“AVIATION PHOTO NEWS” XXVI

2024/01/30

 

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан” нисэх буудлын хамт олон оролцлоо.

“ГУРВАНСАЙХАН” НИСЭХ БУУДАЛ


“Гурвансайхан” нисэх буудал хэдэн жилийн түүхтэй вэ? Хамт олноо танилцуулаач?


Ц.Баттулга

/Дарга/

1957 оны 12-р сарын 04-нд Улаанбаатар хотоос Бадарч даргатай экипажийн жолоодсон АН-2 онгоц Өмнөговь аймгийн Даланзадгад хотын хойд талбай дээр бууснаар манай нисэх буудлын түүх эхэлсэн юм. Анхны Нисэх буудал 3 орон тоотой, 30вт чадалтай РСП-50 маркын радио аппарат, 3 морины хүчин чадалтай Л-3 цахилгаан мотортойгоор, 7 хоногт 2 удаа Улаанбаатар хотоос зорчигч, шуудан тээврийн агаарын хөлгийг хүлээн авч үйлчилдэг байжээ. 1956 онд Дашдорж даргатай Ил-12 онгоц, 1964 онд Нэмэх даргатай АН-24 онгоцнууд тус тус манай аэродром дээр анх бууснаар өмнийн говийг зорьсон зорчигч олон түмэнд тохилог агаарын хөлгүүдээр үйлчлэх болсон түүхтэй. 1961 онд зорчигчдын танхимтай болж, 7 хоногт 3 удаа УБ-ДЗ-УБ чиглэлээр, 1 удаа УБ-Мандалговь-ДЗ-Мандалговь-УБ чиглэлийн дундын нислэгүүдийг тус тус хүлээн авч үйлчилдэг болсон.

1966 оны 11-р сарын 01-нд дотоодын шуудангийн нислэг үйлдэх өөрийн АН-24 онгоцтой болж, эхний удаад аймгийн төвөөс алслагдсан 3 сумдад, удалгүй Хүрмэн, Баяндалайгаас бусад бух сумдад тогтмол зорчигч, шуудан тээврийн нислэгтэй болсноор барахгүй ДЗ-ХУЖИРТ-ДЗ, ДЗ-ДГ-ДЗ, ДЗ-Сайншанд-ДЗ, ДЗ-УБ-ДЗ чиглэлд захиалгат нислэг үйлдэх болсон түүхтэй. 

1985 оноос шөнийн гэрэл суултын “Луч-2” систем тавигдсанаар өдөр шөнийн 24 цаг нислэг хүлээн авах хүчин чадалтай болж, зуны улиралд жуулчны нислэгүүдэд үйлчлэн, нисэх буудлын үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлсэн. Иргэний нисэхийг хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, ИНЕГ-ын бодлогын хүрээнд 2007 онд манай нисэх буудал хөөрч буух хучилттай зурвас, цагт 50-60 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай шинэ нисэх буудлын цогцолборыг хүлээн авч, одоог хүртэл орон нутгийн нисэх буудлууд дотроо хамгийн их ачаалалтай, “Буянт-Ухаа”, “Чингис хаан” ОУНБ-уудын нөөцөөр нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг найдвартай ханган ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар манай нисэх буудал 6 хэсэг, 37 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Ханбумбат”, “Таван толгой”, “Овоот” нисэх буудлууд болон аялал жуулчлал, түргэн, тусгай үүргийн чиглэлээр районд үйлдэгдэж байгаа нислэгүүдэд, жилд дунджаар 2000 орчим буулт хөөрөлтөд үйлчлэн, 1800 орчим агаарын хөлөгт бэлтгэл аэродромоор бэлэн байдал ханган, нислэгийн мэдээллийн болон газрын тусгай үйлчилгээ үзүүлэн нислэг техникийн осол зөрчил гаргалгүй ажиллаж байна.

Өнгөрсөн 2023 он та бүхний хувьд хэрхэн өнгөрөв? 2023 онд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлууд гээд өнгөрсөн оноо дүгнээд хэлбэл?

Өнгөрсөн 2023 он манай нисэх буудлын хувьд нисэхийн аюулгүй ажиллагааг хангахад чиглэгдсэн томоохон хөрөнгө оруулалтууд улсын хэмжээний сургалт, арга хэмжээ зохион байгуулагдаж, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд тохижилт үйлчилгээ, сурталчилгааг сайжруулсан онцлог жил байлаа. Энэ хүрээнд дараах зүйлсийг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1.    Нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвас, явгалах замын ээлжит засварын ажлыг хийж гүйцэтгэсэн.

