“БАЯНХОНГОР" НИСЭХ БУУДЛЫН АЭРОДРОМЫН ЗАСВАРЫН АЖЛЫГ ЭНЭ САРЫН 20-НЫ ДОТОР ДУУСГАНА

2024/06/11

Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Зам, Тээврийн хөгжлийн сайдын санаачилсан “Хямд тийз, хүртээмжтэй нислэг” зорилгын хүрээнд 2023 оноос орон нутгийн нислэгийг 8 аймаг руу эхлүүлсэн. Тус орон нутгийн нислэгийг үйлдэхээр МИАТ ТӨХК 2023 онд нойтон түрээсээр CRJ200 маягийн агаарын хөлөг оруулж ирсэн бол 2024 онд хуурай түрээсээр буюу өөрсдийн нисэх  багийн бүрэлдэхүүнтэй нислэг үйлдэх боломжтой CRJ700 маягийн агаарын хөлөг оруулж ирэн нислэгээ эхлүүлээд байна. Тус найман аймаг руу тогтмол нислэг үйлдэж эхэлсэнээр орон нутгийн нислэгийн тасалбарын үнэ буурч, зорчигчдын тоо нэмэгдсээр байна. 

Баянхонгор аймгийн “Баянхонгор” нисэх буудал руу тогтмол нислэг эхлэх гэж байгаа. Тэгвэл тус тогтмол нислэгийн бэлэн байдлыг хангах, 3С ангилалын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын 21800м2 талбайд 3 тэрбум төгрөгийн төсөв бүхий засварын ажил хийхээр Иргэний нисэхийн ерөнхий газар “Их богд зам” ХХК-тай 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулан 2024 оны 05 дугаар сард засварын ажлыг эхлүүлсэн.Өнөөдрийн байдлаар нийт засварын ажил 55%-ийн гүйцэтгэлтэй байгаа юм. “Баянхонгор" нисэх буудлын аэродромын хөөрч, буух хучилттай зурвасын засварын ажлын талаар ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр нь гүйцэтгэгч компанийн удирдлагатай газар дээр нь уулзалт хийн засварын ажлын төлөвлөлт дээр ажиллаж, засварын явцыг эрчилжүүлж, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. Тус засварын ажил хийгдэн “Баянхонгор” нисэх буудал 3С ангилал бүхий аэродромын хөөрч, буух зурвастай болсоноор нислэгийн давтамж нэмэгдэх, үүнийгээ дагаад тасалбарын үнэ буурах боломжтой юм. 

Цаашид “Баянхонгор” нисэх буудлыг тухайн орон нутгийн онцлогтой нь холбон аялал жуулчлал, уул уурхай болон тээвэр ложистикийн чиглэлээр хөгжүүлэх төлөвлөгөөг Иргэний нисэхийн үндэсний төвөөс гарган, шаардлагатай судалгааг хийж байгаа юм.

Холбоотой мэдээ

ИНЕГ-ЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ХЭЛТЭС 2023 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ТАНИЛЦУУЛЛАА
2023/12/26

