Б.Мөнхтамир: Транзит тээвэр хөгжүүлж, гаднын зах зээлд тоглож эхэлбэл ₮2 их наядын орлого олно

2024/05/06

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай Eguur.mn сайтын сэтгүүлч цаг үеийн асуудлаар ярилцсаныг хүргэж байна. 

-Холын аймгуудын нислэгийн тийз дахиад 10 хүртэлх хувиар буурна-

-Саяхан АНУ болон орон нутаг руу нислэг үйлдэх хоёр агаарын хөлгөө хүлээгээд авчихлаа?

-2023 оны наймдугаар сард эхний “Боинг 787-9” онгоцоо хүлээж авсан. Хэдхэн хоногийн өмнө “Боинг 787-9” “Мөнх хаан” агаарын хөлгөө хүлээн авлаа. Мөн орон нутагт холын зайн нислэг үйлдэх, анхны 70 хүний судалтай “Мазаалай” CRJ-700 онгоц эхний нислэгээ амжилттай үйлдлээ.

-Агаарын тээврийн либералчлалын бодлогын хүрээнд эдгээр онгоцууд том хувь нэмэр оруулах байх. Яг ямар үүргүүдийг гүйцэтгэх вэ?

-Аялал жуулчлалын зуны улиралд үлдсэн гурван улирлынхаа алдагдлыг нөхөх байдлаар ажиллаж ирсэн. Үүнийг өөрчлөхийн тулд хавар, намар, өвөлдөө МИАТ ТӨХК транзит зорчигч урсгалыг хөгжүүлэхээр ажиллаж байна. 

Өнгөрсөн 2023 онд Монгол Улсыг чиглэсэн 1.7 сая зорчигч урсгалын 50 гаруй хувийг МИАТ ТӨХК тээвэрлэсэн. Ийм хязгаарлагдмал зах зээлд өрсөлдөж хөгжинө гэдэг хүндрэлтэй. Тиймээс Ази, Европын зах зээл рүү орох арга замуудыг эрэлхийлж байгаа. Жишээ нь, Японоос Баруун Европ руу 4.3 сая хүн зорчиж байна. Үүнийг бид шууд биш Улаанбаатараар дамжуулаад транзит зах зээл хөгжүүлэх боломж бий. Ингэж чадвал зөвхөн зуны гурван сард биш бусад гурван улиралд сул зогсолт хийхгүй. Харин зуны хугацаанд Ази-Европ гэсэн зорчигч урсгалыг тээвэрлэнэ. 2024 онд 25 мянга орчим зорчигч тээвэрлэнэ гэж тооцоолж байгаа. 

Хоёрдугаарт, карго тээврийг хөгжүүлэх зорилго. 2022 онд бид карго тээврийн онгоц авч ирсэн. Өнөөдрийн авч ирсэн “Боинг 787” агаарын хөлөг зорчигч тээврээс гадна, доороо 20 тонн карго авч явах боломжтой. Дэлхийд экспортлогч орноор тодорчихсон БНХАУ-аас долоо хоногт 3-5 удаа нислэг үйлдэж байна. БНХАУ-аас авч ирсэн каргогоо Европ руу хүргэх транзит каргог давхар хөгжүүлэх боломжтой юм. 

Ийм хоёр чиглэлээр зах зээлээ тэлэх бодлого барьж байгаа. Үүнд “Боинг-787” агаарын хөлөг том үүрэг гүйцэтгэнэ.

-Онгоц нэмэгдсэнтэй холбоотойгоор нутаг руу шинэ чиглэл нэмэгдэх үү?

-“Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор манай компани 15 жилийн дараа орон нутгийн нислэгээ сэргээсэн. Орон нутгийн нислэгтээ ашиг, алдагдал харахгүй ажиллах зорилго тавьсан. Аялал жуулчлал хөгжүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд хамтарч ажиллаж байгаа. Олон жуулчин аваачих тусам бүсийн хөгжилд нэмэр болох болов уу. 

Энэ хүрээнд найман аймаг руу нислэг үйлдэж эхэлснийг мэдэж байгаа байх. Өнөөдрийн байдлаар долоон аймагт нислэгээ тогтмол үйлдэж байна. Тухайн үед яаралтай нисэх шаардлагатай байсан учир Өмнөд Африкаас CRJ200 маягийн агаарын хөлгийг нойтон түрээсээр авч ирсэн. Агаарын хөлгийг инженер, нисгэгч, үйлчлэгчтэй нь цогцоор нь түрээслэхийг нойтон түрээс гэдэг.

Сая авч ирсэн CRJ-700 маягийн агаарын хөлөг бол 70 хүний суудалтай, цагт 800 км хурдлах боломжтой, алслагдсан аймагт 1 цаг 30 минут яваад хүрэх хэмжээний давуу талтай. “Боинг 737” онгоцтой ойролцоо. Тоноглол нь сүүлийн үеийнх. 2024.04.28-нд орон нутгийн шинэ хөлөг маань анхны нислэгээ үйлдлээ.

