“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Завхан аймаг дахь “Отгонтэнгэр” нисэх буудлын хамт олон оролцлоо.
“ОТГОНТЭНГЭР" НИСЭХ БУУДАЛ
“Отгонтэнгэр” нисэх буудлынхаа арвин түүхээс бидэнтэй хуваалцаж, өөрийгөө болон хамт олноо танилцуулаач? Таныг аавынхаа үргэлжлэл болон нисэх буудлаа удирдаж яваа гэж сонслоо.
Д.Алтан-Уул
/Дарга/
Д.Алтан-Уул миний бие 1987 онд ажлын гараагаа нисэхийн салбараас эхэлж, өнөөг хүртэл 37 дахь жилдээ ажиллаж байна. Миний аав Дамбийн Даваа 1983-1991 онд Завхан аймгийн нисэх буудлын даргаар ажиллаж байхдаа аймгийнхаа төвийн урд дэнжид АН-24, АН-26, АН-2 онгоцнууд буухад хүндрэлтэй, өндөр уулын завсраар зөвхөн нэг талын суулт хөөрөлт үйлддэг нислэгийн зурвастай байсныг 1987 онд анх санаачлан Завхан аймгийн нисэх буудлын нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс аймгийн төвөөс 32 км-ийн зайтай Донойн хөндий гэдэг газар Аэродром шинээр барих ажлыг удирдан, нисэх буудлын хэд хэдэн жижиг объектыг барьж байгуулсан түүхтэй.
Би аавын үргэлжлэл болон нисэх буудлын даргаар 2017 оноос хойш ажиллаж байна. Энэ хугацаанд Завхан аймгийн нисэх буудлын 2860х30метр хөөрч буух зурвас, 300х15 метр явгалах зам, тоосгүйжилтийн талбай, тормозлох зурвас, 5400у/м үерийн ус зайлуулах сувгийн ажлыг “Хурдны зам” ХХК гүйцэтгэж, улмаар Улсын комисс 2019 оны 8 дугаар сард хүлээн авсан. Хөөрч буух зурвасын нээлтийн ёслол 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр болж анхны зочин ERJ-145 агаарын хөлөг, Аэро-Монголиа ХХК-ийн Гавьяат нисгэгч, нутгийн хүү С.Гантөмөр даргатай нисэх баг амжилттай газардсан түүхэн үйл явдал болж байлаа.
Завхан аймгийн нисэх буудал нь 1956 оны 6 дугаар сард Улиастай хотоос 32 км-ийн зайд орших Алдархаан сумын нутаг, Донойн хөндийд 3 гэртэй, 5 орон тоотой байгуулагдаж, даргаар нь Амгалангийн Дорж ажиллаж байсан түүхтэй. УБ-Завханы хооронд Ан-2 онгоцоор долоо хоногт 1-2 удаа ачаа шуудан, зорчигч тээврийн үүргийг гүйцэтгэж байгаад 1958 оны 9 дүгээр сард аймгийн төв Улиастай хотын урд дэнжид шилжин төвлөрч, Ил-14 онгоц хүлээн авч үйлчилдэг болжээ. 1959 оноос нисэх буудлын эрхлэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагчаар С.Сүрэндорж, 1963 оноос Нисэх буудлын даргаар Ө.Жагварал томилогдон, өөрийн биеэр нислэгийн хөдөлгөөнийг удирдахын зэрэгцээ “АН-2” онгоцоор орон нутгийн шуудан тээврийн үүргийг гүйцэтгэж, нислэгийн аюулгүй байдлыг бүрэн хангаж байснаас гадна төлөвлөгөөт зорилтыг бүх үзүүлэлтээр нь биелүүлэн, Агаарын харилцааны газрын социалист уралдаанд түрүүлсэн амжилтыг үзүүлж байсан байна.
1961-1986 он хүртэл орон нутгийн шуудан тээврийн суурь тавигдаж, аймгийн төвөөс 125-335 км алслагдсан 16 суманд Ан-2 онгоцоор 5 өдөрт 2-3 удаа ачаа шуудан, зорчигч тээврийн болон тусгай үүргийн нислэг хийж, 1964 оноос УБ-Завхан-УБ-ын чиглэлд Ан-24, Ан-26, Фокер-50, Ми-8, SAAB-340B зэрэг маркын онгоц, нисдэг тэрэг 7 хоногийн 7 өдөрт нь зорчигч шуудан тээврийн үүргийг гүйцэтгэж, жилдээ 12 мянган зорчигч, 140 тн ачаа тээш тээвэрлэж, 233,8 мян. тн.км-ийн үүрэг гүйцэтгэж, 1670,5 мян төгрөгийн ашигтай ажиллаж байжээ.
1999 онд Сансрын холбооны тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдож, МИАТ, ТАС, Блю Скай, Тэнгэрийн улаач зэрэг компаниудын агаарын хөлөг нислэг үйлдэж эхэлсэн. 1987-1994 онд Донойн хөндийд Ан-24, Ан-26, Ан-30 онгоц хүлээн авч байгаад 1994-2002 онд аймгийн төвийн урд дэнжид шилжиж очсон.
2002 онд Донойн хөндийд шинээр онгоц хөөрч буух сайжруулсан шороон зурвас, нисэх буудлын барилга байгууламж, 2006 онд Ургамал суманд сансрын холбооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Олон улсын өнгөрөлтийн цэгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2010 онд AFTN -ийн хоёр дахь сүлжээ ашиглалтад орсны зэрэгцээ 2009 онд Улиастай хот Нисэх буудлыг холбосон шилэн кабель татах ажлыг гүйцэтгэж орчин үеийн техник технологийг ашиглах боломжоор хангагдсан нь нислэгийн аюулгүй байдлыг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 32 дугаар тогтоолоор манай нисэх буудлыг “Отгонтэнгэр” нисэх буудал хэмээн нэрлэсэн. Одоо манай нисэх буудал үндсэн 36, гэрээт 2 ажилтантай, Нислэгийн хөдөлгөөн техник хангалтын хэсэг, Аэродром газрын үйлчилгээний хэсэг, Нисэхийн аюулгүйн хамгаалалтын хэсэг, Захиргаа аж ахуйн хэсэг гэсэн бүтэц зохион байгуулалтын 4 нэгжтэйгээр нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг найдвартай ханган ажиллаж байна.