2.    Терроризмтай тэмцэх Зөвлөлийн 2023 оны төлөвлөгөөнд тусгагдсанаар “Хаан шонхор-2023” бүрэн хэмжээний дасгал сургуулилтыг ИНЕГ, аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсан.

3.    Батлан хамгаалах яамнаас зохион байгуулсан “Болзошгүй террорист ажиллагааны үе дэх орон нутгийн хамгаалалт” сургалт дадлагын арга хэмжээг 2023 оны 05 сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд зохион байгуулсан.

4.    Монгол Улсын Засгийн газар, ИНЕГ-аас явуулж байгаа дотоодын зорчигчийн нислэгийг дэмжих бодлогын хүрээнд Өмнөговь аймгийн 2023 оны орон нутгийн төсөвт агаарын тээврээр зорчигчдын тийзийг хөнгөлүүлэх санал гарган, 400 сая төгрөг суулгуулж, тендер зарлуулан, хөнгөлөлттэй тийзээр үйлчлэх нислэгийг үйлдүүлсэн. Энэ төсөл арга хэмжээг үргэлжлүүлэхээр аймаг орон нутгийн 2024 оны төсөвт 900 сая төгрөг суулгуулан батлуулсан.

5.    Зам, тээврийн хөгжлийн сайд Өмнөговь аймгийн Засаг даргын хамтран ажиллах гэрээний хүрээнд тус нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын нисэх буудал болгох бодлогын хүрээнд 4D ангиллын Олон улсын Нисэх буудлын цогцолбор барилгын зураг төсөл ТЭЗҮ-г хийлгэх 400 сая төгрөгийг орон нутгийн төсөвт суулгуулан хийлгэж, хүлээж авсан.

6.    НААХЗА-наас тавигдсан ГУАХамгаалах 5-р зэрэглэлийг хангах шаардлагын дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт тавьсны дагуу Sinotruck 4*2 HOWO маркийн автомашиныг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 500 сая төгрөгийн хөрөнгөөр худалдан авч, 2023 оны 11 сарын 27-ны өдрөөс ашиглалтад хүлээн аваад байна.

7.    Монгол Улсын Засгийн газраас явуулж буй “Монголд зочлох жил”-ийн хүрээнд 86 инчийн ухаалаг дэлгэцийг зорчигчийн зааланд байрлуулан сургалт, сурталчилгаа  явуулах, иргэд, үйлчлүүлэгчдэд мэдээлэл хүргэх, мөн аймгийн Тамгын газрын БОАЖГ-аас хандивласан VR буюу Virtual reality төхөөрөмжөөр зорчигч, жуулчдад вертуал аялал үзүүлэх зэрэг үйлчилгээ үзүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор орон нутгийн 4 нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөлд танай нисэх буудал багтсан. Энэ хүрээнд ямар ажил хийгдэж байгаа вэ? Төсөл ямар шатандаа явж байгаа талаар танилцуулаач.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор орон нутгийн 4 нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төслийн хүрээнд “Гурван сайхан” нисэх буудлыг 4ангиллын олон улсын нисэх буудал болгохоор дараах ажлууд хийгдээд байна. Үүнд:

1.    4ангиллын аэродромын зураг төслийг “ЭЗТ” ХХК-аар хийлгэн хүлээж авсан.

2.    4ангиллын Олон улсын нисэх буудлын цогцолбор барилгын зураг төсөл, ТЭЗҮ-г Өмнөговь аймгийн орон нутгийн 500 сая төгрөгийн төсөв хөрөнгөөр хийлгүүлэн хүлээж авсан.

3.    “Гурван сайхан” нисэх буудлыг 4ангиллын Олон улсын нисэх буудал болгохоор Төрийн худалдан авах ажиллагааны газраас  2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр сонгон шалгаруулалт зарлагдсан боловч эхний шатанд ирүүлсэн материалууд шаардлагад нийцээгүй тул цуцлагдсан мэдээлэлтэй байна.

2023 онд нислэгийн ачаалал хэр байсан бэ?