Дөрвөн аймгийн нисэх буудлыг 4С ангилал буюу олон улсын нислэг үйлдэх боломжтой болгох концепц явагдаж байна. Энэ ажил хэрэгжвэл орон нутгаас өмнөд, хойд хөрш рүү нисэх боломж нээгдэнэ. Говь-Алтайгаас Шинжаан Уйгар луу, Мөрөнгөөс Эрхүү рүү ч гэдэг юм уу. Зорчигч урсгалаас нь хамаараад орон нутгийн нислэгээ ингэж тэлэх боломжтой болж байгаа гэсэн үг. 

-Үнийн хувьд уян хатан болох уу?

-70 хүний суудалтай CRJ-700 онгоц дүүргэлт сайн байхын хэрээр суудлын тоо ихэснэ. Холын аймгуудын тийзний үнэ анх батлагдсан үнээс 10 хүртэлх хувиар хямдрах боломжтой.

Мөн Вьетнам чиглэлийн нислэгээ намар нээнэ. Энэ нь транзит зорчигч тээврийн нэг чиглэл болох юм. АНУ руу шууд нислэг үйлдэх нь том эрсдэлтэй. 300 хүний суудалтай онгоцоор хоёр удаа нислэг үйлдэнэ гэхээр виз гаргалт болоод АНУ-Монгол хоорондын зорчигч урсгал тийм ч их биш. Үүнийг дүүргэхийн тулд Зүүн өмнөд Азийн орнуудаас зорчигч авч ирээд Улаанбаатараар дамжуулан АНУ руу нислэг хийх юм. Бэлтгэл ажил болгож Вьетнам руу ниснэ.

-Энэ жилдээ багтаад АНУ чиглэлийн нислэгээ нээчих болов уу гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна-

-“Боинг 787-9” агаарын хөлөг АНУ руу нислэг үйлдэх үүрэгтэй гэж тодотгож болох уу. АНУ руу үйлдэх нислэгийн бэлтгэл ажил өнөөдрийн байдлаар ямар шатанд явж байна вэ?

-2023 оны наймдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д хийсэн айлчлалын үеэрээ “Open sky” буюу “Нээлттэй тэнгэр”-ийн бодлогод нэгдсэн. Монгол Улс-АНУ хооронд хүссэн агаарын тээвэрлэгч, олон улсын агаарын тээврийн холбооноос баталж өгсөн есөн төрлийн тээвэр хийх боломжтой болчихсон. Энэ ажлын хүрээнд МИАТ ТӨХК АНУ руу шууд нислэг үйлдэх зорилгоор “Боинг 787”агаарын хөлгийг авсан. 

Энэ онгоц АНУ-ын аль ч хот руу зогсолгүй хүрэх боломжтой. ИНЕГ дээр АНУ-ын аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах аудитын ажлуудаар үргэлжилж байна. Тэдгээр ажлууд дууссаны дараа энэ жилдээ багтаад нислэгээ нээчих болов уу гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

-Онгоц авахад Засгийн газраас ямар дэмжлэг үзүүлэв. Эсвэл МИАТ ТӨХК яг бор зүрхээрээ л эдгээр тэлэлтүүдээ хийгээд явж байна гэж ойлгож болох уу? 

-Мэдээлэл хэлэхгүй бол энэ тухай буруу ойлголт яваад байдаг. МИАТ ТӨХК-ийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг төсвийн байгууллага гэж боддог. Төрийн өмчтэй л болохоос биш компанийн тухай хуулиар өөрийн орлогоор өөрийгөө санхүүжүүлдэг гэсэн үг. 

Ашгийнхаа  50 хувийг улсын төсөвт төвлөрүүлдэг. 2023 онд гэхэд л зөвхөн татвараараа 55 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Орон нутагт үйлчилж буй нойтон түрээсийн онгоцны зардал өртгийн 8 орчим тэрбумыг ИНЕГ-т төлөх төлбөрөөс чөлөөлсөн дэмжлэг үзүүлсэн. Нойтон түрээсийн өртөг өндөр учир ийм хэмжээний төлбөр гардаг. 

Үүнээс бусад төлбөрийг МИАТ ТӨХК өөрөө хариуцан ажиллаж байна. Төрөөс ямар нэгэн татаас авдаггүй. ТӨБЗГ-т олгодог ногдол ашгийн 50 хувийг тухайн жилийн давсан орлогоос бүрдэх боломжтой бол чөлөөлнө гэсэн заалттай. Орон нутгийн нислэгээс гарах илүү зардал байвал ногдол ашгаасаа хасуулж тооцох боломжтой. 