Иргэний нисэхийн ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтэс 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус хэлтэс нь өнөөдрийн байдлаар 8 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд  3 зорилтын хүрээнд нийт 47 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 97 хувийн биелэлттэй байгааг БХХ-ийн дарга Ч.Одгэрэл танилцууллаа. Дэлхийн агаарын навигацийн нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан техник, технологийн дэвшилд суурилсан агаарын навигацийн үйлчилгээг хөгжүүлэх, Нисэх буудлуудын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах болон Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын  Хавсралтууд, стандарт, зөвлөмжийн шаардлагад  нийцүүлэхтэй холбогдуулан 2023 онд Бодлогын хэрэгжилтийн хэлтэс нийт 47 ажлын хүрээнд 14 судалгааг боловсруулж олон улсын 8 байгууллагатай 27 удаагийн уулзалт, дотоодын 12 байгууллагатай 109 удаагийн уулзалт хийсэн байна. Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн 2023 оны онцлох томоохон ажлуудаас дурдвал: 1.     Бүсийн нислэгийн хөдөлгөөний хоёр дахь төв байгуулах судалгааг боловсруулж, 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн хурлаар “Бүсийн нислэгийн хөдөлгөөний нөөц төв”-ийг Дорноговь аймгийн Сайншанд суманд байгуулахаар тогтсон. 2.     Агаарын навигацийн хураамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд судалгааг боловсруулан 2024 оны 7 дугаар сараас эхлүүлэх ажлыг төлөвлөн ажиллаж байна. 3.     Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 253 дугаар тогтоолоор орон нутгийн “Ховд”, “Мөрөн”, “Гурвансайхан”, “Чойбалсан” нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулж, хүчин чадлын нэмэгдүүлэх төслийг "Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт"-д нэмэлтээр тусгаж концесс олгох урьдчилсан болон уралдаант сонгон шалгаруулалтыг зарлан ажиллаж байна. 4.     Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам, Агаарын тээврийг хялбаршуулах журмын нэмэлт өөрчлөлтийг Засгийн газрын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, мөн өдрийн  339, 340 дүгээр тогтоолоор тус тус батлуулсан. 5.     Чөлөөт агаарын зам (Free route) олон улсын хурлыг 2023.11.09-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан. 6.     “Чингис хаан” Олон улсын нисэх буудал болон “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын газар ашиглалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж батлуулах ажлыг зохион байгуулж байна. 7.     Агаарын хөлгийн шатахууныг олон эх үүсвэрээс нийлүүлэх боломжийн талаар судалж, шийдвэрлүүлэхээр холбогдох яамдуудтай хамтран ажиллаж байна.  

ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМ "ДЭЛХИЙН ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА-2024" СЭДЭВТ БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
2024/09/13

БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлыг Сөүл хотноо зохион байгуулж байна.Тус хурал нь дэлхийн улс орнууд дэд бүтцийн чиглэлээр хамтран ажиллаж худалдаа, тээвэрт үүсч буй саад бэрхшээлийг арилгах,  тээврийн дэд бүтцийг хамтран хөгжүүлэх замаар улс орнуудын улс төр, эдийн засаг нийгмийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхээр хэлэлцэж байна.Хуралд дэлхийн 20 гаруй орны тээврийн сайд, дэд сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна. Манай улсаас Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Хуралдаанд Монгол Улс газар зүйн байршлаа ашиглан Ази Европыг холбосон тээврийн транзит орон болохоор зорьж байгаа тухай болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжих тээвэрлэлт нь эдийн засгийн зардал хэмнэсэн, тээврийн үр ашигтай коридорууд болох талаар мэдээллээ.Мөн Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, хэрэгжүүлж буй,  төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулан хамтран ажиллах боломжуудын талаар танилцуулсан юм.   Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар сэргээн баригдах “Шинэ Хархорум” хотын олон улсын нисэх онгоцны буудал, Улаанбаатар-Хархорин хот чиглэлийн авто зам, төмөр зам барих болон бусад зам, тээврийн суурь дэд бүтцийг байгуулах төслүүд дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.“Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагаа” сэдэвт бага хурлын үеэр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны Дэд сайд Kim Sang-moon нар Монгол Улсын авто замын засвар арчлалтын менежментийг сайжруулах хүрээнд 6.5 тэрбум воны буцалтгүй тусламжийн төслийг эхлүүлэхээр протколд гарын үсэг зурсан нь уг арга хэмжээний онцлох үйл явдлын нэг байлаа.Мөн БНСУ-ын зам, гүүр, туннел болон барилгын салбарт тэргүүлэгч Dowha engineering, Kolon Global Corporation, Daewoo Engineering&Construction Co.Ltd, Ilsung Construction, Buycksan Engineering, Soosong Engineering, Kunwha Engineering&Consulting Co.Ltd, Kyingdong Enineering Co.Ltd, Construction Gurantee Cooperative зэрэг компанийн төлөөлөлтэй уулзаж,  Монгол Улсын зам тээврийн салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгч санал солилцов. Зам, тээврийн хөгжлийн яам

