуулдаг болов уу? Иргэний нисэхийн ерөнхий газар нисэхийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллахын тулд улсын төсвөөс тодорхой хувийг, Иргэний нисэхийн үндэсний төв болон түүний харъяа алба салбар нэгжүүдийн тухайн жилийн урсгал зарлагын төлөвлөгөөг Зам тээврийн хөгжлийн яам, Сангийн яамны хамтарсан тушаалаар батлуулдаг. Батлагдсан төсвийн дагуу урсгал зарлага болон хөрөнгө оруулалтын ажлыг санхүүжүүлэхэд батлагдсан орлогыг бүрдүүлэх хэрэгтэй. Гэвч сүүлийн 4 жилд ковид, ОХУ Украйны дайнаас шалтгаалан бидний төлөвлөгөөнд тусгагдсан орлого тасалдсанаас төсвийн асуудал хүндэрч байна. Энэ хүнд үед “Төрийн хэмнэлтийн тухай хууль”, төсвийн сахилга батыг сахиж хамтдаа даван туулж ойлгож дэмжиж ирсэн салбарынхаа нийт албан хаагчиддаа талархаж байгаа. 2024 оноос өдөрт өнгөрөх олон улсын өнгөрөлтийн тоо бага ч гэсэн нэмэгдэж дунджаар 150-д хүрч байгаа боловч төсвийн зарлагыг нөхөх хэмжээнд орлого бүрдэж байна. Цаашид өнгөрөлтийн тоо, орлого нэмэгдэхгүй бол салбарын хөрөнгө оруулалт болон бусад санхүүгийн эх үүсвэр шаардсан ажлууд удаашрах төлөвтэй болоод байна. Аль ч салбарт санхүү тооцоо, нягтлангүй байгууллага гэж байхгүй. Таны ажлын онцлог юу вэ? Ажлын нэг өдөр нь хэрхэн өнгөрдөг бол? Х.Баярмаа / Ерөнхий хянагч бөгөөд Ерөнхий нягтлан бодогч / Тиймээ, Нягтлан бодогч гэдэг нэрийн дор бүх салбарт ажиллаж байгаа мэргэжил нэгтнүүдээрээ болон эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж явдаг. Мэргэжил бүхэн өөрийн онцлогтойн адил салбар бүрийн нягтлан бодох бүртгэл ч гэсэн өөр өөрийн онцлогтой. Тухайн салбараа сайн ойлгож салбарын ажилтнуудтайгаа нягт уялдаа холбоотой ажиллах ёстой гэж би хувьдаа боддог. 1996 оноос эхлэн Иргэний нисэх гэдэг их айлд нисгэгч аавынхаа үргэлжлэл болон ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун явдаг. Ажлын нэг өдөр өмнөх өдрийн хийж дуусгаагүй ажлаас эхэлдэг. Шаардлагатай үед удирдлагыг санхүүгийн мэдээллээр түргэн шуурхай хангах, санхүүтэй холбоотой гарсан тушаал, шийдвэрийн биелэлтийг цаг тухай бүрд нь хэрэгжүүлж ажиллаж байна. Салбарын хэмжээнд ашиглаж байгаа “Veritech ERP” программын хөгжүүлэлт, нягтлан бодогч нартаа мэргэжил арга зүйн талаас дэмжлэг үзүүлж зааж сурган хамтдаа өөрийгөө хөгжүүлээд явахыг хичээдэг. Саяхан ИНЕГ-ын даргаар хэлтсийн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө батлууллаа. Энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гол ажлуудаа танилцуулаач? А.