Харин хуурай түрээсийн онгоцоор гарах зардлыг өртгөөр нь тооцож, билетийн тарифыг гаргадаг.

-Долоохон онгоцтой гэж шүүмжлүүлдэг. Одоо хэдэн агаарын хөлөгтэй болсон бэ?

-2021 онд таван онгоцтойгоор үйл ажиллагаа явуулж байсан МИАТ ТӨХК өнөөдөр арван онгоцтой болсон байна. Онгоцны тоо нэмэгдэх тусам зах зээлд гаргах суудлын тоо дагаад нэмэгдэнэ. Энэ байдлаараа хоёр талын зорчигч урсгал нэмэгдэхийн хэрээр аялал жуулчлал ч нэмэгдэнэ. 

-Онгоц нэмэгдсэнтэй холбоотойгоор нисгэгчийн асуудлаа яаж шийдвэрлэдэг вэ?

-Өнгөрсөн хугацаанд 15 нисгэгчийг орон нутгийн нислэгт явуулахаар сургасан. Мерит зарчмаар хүний нөөцөө бэлдэх боломж үүсэж байна. Нисгэгчээр төгсөөд ирсэн 250 цагтай хүүхдүүдийг орон нутгийн нислэгт явуулж байгаа. 750 цагт хүрсэн тохиолдолд дараагийн агаарын хөлөгт шилжүүлэх урсгалыг бий болгох давуу талтай. 

-Энэ зуны аялал жуулчлалын урсгалаас хамаарсан агаарын тээврийн ачаалал хэдэн хувиар нэмэгдэх төлөвтэй байна вэ. МИАТ компани бэлэн үү?

-2023 онд 880 мянган орчим зорчигч тээвэрлэсэн. 2024 онд өнгөрсөн 67 жилийн түүхэнд хамгийн олон суудлыг зах зээлд гаргахаар төлөвлөж байна. 1,450,000 орчим суудлыг гаргаж, 1,2 сая орчим зорчигч тээвэрлэнэ.

-Энэ жил нэг их наяд төгрөгийн орлого олно гэж төлөвлөж байна-

-Санхүүгийн хувьд айдгаа авдартаа хийчихсэн үү?

-Гуравхан жилийн өмнө МИАТ ТӨХК-ийн орлого 500 тэрбум төгрөг байсан. Энэ жил нэг их наяд төгрөгийн орлого олно гэж төлөвлөж байна. Зорчигч тээврээс гадна маш олон ажил хийгдэхээр төлөвлөж байгааг түрүүн дурдсан. Транзит зорчигч, карго тээвэр, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, 14 эйрлайнд үзүүлж буй газрын үйлчилгээ гэхчлэн. 

ДНБ-ий 5 хувийг эзлэх мөнгөн урсгалын эрэлттэй компани болно гэдэг зорилтыг тавьж байна. Монгол Улсад оруулах үр өгөөж өндөр болно. Хэрэв нэг их наядын орлоготой компани болж чадвал гаднын зах зээлд тоглолт хийж эхэлнэ. Хэрэв ингэж чадвал 2 их наядын орлоготой компани ч болох боломжтой. Бидний зорилт ийм. 

-Өр төлбөрийн асуудал цэгцэрчихсэн үү?

-Өр, төлбөрүүд бүгд төлөгдөөд дууссан. Мэдээж хугацаатай банкны зээл бий. Хугацаандаа төлөгдөж байгаа. Хоцрогдсон өр төлбөр байхгүй. Өнөөдрийн байдлаар татварын ганц л маргаан бий. Шинэ нисэх буудлын шинэ менежмент орсонтой холбоотойгоор олон улсын агаарын тээврийн үйлчилгээнд НӨАТ тооцно, тооцохгүй гэдэг маргаан шийдэгдээгүй, үргэлжилж байна. 

-Үнийн хувьд уян хатан бодлого цаашид баримталсан хэвээр байх уу?

-Өнгөрсөн жил өдийд үнэ бууруулахын тулд олон төрлийн арга хэмжээ авч ажилласан. Нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь шатахуун байсан. Шатахууны монополыг халж, нийлүүлэгч эх үүсвэрээс даруй 20-30 хувиар хямд, шууд авдаг болсон. Энэ 30 хувийн хямдрал орон нутаг болоод олон улсын нислэгийн тийзээ хямдруулах чиглэлд шингээсэн гэж хэлж болно. Цаашид ч хямдралын бодлогоо баримтална. 

Овойж оцойсон их ашигтай ажиллахаас илүү монголын агаарын тээврийн зах зээлийг нэг түвшинд барих зорилготой. Мэдээж бизнесийн байгууллага учир алдагдалгүй ажиллах ёстой. Зөвхөн зуны гурван сар ажиллаад бусад улиралд зогсдог биш дөрвөн удиралд хэрхэн зорчигч урсгалтай байх вэ гэдэг чиглэлд анхаарч ажиллаж байна.