Он гарсаар нислэгийн ачаалал их байв уу? Долоо хоногт хэдэн нислэг үйлдэгдэж байна вэ?
Б.Мөрөнбаяр
/Нислэгийн хөдөлгөөний удирдагч/
Манай нисэх буудал 7 хоногт 2 нислэгтэй. МИАТ ТӨХК-ийн CRJ200 агаарын хөлөг тогтмол нислэг үйлдэж байна. 2024 оны 4 дүгээр сарын байдлаар 35 удаагийн нислэгт процесдурын нислэг хөдөлгөөний удирдлага, нислэгийн мэдээлэл болон тусгай тоноглолтой автомашин, тоног төхөөрөмжүүдээр газрын хангалт үйлчилгээг үзүүлж, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллалаа. 2024 он гарснаас хойш үйлдэгдсэн 35 удаагийн нислэгийн УБ-Завхан чиглэлийн 986 зорчигч, Завхан-УБ чиглэлийн 1024 зорчигч, бусад үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, ая тух, аюулгүй байдлыг ханган үйлчилсэн.
2024 оны 5 дугаар сараас том оврын CRJ700 агаарын хөлөг нислэг үйлдсэнээр тийзийн үнэ буурах, зорчигч урсгал нэмэгдэх, улмаар нислэгийн давтамж нэмэгдэх бүрэн боломжтой.
Манай аймгийн хувьд байгалийн цогцолборт газрууд болох Хар нуур, Отгонтэнгэр хайрхан, Мухартын гол гэх мэт чиглэлд аялал жуулчлалын нислэгийн тоо зуны улиралд эрс нэмэгддэг. Мөн Увс, Баян-Өлгий, Ховд аймгуудын нислэгүүдэд нислэгийн хөдөлгөөн, газрын үйлчилгээ үзүүлж ажилладаг. 2023 оны зуны нислэгийн оргил ачааллын үед 7 хоногт 15-20 нислэгт нислэгийн хөдөлгөөн, газрын үйлчилгээ үзүүлж ажилласан. Дээрх тоо 2024 оны зуны нислэгийн үед 2 дахин нэмэгдэх хандлагатай байна.
Цаашид бид нисэх буудлын үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой анхаарч, зорчигч үйлчлүүлэгчдийн аюулгүй, тав тухтай байдлыг хангасан нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Удахгүй зуны нислэгийн оргил ачааллын үе эхэлнэ. Нисэх буудлын барилга байгууламжийн засвар арчлалтаас эхлээд бэлтгэл ажил их байдаг байх?
П.Баярбат
/Аэродромын инженер/
Завхан аймаг дахь Отгонтэнгэр нисэх буудалд зуны улиралд нислэгийн ачаалал их байдаг. Учир нь амралт зугаалгын энэ үед байгалийн үзэсгэлэн бүрдсэн тус бүс нутагт гадаадын болон дотоодын иргэд аялал жуулчлалын чиглэлээр бага оврын онгоц, нисдэг тэрэг хөлөглөн олноороо ирдэг. Отгонтэнгэр нисэх буудлын аэродром 2019 онд ашиглалтад орсон харьцангуй шинэ зурвас, талбай бөгөөд засвар арчлалтын ажлыг жил бүрийн хавар 5-6 сард хийж, ашиглалтын хугацааг уртасган, аюулгүй ажиллагааг ханган ажилладаг. 05 дугаар сарын 1-нээс эхлэн барилга байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулан засвар үйлчилгээ хийж, хог хаягдал бусад цэвэрлэгээний давтамжийг нэмэгдүүлэн, машин механизм, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийж, нислэгийн бэлэн байдлыг ханган ажилладаг. Нийт ажилтнуудын ээлжийн амралт, нөхөн хангалтын ажилтнуудын ажлын цагийг уян хатан зохицуулж, ажлын ачааллыг хэт нэмэгдүүлэхгүй байх талаар анхаарч, зорчигчдод зориулсан худалдаа үйлчилгээ, түргэн хоолны газрын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг 90 хувь хангасан байна.
Хэдхэн хоногийн өмнө Баруун бүсийн Зам, тээврийн салбарынхан чуулж, зөвлөлдлөө. Энэхүү зөвлөгөөнд та бүхэн ямар асуудлыг дэвшүүлж оролцов? Зөвлөгөөний үр дүнгийн талаар?
П.Мөнхтөр
/Агаарын хөлгийн техникч/
Баруун бүсийн тулгуур төв Ховд хотноо 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Зам, тээврийн салбарын баруун бүсийн зөвлөгөөн, спортын олон төрөлт тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Тус зөвлөгөөнд орон нутгийн нисэх буудлуудын ажилтан, албан хаагчдад хамгийн ихээр тулгамдаж буй цалин хөлсний нэмэгдэл, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн зөв, оновчтой шийдвэрлүүлэх талаар асуудлыг дэвшүүлж, цаашид МУ-ын ЗГ, ЗТХЯ-аас Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлого, чиг хандлага, хөгжлийн талаар анхаарч ажиллах талаар санал солилцлоо. Мөн спортын олон төрөлт тэмцээний эмэгтэй шатрын төрөлд манай АБҮШалгагч, заал зохион байгуулагч О.Налжирмаа “Алтан медаль”, 3х3 эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд багаа ахлан оролцож “Мөнгөн медаль” хүртсэндээ баяртай байна.