AVAITION PHOTO NEWS XXX
2024/07/09

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт ИНҮТ-ийн Аэродром, гэрэл суултын албаны хамт олон оролцлоо. “АЭРОДРОМ, ГЭРЭЛ СУУЛТЫН АЛБА”  ИНҮТ-ийн Аэродром, гэрэл суултын алба ямар чиг үүргээр ажилладаг вэ? Албаныхаа тухай, хамт олноо танилцуулаач.   И.Амарсанаа /Дарга/ Албаны хөгжлийн түүхийн тухайд: Улаанбаатар хотын консулын дэнжид 1925 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ю-13 маягийн агаарын хөлөг нислэг үйлдсэн тэр талбайг Монголын анхны “Аэродром” гэж түүхэнд тэмдэглэсэн. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1957 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 107 тоот тогтоолоор Агаарын харилцааны газар байгуулагдахад аэродромын хангалт, харуул хамгаалалт, цаг агаарын мэдээ хариуцсан цогц алба үүссэн түүхтэй. Энэ цаг үеэс тус алба анх үүсгэн байгуулагдсан гэж үздэг. ЗХУ, БНМАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр 1958 онд “Буянт-Ухаа” дахь нисэх буудал, аэродромыг бүх тоног төхөөрөмж, барилга байгууламжийн хамт Монголын талд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгснөөр “Буянт-Ухаа” дахь аэродром нь манай улсын Иргэний агаарын тээврийн удирдлага, үйлдвэрлэлийн үндсэн бааз болсон байдаг. МАХН-ын Төв хорооны 1960 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 420-р тогтоолоор “Буянт-Ухаа” нисэх буудлыг өргөтгөх арга хэмжээ авсны дагуу 1961 онд Хөөрч буух хатуу хучилттай зурвас, явгалах замууд, агаарын хөлгийн зогсоолууд, онгоцны техник үйлчилгээний байр, аэронавигацийн болон радиолокац, нисэх холбооны дамжуулах төв, шөнийн гэрэл суултын систем, цахилгааны дэд өртөөнүүд зэрэг объектууд шинээр байгуулсан. Албаны чиг үүрэг, хамт олны тухайд: Иргэний нисэхийн салбарын үндсэн үйлчилгээний нэг нь Нисэх буудлын үйлчилгээ,  түүний суурь нь инженерингийн төлөвлөлт, ашиглалт, арчлалт, хяналт байдаг. Нисэх буудлын үндсэн байгууламж болох Аэродромын барилга, байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, элементүүд тус бүрийн төлөвлөлтүүд, шинээр байгуулагдах аэродромын барилга, засвар, арчлалт, хөөрч буух зурвасын холбогдох инженерийн тооцооллууд, хучилтын үнэлгээний ажлууд болон аэродром дээрх аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой олон төрлийн цогц ажлуудыг нисэхийн үндсэн мэргэжлийн алба буюу Аэродром, гэрэл суултын алба хийж гүйцэтгэж байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны “Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” дугаар А/382 тушаалаар Аэродром, гэрэл суултын алба шинэчлэн байгуулагдсан ба Аэродром, ашиглалтын, Гэрэл суултын, Цахилгаан хангалтын 3 хэсэгтэй, нийт 97 ажилтантайгаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Чикагогийн конвенцын Хавсралт 14, Иргэний нисэхийн дүрэм 139-ын стандарт, шаардлагын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.   Энэ онд орон нутгийн нисэх буудлууд дээр хийгдсэн ажлуудаас дурдвал?   Ж.