МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ЛАТВИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

2024/06/06

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн газрын захирал Анджейс Виюмсонс нар 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, эцэслэн байгууллаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулах ажил ковид-19 цар тахлын жилүүдэд саатаад байсныг эрчимжүүлж, 2023 оны 04 дүгээр сард хоёр тал хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, үзэглэсэн.

Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй агаарын тээврийг либералчлах бодлого, түүнчлэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Агаарын харилцааны тухай хэлэлцээр шинээр байгуулах, одоо хэрэгжиж буй хэлэлцээрүүдэд өөрчлөлт оруулах замаар олон улсын нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Монгол, Латви хоёр улсын хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулж, шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлснээр аялал жуулчлалыг хөгжүүлэх, Латви болон Хойд Европын хэсэгт оршин сууж буй манай улсын иргэд болон жуулчдад хямд зардлаар ая тухтай нисэх боломж бүрдэхийн зэрэгцээ дотоодын агаарын тээвэрлэгчид Хойд Европын орнууд руу шинэ нислэгийн чиглэл нээх, аяллын дугаар хамтран ашиглах зарчмаар нислэгийн сүлжээг өргөжүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болох юм.





Холбоотой мэдээ

"АВЛИГЫН ХОР ХӨНӨӨЛИЙГ НИЙГЭМД ТАНИУЛАХ, АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО
2023/12/05

2023 оны 11 дүгээр сарын 30-ны 11:00 цагаас "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудлын II давхрын хурлын танхимд "Авлигын хор хөнөөлийг нийгэмд таниулах, авлигатай тэмцэх" сэдвээр Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс ХАСХОМ гаргах үүрэг бүхий албан тушаалд ажилладаг ажилтнуудад зориулсан сургалт хийх гэж байгаа тул та бүхэн идэвхтэй хамрагдана уу. Хаана: Буянт-Ухаа Олон улсын нисэх буудлын II давхрын хурлын танхимд Хэзээ: 2023.11.30-ны ПҮРЭВ гарагт 11:00 цагаас Цахимаар оролцох: ZoomID: 8067951161 Pass: se335544 /жижгээр бичнэ/