-Шударгаар шалгарчихвал Чой хамба нь байна уу, өөр хүн байна уу бидэнд хамаа алга. “Голомт”-ын Д.Баясгалан гэдэг хүнийг танихгүй-

-МИАТ ТӨХК хоол катерингийн үйлчилгээ шүүмжлүүлээд удаж байгаа. Сүүлийн үед харин шүүмжлүүлэх биш сайшаагдах болсон гэж анзаарлаа. Үйлчилгээ үзүүлэгч компаниа солиод удаагүй байгаа юм билээ?

-2009 он хүртэлх хугацаанд МИАТ ТӨХК онгоцны катеринг үйлчилгээгээ өөрөө хариуцдаг байсан. Тухайн үед өөрийн гэсэн катерингийн байртай, тусгай тоноглолтой, машинтай, ажилтантай, тогоочтой байлаа. 2009 онд менежментийн хувьчлал хийгээд тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр ч юм уу, бусдад шилжүүлсэн. Сонгон шалгаруулалтад “Нүхт тур” ХХК шалгарсан байдаг юм билээ. Гэтэл 2009 оноос 2024 он хүртэлх 15 жилийн хугацаанд “Нүхт Тур” ХХК давуу эрхтэйгээр хоол нийлүүлж ирсэн байна. 

Ажлаа авснаас хойш “Үйлчилгээ үзүүлэх компаниа хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар сонгох ёстой” гэсэн байр суурь баримталж байгаа. Жилд 10 гаруй тэрбум төгрөгийн үйлчилгээ үзүүлдэг. Бага мөнгө биш. Тиймээс сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах учиртай. Монгол Улсад төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль бий. Тус хуулийн хүрээнд сонгон шалгаруулалт зайлшгүй хийх шаардлагатай. 2023 онд 2 удаа тендер зарласны үр дүнд зургаан компани өрсөлдсөн. Өөр компани шалгарсантай холбоотойгоор “Нүхт тур” ХХК-иас гомдол гаргасан. Гомдлын хүрээнд эрүүгийн болон захиргааны хэрэг үүсээд шалгагдаж байна. 

-Анхан шатны шүүх дээр “Нүхт тур” ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхаа?

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч “Нүхт тур” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүгдийг нь хэрэгсэхгүй болгож, “МИАТ ТӨХК-ийн үнэлгээний хороо хуулийн дагуу ажилласан байна гэдгийг тогтоосон. “Нүхт тур” ХХК энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдсан. Давж заалдах шатны шүүх хурал удахгүй болох байх. Илүү нарийн мэдээллийг хуулийн байгууллагууд өгөх биз. 

-Тэгэхээр шинээр шалгарсан компани хоол катерингийн үйлчилгээгээ явуулаад эхэлчихсэн үү?

-Шинээр шалгарсан компани хоолоо нийлүүлээд эхэлчихсэн. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Онгоцонд үйлчилгээ үзүүлж байгаа катерингийн компанийн гэрээг шинэчлэх гэдэг том асуудал байсан. Бидэнд хэн нийлүүлэх нь чухал биш хуулийн дагуу л үйл ажиллагаа нь явах ёстой. 

2009 онд байгуулсан гэрээг жил бүр сунгахдаа өөрчлөлт оруулж чаддаггүй байсан. Өөрөөр хэлбэл МИАТ ТӨХК-ийн талд буюу ашигтай хувилбараар эргүүлж чаддаггүй байсан. 

Катерингийн хоолыг онгоцонд оруулж өгдөг тусгай тоноглолын машинтай. Өнгөрсөн хугацаанд энэхүү машинаа үнэгүй ашиглуулж ирж. Ингэж ашиглуулахдаа шатахуун болоод жолоочийг нь МИАТ ТӨХК өөрөө хариуцдаг байж. Өөрийнхөө өмчийг бусдад ашиглуулахдаа бүр нэмж мөнгө төлдөг байх ёстой байв. 

Одоо шинэчлэгдсэн гэрээгээр катеринг үйлчилгээ үзүүлэгч компанидаа түрээсээр ашиглуулдаг болж байна. Энэ мэтчилэн олон өөрчлөлт хийгдсэн. Гэрээ нь МИАТ ТӨХК-д ашигтай байх шаардлагатай. Ер нь агаарын тээврийн хоол бэлтгэн нийлүүлэх салбарт өрсөлдөөн бий болох хэрэгтэй, ингэснээр нийлүүлэгч компаниудын чанар сайжирна, үнэ буурна. Энэ нь агаарын тээвэрлэгчдийн хоолны чанарыг дээшлүүлэх гол хөшүүрэг болно. Иймээс өрсөлдөөн бий болгож, хуулийн дагуу ил тод сонгон шалгаруулалт явуулах нь чухал гэж боддог. Шалгаруулалтыг хуулийн дагуу явуулсан байна уу, үгүй юу гэдгийг хуулийн байгууллага шалгаад л гаргаад ирнэ.