Ё.Хаш-Эрдэнэ

/Нислэгийн хөдөлгөөний ахлах удирдагч/

Манай нисэх буудал зөвхөн өөрийн аэродром дээр агаарын хөлгийг хүлээж авахаас гадна Өмнөговь аймгийн нутагт байрладаг  “Ханбумбат”, “Таван толгой”, “Овоот”-ын нисэх буудлуудад үйлдэгдэж байгаа нислэгүүдийг хүлээж авах, мөн районд үйлдэгдэж байгаа нислэгүүдийн бэлтгэл аэродромоор ажиллаж байна. Өнгөрсөн оноос зорчигчийн болон жуулчны нислэг сэргэж, манай нисэх буудал өвлийн улиралд 7 хоногт 17-19 нислэг , зуны улиралд 7 хоногт дунджаар 30 нислэг хүлээн авч өндөр ачаалалтай ажиллалаа. 2023 оны байдлаар “Хүннү эйр” ХХК, “Аэромонголиа” ХХК, МИАТ ТӨХК, Зэвсэгт хүчний 303 дугаар анги, Ардын арми, Онцгой байдлын 111 дүгээр анги, “Геосан” ХХК зэрэг авиакомпаниудтай хамтран ажиллаж, өөрийн аэродром дээр 986 агаарын хөлөг хүлээн авч,  1972 хөөрөлт буултад үйлчилсэн. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд суманд байрлах “Ханбумбат”, Цогтцэций суманд байрлах “Таван толгой”, Гурван тэс суманд байрлах “Овоот” нисэх буудлуудын районы нислэгт бэлтгэл аэродромоор ажиллаж, нийт 1737 агаарын хөлөгт нислэгийн мэдээллийн үйлчилгээ үзүүлж, нислэг техникийн зөрчил дутагдал гаргалгүй ажиллалаа.

Орон нутгийн бусад нисэх буудлуудаас танай нисэх буудлын ялгарах онцлог гэвэл?


М.Дэлгэрбат

/Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч-хэсгийн ахлагч/

Өмнөговь аймаг бол Монгол орныг зорин ирэх аялал жуулчлалын нэгэн томоохон бүс нутгаас гадна уул уурхай дагасан ажилчид,  хүн амын шилжилт хөдөлгөөн ихтэй. Үүнийгээ дагаад агаарын тээврээр үйлчлүүлэх хэрэгцээ шаардлага ихтэй, нислэгийн тоо нэмэгдэж, зуны улиралд жуулчны нислэг, бусад улиралд уул уурхайн ажилчдын нислэг үргэлжлэн явагддаг.

КОВИД цар тахлын дараах сэргэлт хөдөлгөөнөөс жишээ болгоход манай нисэх буудал 2023 онд 986 нислэг үдэн гаргаж, мөн тооны нислэг угтан авч, нийт 56 гаруй мянган зорчигч үйлчлүүлэгчдэд нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдал, хамгаалалтын үйлчилгээг дүрэм журмын дагуу үзүүлж ирсэн байна. Цаашид Монгол орныг зорих дотоод, гадаадын аялал жуулчлал нэмэгдэж, мөн уул уурхайн компаниуд агаарын тээврээр сонгон үйлчлүүлэх сонирхол хэрэгцээ өсөж байгаатай холбогдуулан Засгийн газраас агаарын тээврийн үйлчилгээг орон нутагт өргөжүүлэх, тэр тусмаа манай нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр эхний судалгаа, зураг төслүүд шат дараатай хэрэгжиж байгаад бид бүхэн баяртай байдаг.

Нисэхийн салбарт, тэр дундаа үүх түүх арвинтай орон нутагтаа ажиллахад бахархах зүйл олон байдаг байх? Энэ талаар?


Ж.Давааням

/Холбоо навигацийн инженер/

Өмнөговь аймаг бол аялал жуулчлал, уул уурхайн гол бүс нутаг учир говь нутгийг зорьсон гадаад, дотоодын аялагч, жуулчид, уул уурхай дагасан зорчигчдын хөдөлгөөн жил ирэх тутам нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор манай нислэгийн тоо нэмэгдэж, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх Олон улсын нисэх буудал болгох шаардлага бусад орон нутгийн нисэх буудлуудыг бодвол илүү хурдацтай эрчимтэй тавигдаж байгаагаас манай байгууллагын хөгжил хурдтай ахиж байгаад талархалтай байдаг. Үүнийг дагаад нисэх буудлын мэргэжилтэй боловсон хүчний шаардлага хэрэгцээ, орон тоо, цалин хөлс нэмэгдэж, бидний амьдралд сайнаар нөлөөлөх ирээдүйтэй учраас бид говь нутагтаа амьдарч, нисэх буудалдаа ажиллаж байгаагаараа бахархаж явдаг.