Батбаяр /Ерөнхий инженер/ Энэ оны хагас жилийн байдлаар аэродром, гэрэл суулт, цахилгаан хангалтын тоног төхөөрөмжүүдийн хугацаат засвар, техник үйлчилгээний ажлуудыг батлагдсан график төлөвлөгөөний дагуу бүрэн гүйцэтгэсэн бөгөөд дараах томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: 1.  ИНҮТ-ийн даргын А/130 тоот тушаалын дагуу Булган, Мандалговь, Гурвансайхан нисэх буудлын агаарын навигацийн тоног төхөөрөмжийн цахилгаан хангалтын холимог тэжээлийн системийг бүрэн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. 2.  Баян-Өлгий аймаг дахь агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмж байрлах радио релейны цамхагт бэлтгэл нөөц тэжээлийн дизель генератор, холимог тэжээлийн систем тус тус суурилуулж, цахилгаан тэжээлийн бэлэн байдлыг хангалаа. 3.  Баянхонгор нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвасын засвар, арчлалтын ажилд аэродромын хяналтын инженерийг томилон ажиллуулж, хүлээн авах комисст хүлээлгэн өглөө. 4.  Радиолокаторын байгууламжууд болон орон нутгийн нисэх буудлууд дахь газардуулгын эсэргүүцэл өндөр байгаа цахилгаан хоног төхөөрөмжүүдийн газардуулгыг өргөтгөн сайжруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. 5.  “Ховд” нисэх буудлын цахилгаан хэрэглээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах техникийн шийдэл, эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгааны төсөл"-ийг хийж гүйцэтгэсэн ба уг төсөл нь Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан ИНЕГ, түүний харьяа салбар нэгжүүдийн ажилтнуудын дунд зохион байгуулсан “Шинэ санаа, шилдэг төслийн инновацын уралдаан”-д шалгарлаа 6.  Онцгой, тусгай үүргийн нислэгийн хүрээнд нийт 33 түр зурвас, талбай сонгож, акт үйлдэн, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг ханган ажиллаа. 7.  Цаг агаарын онцгой нөхцөл байдал, гамшигт үзэгдлээс шалтгаалан гарсан тоног төхөөрөмж болон кабель шугамын гэмтэл саатлыг тухай бүрд нь засварлаж хэвийн ажиллагааг хангалаа. Та өөрийнхөө талаар болон ямар ажил хийдэг талаараа танилцуулаач?   А.Амгалан /Гэрэл, суултын хэсгийн дарга/ Намайг А.Амгалан гэдэг. Би гэрэл, суултын хэсгийн даргаар ажилладаг. Миний хувьд 1988 онд 10-р ангиа төгсөөд Нисэхийн дунд сургуулийн хуваарь авсан. Улмаар 1992 онд одоогийн Украин Улсын Славянскийн нисэхийн дунд сургуулийг гэрэл суултын техникч мэргэжлээр онц дүнтэй төгсөөд ажлын гараагаа Иргэний Нисэхэд буюу тухайн үеийн МИАТ нэгтгэлийн Холбоо цахилгааны албанд цахилгааны техникчээр ажиллаж эхэлснээс хойш 32 жил иргэний нисэхэд ажиллаж байна. Монгол Улсын Техникийн их сургуулийг цахилгаан системийн инженерээр 2000 онд, Удирдлагын Академийг Бизнесийн удирдлагын менежер мэргэжлээр 2005 онд тус тус суралцаж төгссөн ба 2018 онд Монгол Улсын Зөвлөх инженер болсон. Гэрэл, суултын хэсгийн хувьд Монгол Улс дах CAT I ангиллын Олон Улсын “Чингис хаан“ болон “Буянт-Ухаа” нисэх буудлуудын агаарын навигацийн гэрэл суултын 2ш, суултын PAPI 3ш , тэдгээрийн алсын удирдлагын 2ш системүүд, ИНЕГ-ын харьяа орон нутгийн 10 нисэх буудлын гэрэл суултын 10ш, суултын PAPI 8ш системүүд, тэдгээрийн алсын удирдлагын 6ш системүүд болон хувийн хэвшлийн “Ханбумбат”, “Тавантолгой” нисэх буудлуудын гэрэл суултын 2ш,  суултын PAPI 4ш системүүд, тэдгээрийн алсын удирдлагын 2ш системүүдийн хариуцдаг. Иргэний нисэхийн салбартай ажил, амьдралаа холбосон түүхээ бидэнтэй хуваалцаач. Хэдэн жил салбартаа ажиллаж байна вэ?   