-“Нүхт тур” ХХК-ийг Чой хамбын хамаарал бүхий компани гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зарласан. Танд энэ тухай мэдээлэл бий юу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээс харсан. Хэний хамаарал байх нь энэ процесст хамааралгүй асуудал гэж бодож байна. Хэний ч хамааралтай компани байж болно. Гол нь шударга байя. Хуулийн дагуу шударгаар шалгарчихвал Чой хамба нь байна уу, өөр хүн байна уу бидэнд хамаа алга. Гэрээний нөхцөл сайжирсан, хоол чанартай байх ёстой. Муудсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байх нөхцөлийг гэрээгээр хамгаална. Хэрэв ийм асуудал гарвал тооцох нөхцөлийг гэрээгээр сайжруулна. Гэрээг шинэчилсэн гол шаардлага энэ.  

-“Голомт”-ын Д.Баясгалангийн хамаарал бүхий компанийг шалгаруулсан гэдэг шүүмжлэл ч таныг тойрсонгүй?

-Түрүүн хэлсэн шүү дээ. Сонгон шалгаруулалтыг би хийдэггүй. Надад ямар нэгэн хамаарал байхгүй. Тэр хүнийг таних ч үгүй. “Голомт”-ын Д.Баясгалан гэдэг хүн байна уу, хэн нь байна уу хуулийнхаа дагуу л шалгарах ёстой. Хуулиараа хамгийн сайн нөхцөл, хамгийн хямд үнэ өгсөн компани шалгарах учиртай. Дээр хэлсэнчлэн хуулийн дагуу шалгаруулсан эсэхийг хууль хяналтын байгууллага гаргаад ирнэ шүү дээ.

-IPO гаргах ажлын бэлтгэл 30-40 хувьтай явж байна, олон нийтэд нээлттэй компани болгох зорилго хэвээрээ-

-Ажлаа аваад удаагүй байхдаа “IPO гаргаж, олон нийтэд нээлттэй компани болгоно” гэж ярьж байсныг тань санаж байна. Энэ ажил урагшилж байна уу, хэдэн хувьтай явж байна вэ?

-“Ковид-19” цар тахлын дөнгөж дараахан хоёулаа энэ сэдвээр ярилцаж байсан. Тэр үед МИАТ ТӨХК санхүүгийн асар том хүндрэлтэй байсан шүү дээ. Маш сайн санаж байна. 2020 онд 52 тэрбумын алдагдалтай, 2021 онд намайг ажлаа хүлээж авсны дараахан 32 тэрбумын алдагдалтай гарна гэсэн прогнозтой байлаа.

Тухайн үед санхүүгийн баланс дээр алдагдал хүлээчихсэн, олон банкны зээлтэй, хүлээгдэж байгаа өр төлбөртэй, нөхцөл байдал хүнд байсан. IPO гаргах боломжгүй. Нэгт, компанийн эздийн өмч болон тайлан балансыг эерэг гаргах л зорилго бидэнд байсан. Хоёрт, компанийн засаглалыг сайжруулах. Засаглал сайжирсан тохиолдолд цагаан дээр хараар бичсэн журмын дагуу систем нь өөрөө эргээд эхэлдэг. Ингэсэн тохиолдолд IPO гаргахад манайхыг сонирхогчид их болно.

-Санхүү болон засаглал нь эерэгжиж, ер нь бэлэн болж байна гэж ойлгох нь ээ?

-Бэлэн болж байна гэж ойлгож болно. 2022, 2023 онуудад өндөр ашигтай гарлаа. Компанийн засаглалын хувьд ч хийсэн ажлуудад үр дүн гарч байна. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт IPO гаргах компаниуд хүсэлтээ өгдөг. IPO гаргахад 30-40 хувийн бэлтгэл ажил хангагдсан. Мэдээж амархан биш. Их хэмжээний ажлууд хийгдэнэ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниудыг оруулж санхүү болон үйл ажиллагаанд аудит хийлгэх шаардлагатай. Мөн олон улсын агаарын тээврийн холбооны аюулгүй ажиллагааны шалгалт хоёр жил тутам хийгддэг.