Миний хувьд 2008 оноос Өмнөговь аймаг дахь “Гурван сайханнисэх буудалд холбооны техникчээр ороход холын чиглүүлэх станцын байр мөн АРМ-150, ММР-97 станцууд шинээр ашиглалтад орж, миний бие анх хүлээн авч, ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлж байсан. 2011 онд холбооны инженер болон дэвшин, одоо нисэхийн салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна. Миний ажлын гарааг анх эхлүүлсэн, ажлын туршлага, суралцах арга барил, заавар зөвлөгөөг чин сэтгэлээсээ харамгүй хайрлан, мэдлэг, дадлагыг олгож байсан нисэхийн холбоонд олон жил ажилласан ажлын арвин их туршлагатай ахмад ажилтан приводын техникч Х.Алимаа, дарга Ц.Баттулга, холбооны техникч Д.Ганбат, холбооны техникч Б.Гантулга зэрэг ах нартаа болон нисэх буудлынхаа нийт ажилчдадаа талархаж бахархаж явдаг.

Иргэний нисэхийн салбарт хэдэн жил ажиллаж байна вэ? Энэ салбартай ажил амьдралаа холбосон түүхээ бидэнтэй хуваалцаач?


Ж.Доржсүрэн

/Агаарын хөлгийн техникч/

Би 2007 онд "Гурвансайхан" нисэх буудлын шинэ барилга байгууламж ашиглалтад ороход анх аюулгүй байдлын шалгагчаар орж ажилласнаас хойш тасралтгүй 17 дахь жилдээ ажиллаж байна. 2010 онд ШУТИС-ийн газрын тосны танхимд шатахууны лаборантын сургалтад хамрагдан, лаборантын нөхөн хангалтаар ажиллаж байгаад 2012-2023 оны 5 сар хүртэл нисэх буудлын Галын бүлгийн ахлагчаар ажилласан. Үүний дараа Нисэхийн сургалтын төвд мэргэжлийн сургалтад хамрагдан, 2023 оны 6 дугаар сараас одоог хүртэл Агаарын хөлгийн техникчээр ажиллаж байна. Нисэх буудалд анх ажилд ороход шинэ нисэх буудал руу нүүлгэх ажил ид өрнөж байсан юм. Олон олон бүтээлч ажлууд хийгдэж байснаас хуучин Нисэх буудлын аюулгүй үзлэгийн дараах шилэн заалыг нүүлгэн авч ирж, ачаа тээш түгээх байр болгон тохижуулсан ажил дурсамжтай санагддаг. 6 км орчим газарт МАЗ автомашины араас 2 чиргүүл чирч, шилэн заалыг дээр нь ачаад хажууд нь бид түшин явган явцгааж, нүүлгэн авч ирж байлаа. Үүнээс гадна шинэ нисэх буудлын тохижилтын ажлууд, ачаа тээш, харуулын байр, гүний худгийн барилга байгууламж, гадна тохижилт, мод бут тарих зэрэг аж ахуйн чанартай олон арга хэмжээнүүдэд гар бие оролцож явсандаа болон энэ үед хамт ажиллаж байсан бүтээлч ах нартайгаа мөр зэрэгцэн нисэх буудлынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж явсандаа бахархаж дурсаж явдаг.

 

“Гурвансайхан” нисэх буудлын хамт олон 2024 онд ямар зорилго, зорилтуудыг өмнөө тавиад байна вэ? Хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа онцлох ажлуудаа танилцуулаач?


Ц.Баттулга

/Нисэх буудлын дарга/

Манай хамт олон 2024 онд өнгөрсөн оныхоо хийж бүтээсэн ололт амжилтаа улам бататгаж, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг найдвартай хангах нэг үндсэн зорилт болох хөөрч буух хучилттай зурвасыг хүчитгэх, хэсэгчилсэн засварын ажлыг хийж гүйцэтгүүлэх мөн 4D  ангиллын Олон улсын нисэх буудлын бүтээн байгуулалтын бэлтгэл ажлыг хангах, орон нутгийн зорчигчдод хөнгөлөлттэй тийзээр үйлчлэх нислэгийг үргэлжлүүлэн явуулахаар аймаг орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах зэрэг томоохон ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

Aviation photo news-ийн энэ удаагийн дугаарт оролцсон “Гурвансайхан” нисэх буудлын хамт олондоо баярлалаа. Ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Холбоотой мэдээ

АЖИГЛАЛТЫН ADSB (THALES) ГАЗРЫН СТАНЦЫН ҮЙЛДВЭРИЙН СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЖЛЫН ТАЙЛАН
2023/11/30

