АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ ТРАНЗИТ ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙН ТАЛААР НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦЛЭЭ

2024/05/15

МИАТ ТӨХК Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатар хотоор дамжих транзит зах зээлийг хөгжүүлэх, бойжуулах зорилгоор "ТРАНЗИТ МОНГОЛИА" нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт ЗТХЯ, БОАЖЯ, ИНЕГ, Гадаадын иргэн харьяатын газар, агаарын тээвэрлэгчид, хил, гааль, зочид буудал, аялал жуулчлалын холбоодын төлөөлөл оролцож транзит цогц үйлчилгээг бий болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг асуудлаар ярилцлаа.

Энэ үеэр МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Мөнхтамир “МИАТ ТӨХК болон олон улсын агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж буй компаниуд хамтран, хоорондын нислэгээ уялдуулснаар транзит нислэгийн үйлчилгээнээс орлого нэмэгдэж, бусад төрлийн бизнесүүд хөгжих боломжтой.

Монгол Улсын агаарын тээврийн зах зээл хумигдмал, хязгаарлагдмал байдаг нь үнэн. Жишээ нь улирлаас шалтгаалж агаарын зорчих урсгал тогтмол биш. Үүнийг тэнцвэржүүлэх зорилгоор өвөл Баруун Европ-Зүүн өмнөд Азийн хооронд чиглэх зорчигчдыг транзит нислэгээр хүлээн авах, цаашлаад шинээр нээх АНУ руу хийх шууд нислэгийг холбовол үйл ажиллагааг жилийн дөрвөн улирлын турш тэнцвэртэй байлгаж, агаарын тээврийн салбараа хөгжүүлэх шинэ боломж нээгдэнэ.

Түүнчлэн аялал жуулчлалын салбарт суудлын тоо хүрдэггүй байсныг шийдэж, зочид буудал, бусад үйлчилгээний улирлын хамаарал нь буурах, эдийн засаг тэр хэмжээгээр тэлэх боломжтой. Нэг үгээр бид өөрт байгаа хязгаарлагдмал зах зээлд өрсөлдөх биш Монголын агаарын тээврийн компаниуд хамтраад дэлхийн агаарын тээврийн салбарт өрсөлдөх боломж нээгдэнэ. Ингэснээр үйл ажиллагаагаа тэлж, тэр хэмжээгээр онгоцны тоог хүссэнээрээ нэмэх боломж бүрдэнэ” хэмээв.

Холбоотой мэдээ

БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД АГААРЫН ТЭЭВРЭЭР 53.801 ЗОРЧИГЧ ҮЙЛЧЛҮҮЛЛЭЭ
2024/07/18

Улсын их баяр наадмын амралт буюу 2024 оны долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд агаарын тээврээр 53.801 зорчигч үйлчлүүллээ.Тодруулбал, олон улсад 45.344, орон нутгийн нислэгээр 8.457 зорчигч үйлчлүүллээ.Олон улсад нийт 307 нислэг үйлдсэнээс МИАТ ТӨХК 21.535, Хүннү Эйр ХХК 3.470, Аэро Монголиа ХХК 2.089 зорчигчийг тээвэрлэсэн байна.Зам, тээврийн яам 2024 онд агаарын тээврээр 2 сая 200 мянган зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 1 сая 51 мянган зорчигчийг тээвэрлээд байна.

“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ - ТӨВИЙН БҮСИЙН НИСЭХ БУУДЛУУДЫН ФОРУМ” ЭХЭЛЛЭЭ
2024/03/06

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх ажлын эхлэл болгон Төвийн бүсийн нисэх буудлуудын форум зохион байгуулагдаж байна. Энэхүү форумд Төвийн бүсийн нисэх буудлууд буюу Булган, Арвайхээр, Баянхонгор, Мөрөн нисэх буудлууд оролцож байгаа юм. “Бүсчилсэн хөгжил - Төвийн бүсийн нисэх буудлуудын форум”-д Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр удирдан нисэх буудлуудын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцан, үүрэг, чиглэл өгч, санал бодлоо солилцохоос гадна орон нутгийн нисэх буудлуудын удирдлага, ажилтнуудад JCI-ын “Design thinking” сургалт орох юм. Тус форумыг нээж Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр үг хэлж, тус төвийн шинэ бүтэц зохион байгуулалтыг танилцууллаа.