ИНЕГ-ын даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны
өдрийн А/34 дүгээр тушаалаар баталсан “Иргэний нисэхийн ерөнхий газрын хувийн
ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалтны
жагсаалт”-д багтсан ХАСХОМ гаргах албан тушаалтнуудад зориулсан сургалт 2024
оны 01 дүгээр сарын 11-ний өдөр боллоо. Сургалтад 79 ажилтан танхимаар, 30 ажилтан цахимаар хамрагдлаа.
Авлигын эсрэг
хуулийн 10.3-т болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг
зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.3-д заасны дагуу мэдүүлэг
гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа
жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж өгөх үүрэгтэй
байдаг.
ИНҮТ-ийн
Захиргаа, хамтын ажиллагааны газрын менежер Д.Сувдаа ХАСХОМ мэдүүлэх үндэслэл,
ХАСХОМ гаргахад анхаарах асуудал, хөрөнгө, орлогоо бүрэн мэдүүлээгүй, худал
мэдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл өглөө.
Сургалтын төгсгөлд давхар ажил эрхлэх, гадаад улс,
түүний нутаг дэвсгэрт суралцах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зорилгоор тухайн улсын
банканд данс нээлгэсэн, мөнгөн хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө
өмчилсөн болон Гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүнээс бусад этгээдээс авсан
бэлэг, үйлчилгээ нь 1 сарын цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн, нэг жилийн
туршид авсан бэлэг, үйлчилгээний үнэ, хөлс тухайн ажилтны гурван сарын
цалинтай тэнцэх хэмжээнээс хэтэрсэн бол
30 хоногийн дотор тус байгууллагын эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэж, бүртгүүлэх ёстой
гэдгийг анхаарууллаа.
ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ИНҮТ-ийн дарга Э.Төрбаярт: 1. Нисэхийн спортын цогцолборын үйлчилгээг ажилтны гэр бүлийн гишүүдэд үнэ төлбөргүй болгох; 2. Жаргалант сэргээн засах амралтаар гэр бүлийн хамт 1 жилд 1 удаа /1 хоног/ үнэ төлбөргүй үйлчлүүлдэг болох гэсэн хоёр саналыг хүргүүлснийг дараах байдлаар шийдвэрлэжээ. Нэгд: ИНҮТ-ийн даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/33 дугаар тушаалаар ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа салбар, нэгжийн ажилтнуудын гэр бүлийн гишүүд (эхнэр, нөхөр болон ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд)-д Нисэхийн спорт цогцолбороос үзүүлж буй усан спорт, сургалтын үйлчилгээнд 50-70 хүртэлх хувийн хөнгөлөлт эдлэх, ажилтны ЕБС-ийн хүүхдүүдийг сагсан бөмбөг, гар бөмбөгийн дугуйланд үнэ төлбөргүй хамруулах; Хоёрт: Жаргалант сэргээх засах амралтын бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус амралтын үйлчилгээ үзүүлэх журам, үнэ тарифыг шинэчлэн батлахаар ажиллаж байгаа бөгөөд уг журамд ажилтны гэр бүлийн гишүүдэд үзүүлэх хөнгөлөлтийн талаар судалж, шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухай 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09-1/402 тоот албан бичгээр ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлд ирүүлсэн байна. ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн саналыг хүлээн авч, ажилтан албан хаагчид болон тэдний гэр бүлийг спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг олгосон ИНҮТ-ийн удирдлагуудад талархал илэрхийлье.