ХОЛБОО НАВИГАЦИ, АЖИГЛАЛТЫН АЛБА 2023 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

2023/12/22

Холбоо, навигаци, ажиглалтын алба 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлыг тус албаны дарга Г.Баттөгс танилцууллаа.  Холбоо, навигаци, ажиглалтын алба нь өнөөдрийн байдлаар 8 хэсэг, 4 тасагтай, нийт 181 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил өнөөдрийн байдлаар 96.4 хувийн гүйцэтгэлтэй байгааг хэллээ. 2023 оны онцлох ажлуудаас дурдвал:

1.     Агаар-газрын алсын удирдлагатай станцын шинэчлэл (IP RCAG 11 байрлал) Албаны даргын тушаалаар 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад оруулсан. Үр дүнд нь 11 станц шинээр нэмж суурилуулснаар 32 радио станцтай болж, радио холбооны бүрхэлт 2-3 давхар бүрхэлттэй болсон. Дээд агаарын зайд 3 сектороор нөөц ажлын давтамж үүсгэх боломжтой болсон. Алсын станцуудыг төвөөс хянаж, удирдах, тохиргоо хийх бүрэн боломжтой болсон.

2.     Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагад нөөц радио давтамжуудыг нэвтрүүлэх ажлын хүрээнд суурилуулалтын хувьд 13 байрлалд нөөц ажлын давтамж үүсгэж, шинэ RCAG станцууд суурилуулах явцад тохиргоо бүрэн хийгдсэн. 2024 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулна. Үр дүнд нь агаарын навигацийн холбооны үйлчилгээний найдвартай ажиллагаа дээшилж, холбоо алдагдах эрсдэл буурна гэж үзэж байна.

3.     Дуун холболтын зангилаа төхөөрөмжийн шинэчлэл. ИНҮТ-ийн даргын тушаалаар 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ашиглалтад оруулсан. Үр дүнд нь IP технологид суурилсан. Холбогдох станцын тоо 3 дахин нэмэгдсэн. Нислэгийн удирдагчийн 50 ажлын байртай. Ажлын байрны тоо 2 дахин нэмэгдсэн. Бие даасан үндсэн нөөц системтэй.

4.     Нисэхийн мэдээ зохицуулах систем (AMHS) ИНҮТ-ийн даргын тушаалаар Нисэхийн мэдээ зохицуулах үйлчилгээг 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ОХУ-тай холболтыг хийж, ашиглаж эхэлсэн. Бээжин AMHS төвтэй хийх холболтын ажил 2024 оны 2 дугаар улиралд хийгдэхээр хүлээгдэж байна. Үр дүнд нь 2008 оноос ашиглаж байгаа AFTN системийг бүрэн шинэчилнэ. Орон нутаг, олон улсад IP протоколоор мэдээллүүд бүрэн дамжих боломжтой болно. Текст, зураг, график, диаграм, хүснэгтэн мэдээлэл дамжуулах боломжтой.

Холбоо, навигаци, ажиглалтын албаны зүгээс ажилтнуудын цалинг нэмэх, автоматжуулсан системийн сайжруулалт (AIRCON-2100) хийх, нийт ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, 3 радарын шинэчлэл хийх зэрэг шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлууд байгааг тайлангийн төгсгөлд танилцууллаа. 



Холбоотой мэдээ

НИСЭХИЙН ХЭЛНИЙ УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫГ ЭХ ОРОНДОО АВЧ ЭХЭЛЛЭЭ
2023/12/14

Нисэхийн хэлний ур чадварын TEAC /TEST OF ENGLISH FOR AVIATION COMMUNICATION/ шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс манай улс дотооддоо авч эхэллээ. 2019 онд, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/ хэлний ур чадварын шалгалттай холбоотой асуудлыг тухайн улс орон өөрсдөө боловсруулж үйл ажиллагаандаа ашиглах зөвлөмжийг гаргасан. Энэ дагуу Монгол Улсын ИНЕГ нь шалгалтад хамрагдах зорилтот бүлгийн хэлний ур чадварын түвшинг хүлээн зөвшөөрөгдсөн хоёрдох шалгалтаар тогтоолгох, Монгол Улсад байнгын хэлний үнэлгээний болон хяналтын систем тогтоох, хүлээн зөвшөөрөгдсөн ICAO-ийн стандарт шаардлагад нийцсэн шалгалтыг цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх зорилгоор боловсруулах ажлыг эхлүүлсэн юм. ИНЕГ-ын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны А/154 тоот тушаалаар томилогдсон ICAO-ийн хэлний ур чадварын шалгалт боловсруулах ажлын хэсэг нь TEAC шалгалтыг ICAO-ийн Док. 9835 ийн дагуу үзүүлэлт, агуулга, материал, үйл ажиллагааны заавар зэргийг өөрийн улсын стандарт, үйл ажиллагааны шаардлагад нийцүүлэн боловсруулж, ИНЕГ-аас албан ёсны зөвшөөрөл авснаар хэлний шалгалт авах үйл ажиллагаанд ашиглаж эхэллээ. ИНЕГ-ын даргын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлын ТЕАС шалгалттай холбогдох үйл ажиллагааг Иргэний нисэхийн үндэсний төв хариуцан, шалгалтыг Нисэхийн сургалтын төв зохион байгуулж, шалгалтын үйл ажиллагаанд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба хяналт тавьж ажиллахыг тус тус үүрэг болгосны дагуу шат дараалсан арга хэмжээг авсан байна. TEAC шалгалтыг тус салбарын нисэхийн англи хэлний мэргэжилтнүүд болон нисэхийн нарийн мэргэжлийн экспэртүүд МАБТА-тай хамтран боловсруулсан бөгөөд хэл шинжлэлийн ухааны мастер, докторын зэрэглэлтэй экспертүүдээр хянуулж, дүгнэлт гаргуулсан байна. “Энэхүү шалгалт нь харьцангуй бага зардлаар богино хугацаанд чанарын өндөр түвшинд боловсруулагдаж, бие даасан, тогтвортой, чанартай хэлний шалгалтын үйлчилгээг хямд өртгөөр өгөх боломжийг нисгэгч, нислэгийн хөдөлгөөний  удирдагч нарт олгох чухал ач холбогдолтой” гэдгийг шалгалтын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж хэлсэн үгэндээ ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр онцоллоо. Нисэхийн хэлний ур чадварын шалгалтыг эх орондоо авч эхэлж буй түүхэн үйл ажиллагаанд ИНЕГ-ын НААХЗА-ны дарга П.Ганболд болон шалгалт авах мэргэжилтнүүд, албаны бусад хүмүүс оролцлоо.  

МОНГОЛ УЛСЫН ИРГЭД АНЭУ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ МАЛЬДИВ УЛС РУУ ТУС ТУС 30 ХҮРТЭЛХ ХОНОГ ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БОЛЛОО
2024/01/03

Арабын Нэгдсэн Эмират Улс руу визгүй зорчих асуудлаар Абу Даби хотноо 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Дипломат, албан/тусгай, сервис болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т хоёр тал гарын үсэг зурсан. Энэхүү  харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Монгол Улсын бүх төрлийн гадаад паспорт эзэмшигч иргэд Арабын Нэгдсэн Эмират Улс руу 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болсон. Мөн “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Мальдив улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг 2023 оны наймдугаар сарын 17-ны өдөр Дели хотноо байгуулсан. Энэхүү хэлэлцээрийн дагуу Монгол, Мальдив хоёр улсын бүх төрлийн гадаад паспорт эзэмшигчид 2024 оны нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчихоор боллоо.