Стандарт хэмжил зүйн газрын даргын 2024 оны 03
дугаар сарын 19-ний өдрийн С/08 дугаар тушаалаар MNS 6409:2024 – “Иргэний
нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” стандарт шинэчлэгдэн батлагдаж, улсын
нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдлээ.
Уг стандартыг шинэчлэн баталснаар Монгол Улсын
Иргэний нисэхийн салбарт хэрэглэгддэг Чикагогийн конвенцын Annex-ын нэр томьёо
болон ICAO Doc 8400-ийн товчлолыг нэгдсэн нэг утгаар ойлгож, тодорхойлох
боломжтой болж байгаа юм.
Энэхүү стандартыг иргэний нисэхийн салбарт үйл
ажиллагаа, үйлчилгээ эрхэлж байгаа төрийн өмчит болон хувийн хэвшлийн бүх
байгууллага, энэ чиглэлээр сургалт, судалгаа, сурталчилгаа хийх газрууд
Чикагогийн конвенцын Хавсралтуудтай холбоотой баримт бичгийг орчуулж,
хэрэглэхэд ашиглана.
Уг стандартад иргэний нисэхийн 1130 гаруй
товчлол, 1011 тодорхойлолт багтсан болно.
MNS 6409:2024 – “Иргэний нисэх. Ерөнхий нэр
томьёо, тодорхойлолт” стандартыг ЭНД дарж үзнэ үү.
ИНЕГ-ын Ёс зүйн зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хороотой хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт зохион байгууллаа. Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Д.Баатарсайхан төрийн албан хаагчийн ёс зүйн тухай ойлголт, хэм хэмжээ, хуулийн үйлчлэлд хамаарах болон байгууллагын ёс зүйн дүрмийн зохицуулалт, ёс зүйн дэд хороо байгуулах, түүний ажиллах журам, ёс зүйн зөрчлийн мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэх, ажилтан албан хаагчид ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зэрэг төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэний нисэхийн салбарынханд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хурлын танхимд зохион байгуулсан сургалтад Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв түүний харьяа салбар, нэгжийн 150 ажилтан танхимаар, орон нутгийн нисэх буудлын болон бусад алба, нэгжүүдийн 100 орчим ажилтан цахимаар хамрагдлаа. ИНЕГ-аас цаашид Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, Ёс зүйн дэд хороог байгуулах, хуульд заасны дагуу нийт ажилтнуудын олонхын дэмжлэг авсан хүнийг Ёс зүйн дэд хорооны гишүүнээр ажиллуулах санал хураалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
АНУ-руу шууд нислэг үйлдэх төлөвлөгөөний хүрээнд ИНЕГ-аас АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудит шалгалтад бэлтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай хоёр дахь цахим уулзалтаа 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа. “The Wicks Group Consulting” компани нь IASA аудитын тодорхой үе шатууд болон шаардлагуудын зааврыг танилцуулан, IASA зөвлөх үйлчилгээний төслийн нийт хэрэгжих хугацаа, эхний ээлжийн шаардлагатай баримт бичгийн жагсаалт, ажлын хэсэг, цахимаар явагдах хугацаа болон биечлэн үзлэг шалгалтын хуваарийг хэлэлцэн тохирлоо. “The Wicks Group Consulting” компани нь цахим болон биечлэн үзлэг шалгалт хийх бөгөөд энэ сарын 25-ны өдөр төслийн нарийвчилсан ажлын төлөвлөгөө, шаардлагатай баримт бичгүүдийн жагсаалт, цагийн хуваарь зэргийг бэлтгэн ИНЕГ-т хүргүүлэхээр боллоо. Мөн ИНЕГ-аас ирсэн үндсэн баримт бичгүүдийн нарийвчилсан дүгнэлтийг хийж, үл нийцлүүдийг арилгах төлөвлөгөөг боловсруулан бэлтгэнэ. Цаашид IASA зөвлөх үйлчилгээний төслийн цахим уулзалтууд хэлэлцсэн хуваарийн дагуу долоо хоног бүр зохион байгуулагдах бөгөөд биечлэн үзлэг шалгалтын үеэр “The Wicks Group Consulting” компани нь ИНЕГ-ын байцаагчдын IASA аудитад хамрагдах бэлтгэлийг ханган ажиллах юм. Уулзалтад ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны дарга П.Ганболд, Гадаад хамтын ажиллагааны хэтсийн дарга Г.Батбаяр, Aюулгүй ажиллагааны дотоод хяналт, дүрмийн боловсруулалтын албаны дарга С.Ерханат, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар, Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Туяа, Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э. Төрбаяр, Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга Б.Билгүүдэй, Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн дарга Б.Хүдэрчулуун, Ахлах байцаагч Ч.Дарьсүрэн, Aхлах байцаагч Г.Ганхуяг, Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн ахлах байцаагч Д.Мөнгөнхүү, Байцаагч Б.Тулга, АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны консул Г.Алтанхундага мөн “The Wicks Group Consulting” группийн Гүйцэтгэх захирал Глен Викс, Дэд ерөнхийлөгч Катя Граймс, Дэд захирал Лори Викс болон зөвлөхүүд оролцов.