Иргэний нисэхийн
ерөнхий газар нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон
далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн
“ICAO Risk Management Workshop” сургалтыг 2024 оны 06 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд
олон улсын сургалтын стандартын дагуу танхимын хэлбэрээр амжилттай зохион
байгууллаа.
Сургалтад хамрагдсан
Бүгд Найрамдах Сингапур улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс болон Монгол улсын
иргэний нисэхийн салбар, Монгол Улсын хууль, хүчний байгууллагуудын төлөөлөл
болох нийт 18 ажилтанд өнөөдөр ICAO-ийн гэрчилгээ олголоо.
Энэ удаагийн сургалт нь ICAO-ийн чадамжид суурилсан сургалтын арга барилаар боловсруулж, баталгаажсан сургалтын хөтөлбөрөөр нисэхийн аюулгүй байдлын эрсдэлийн удирдлагын үнэлгээ гаргах, аргачлалыг хэрхэн боловсруулах, эрсдэлийн удирдлагын соёл болон боломж зэрэг сэдвүүдийн хүрээнд онол дадлагын өргөн мэдлэг, ур чадварыг олгосон чухал ач холбогдолтой сургалт болов.
АНУ-руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөний хүрээнд ИНЕГ-аас АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай хоёр дахь цахим уулзалтаа 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа. “The Wicks Group Consulting” компани нь IASA аудитын тодорхой үе шатууд болон шаардлагуудын зааврыг танилцуулан, IASA зөвлөх үйлчилгээний төслийн нийт хэрэгжих хугацаа, эхний ээлжийн шаардлагатай баримт бичгийн жагсаалт, ажлын хэсэг, цахимаар явагдах хугацаа болон биечлэн үзлэг шалгалтын хуваарийг хэлэлцэн тохирлоо. “The Wicks Group Consulting” компани нь цахим болон биечлэн үзлэг шалгалт хийх бөгөөд энэ сарын 25-ны өдөр төслийн нарийвчилсан ажлын төлөвлөгөө, шаардлагатай баримт бичгүүдийн жагсаалт, цагийн хуваарь зэргийг бэлтгэн ИНЕГ-т хүргүүлэхээр боллоо. Мөн ИНЕГ-аас ирсэн үндсэн баримт бичгүүдийн нарийвчилсан дүгнэлтийг хийж, үл нийцлүүдийг арилгах төлөвлөгөөг боловсруулан бэлтгэнэ. Цаашид IASA зөвлөх үйлчилгээний төслийн цахим уулзалтууд хэлэлцсэн хуваарийн дагуу долоо хоног бүр зохион байгуулагдах бөгөөд биечлэн үзлэг шалгалтын үеэр “The Wicks Group Consulting” компани нь ИНЕГ-ын байцаагчдын IASA аудитад хамрагдах бэлтгэлийг ханган ажиллах юм. Уулзалтад ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны дарга П.Ганболд, Гадаад хамтын ажиллагааны хэтсийн дарга Г.Батбаяр, Aюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын албаны дарга С.Ерханат, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар, Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Туяа, Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э. Төрбаяр, Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Б.Билгүүдэй, Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга Б.Хүдэрчулуун, Ахлах байцаагч Ч.Дарьсүрэн, Aхлах байцаагч Г.Ганхуяг, Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн ахлах байцаагч Д.Мөнгөнхүү, Байцаагч Б.Тулга, АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны консул Г.Алтанхундага мөн “The Wicks Group Consulting” группийн Гүйцэтгэх захирал Глен Викс, Дэд ерөнхийлөгч Катя Граймс, Дэд захирал Лори Викс болон зөвлөхүүд оролцов.
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой 2025 онд тохиож байгаатай холбогдуулан тус ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангах, ой угтсан зохион байгуулалтын арга хэмжээнд ашиглах лого шалгаруулах уралдаан зарлаж байна. Иргэний нисэхийн онцлог, уламжлал, шинэчлэлийн утга санааг бэлгэдсэн, энгийн ойлгомжтой өгүүлэмж бүхий 3-аас олонгүй өнгө хосолсон утга агуулга, уран сайхны хувьд төгс, сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн бүтээлийг 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой бэлтгэл ажлыг хангах, удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах ажлын хэсэгт хүлээн авна.
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д “Авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” гэж заасан байдаг. Энэ дагуу өнөөдөр Авлигатай тэмцэх газраас Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төвийн ХАСХОМ гаргадаг албан тушаалтнуудад сургалт орлоо. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Р.Төрбулаг, н.Баярцэцэг, Д.Золжаргал нар хүрэлцэн ирж, авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх, авлигын хор хөнөөл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, АТГ-ын үйл ажиллагааны талаар болон авлигын эсрэг хуулийн талаар мэдээлэл өгсөн юм. Сургалтад ИНЕГ, ИНҮТ-ийн дарга удирдлагууд, ХАСХОМ гаргах үүрэг бүхийн албан тушаалтнууд болон ажилтнууд хамрагдлаа. Сургалтын төгсгөлд албан хаагчдын сонирхсон асуултад АТГ-ын ажилтнууд хариулт мэдээлэл өглөө.