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн дугаар А/140 тушаалын дагуу Агаарын навигаци нисэх буудлуудын бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Одгэрэл, ИНҮТ-ийн Холбоо, навигаци, ажиглалтын албаны дарга  Г.Баттөгс, тус албаны Ажиглалт автоматжуулалтын хэсгийн ахлах инженер Б.Зориг, С.Мөнгөнбагана, радиолокаторын инженер Б.Арсланбаатар, Ж.Санждорж, Д.Жавхлан, Ч.Сандагсүрэн гэсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй Бүгд Найрамдах Итали Улсад 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дүгээр сарын 19-ны өдрүүдэд Иргэний нисэхийн ерөнхий газар болон Tридум э-Секьюрити ХХК хооронд 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Автомат хамааралтай ажиглалтын Full Dual ch ADS-B системийн 2 иж бүрдэл нийлүүлэх ИНЕГ/ХОӨ/ТББ/Б-11/20 33/20 дугаартай гэрээ”-ний дагуу нийлүүлэгдсэн автомат хамааралтай ажиглалтын системийн үйлдвэрийн сургалтад амжилттай хамрагдаж ирлээ.Тус үйлдвэрийн сургалтаар ажиглалтын ADSB газрын станцыг нислэгийн үйл ажиллагаанд оруулахад шаардлагатай мэдлэгийг суралцаж, цаашид системийн ашиглалт үйлчилгээг хариуцаж ажиллах дадлага туршлага, арга аргачлалыг “THALES” компанийн үйлдвэрийн сургалтын төвд хуваарийн дагуу амжилттай суралцаж ADSB систем дээр ажиллах эрхийн гэрчилгээг авсан. Сургалт доорх агуулгын дагуу зохион байгуулагдсан. Үүнд:1.Системийн бүтэц, зохион байгуулалт2.Системийг удирдах3.Тест хэмжилтийн аргачлал4.Холболтын интерфейсүүд5.Програм хангамж болон техник хангамжийн тохиргоо6.Системийн ажиллагааны горим7.Системийн техник үйлчилгээ хийх8.Сервер болон системийн иж бүрдлийн тохиргоо9.Системийн гэмтлийг оношлох засварлах 1.Системийн бүтэц, зохион байгуулалт:THALES-ын ADSB-ийн газрын станцын  бүтэц зохион байгуулалт нь одоогийн ашиглагдаж буй INDRA-ын ADSB-ийн газрын станцтай  харьцуулж үзэхэд хэд хэдэн давуу талууд байна. Thales-ын ADSB газрын станц нь  хийсвэр шалгалтын плотын мэдээллийг  антены monitor холболтоор нэвтрүүлж тухайн антены үндсэн оролтоор хүлээн аван  антены болон хүлээн авагчийн ажиллагааг шалгадаг.Хэрэглэгчийн түвшинд удирдлага хяналтын төвд байрлах нэгдсэн  CPMS серверээс “MAGS configuration manager” программ хангамж ашиглан бүх сайтын тохиргоог  татаж авах, нөөцлөх, ачаалах, сэргээх, хадгалах зэрэг боломжтой.2.Системийг удирдахСистемийн хяналт удирдлагыг нь суурин болон алсын ажлын байр дээр байрлах RCMS болон LCMS гэх удирдлага хяналтын ажлын байруудаас гүйцэтгэнэ. Тус ажлын байр нь өөрийн тусгай програм хангамжийн тусламжтай станцын тоног төхөөрөмжүүдийг хянах, удирдах, тохиргоо хийх боломжтой бөгөөд сүлжээгээр мөн адил хандан хянах, удирдах боломжтой. Системийн программ хангамжийн үндсэн тохиргоонуудыг CPMS буюу НХУТ -д байрлах үндсэн серверийн тусламжтай “MAGS configuration manager” програм хангамжаар нөөцлөх, хянах, удирдах зэрэг боломжтой.  LCMS болон RCMS ажлын байрууд дээр дараах программ хангамжууд ашигладаг болно.Агаарын хөлгийн дүрслэлийн систем (TSD)Газрын станцын төлвийн хяналт (GS)Бичлэгийн систем (Recorder)Газрын станцууд болон CPMS-ын хяналт (MTCS)MAGS configuration managerГазрын станцын төлвийн хяналт удирдлага (GS)3.