Мөн байгууллага хамт олноос ажилдаа амжилт гаргаж, идэвх зүтгэлээр тэргүүлж ажилласан Хамгаалалтын ажилтан Г.Дүнчин “Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, Агаарын хөлгийн техникч П.Мөнхтөр миний бие ЗТХЯ-ны “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа. Эдгээр шагнагдсан хүмүүстээ халуун баяр хүргэе. Энэ мөчийг ашиглаад удахгүй болох Монгол улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ойн баярыг мэндийг нисэх буудлынхаа хамт олон, үе үеийн ахмад буурлууд, иргэний нисэхийн салбар, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын ажилтан, албан хаагчдадаа болон иргэний нисэхийн байгууллагаар үйлчлүүлдэг эрхэм зорчигч, үйлчлүүлэгчдэдээ хүргэе. Та нараараа маш их бахархаж, баярлаж байгаагаа илэрхийлье.
Танай хамт олны 2024 онд өмнөө тавьсан зорилго хэр ахицтай явж байна вэ? Он гарсаар хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаасаа дурдвал?
Д.Алтан-Уул
/Нисэх буудлын дарга/
2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор нисэх буудлын үйлчилгээ сайжрахад ахиц гарч, нисэх буудалд тээш хадгалах, мэдээллийн цэгийн үйлчилгээ, жуулчны мэдээллийн төвийн үйл ажиллагааг сурталчлан, үйлчилгээнд шаардлагатай мэдээллүүдийг цахим орчинд байршуулах, хаягжуулах зэрэг ажлууд хийгдсэнээр зочид буудал, тээвэр, аялал жуулчны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах нөхцөл бүрдэж байна.
Манай хамт олон 2024 онд өнгөрсөн оныхоо хийж бүтээсэн ололт амжилтаа улам бататгаж, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг найдвартай хангах нэг үндсэн зорилт болох хөөрч буух хучилттай зурвасын будган тэмдэглэгээг сайжруулах, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, мастик гагнаас хийх мөн шөнийн нислэгийн гэрэл суултын системийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангах, орон нутгийн зорчигчдод хөнгөлөлттэй тийзээр үйлчлэх нислэгийг үргэлжлүүлэн явуулахаар аймаг орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах, зочид буудал, тээвэр, худалдаа, жуулчны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах санал гаргах зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.
Орон нутгийн бусад нисэх буудлуудаас “Отгонтэнгэр” нисэх буудлын ялгарах онцлог гэвэл?
Ц.Мөнгөнтулга
/Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч/
Завхан аймаг нь Монгол улсын эртний түүхт хотуудын нэг. Аялал жуулчлалын бүс нутаг нь унаган төрхөө харьцангуй хадгалж үлдсэн говь, хангай, тал хээр хосолсон, нүүдэлчдийн соёлын түүхэн бичиг, дурсгал олонтой тул аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг сурталчлах, эдийн засгийн эргэлтэд оруулж, аялагчдын сэтгэлийг татах нөөц, боломж, давуу тал ихтэй. 2023 онд зорин ирсэн жуулчдын тоо өмнөх онтой харьцуулахад 42 хувиар нэмэгдсэн бөгөөд цаашид дотоодын болон гадаадын жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай судалгаа хийгдсэн байдаг.
“АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд орон нутгийн нисэх буудлуудаас “Отгонтэнгэр” нисэх буудлыг 4C зэрэглэлийн агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий олон улсын нисэх буудал болгон өргөтгөхөөр тусгагдсан нь манай нисэх буудлын хувьд аялал жуулчлал, гадаад худалдаа, олон улсын худалдааг дэмжих томоохон бүтээн байгуулалт болно гэж харж байгаа.
Нисэхийн салбарт, тэр дундаа үүх түүх арвинтай орон нутагтаа ажиллахад бахархах зүйл олон байдаг байх? Энэ талаар?
Ч.Сүхтөмөр
/Технологийн жолооч, нярав/
Би Завхан аймгийн нисэх буудалдаа 1989 онд жолоочоор орж, 1999 оноос аж ахуйн нярвын ажлыг хавсран хийж, өнөөг хүртэл тасралтгүй 35 жил ажиллаж байна. Нисэхийн салбарт, тэр дундаа орон нутагтаа он удаан жил ажиллахад бусдад тусалж, зорчигч үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг ханган, түргэн шуурхай, хоёргүй сэтгэлээр тэдний сэтгэлд хүртэл ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байж, амьдралынхаа ихэнх хугацаа, залуу насаа зориулж, нисэхээрээ овоглогдон яваадаа бахархаж явдаг. Байгууллагынхаа нэр хүнд, өнгө зүсэд нэмэр болж, шинэ залуу хүүхдүүдэд түшиг тулгуур, зөв үлгэр дуурайлалтай ажиллаж амьдрахыг байнга бодож явдаг. Намайг ажиллах хугацаанд манай байгууллага ажил төрөл, нэр хүндээр тэргүүлж байсныг олон сонсож байснаас дундаас доош үнэлгээ авч байсныг би санадаггүй юм. 1976 онд "Социалист хөдөлмөрийн буудал", 1983 онд "Осол зөрчил, хоцрогдолгүй хамт олон" гэрчилгээ авч, аймгийн үйлчилгээний байгууллага дотроос 1-р байр, 1996 онд аймгуудын нисэх буудлаас Тэргүүн байр, 2010 онд Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 85 жилийн ой, Иргэний агаарын тээвэрчдийн өдрийг угтаж ИНЕГ-аас зарласан болзолт уралдаанд орон нутгийн нисэх буудлуудаас 1-р байрт шалгарсан амжилт үзүүлж байсан.
Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4021 м-т өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай. Эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их тахилгатай уулынхаа нэр дор “Отгонтэнгэр” нисэх буудлын хамт олон минь нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг найдвартай ханган ажиллаж байна.
Та нисэх буудалдаа хэдэн жил ажиллаж байна вэ? Нисэхийн салбартай хэрхэн ажил амьдралаа холбож байв?
Р.Вангүрмаа
/Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч (Хүний нөөц,
албан хэрэг хөтлөлт)/
Би Завхан аймгийн нисэх буудлын аюулгүй байдлын шалгагч, бичиг хэргийн эрхлэгчээр 2004 онд анх ажилд орж байсан. 2004 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр НИСЭХ гэх том айлын хаалгыг татан орж ирэхэд сэтгэлд нэг л дотно, дулаахан уур амьсгал мэдрэгдэж билээ. Хоногийн газрыг хоромхон хугацаанд туулах боломжийг олгогч тэнгэрлэг хамт олны нэг нь байж, зориод ирсэн хэн бүхнийг сэтгэл өөдрөг аялах эхлэлийг тавьж өгнө гэж бодохоор бахархалтай сайхан санагдаж байсан. Энэ цаг мөчөөс нисэхийн хэмээн овоглогдож, өөрийн мэдэх чадах бүхнээ ажилдаа зориулах чин хүсэл эрмэлзэлтэйгээр ажлын гараагаа эхэлснээр өдгөө 20 жилийг ардаа үджээ.
Ажилд орох хүсэлт гаргахаар Доной нисэх буудлыг зорин ирсэн тэрхүү 2004 оны 3 дугаар сарын 5-ны өдөр манай нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилга ашиглалтад орж, миний бие барилга хүлээн авах ёслолд ч мөн оролцож амжсан.
Жаргал зовлонгийн аль нь ч тохиосон үргэлж хажууд минь байж, тусалж дэмжиж чаддаг сайхан хамт олонтой болсондоо би өөрийгөө азтайд тооцдог. Баяр баясал, саад бэрхшээлээр дүүрэн энэ хорвоод гуниг өвөртлөн алхах өдөр цөөнгүй байсан, тэр үед ажлын цагаа тэсэн ядан хүлээж, гуниг гутрал минь тэмүүлсэн сэтгэлээр солигдож, би чинь бүхнээ хуваалцах ийм сайхан хамт олонтой, өөрт ногдсон ажилтай хүн шүү дээ гэсэн бодол намайг аз жаргалтай болгодог. Ингээд бодохоор амьдралын минь нэг хэсэг, гэр бүл яахын аргагүй “Отгонтэнгэр” нисэх буудлын хамт олон минь юм даа.
Зорчигч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, ая тухтай байдлыг тэдний аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхтэй хослуулан ажиллахад нисэх буудлын бүх ажилтнуудын үүрэг оролцоо чухал. Отгонтэнгэр нисэх буудлаас гавьяаныхаа амралтад гарсан Ш.Авирмэд, Л.Мягмаржав, В.Жамган Н.Баян, Г.Мөнхчулуун, Д.Жинжигмаа гээд цааш үргэлжилбэл уртаас урт дараалал үүсгэх ах эгч нараасаа үлгэр дуурайлал авч, тэднээсээ суралцаж, тэднийхээ үргэлжлэл болон нисэх буудлынхаа хөгжлийн түүчээнд шинийг санаачлан, сайхан хамт олонтойгоо ирээдүйг хамтран бүтээж байгаадаа бахархаж явдаг.
Aviation photo news-ийн энэ удаагийн дугаарт оролцсон “Отгонтэнгэр” нисэх буудлын хамт олон та бүхэндээ баярлалаа. Ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
"AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт ИНҮТ-ийн Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын хамт олон оролцлоо. “АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ГАЗАР” ИНҮТ-ийн Аюулгүй байдал, чанарын удирдлагын газар ямар чиг үүргээр ажилладаг вэ? Газрын хамт олноо танилцуулаач. Я.Гантулга /Агаарын навигацийн техникийн үйлчилгээний аюулгүй байдлын менежер/ АБЧУГ нь Иргэний нисэхийн үндэсний төвийн ИНД-171, ИНД-172, ИНД-173, ИНД-175, ИНД-139, ИНД-141, ИНД-144 дүрмүүдийн гэрчилгээний хүрээнд харьяа салбар, нэгжүүдэд аюулгүй байдал, чанарын болон эрсдэлийн удирдлагын нэгдсэн тогтолцоо, аюулгүй байдлын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, ИНҮТ-ийн хэмжээнд дотоод хяналтыг хэрэгжүүлэн, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны аюулгүй байдлын түвшнийг дээшлүүлэн, эрсдэлийг бууруулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Түүнчлэн нэгжүүдийн үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хууль, тогтоомж, тогтоол шийдвэр, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, зөвлөмж гаргах замаар удирдлага болон бусад хэрэглэгчдийг цаг үеэ олсон мэдээллээр хангаж, байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид ажилтан бүрийг аюулгүй байдал, чанарын удирдлагатай холбоотой ямарваа асуудал, бэрхшээлийг хөндөн гаргах үйл ажиллагааг дэмжин аюулгүй байдлын аливаа мэдээллийг бүх төрлийн сувгаар хүлээн авч шийтгэлгүй мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн ИНҮТ-ийн хэмжээнд аюулгүй байдал чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна. Бидний гаргаж буй журам заавар хөтөлбөр зорилтууд нь чухал ач холбогдолтой хэдий ч ажилтнуудын маань дэмжлэггүйгээр аюулгүй байдлын нэгдсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны аюулгүй байдлын түвшнийг дээшлүүлэх ИНҮТ-ийн хэмжээнд аюулгүй байдал чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх зорилго маань бодит биелэл болох боломжгүй юм. Манай газар нь нийт 38 орон тоотойгоос одоогоор 33 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн гэрчилгээжсэн албадаас аюулгүй байдал, чанарын удирдлагаар мэргэшсэн ажилтнууд ирж нэгдсэнтэй холбогдуулан хоорондоо мэдлэг, туршлагаа байнга солилцох, бусдаасаа суралцах зорилгоор Open Office concept нэвтрүүлэн ажиллаж байна. ИНҮТ-ийн үйл ажиллагаанд аюулгүй байдал, чанарын удирдлагын ямар ямар тогтолцоог нэвтрүүлсэн байдаг вэ? Эдгээр нь ямар ач холбогдолтой байдаг вэ? Л. Бат-Оргил / Нислэгийн журмын үйлчилгээний хяналтын технологич мэргэжилтэн/ ИНҮТ-ийн үйл ажиллагаанд аюулгүй байдал, чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. ИНҮТ-ийн хүрээнд Аюулгүй байдал, чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд ИНҮТ-ийн бүтцэд байгаа салбаруудын онцлогтой Аюулгүй байдал, чанарын тогтолцоонуудыг нэгтгэн удирдах, тэдгээр салбаруудын харилцан хамаарлыг тодорхойлон, нэгдсэн бодлого, зорилтуудыг тогтоох, харьяа газруудын Аюулгүй байдал, чанарын тогтолцооны хүрээнд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхой болгон, холбогдох журам, заавруудыг боловсруулан ажиллаж байна. ИНҮТ-д Аюулгүй байдал, чанарын удирдлагын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлснээр хүн, техник, технологи, байгууллага, удирдлага, зохион байгуулалт, хүрээлэн буй орчны хүчин зүйлс зэрэг нисэхийн аюулгүй байдлын бүх асуудлуудыг ИНҮТ-ийн салбар нэгжүүдийн үзүүлдэг нисэхийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарын асуудлуудтай нэгтгэн, өргөн хүрээнд шийдвэрлэн, зохицуулж ажиллана гэсэн үг. АБУТ(SMS) нь аюулгүй байдлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад чиглэдэг бол ЧМТ(QMS) нь хэрэглэгчийн болон зохицуулалтын шаардлагыг хангахад чиглэдэг Хэдийгээр Чанарын Менежментийн Тогтолцоо(QMS), Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо(SMS) нь зорилго, хамрах хүрээ, арга барил, соёл зэрэг хэд хэдэн зүйлээрээ ялгаатай боловч бие биеэ хэд хэдэн зүйлээр нөхөж чаддаг. Энэ хоёрыг нэг удирдлагын тогтолцоонд нэгтгэснээр үйл явц, нөөцийн давхардлыг бууруулж, үр ашгийг дээшлүүлж, бодлого, үйл явц, практикийн уялдаа холбоог сайжруулахаас гадна эрсдэл, боломжийг илүү өргөн хүрээнд анхаарч үзэх, бүх үйл ажиллагааны гүйцэтгэлийг үр дүнтэй хянах, удирдах боломжийг олгох зэрэг ач холбогдолтой болох юм. Үүнээс гадна SMS болон QMS нь агаарын тээврийн байгууллагуудад аюулгүй байдал, чанарын гүйцэтгэлийг сайжруулах, үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг нэмэгдүүлэх, оролцогч талуудын сэтгэл ханамж, оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг авчирдаг. SMS болон QMS нь байгууллагуудад аюулгүй байдлын зөрчил, чанарын доголдлыг бууруулах, нөөцийг оновчтой болгох, ажлын урсгалыг оновчтой болгох, оролцогч талуудын хүлээлтийг хангах, нэр хүндийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Танай хамт олны энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынх нь хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ? Ч.Чулуунхүү /Агаарын навигацийн техникийн үйлчилгээний аюулгүй байдлын ахлах технологич мэргэжилтэн/ Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний нэн тэргүүнд Иргэний нисэхийн үндэсний төвд ИНД-ээр гэрчилгээжсэн үйл ажиллагааг нэгтгэх томоохон цар хүрээтэй ажлыг төлөвлөсөн хугацаандаа амжилттай хийж гүйцэтгээд байна. Үүний дараагаар Иргэний нисэхийн дүрмийн зохицуулалт болон албадын аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны баримт бичиг тусдаа мөрдөгдөж байгааг нэгтгэх томоохон судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэж, аюулгүй байдал, чанарын нэгдсэн удирдлагын тогтолцооны баримт бичгийг боловсруулах ажлыг төлөвлөсөн хугацаандаа буюу 2024 оны III улиралдаа дуусгахаар үр дүнтэй ажиллаж байна. Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4 зорилт, 28 арга хэмжээний хүрээнд хагас жилийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна. 2024 оны хагас жилийн байдлаар ИНҮТ-ийн Нэгдсэн менежментийн тогтолцоонд дүн шинжилгээ хийгдсэн үү? Энэ талаар. Д.Уртнасан /Ерөнхий менежер/ Иргэний нисэхийн үндэсний төв нь Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, түүний дагалдах стандарт ISO 22301:2019, ISO 22320:2018, ISO 22395:2018, “Эрсдэлийн удирдлага” ISO 31000:2018 стандартуудыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх томоохон зорилтыг тавьж “Менежментийн тогтолцооны баталгаажуулалт болон магадлах аудит хийх, гэрчилгээ эзэмшүүлэх” гэрээг “МОНСЕРТФ” ХХК-тай 2022 онд байгуулан ажилласан. Гэрээний хүрээнд “МОНСЕРТФ” ХХК-ний зүгээс ИНҮТ-д зорилтот 5 стандартын хүрээнд аудит шалгалтыг 2022 оны 6 дугаар сарын 20-ноос 22-ны өдрүүдэд хийж, аудитын үр дүнг харгалзан Иргэний нисэхийн үндэсний төвийн үйл ажиллагаанд ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 22301:2019 Аюулгүй байдал ба уян хатан байдал, Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо, шаардлага олон улсын стандартыг нэвтрүүлснийг баталгаажуулсан анхдагч гэрчилгээг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар олгосон. “МОНСЕРТФ” ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд ИНҮТ-ийн ISO стандартаар гэрчилгээжсэн үйл ажиллагаанд 2023 оны 6 дугаар сарын 08-наас 09-ний өдрүүдэд ээлжит буюу 1 дүгээр шатны магадлах аудитыг хийж баталгаажуулсан байдаг. Иргэний нисэхийн үндэсний төвийн бүтцийн томоохон өөрчлөлттэй уялдуулан “МОНСЕРТФ” ХХК-тай байгуулсан гэрээний хүрээнд 2 дахь шатны магадлах аудитыг 2024 оны 6 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд хийлээ. Тус магадлах аудит шалгалтад АБЧУГ-ын хамт олон амжилттай оролцож урьдчилсан дүгнэлтээр маш сайн үнэлгээг аудитын багаас танилцуулсан болно. ИНҮТ-ийн ISO стандартаар гэрчилгээжсэн үйл ажиллагаанд хийгдсэн 2 дугаар шатны магадлах аудитын дээрх үнэлгээ нь ИНҮТ-ийн бүтцийн шинэчлэл, шинээр зохион байгуулагдсан бүтцийн нэгжүүд, АБЧУГ-ын хамт олны ажлыг үнэлсэн үнэлгээ гэж бодож байна. Дашрамд дурдахад магадлах аудитын багийн зүгээс ИНҮТ-ийн хамт олон бүтцийн өөрчлөлттэй холбоотой өөрчлөлтийн удирдлага “Change management”-ыг маш үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэсэн. Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас аюулгүй байдал, чанарын удирдлагын тогтолцоотой хамааралтай ямар шаардлага тавьдаг вэ? Д.Эрдэнэбаатар /Нислэгийн хөдөлгөөн, мэдээллийн үйлчилгээний аюулгүй байдлын технологич мэргэжилтэн/ Үйл ажиллагааны чиглэл, эрхлэн явуулах бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хамаараад Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо (SMS) эсхүл Чанарын менежментийн тогтолцоо (QMS) хэрэгжүүлэхийг шаарддаг. Тухайлбал Чикагогийн конвенцын Annex 15-д Нисэхийн мэдээллийн үйлчилгээнд Чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлэх стандарт, практик зөвлөмжүүд орсон байдаг. ICAO-аас чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх журам болон заавар материалуудыг агуулсан баримт бичгүүд болох PANS-Aeronautical Information Management - Doc 10066, Manual on the Quality Management System for Aeronautical Information Services - Doc 9839 боловсруулан гаргасан. Нисэхийн мэдээллийн үйлчилгээнд хэрэгжүүлэх Чанарын менежментийн тогтолцооны хэрэгжилт дэлхий даяар хангалтгүй байгаа бөгөөд тулгамдсан асуудлуудын нэг болсон тул ICAO-ын аудитын тусгай асуулга (PPQ 7.267) болгон оруулж хэрэгжилтийг хянадаг болсон. Өөрөөр хэлбэл бид нисэхийн мэдээллийн үйлчилгээндээ чанарын менежментийн тогтолцоо хэрэгжүүлэхгүй бол ICAO-ын аудитад амжилттай дүн үзүүлэхгүй. Иргэний нисэхийн дүрмээр гэрчилгээжсэн ИНҮТ-ийн нэгжүүд маань ICAO-ын стандарт, шаардлагыг биелүүлээд зогсохгүй, нэгдсэн удирдлагын тогтолцоо (SMS, QMS)-г хэрэгжүүлж, хадгалж, сайжруулж байгаа нь тун сайшаалтай. Бид энэ сайн туршлага, мэргэшсэн боловсон хүчин дээрээ тулгуурлан агаарын навигацийн үйлчилгээ болон нисэх буудлын үйлчилгээг хамарсан Аюулгүй байдал, чанарын нэгдсэн удирдлагын тогтолцоог ИНҮТ-ийн хэмжээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нислэгийн үйл ажиллагаанд гарсан аюул, эрсдэлийг та бүхэнд мэдээлснээр залруулах арга хэмжээг хэрхэн авч ажилладаг бол? Н.