Энхзаяа / Ахлах мэргэжилтэн / ИНЕГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийнхэн 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулиудын хэрэгжилтийг ханган, төсвийн үр ашиггүй зардал, өр авлагын алдагдлыг бууруулах, хэмнэлтийг дэмжих замаар байгууллагын ашигт ажиллагааг хангах, хөрөнгө оруулалтыг сайжруулахад чиглэсэн 25 ажлыг төлөвлөж хийхээр тусган батлууллаа. Энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гол ажлуудаасаа дурдвал: · Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоотой (IATA) хамтран “Агаарын навигацын үйлчилгээний хураамж тооцох аргачлал”-ыг шинэчлэн боловсруулж, батлуулах; · Иргэний нисэхийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор санхүү, хөрөнгө оруулалтын хүрээнд мөрдөгдөж буй дүрэм, журмуудыг үнэлэх, шинэчлэх ажлуудыг хийж хэрэгжүүлэх; · 2023 онд Монгол улсын Засгийн Газар, АНУ-ын Засгийн Газар хооронд байгуулсан агаарын тээврийн хэлэлцээрийн хүрээнд Монгол улс, АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэхтэй холбоотойгоор АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа болон Тээврийн аюулгүй байдлын захиргааны аудитын шалгалтад бэлтгэж, шаардлагатай төсөв, санхүүжилтийг хугацаанд нь шийдвэрлэх зэрэг ажлуудыг төлөвлөсөн. Төлөвлөгөөт орлогыг бүрдүүлж, төсвийн хуваарилалтыг үр ашигтай хийж, хуваарилсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, хуримтлагдсан өр, авлагыг бууруулахаар Төрийн хэмнэлтийн тухай хууль, ЗГ-ын тогтоолыг баримтлан ажиллана. Иргэний нисэхийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ? Салбарынхаа юугаар бахархдаг вэ? Ц.Мөнхсаран \Эдийн засагч/ Иргэний нисэхийн салбарт 2006 оноос хойш 18 дахь жилдээ ажиллаж байна. Анх ажлын гараагаа Санхүү, төлөвлөлтийн хэлтэсээс эхэлсэн бөгөөд 2014-2018 оны хооронд агаарын тээврийн бодлого зохицуулалтын хэлтэс болон нисэх буудлын удирдах газарт ажилласан. 2022 оноос эргээд санхүү хөрөнгө оруулалтын хэлтэстээ эдийн засагчаар ажиллаж байна. Иргэний нисэхийн салбар бол Монгол улсын хамгийн чухал бөгөөд тээврийн салбар дотор хамгийн том салбар юм. Улсын хэмжээнд 24 цаг тасралтгүй нислэг үйлдвэрлэлийн аюулгүй байдал аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг онцгой салбар. Энэ ч утгаараа энэхүү хариуцлагатай ажлыг найдвартай хангаж ажилладаг нислэгийн удирдагчид, инженер техникийн ажилтнууд иргэний нисэхийн үе үеийн нийт ажилтан албан хаагчдаар бахархдаг. Чадварлаг хүний нөөц бол байгууллагын хамгийн үнэт зүйл бөгөөд чадварлаг хүний нөөцгүйгээр байгууллага өсөж хөгжих боломжгүй юм. Миний хувьд энэхүү байгуулагынхаа хүний нөөцийн нэг хэсэг, эд эс нь болж байдагтаа баяртай байдаг. Та ажлын төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ? Өөрийн цагийн менежментийг хэрхэн хэрэгжүүлдэг туршлагаасаа хуваалцаач В.Амгаланбаатар / Тооцооны нягтлан бодогч / Би анх орон нутгийн нисэх буудалд нягтлан бодогчоор томилогдон ажиллаж нисэхийн салбартай холбогдсон. Одоо ИНЕГ-ын санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байна. Шинэ долоо хоногт хийх ажлаа эрэмбэлэн төлөвлөгөөгөө гарган ажиллаж долоо хоногийн эцсээр хийсэн ажлынхаа гүйцэтгэлд үнэлэлт өгч төлөвлөгөөний дагуу ажилласан эсэхэд дүгнэлт өгч дараа дараагийн ажлыг төлөвлөдөг. Цагийн менежментийн