Иргэний нисэхийн
ерөнхий газар Олон улсын Иргэний
нисэхийн байгууллага (ИКАО)-тай хамтран зохион байгуулж буй “Нисэхийн аюулгүй байдлын зааварлагч бэлтгэх сургалт”
өнөөдөр эхэллээ. 2017 оноос Монгол Улсад зохион байгуулагдаж эхэлсэн тус
сургалт дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд завсардаад
байсан юм.
Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр сургалтын
талаар “Өмнө нь бид энэ төрлийн сургагч багш нарыг заавал гадны улсад сургаж,
бэлддэг байсан бол 2017 оноос Олон улсын Иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-тай хамтран дотооддоо сургаж эхэлсэн. Нэг сургагч багш бэлтгэх олон
улсын сургалтын зардал маш өндөр байдаг. Тиймээс дотооддоо зохион байгуулах нь
эдийн засгийн хувьд ч их өгөөжтэй юм. Суралцагчид энэхүү сургалтад хамрагдсанаар дотоодын үзлэгийн шалгагч
нартаа зааж сургаж, дараа дараагийн шалгалт, сургалтад хамрагдаж, олон улсын
хэмжээнд багшлах боломж бүрддэг. Бид энэ сургалтыг ирэх жилээс илүү өргөн хүрээнд зохион
байгуулахаар төлөвлөж байна” гэв.
Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Хөтөлбөрийн
зохицуулагч бөгөөд Нисэхийн аюулгүй байдлын ахлах зөвлөх Тони Блэкистон “Энэхүү
сургалт нь Иргэний нисэхийн салбарт заналхийлж буй аюул заналыг илрүүлэх, үүний
эсрэг зохих арга хэмжээг авах, салбарын аюулгүй ажиллагааг хангах зорилготой.
Сургалтын явцад ИКАО-ын журам, олон улсын стандартын дагуу 2 удаагийн шалгалт
авч, төгсгөнө. Сургалтаас гарах үр дүнгийн хувьд суралцагчдын мэдлэг, ур чадвар
дээшлэхээс гадна цаашид аюулгүй байдал, хамгаалалтын чиглэлээр олон улсад
багшлах, заах арга зүйн хувьд илүү чадамжтай болно” гэлээ.
Тус сургалт 4 дүгээр сарын 8-наас 4 дүгээр сарын 12-ны
өдөр хүртэл үргэлжилнэ. Сургалтад Монгол улсаас 10 суралцагч, Олон улсын
Иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын Ази, номхон далайн бүс нутгийн гишүүн улс орнуудаас 10 суралцагч
хамрагдаж байна.
Үндэсний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” ХХК 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд Олон улсын агаарын тээврийн холбоо /IATA/-ны Аюулгүй ажиллагааны аудит /IOSA/ шалгалтад амжилттай хамрагдаж гэрчилгээ хүлээж авлаа.Олон улсын агаарын тээврийн холбоо IATA-оос явуулдаг IOSA аудит шалгалт нь агаарын тээврийн компанийн нислэгийн аюулгүй ажиллагаа, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, аюулгүй байдлын удирдлага зэрэг хяналтын системийг үнэлж шалгадаг олон улсын томоохон шалгалт юм.Үндэсний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” ХХК энэхүү цогц үнэлгээг амжилттай давснаар аюулгүй ажиллагааны олон улсын стандарт, дүрэм журамд нийцсэн агаарын тээвэрлэгч болохоо батлан харууллаа.Дашрамд дурдахад, “Изинис Эйрвэйз” ХХК 2024 оны 6 дугаар сараас эхлэн олон улсын нислэгээ сэргээж Праг, Хонг Конг, Чёнжу, Пусан зэрэг чиглэлүүд рүү хуваарьт нислэг үйлдэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Нислэгийн хөдөлгөөний удирдагчийн хүний нөөц, сургалт, техник технологийн шинэчлэл, тэдгээрийн урт хугацааны тогтвортой бодлогын хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах тухай асуудлыг хэлэлцсэн хурал өнөөдөр Туушин зочид буудалд боллоо.Тус хурлыг Олон улсын нислэгийн удирдагчдын холбоодын эвсэл, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Монголын нислэгийн удирдагчдын холбоо хамтран зохирн байгууллаа.Өдгөөгөөс 63 жилийн өмнө буюу 1961 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Европын 12 улсын нислэгийн хөдөлгөөний удирдагчид эвлэлдэн нэгдэж, мэргэжлийн холбоо үүсгэсэн нь өнөөдөр дэлхийн 100 гаруй улс орны 60 мянга гаруй нислэгийн удирдагчдыг эгнээндээ нэгтгэсэн, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Агаарын навигацийн комиссын байнгын ажиглагч байгууллага, нислэгийн удирдагчдын нэгдсэн дуу хоолойг хүргэдэг олон улсын байгууллага болон хөгжжээ. 1997 онд байгуулагдсан Монголын нислэгийн удирдагчдын холбоо 1998 онд Францын Тулузд зохион байгуулагдсан хурлаар тус эвслийн гишүүн болж, 2021 оноос эхлэн эвслийн Ази Номхон далайн бүсийн удирдах зөвлөлд орж ажиллах болсон.Тиймээс 10 дугаар сарын 20-ны өдөр бол Олон улсын нислэгийн хөдөлгөөний удирдагчдын холбоодын эвсэл IFATCA байгуулагдсан өдөр төдийгүй нислэгийн хөдөлгөөний удирдагчид өөрсдийн ажил мэргэжлээр бахархах, тэрхүү ажил мэргэжлийнхээ төлөө дуу хоолойгоо өргөх өдөр юм.