МИАТ ТӨХК олон нийтэд нээлттэй болох зорилго хэвээрээ.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ

AVIATION WEEKLY LXXII
2024/05/14

Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээлэл болон бусад мэдээллээс тоймлон хүргэдэг "Aviation weekly"-ийн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Хүлээн авч үзнэ үү.Өнөөдрийн дугаараас та:- ИНЕГ, ИНҮТ-ийн ажилтнуудад “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөнийг танилцууллаа- Иргэний нисэхийн салбарынхан системийн аваргын цомын төлөө спортын 7 төрлөөр өрсөлдөж байна- Нислэгийн хөдөлгөөний удирдагчдын сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлыг түлхүү хэлэлцжээ- БНСУ-ын Муан-Улаанбаатар-Муан чиглэлд нислэгтэй боллоо- Гаалийн улсын байцаагч нарт “тоног төхөөрөмж ашиглан үзлэг шалгалт хийх” дадлага, сургалт зохион байгууллаа- Галын хортой ажиллах дасгал сургуулилт хийлээ зэрэг мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.

AVAITION PHOTO NEWS XXXIV
2024/10/15

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт ИНҮТ-ийн Барилга байгууламжийн ашиглалтын албаны хамт олон оролцлоо.БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН АЛБА ИНҮТ-ийн Барилга байгууламж, ашиглалтын алба ямар чиг үүргээр ажилладаг вэ? Албаны хамт олноо товч танилцуулна уу. Ц.Болдсүрэн /Барилга байгууламжийн ашиглалтын албаны дарга/     Манай албаны ерөнхий чиг үүрэг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа салбар нэгжүүдийн ажилтнуудыг ая тухтай орчин нөхцөлд ажиллах боломжоор хангах юм. Барилга байгууламжийн засвар, ус, дулаан сантехник, агааржуулалтын шугам сүлжээний өдөр тутмын хэвийн үйл ажиллагаа болон цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг. Манай албанд иргэний нисэхийн салбарт олон жилийн турш хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан ажилтнууд олон байдаг. Мөн цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалтын гэрээт ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулж байна.Иргэний нисэхийн ерөнхий газрын хэмжээнд нийт хэчнээн барилга байгууламж бүртгэлтэй байдаг вэ? Ашиглалтын байдлаар нь сонирхуулбал?Иргэний нисэхийн ерөнхий газрын барилга байгууламжийн нэгдсэн бүртгэлд нийт 796 объект бүртгэлтэй байдаг. Оффисын барилга, нисэх буудлын зорчигч үйлчилгээний барилга, нислэгийн хөдөлгөөний удирдлагын байр, хол, ойрын чиглүүлэх станцын барилга, авто машины гарааш, агуулахын байр, харуулын байр, орон сууц зэрэг 340 барилгатай. Барилгын гадна инженерийн шугам сүлжээ, дулааны шугам, цэвэр, бохир усны шугам, цахилгаан дамжуулах шугам сүлжээ, шилэн кабель, бүх төрлийн хашаа, шатахууны агуулах, далан, гүүр хоолой, үерийн усны далан, суваг, шуудуу, гүний худаг, ачиж буулгах хатуу хучилттай тавцан гэх мэт 321 байгууламж бүртгэлтэй байдаг.Нийтийн эзэмшлийн байгууламж 135 бий. Энэ нь авто машины зам, авто зогсоол, явган хүний зам талбай, сүүдрэвч, гадна гэрэлтүүлэг, хайс, хашлага, зүлэгжүүлсэн ногоон талбай, орчны тохижилт, мод, бут сөөг юм. Нийт барилга, байгууламжийн 273 нь Улаанбаатар хотод байдаг бөгөөд 523 нь хөдөө орон нутагт байна. Улаанбаатар хотод 273 барилга байгууламж байгаагаас барилга 115, байгууламж 114, нийтийн эзэмшлийн байгууламж 44, хөдөө орон нутагт 523 барилга байгууламж байгаагаас барилга 225, байгууламж 207, нийтийн эзэмшлийн байгууламж 91 байна.Танай хамт олон ажилтнуудын тав тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж байдаг. 2024 он гарсаар өнөөдрийн байдлаар хэчнээн объектод засвар, үйлчилгээ хийсэн бэ?     