хамгийн чухал зүйл нь үр дүнд тулгуурладаг ба завгүй байх нь үр дүнтэй байна гэсэн үг биш юм. Миний хувьд цагийн менежментийг зөв зохион байгуулснаар үндсэн ажлын хажуугаар мэдлэг ур чадвараа сайжруулан удирдлагын академид төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг мэргэшүүлэх дунд хугацааны сургалтад хамрагдсан, цаашид ч өөрийн мэргэжлээ дээшлүүлэн суралцах хүсэлтэй байгаа. Санхүүгийн сахилга батыг хувь хүн хэрхэн баримтлах ёстой вэ? Үүн дээр бяцхан зөвлөгөө өгөөч. Г.Солонго / Тооцооны нягтлан бодогч / Санхүүгийн сахилга бат гэдгийг би их энгийн зүйлсээс эхлэх болов уу гэж бодож байна. Жишээлбэл: тог цахилгаанаа хэрэглээгүй үедээ унтрааж хэвших, цаасны хэрэглээгээ хянах, байгууллагын эд зүйлсийг зөв зохистой ашиглах гэх мэт бүхий л зүйлд өөрийн гэсэн сэтгэлтэй, зөв хандлагатай байвал тэр нь санхүүгийн сахилга батдаа орох байх. Миний хувьд цалингаа үр ашигтай зарцуулахын тулд санхүүгийн өөртөө тогтоосон бяцхан дүрэмтэй тэрийгээ биелүүлэхийг хичээдэг. Мөн тогтмол хуримтлал үүсгэдэг. Ерөнхийдөө санхүүгийн сахилга бат гэдэг нь хувь хүн бүр өөрийн санхүүгийн сахилга батыг сахихаас эхэлнэ гэж би хувьдаа боддог. Өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргаж чадаж байна уу? Таны хобби юу вэ? Н.Баатармаа / Үндсэн хөрөнгө бараа материалын мэргэжилтэн / Миний хувьд өөртөө цаг зав гарган сурч хөгжиж, шинээр нэвтэрч буй зүйлээс хоцрохгүй байхыг хичээдэг. Өөртөө зарцуулсан бүхэн өөрт үлддэг болохоор өөрийгөө хөгжүүлэх гэдэг үнэхээр сайхан зүйл. Тиймээс ажлын цагаараа бүтээмжтэй ажиллаж бусад цагийг өөртөө зарцуулж чадаж байгаа. Ер нь хүн бүрийг өөрийн гэсэн хоббитой байгаасай гэж би боддог. Миний хобби бол гар урлалын бүтээл хийх хоббитой, ажил тараад гэртээ амарч байх хугацаандаа тодорхой цаг зарцуулж орой бүр бүтээлээ урладаг. Энэ нь миний хувьд бас нэгэн амралт, тайвшрал болдог. Та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн энэ долоо хоногийн дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү. Өнөөдрийн дугаараас та: - Монгол Улс, АНЭУ хооронд харилцан визгүй зорчих, шууд нислэг үйлдэх санамж бичиг байгууллаа - ИНЕГ-ын дарга Казахстан Улсын нисэхийн захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа - Авлигатай Тэмцэх Газраас ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнуудад сургалт орлоо - ОХУ-тай нислэгийн тоог нэмэгдүүлэх талаар ярилцлаа - “Нисэх буудлын аюулгүй байдал” сэдэвт сургалтад ИНҮТ-ийн 20 ажилтан амжилттай хамрагдлаа - Нисэх дартс зөвлөлөөс самбар бэлэглэлээ - Хүннү Эйр ХХК Бээжин чиглэлд хуваарьт нислэг үйлдэж эхэллээ - Аэромонголиа ХХК Tapatrip-тэй хамтран ажиллах гэрээ үзэглэлээ - Луис Филипп Де Оливейра ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ - Virgin Atlantic компани анх удаа эко түлш ашиглан нислэг үйлдлээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.