Ц.Бяраазана /Цахилгааны ахлах инженер/ Одоо яг 21 дэх жилдээ ажиллаж байна. Анх 1997 онд нисэхийн салбарт Буянт-Ухаа ОУНБ-д цахилгааны техникчээр ажилд орж байлаа. Дунд нь 2001-2004 онд Шинжлэх ухаан техникийн их сургуульд орж завсардсан. 2006 оноос Техник хангалтын албаны Цахилгааны хэсэгт хуваарилах сүлжээний техникчээр орж ажилласнаас хойш техникч,  инженер,  ахлах инженерээр одоо хүртэл ажиллаж байна. Нисэх миний ажил амьдралаа холбосон буянтай сайхан газар, Энд олон их юм сурч, сайхан инженерүүдтэй хамтран ажиллаж байгаад баяртай байдаг.  Таны мэргэжлийн онцлог? Ажлын хамгийн ачаалалтай үе хэзээ байдаг вэ?   Д.Мягмаржаргал /Аэродром ашиглалтын хэсгийн Аэродром хяналтын ээлжийн инженер/ Би аэродром ашиглалтын хэсгийн аэродромын хяналтын ээлжийн инженерээр ажилладаг. Миний ажлын үндсэн чиг үүрэг нь “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын аэродромын элементүүдийн ашиглалтын бэлэн байдалд хяналт тавьж, холбогдох дүрэм, журам, зааврын дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч, нислэгийн аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй. Ажлын хамгийн ачаалалтай үе тэр гэж хэлэх боломжгүй байна. Учир нь агаарын хөлгийн зогсоол хуваарилах, перрон талбай дээрх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах, нислэгийн мэдээллийн үйлчилгээний байгууллагаар дамжуулан NOTAM мэдээ зарлуулах, дулааны улиралд засвар арчлалт, хүйтний улиралд цас цэвэрлэгээ гээд нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, агаарын хөлөг нислэг үйлдэхэд аэродромын элементүүдийн гадаргуун бэлэн байдлыг 24 цагийн турш бэлэн байлгах үүрэгтэй. Удахгүй үндэсний их баяр наадам болох гэж байна. Баяр наадмаар хэрхэн баярладаг вэ? Хамгийн дурсамжтай наадмынхаа талаар бидэнтэй хуваалцаач.   Ч.Баттүвшин /Цахилгаан хангалтын ахлах инженер/ Үндэсний их баяр наадам бол миний хамгийн дуртай баяруудын нэг. Манай монгол эрчүүд бүгд л морь бөхөд дуртай байдаг. Сүүлийн үед наадмын эхний 2 хоног гэртээ телевизороор бөх, морио үздэг болсон. Харин 13-ны өдөр гэр бүлийнхэнтэйгээ уяачдын  наадам үздэг. Уяачдын наадам жороо морины уралдаан, эрлийз морьдын уралдаан, бөх гээл бас үзэх юм ихтэй онцлог наадам болдог учир үзэх дуртай байдаг даа. Бага насны маань сумын наадам санаанаас ерөөсөө гардаггүй хамгийн дурсамжтай байдаг. Би Баянхонгор аймгийн Галуут суманд төрж өссөн. Бага байхад наадамд явахдаа задгай зил-130 машинд үеийнхээ найзуудтайгаа наадамд яваад хуушуур, улаан ус уугаад зайрмаг идэж баярладаг байсан маань санаанаас ердөө гардаггүй. Энэ дашрамд та бүхэндээ баяр наадмын мэнд хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай.  Aviation photo news-д оролцсон Аэродром, гэрэл суултын албаны хамт олондоо баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Та бүхэн сайхан наадаарай.