ЗТХЯ-наас батлан ирүүлсэн удирдамж, төлөвлөгөөний дагуу “Удирдлагын манлайлал-ажилтны эрүүл мэнд” сарын аян 2023 оны 12 дугаар сарын 05-наас 2024 оны нэгдүгээр сарын 05-ны өдрүүдэд иргэний нисэхийн салбарт үргэлжилж байна.
Сарын аянд ИНЕГ, ИНҮТ, түүний салбар нэгжүүд “НУБИЭ” ХХК, “МИАТ” ТӨХК, “Хүннү Эйр” ХХК болон агаарын тээврийн компаниуд нэгдсэн төлөвлөгөөний дагуу оролцож байгаа бөгөөд тайлангаа нэгтгэн ЗТХЯ-нд хүргүүлэх юм.
Сарын аяны хийгдэх ажлын төлөвлөгөөний хүрээнд ”Ажил амьдралын тэнцвэр” сэдвээр “Хөдөлмөр хамгаалал хүний хөгжлийн төв”-ийн захирал С.Дуламсүрэн иргэний нисэхийн салбарын хүрээнд зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”-т оролцож мэдээлэл өгсөн бол ИНЕГ, “МИАТ” ТӨХК, Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтран салбарын ажилчдын хүүхдүүдийнхээ дунд “Ажил амьдралын тэнцвэр-хүүхдийн нүдээр” гар зургийн уралдаан зохион байгууллаа. Уралдаанд 24 хүүхэд бүтээлээ ирүүлснээс уралдааны сэдэвтэй нийцэж буй байдал, зургийн ур чадвар, агуулга илэрхийлсэн байдал зэрэг үзүүлэлтээр мэргэжлийн зургийн багш нар дүгнэж байр эзлүүлсэн байна.
Иргэний нисэхийн үндэсний төвийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба өнөөдөр /2023.12.19/ ИНЕГ, ИНҮТ-ийн удирдлагуудад 2023 оны жилийн эцсийн тайлангаа тавилаа. НАБХА нь 2023 онд нийт 7 зорилт, 33 арга хэмжээ төлөвлөж жилийн эцсийн байдлаар хэрэгжилт нь 95,3%-тай байна. Түүнчлэн тус албанаас 2023 онд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын сэл цэгийг тодорхойлох судалгааг нисэх буудлын хашаа хамгаалалт, нэвтрэх цэг постуудад ИАТЦХ, “НУБИЭ” ХХК-тай хамтран хийж, 5 эрсдэлтэй цэгийг тодорхойлж, 3 эрсдэлтэй цэгийг засаж залруулсан байна. Мөн “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын сул цэгийг тодорхойлох судалгааг нисэх буудлын хашаа хамгаалалт, нэвтрэх цэг постуудад ИАТЦХ, БУОУНБ-тай хамтран хийж 7 эрсдэлтэй цэгийг тодорхойлон засаж залруулах арга хэмжээг авч ажиллажээ. Тус албанаас 2023 онд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын аюулгүйн хамгаалалттай бүсэд онцгой үүргийн 48, тусгай үүргийн 95, түргэний 261 нислэг, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын аюулгүйн хамгаалалттай бүсэд онцгой үүргийн 29, тусгай үүргийн 260, түргэний 76 нислэгт хамгаалалтын үйлчилгээ үзүүлжээ. Аюулгүй байдлын үзлэг шалгалтаар 64,547хориглосон эд зүйлсийг илрүүлэн хураан авч, зохих журмын дагуу шийдвэрлэн, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна. Тус алба нь Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний нэр томьёо, цар хүрээг оновчтой тодорхойлж, хууль эрх зүйн бодлогын баримт бичигт тусгуулах зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлснээр Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ нь анх удаа хуульчлагджээ. Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын нисэхийн аюулгүй байдлын аудитын хөтөлбөрийн байнгын хяналтын аргачлалын хүрээнд Монгол Улсад хийх аудит шалгалтад 2023.10.10-ны өдрөөс 2023.10.20-ны өдрийн хооронд амжилттай хамрагдсан байна. Тус албаны тайлангийн төгсгөлд ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа үндсэн үйл ажиллагаагаа байнга хянаж ажиллах мөн цаашид аюулгүй байдлын хамгаалалтын чиглэлээр үр ашигаа нэмэгдүүлэх, бизнес чиглэлээр үйл ажиллагаа явуулж, орлогоо нэмэгдүүлэх боломжийг судлан, хэрэгжүүлэх чиглэл өглөө.
Монголын анхны хувийн хөрөнгө оруулалттай агаарын тээвэрлэгч “Аэро Монголиа” ХХК 2023 оны 11 дүгээр сарын 24-нд хоёр дахь Airbus 319-115 агаарын хөлгөө хүлээн авлаа. Airbus үйлдвэрийн 143 хүний суудалтай Airbus 319-115 агаарын хөлгийг үйл ажиллагаандаа нэгтгэснээр Аэромонголиа ХХК олон улсын хуваарьт нислэгүүдийг хэвийн үйлдэн, нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, харьцангуй хямд зардлаар Сөүл, Токио, Ханой, Хөх хот зэрэг хотууд руу аялах боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн Хятад, Солонгос, Сингапур болон Вьетнам гэх мэт тогтмол аялал жуулчлалын олон чиглэл рүү аялал жуучлалын компаниудтай хамтран захиалгат нислэг үйлдэх боломж илүү нээлттэй болно. 2003 оноос олон улсын болон орон нутгийн чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй Монголын анхны хувийн хөрөнгө оруулалттай агаарын тээврийн компани “Аэро Монголиа” ХХК нь Аirbus 319-112 /145 хүний суудалтай/, Airbus 319-115 /143 хүний суудалтай/, Embraer ERJ145 /50 хүний суудалтай/, Embraer ERJ145 /50 хүний суудалтай/ агаарын хөлгүүдтэй. Тус компани олон улсын нислэгийн чиглэлд Сөүл, Токио, Ханой, Эрхүү, Хөх хот, Тяньжин, орон нутагт Мөрөн, Баян-Өлгий, Даланзадгад, Ховд, Завхан, Увс, Алтайн чиглэлд нислэг үйлдэж байна.
Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба 2024 онд 32 улсын 150 мянга гаруй нислэгийг төлөвлөн ажиллаж байна. Энэ нь 2023 оноос 10 хувиар, цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 7 хувиар өссөн үзүүлэлт юм.