Анхбилгүүн /Нисэх буудлын үйлчилгээний хяналт хариуцсан технологич мэргэжилтэн/ Харьяа алба, салбар нэгжүүдээс ирүүлсэн аюулгүй байдлын мэдээллийн дагуу мэдээлэл цуглуулж, мөшгөлт хийж, хариу арга хэмжээг тухай бүр авч ажиллаж байна. Ирүүлсэн мэдээллийн нөлөөллийг үнэлэн, шаардлагатай тохиолдолд эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийг бууруулах, залруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлуулан, төлөвлөгөөний дагуу эрсдэлийг арилгах, эрсдэлийн түвшнийг бууруулах үйл ажиллагаа явуулан ажилладаг. Мөн аюул, эрсдэл, гэмтэл саатлын мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах зорилгоор аюулгүй байдлын мэдээллийг 24/7 хүлээн авах гар утсыг тус газрын ажилтнууд 7, 7 хоногоор ээлжлэн авч, ирүүлсэн мэдээллийн дагуу зохих арга хэмжээг авч ажиллаж байна. Та ажлын төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ? Өөрийн цагийн менежментийг хэрхэн хэрэгжүүлдэг туршлагаасаа хуваалцаач. Ж.Баттунгалаг /Нислэгийн журам, нисэхийн мэдээлэл үйлчилгээний аюулгүй байдлын ахлах технологич мэргэжилтэн/ Би ажлын төлөвлөгөөгөө ИНЕГ, ИНҮТ болон газрын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулж гаргадаг. Энэ нь газар, нэгж, ажилтан хоорондын үйл ажиллагааг цэгцтэйгээр уялдуулж, хамгийн үр дүнтэй арга замаар зорилгодоо хүргэдэг гэж үздэг. Яагаад бэ гэхээр төлөвлөгөөгөөр дамжуулан зорилтоо тухай бүр хэмжиж, зорилгын хэмжилтдээ мониторинг хийж тайлагнаж ажилладаг учраас ажил орхигдохгүй гэсэн үг. Мөн төлөвлөгөөнд тусгагдаагүй олон ажил мэдээж гарч ирдэг. Энэ ажлуудаа дэс дарааллаар бичээд яаралтай ажлаас нь эхлээд төлөвлөөд явдаг. Зарим ажил нь шуурхай биелэх, зарим нь хугацаа шаардсан болон төлөвлөгөө гаргаж ганцаараа болон олуулаа гүйцэтгэж ажиллах ч ажлууд бий. Хийж гүйцэтгэсэн ажлуудаа ерөнхийд нь хувь хүний гүйцэтгэлийн тайланд тусгаад удирдлагуудаараа үнэлүүлээд явдаг. Цагийн менежментийн хувьд: Би өөртөө байгаа цагийг аль болохоор үр бүтээлтэй хуваарилж, зөв цагт зөв зүйлээ хийж, цагаа дээд зэргээр ашиглахыг зорьж, төлөвлөж ажилладаг. Мэдээж хүн бүр л ажлаа үр бүтээлтэй төлөвлөөд, зорилго тавиад түүндээ хүрч үү гээд явдаг байх. Миний хувьд ажлаа чухал болон шаардлагатай байдлаар ангилаад хамгийн чухал ажлууд хамгийн их анхааралд байж хэзээ хийж дуусгах ёстой бэ гэдгээ тодорхойлоод явчихдаг. Иргэний нисэхийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ? Салбарынхаа юугаар бахархдаг вэ? Г.Энхболд /Аэродром,гэрэл суулт,цахилгааны аюулгүй байдлын технологич мэргэжилтэн/ Миний бие 1992 оноос эхлэн МИАТ нэгтгэлийн Холбоо навигацийн албаны Цахилгааны хэсэгт цахилгаанчнаар ажилд орсноос хойш ИНЕГ-ын ХНАА-нд гэрэл суултын техникч, инженер, ахлах инженер, навигацийн инженер, ИНҮТ-ийн аэродром, гэрэл суулт, цахилгааны аюулгүй байдлын технологич мэргэжилтнээр одоог хүртэл 30 дахь жилдээ ажиллаж байна. 1991 онд “Буянт-Ухаа” ОУНБ-ын аэродромд Чех улсын гэрэл суултын Д-3 систем шинээр ашиглалтад орж, миний бие анхны шинэ тоног төхөөрөмжүүдэд ажиллах завшаан тохиолдсон билээ. Монгол Улс газар нутаг нь өргөн уудам, газар зүйн хувьд далайд гарцгүй онцлогтой тул Монгол улсын тээврийн салбарт иргэний агаарын тээвэр чухал байр суурийг эзэлдэг гэж би боддог. Шөнийн болон өдрийн цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан үед агаарын хөлгийн буулт хөөрөлтөд нисгэгчид ил харааны мэдээллийг өгдөг гэрэл суултын системүүдийг төв болон орон нутгийн нисэх буудлуудад суурилуулснаар нислэгийн тогтмол үйл ажиллагаанд маш чухал байр суурь эзэлдэг. Одоогоор Монгол Улсын хэмжээнд нийт 14 нисэх буудалд Чех, Бельги, Австрали, Солонгос улсын гэрэл суултын болон ил харааны ойртолтын налууг заагч PAPI системийг нислэгт ашиглаж байна. Агаарын хөлгийн нислэгийг өдөр шөнийн аль ч үед агаарын навигаци, аэродромын байнгын бэлэн байдлыг ханган ажилладаг мэргэжлийн инженер техникийн ажилтнуудтай мөр зэрэгцэн ажиллаж байгаад үргэлж бахархаж явдаг билээ. Миний ажлын гарааг эхлүүлэхэд ажлын дадлага туршлага, олж авсан мэдлэг боловсрол, зөвлөгөөг чин сэтгэлээсээ харамгүй өгч байсан Н.Батхүү, А.Амгалан, Д.Бадрах, П.Баатар ах нартаа талархаад баршгүй билээ. Аливаа байгууллага, нэгжийн ажлын бүтээмжид хамт олны уур амьсгал чухал нөлөө үзүүлдэг. Та бүхэн дотоод уур амьсгалаа сайжруулахад хэрхэн анхаардаг вэ? Э.