Тест хэмжилтийн аргачлалThales –ын ADSB-ийн станц нь хүлээн авагчийн хэмжилт шалгалт хийх тусгай үүр байхгүй. Хэмжилт шалгалтын хувьд RF сигнал дамжуулж буй кабел дээр  хэмжилт шалгалт хийж гүйцэтгэдэг. Ашиглагдаж буй RF кабелуудын унтралт болон VSWR хэмжилт шалгалтыг ANRITSU SITE MASTER332 загварын хэмжүүрийн багажаар хийж гүйцэтгэсэн.  GPS –ийн кабелийг 1575,42MHZ давтамж дээр үндсэн антены кабелийг 1090 MHZ дээр хэмжилт шалгалт хийнэ. Хүлээн авагчын Asterix форматыг одоо ашиглагдаж байгаа Cat21 V0.23 дээр нэмэлтээр Asterix формат нэмж агаарын хөлгийн дохионы түвшинг илрүүлж мэдрэх чадварыг тогтоох боломжтой.4.Холболтын интерфейсүүд:5.Програм хангамж болон техник хангамжийн тохиргооThales ADS-B газрын хүлээн авагч станцууд болон CPMS серверийн үндсэн программ хангамж болон техник хангамжийн тохиргоог “LCMS болон RCMS гэх Linux үйлдлийн системтэй ажлын байрууд дээрх MAGS configuration manager” -с тохиргоо хийгдэнэ. Энэхүү программ хангамж нь сүлжээнд байгаа бүх хүлээн авагч болон сервер дахь тохиргоонуудыг нэгтгэсэн төв буюу тохиргоо өөрчлөх, нөөцлөх, хадгалах, сэргээх үйлдлийг хийх боломжтой програм хангамж юм. Мөн сүлжээний орчноор хүлээн авагч, сервер бүр рүү тохируулга хийгдэх боломжтой.6.Системийн ажиллагааны горимThales ADS-B газрын станцын хүлээн авагчуудын ажиллагааны горимд аль нэг нь үндсэн, нөөц горим гэж байхгүй бөгөөд тус бүр бие даасан хүлээн авагч болно. Хүлээн авагч тус бүр агаарын хөлгийн мэдээлэл хүлээн авч боловсруулалт хийгдэж өөрийн хаягчилалаар мэдээллээ түгээнэ. Индра ADS-B газрын станцтай харьцуулахад тус Thales ADS-B системийн хувьд төв талдаа өөрийн гэсэн CPMS сервертэй болно. Тус сервер нь ADS-B газрын станцуудын ажиглалтын мэдээллийг нэгтгэн гаргах, хяналтын мэдээллийг мөн адил нэгтгэх зэрэг давуу талуудтай сервер болно.7.Системийн техник үйлчилгээг хийхДоорх жагсаалтыг баримталж техник үйлчилгээг зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэнэ . Тодруулах шаардлагатай ажиллагаанууд дээр үйлдвэрлэгчийн мэргэжилтнээс тодрууллага авсан.8.Системийн гэмтлийг оношлох засварлахТухайн систем дээр гэмтэл гарахад алдааны төлвийн гэрэл болон алдааны мэдээллээс хамааран үйлдвэрлэгчийн гарын авлагаас  хамаарал бүхий баримт бичгийг баримтлан гэмтлийг оношилно арга барил суралцсан.Сургалт онол, үйлдвэрлэлийн бодит тоног төхөөрөмж систем дээр суурилан явагдаж маш өргөн мэдлэгийг авч чадсан ба автомат хамааралтай ажиглалтын системийг суурилуулах, цаашид системийн ашиглалт үйл ажиллагааг хариуцан ажиллах, сургалтад хамрагдаж чадаагүй инженерүүддээ зааж зөвлөх ажлыг бүрэн хийнэ гэдэгтээ итгэлтэй байна. Хамрагдсан ИТА тус бүрийн сертификат хавсаргав. Танилцсан:Иргэний нисэхийн ерөнхий газрын агаарын тээврийнбодлого төлөвлөлтийн газрын дарга                                     Г.БатбаярИргэний нисэхийн үндэсний төвийн дарга                                     Н.Батсайхан Боловсруулсан:Холбоо, навигаци, ажиглалтын албаныАжиглалт автоматжуулалтын хэсгийнРадиолокаторын тасгийн ахлах инженер                                       Б.Зориг, С.Мөнгөнбагана Холбоо, навигаци, ажиглалтын албаныАжиглалт автоматжуулалтын хэсгийнРадиолокаторын инженер                                                                Ж.Санждорж, Б.Арсланбаатар, Д.Жавхлан, Ч.Сандагсүрэн Хавсралт.