Манай алба тохижилт, засвар үйлчилгээний 8 ажилтан, 3 инженертэй. Харьяа нэгж салбаруудын өгсөн хүсэлт, захиалгын дагуу засвар үйлчилгээний материал хэрэгслийн тооцоог гарган батлуулж, засвар үйлчилгээний ажлаа эхэлдэг. Энэ онд  29 засвар тохижилтын ажил хийгдсэн. Дотоод мэдээллийн IMCAA системийн цахим дуудлага 80-ыг хүлээн авч, цаг тухай бүрд нь шуурхай биелүүлэн, засвар үйлчилгээ хийн ажилласан. Томоохон ажлууд гэвэл Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлын хүндэт зочны танхимыг шинэчлэн засварласан. ИНЕГ-ын хойд талын хэсэгчилсэн фасад, ИНЕГ-ын дээврийн хэсэгчилсэн засварын ажлуудыг хийлээ. Та бүхэн өөрсдийн үйл ажиллагаанаас гадна төсвийн болон урсгал зардлаар гаднын байгууллагаар хийлгэж буй ажлуудад ажлын тоо хэмжээ, төсвийг  боловсруулан, захиалагчийн хяналт тавин ажилладаг юм байна. Тухайлбал, энэ онд гаднын хэчнээн ажилд хяналт тавьж ажилласан бол?     Хэнтий аймгийн Өндөрхаан, Дадал нисэх буудлын барилгын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллаж байна. Манай инженерүүд эдгээр нисэх буудлуудад томилолтоор очиж ажилласан. Мөн 250-р цэцэрлэгийн дээвэр болон дотоод засварын ажилд хяналт тавин ажилласан.Албаны ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөл ямар вэ? Хөндлөнгөөс харахад ачаалал өндөр, хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа харагддаг?Манай албаны гагнуурчин, слессарууд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг тул хуулийн дагуу хэвийн бус нөхцөлийн хөнгөлөлт үйлчилгээнд хамрагддаг. 2024 онд тохижилт, засвар үйлчилгээний ажилтнууд, механик, тоног төхөөрөмжийн инженер зэрэг 13 хүн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс хийсэн хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр “Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл”-д ажиллаж байгаа нь тогтоогдсон. Хамтын гэрээний заалтын дагуу цалин хөлсний нэмэгдэлд хамрагдаж байгаа. Цаашид хөдөлмөрийн хэвийн  бус нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгохоор ажиллаж байна.Иргэний нисэхийн салбарт хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Салбараараа бахархах зүйл цөөнгүй байдаг байх? М.Батсайхан /Дулаан сантехник, агааржуулалтын хэсгийн дарга/Иргэний нисэхийн салбарт 36 дахь жилдээ ажиллаж байна. Ирэх онд манай иргэний нисэхийн салбарын 100 жилийн ой тохионо. Зуун жилийн бараг талд нь шахуу би мөнх хөх тэнгэрээ дээдэлдэг Монгол хүний хувьд энэ салбартаа ажиллажээ. Хамгийн их бахархдаг зүйл маань маш өндөр хариуцлагатай салбарт сэтгэл зүтгэлээ зориулан ажилладаг ажилтан албан хаагчид маань юм даа. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж байгаа ажил нэлээд байгаа байх?Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ИНЕГ болон ИНҮТ, БУОНБ-ын харьяа барилга байгууламжуудын дулаан сантехник, хөргөлт, агаар сэлгэлтийн тоног төхөөрөмжүүдэд урсгал болон их бага засваруудыг хийлээ. 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувь ханган ажиллалаа.  ЦТП-1-ийн гадна талын авто зам доогуурх дулааны шугам сүлжээг хэсэгчлэн солих ажлыг хийв. Аэродромын гадна талын дулааны болон цэвэр усны шугамыг хэсэгчлэн сольсон. А кемпийн гадна болон дотор шугам сүлжээг хэсэгчлэн засварлах ба бохир усны гадна шугам сүлжээг угаах ажлыг хийлээ. Жаргалант амралт болон БУОУНБ, ИНЕГ, ИНҮТ-ийн бохир усны сүлжээг угааж лайдах ажлыг мөн хийлээ. Үүнээс гадна дулаалгын ажлууд хийгдсэн.Та бүхний ажлын ачаалал хэр байдаг вэ? Өөрийгөө хөгжүүлэхэд болон гэр бүлдээ цаг зав гаргаж чадаж байна уу?