Хулан /Хяналт-шинжилгээ, үнэлгээ, чанар, дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн/ Байгууллагын хөгжил болон амжилтад хамт олны харилцаа, уур амьсгал маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Стрессгүй, аз жаргалтай, үр бүтээмжтэй таатай ажлын орчныг бүрдүүлэх нь ажиллаж буй хүмүүстээ ээлтэй төдийгүй байгууллагын ирээдүйн амжилтад нөлөөлөх болов уу гэж бодож байна. Манай хамт олны хувьд өглөө ажил эхлэхийн өмнө цайны ширээндээ цугларч кофегоо уунгаа хийх гэж байгаа болон хийсэн ажлуудаа энгийн яриагаар эхлүүлдэг. Энэ нь хамт олны харилцааг сайжруулах бас нэг хэлбэр байх. Аюулгүй байдал, чанарын удирдлагын газарт шилжиж ажиллаад хэдий удаагүй ч энэ хамт олонтой хэзээний л хамт байсан мэт санагдаад байдаг /инээв/. Ер нь байгууллагын уур амьсгал, харилцаа хандлага сайн байх нь бие биедээ хүндэтгэлтэй хандаж баярлалаа, уучлаарай гэдэг үгийг хэрэглэж хэвших зэрэг энгийн зүйлээс эхлэх болов уу. Нисэхийн салбарт ажиллана гэдэг бахархалтайн дээр асар их хариуцлага байдаг. Энэ салбарт ажиллах хүсэлтэй оюутан, залууст ямар зөвлөгөө өгөх вэ? Б.Түвшинбат /Нислэгийн хөдөлгөөн, мэдээллийн үйлчилгээний аюулгүй байдлын менежер/ Нисэхийн салбарт ажиллана гэдэг бахархалтайн дээр түүнийгээ дагаад асар их хариуцлага байдаг миний бие 1992 онд Нисэхийн тусгай дунд сургуульд орж 1993 онд төгсөөд Дорноговь Аймгийн нисэх буудалд бүсийн нислэгийн удирдагчаар ажлын гараагаа эхэлснээс хойш одоог хүртэл нисэхийн салбарт тасралтгүй 32 дахь жилдээ ажиллаж байна. Нисэхийн энэ сайхан салбарт ажиллах хүсэл сонирхолтой залууст зөвлөхөд өөрийн хичээл зүтгэл,ажлаа гэсэн итгэл сэтгэлтэй байхад өөрийн зорьсон зорилго мөрөөдөл ойрхон байдаг гэж боддог. Танай газраас 2024 оны хагас жилийн байдлаар хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл өгнө үү. С.Батзул /Нисэх буудлын үйлчилгээний аюулгүй байдлын ахлах технологич мэргэжилтэн/ Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа алба нэгжүүд бие даан Иргэний нисэхийн дүрмийн хүрээнд гэрчилгээжиж, дүрмийн хүрээний хариуцлагын зааг Иргэний нисэхийн үндэсний төвөөс тусдаа байж, төв зөвхөн ИНД-141, ИНД 144-ийн дагуу гэрчилгээ эзэмшиж байсныг Зохион байгуулалтын бүтцэд нийцүүлэн хариуцлагын төвийг нэгтгэх, иргэний нисэхийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх зорилгоор 2024 оны эхний хагас жилд ИНД-139, ИНД-171, ИНД-172, ИНД-173, ИНД-175 дүрмүүдээр Иргэний нисэхийн үндэсний төв гэрчилгээ эзэмших үйл ажиллагааг тус газраас зохион байгуулж дүрэм тус бүрээр ИНҮТ гэрчилгээ эзэмшсэн, мөн ИНД-144-ийн гэрчилгээг сунгуулаад байна. Мөн 2024.06.24-ний байдлаар ISO 9001:2015, ISO22301:2019, ISO31000:2020 –ийн магадлан аудитад амжилттай хамрагдсан. Одоогоор Иргэний нисэхийн үндэсний төвийн ерөнхий журмын боловсруулалтыг хийж байна. Шувууны аюулаас сэргийлэх үйл ажиллагаанд тулгардаг бэрхшээлүүдээс дурдаач? М.Баясгаланцэлмэг /Нисэх буудлын үйлчилгээний хяналт хариуцсан технологич мэргэжилтэн/ Миний хувьд МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль болон Унгар улсын MATE /former SZIE/ сургуулиудад шувуу судлалаар магистрын зэргээ хамгаалсан. Иргэний нисэхэд шувууны аюулаас сэргийлэх үйл ажиллагааг хариуцсан ажиллахад дотоод болон гадаад хүчин зүйлээс шалтгаалсан олон бэрхшээл үүсдэг. Эдгээрээс дурдвал аэродром орчмын барилга байгууламж, хогийн цэг, карьерын байгууламж, ус цэвэрлэх байгууламж зэргээс шалтгаалан шувуу, мал, амьтны амьдрах таатай орчин бүрдэж, цуглах, бөөгнөрөл үүсэж, агаарын хөлөгтэй мөргөлдөх эрсдэл үүсдэг. Энэ аюулаас сэргийлэхэд мэргэжлийн хүний нөөц, тоног төхөөрөмжийн шаардлага жил бүр нэмэгдэж байгаа хэдий ч зардал өндөр тул шийдвэрлэгдэхгүй хойшилдог. Манай орны хувьд аэродромуудын байршил, байгаль орчны нөхцөл, түүнд бүртгэгддэг шувуу, мал, амьтны зүйлүүд харилцан адилгүй тул эрсдэлийн үнэлгээг аэродром бүрээр гаргахаар төлөвлөж, анхан шатны дата өгөгдөл үүсэж байгаа хэдий ч мэргэжлийн шувуу судлаач бага тул хүндрэл үүсдэг. Aviation photo news-ийн энэ удаагийн дугаарт оролцсон Аюулгүй байдал, чанарын удирдлагын газрын хамт олондоо баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жованна Пикаарретатай уулзлаа. Монгол Улс өнөөдөр дэлхийн 44 улсын 155 цэг рүү шууд нислэг үйлдэх эрхзүйн боломжтой болсон. Цаашид Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж, хэлэлцээрийн төслийг ойрын хугацаанд харилцан тохиролцох саналтай байгаагаа хэлж, санал солилцлоо.