НИСЭХ ХҮЧНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН БҮТЭЭХ ОЛОН АНГИТ КИНОНД ТА ӨӨРИЙН ТҮҮХ, ДУРСАМЖАА БАГТААХ БОЛОМЖТОЙ

2024/01/29

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан нисэхийн салбарын тухай өгүүлэх олон ангит кино хийхээр бэлтгэж байгаа билээ. Тэгвэл энэ кино зохиолд таны эргэн тойронд болж өрнөсөн сонирхолтой үйл явдлууд, түүх, дурсамжаасаа багтаах боломж нээгдлээ.

Та бүхний илгээсэн түүхээс кино зохиолд орохоор шалгарсан түүхүүдэд Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын нэрэмжит шагнал гардуулна.

Нисэх хүчин үүсэж хөгжсөн түүхт 100 жилийн ойд зориулсан кинонд өөрийн хувь нэмрээ оруулан, сонирхолтой түүхүүдээсээ та доорх постер дээр байрлах утас, имэйл хаягаар холбогдон хуваалцаарай.

Хугацаа: 2024.01.25-ны өдрөөс 2024.01.31-ны өдөр хүртэл хүлээн авна.

Холбоо барих:

86063636 (Б.Алтанзул) - altanzul.b@mcaa.gov.mn

99931267 (Ч.Энхжаргал) - enkhjargal.ch@mcaa.gov.mn

89117531 (Б.Пүрэвсүрэн) - purevsuren.b@mcaa.gov.mn

Холбоотой мэдээ

ИНЕГ, ИНҮТ-ИЙН АЖИЛТНУУДАД “MARS-V” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2023/11/16

ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газраас зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр боллоо. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-ийн зочноор Монгол Улсын Шадар сайдын ахалсан “Mars-V” төслийн менежер Д.Энхтүвшин, Модуль хөгжүүлэлтийн багийн ахлагч З.Дөлсайхан нар оролцож, тус төслийн талаар ИНЕГ-ын дарга, удирдлагууд болон харьяа газар нэгжийн ажилтнуудад танилцууллаа. Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн хэрэгжүүлж буй “Mars-V” төсөл нь Монголын говьд: 1.      Марс гараг дээр амьдрахад шаардлагатай ур чадварыг нутагшуулах, техниктэй ажиллах мэдлэг олж авах, туршлага хуримтлуулах, багийн ажиллагаа болон амьдрах чадвараа нэмэгдүүлэх сургалтын төв байгуулах; 2.      Марс гарагийг судлах технологиудыг төсөөтэй орчинд судлах, хамтарсан судалгаа хийх, олон улсын оролцоо бүхий шинжлэх ухааны судалгааны төв бий болгох; 3.      Марсын амьдрах орчныг хамгийн төсөөт орчинд нь мэдэрч, Марс явах хүмүүсийг бэлтгэдэг хөтөлбөрөөр өөрийгөө сорьж үзэхийг хүссэн аялагчдад зориулсан тусгай сонирхлын аялал жуулчлалын хөтөлбөр бүхий төв байгуулах үндсэн зорилготой байна. Өөрөөр хэлбэл, Марс гарагт судалгаа хийх багийг бэлтгэх сургалтын төвийг байгуулж, сансрын технологийн хөгжлийг Монголд нутагшуулахаас гадна сансрын мэдрэмж, туршлага авахыг хүссэн сонирхогчдод зориулсан тусгай сонирхлын аялал жуулчлалыг Монгол орны зарим бүс нутагт хөгжүүлэх зорилготой төсөл юм. Монголын говийн цаг уур, хөрс, орчин нөхцөл Марс гараг дээрхтэй төстэй учраас сансар огторгуйд аялах боломж зөвхөн сансрын нисгэгчид бус, хүн бүрд нээлттэй байх боломжтой гэдгээрээ онцлог байна. Эхний ээлжид төслийн суурь баазыг Өмнөговь аймагт байгуулж,  сургалтын хөтөлбөрөө Дундговь аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг хэллээ. “MARS-V” төслийн үйл ажиллагааг дэмжин ажиллах ажлын хэсэгт ИНЕГ-ын дарга гишүүнээр ажиллаж байгаа. Мэдээллийн цагийн төгсгөлд “MARS-V” төслийн багийн зүгээс төслийг хэрэгжүүлэхэд Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  

ИНЕГ, ИНҮТ-ИЙН АЖИЛТНУУДАД “ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2024/05/10

ИНҮТ-өөс зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр /2024.05.10/ боллоо.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эрүүл Монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн үндэсний хэмжээний гурван хөдөлгөөн хэрэгжиж буй. Эдгээрийн нэг “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний талаар өнөөдрийн мэдээллийн цагаар ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба нэгжийн ажилтнуудад мэдээлэл өглөө.Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, “Эрүүл Монгол хүн” төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга, анагаах ухааны доктор О.Чимэдсүрэн, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш, сэтгэл заслын эмч, АУ-ны докторант Р.Энхтүвшин нар хүрэлцэн ирж мэдээллийг өгсөн юм. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгон, зан үйлийг өөрчлөх замаар бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн хувьд эрүүл, өв тэгш, Эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх зорилго бүхий тус хөдөлгөөн нь үндсэн 4 хэсэгтэй байна. Нэгдүгээрт, эрүүл орчин нөхцөлийг бий болгох. Хоёрдугаарт, эрүүл зан үйл буюу эрүүл хооллолтыг дадал болгох. Гуравдугаарт, ард иргэдэд байнгын зөв дадал буюу дасгал хөдөлгөөн хийхүйц зан үйлийг хэвшүүлэх. Дөрөвдүгээрт, иргэдэд эрүүл мэндийн боловсролыг системтэйгээр зөв олгох явдал. Эдгээрийг цогцоор нь бүрдүүлж чадвал Монгол иргэдийг өвчилснийх нь дараа эмчлэх бус нийтэд нь эрүүл байлгах боломж бүрдэнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан энэ үеэр хэллээ. “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь Монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг нь тэтгэх, бие бялдрыг нь анагаахын шинжлэх ухааны үндэстэй чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ гэдгийг мөн онцлов. Онцгой чиг үүрэг бүхий иргэний нисэхийн салбарт ажилтан, албан хаагчдын эрүүл мэнд хамгийн чухал асуудлуудын нэг байдаг. Тиймээс салбарын ажилтнуудынхаа эрүүл мэндэд онцгой анхааран ажиллаж байгаагаа ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр хэллээ.