Манай хэсэг нь ИНЕГ-ын харьяа нийт 183410 м3  эзлэхүүнтэй 20 гаруй барилга объект, үндсэн 2 дулааны төв, 20 дулааны төв узель, дулаан, сантехникийн систем тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг ханган, засвар үйлчилгээг хариуцан ажил үүргээ гүйцэтгэж байна. Мөн барилга байгууламжуудын хөргөлт, агаар сэлгэлтийн төхөөрөмжүүдийг хариуцдаг. Өмнө нь манайх 50 ажилтантай алба байсан бол одоо 34 орон тоотой ажиллаж байна. Гэтэл  барилга байгууламжийн тоо нэмэгдсээр байгаа шүү дээ. Олон жилийн ажлын туршлага, ажлын зохион байгуулалтаасаа хамаараад өөрийгөө хөгжүүлэхэд зохих хэмжээгээр цаг гаргадаг. Байгууллагаас спортоор хичээллэх бүх боломжоор хангаж өгсөн учир эрүүл мэнддээ анхаарч, усан бассейнд хичээллэдэг. Энэ онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд нь хэдэн хувьтай явж байна вэ? Онцлох ажлуудаасаа дурдвал?Манай албаны хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд 95 хувийн хэрэгжилттэй байна. БОУНБ-ын хэрэгцээний халуун усны бойлерыг ялтсан бойлероор солих ажил зэрэг томоохон ажлууд хийгдсэн. Дашрамд дурдахад Дулаан сантехникийн бие даасан нэгж байгуулагдаад энэ онд 30 жилийн ой тохиож байна.  Мөн манай дулаан сантехник, агааржуулалтын хэсэг нь 10.500 дахь өдрөө үйлдвэрлэлийн осолгүй ажиллаж байгаа хамт олон. 10.000 дахь өдөр нь 2023 оны 4 дүгээр сард тохиож, осолгүй манлай үзүүлэлтээрээ бахархан тэмдэглэн өнгөрөөсөн.   Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? А.Цэрэндулам/Гэрээт үйлчлэгч/     Цэмцийтэл цэвэрлэсэн шал шат, хана хаалга, хөшиг цонх, ширээ сандал, шил толь гээд л албан байгууллагын хаалгаар ороход гял цал байх сайхан шүү дээ. Бидний ажил бол байгууллагаа өглөө ч, орой ч цэвэр цэмцгэр, сайхан байлгахын төлөө байдаг. Би нисэхийн хүн болоод 18 жил болжээ. Хэдийгээр гэрээт үйлчлэгчээр ажилладаг ч гэсэн өөрийгөө “Нисэхийн хүн” гэж бахархаж явдаг. Энд ажилладаг хүмүүсийг тухтай сайхан ажиллах боломжоор хангаж байдаг энэ ажилдаа дуртай. Хариуцаж цэвэрлэдэг газрынхан маань намайг үнэлж, урам өгч байдагт баярладаг.Б.Жавзмаа/Жижүүр/С.Раашхорлоо /Жижүүр/     Бид байгууллагадаа 20-30 жил ажиллаж байна. Байгууллагынхаа аюулгүй байдлыг хамгаалан ажилладаг. Нисэхийн хэдэн барилга байшингийн хаана нь юу байгааг хамгийн сайн мэддэг хүмүүс бол бид юм. Хаана ямар эрсдэл үүсэх боломжтойг мэдэх хүмүүсийн хувьд ус алдах аюул, галын аюул, байгалийн эрсдэлт хүчин зүйлийн аюулаас өдөр бүр урьдчилан сэргийлж ажилладаг. Шинээр ажилд орж буй хүмүүстээ мэддэг бүхнээ зааж сургадаг. Олон жил ажилласан учраас нисэхийнхээ үе үеийн удирдлага, ажилтан албан хаагчдын бүгдийн танил хүмүүс шүү бид.Таны мэргэжлийн онцлог юу вэ? Олон жил цэвэр, бохир усны шугам хоолойн бүх асуудлыг зохицуулдаг хүний хувьд хэлэх үг? Т.Лхагвадорж /Сантехникийн слесарь/     Хүн бүрийн тэр болгон хүрч зүрхэлдэггүй засварын ажил бол сантехникийн ажил юм. Бидний мэргэжил хэрэглээний ус, гар угаах, усанд орох, бие засах, дулаан орчинд байх зэрэг хүний наад захын хэрэглээг хангахад хамгийн ойр байдаг. Эмч, цагдаа нар маань ард иргэдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө байнгын бэлэн байдалд ажиллаж байдагтай адил сантехникч хүн ч иргэдийнхээ ажиллаж амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд мөн л 24 цагийн турш бэлэн байдалд ажиллаж байдаг. Миний мэргэжил одоо хамгийн эрэлттэй мэргэжил болсон. Дашрамд хэлэхэд хүн бүр цэвэр усаа хэмнэж, эвдэрсэн, ус алдаж байгаа сантехникийн хэрэгслүүдээ засаж, өөрийн ашиглаж байгаа ариун цэврийн хэрэгслээ байгальд ээлтэй болгоосой гэж гэж боддог доо. Aviation photo news-ийн энэ удаагийн дугаарт оролцсон Барилга байгууламжийн ашиглалтын албаны хамт олондоо баярлалаа. Ажлын амжилт хүсье.

ИНД-143 “Нислэгт тэнцэх чадвар хадгалалтын менежментийн байгууллагын гэрчилгээжүүлэлт”
2024/07/02

ИНД-143 “Нислэгт тэнцэх чадвар хадгалалтын менежментийн байгууллагын гэрчилгээжүүлэлт” дүрмийн эхний хувилбарыг боловсруулсан бөгөөд уг төсөлд агаарын тээвэрлэгчид, сонирхогч хувь хүн, хуулийн этгээд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор саналаа ирүүлнэ үү.Дүрмийн төсөлтэй /энд дарж/ танилцана уу.