АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ДУЛААН САНТЕХНИКИЙН АЛБА АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

2023/12/19

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа салбар, нэгжийн 2023 оны тайлангийн хурал үргэлжилж байна. Аж ахуйн үйлчилгээ, дулаан сантехникийн алба үндсэн 64, гэрээт 38 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тус алба нь цэвэрлэгээ үйлчилгээ, гадна тохижилт, барилга захиалагчийн хяналт, барилга засвар, аюулгүй байдлын хамгаалалт, ариутгал, халдваргүйтгэл, мэрэгчгүйтгэл чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн ИНЕГ, ИНҮТ болон тэдгээрийн харьяа нийт 27 барилга байгууламжийн дулаан сантехник, агааржуулалт салхивч, хөргөлтийн систем, инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжүүдийн тасралтгүй, хэвийн ажиллагааг хангаж, ашиглалт үйлчилгээг 24 цагаар хариуцан ажилладаг. 


2023 оны жилийн эцсийн байдлаар IMCAA- гаар 99, утсаар 115 нийт 214 дуудлагыг барагдуулжээ. Тус алба нь 2023 онд нийт 26 ажил төлөвлөж одоогийн байдлаар гүйцэтгэлийн хэрэгжилт нь 98,4%-тай байна. Цаашид тус албанаас хариуцан ажиллах ажлын цар хүрээ, обьектын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор орон тоо нэмэгдүүлэх, агааржуулалтын болон хөргөлтийн системийн тоног төхөөрөмжүүдийг хэсэгчлэн шинэчлэх, ажлын хэрэгцээнд жижиг оврын эксковатор худалдан авах, ААБЗХ-т зориулалтын суурин тоног төхөөрөмжийг суурилуулж захиалгат болон төлбөртэй засвар үйлчилгээг хийх, ДСАХ-ийн үндсэн чиг үүргийн хүрээнд төлбөртэй ажил үйлчилгээ үзүүлэх шаардлагатай байгаа талаараа тайлангийнхаа төгсгөлд хэллээ.

Холбоотой мэдээ

ГАЗРЫН ТУСГАЙ ҮЙЛЧИЛГЭЭ, ШАТАХУУН ХАНГАЛТЫН АЛБА 2024 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 43 АГААРЫН ХӨЛӨГТ ГАЗРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭН АЖИЛЛАЖЭЭ
2024/07/04

ИНҮТ-ийн харьяа Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нь Агаарын хөлгийн болон аэродромын үйлчилгээний тусгай зориулалтын автомашин, тоног төхөөрөмж, механизмын хангалт, нийтийн болон технологийн тээвэр, техник үйлчилгээ, засвар, шатахуун хангалтын үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх үндсэн чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.Тус албаны хамт олон олон улсын стандарт шаардлагад нийцсэн нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан газрын үйлчилгээг тусгай зориулалтын автомашин, механизм, тоног төхөөрөмжөөр гадаад, дотоодын агаарын хөлөгт үзүүлэх, аэродромын талбайн цэвэрлэгээний хэвийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж, иргэний нисэхийн системийн бүх төрлийн авто тээврийн үйлчилгээ болон төв, орон нутгийн нисэх буудлуудын шатахуун хангалт, засвар үйлчилгээг үзүүлдэг тусгай чиг үүргийн нэгж юм.Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нийт 173 орон тоотой бөгөөд үүнээс 54 ажилтан ердийн цагийн хуваариар буюу өдрийн 8 цагаар, 119 ажилтан ээлжийн зохион байгуулалтаар ажилладаг. Өнөөдрийн байдлаар албаны харьяанд 121 автомашин, механизм, тоног төхөөрөмж, 25 чиргүүл, нийт 146 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.2024 оны эхний хагас жилийн байдлаар тус алба “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд нийт 43 агаарын хөлөгт 11 нэгж газрын техник, тоног төхөөрөмжөөр давхардсан тоогоор 139 удаа үйлчилгээ үзүүлжээ.Нийт 14 аж ахуйн нэгжтэй агаарын хөлгийн шатахуун тээвэрлэх гэрээ байгуулан, шатахуун тээвэрлэлтийг зохион байгуулан ажиллаж байна. 2024 оны эхний хагас жилд нийт 675.8 тонн агаарын хөлгийн шатахууныг орон нутгийн нисэх буудлууд болон захиалгат газруудад тээвэрлэн хүргэсэн байна. Мөн “Чингис хаан” ОУНБ дахь Шатахуун хангалтын албанд 5.360.000 литр ТС-1 төрлийн шатахууныг тээвэрлэн хүргэжээ.Мөн Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын алба нь 1994-2024 он хүртэл Нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 18 мянга 828 машин/өдөр ажиллаж, 250 мянга 998 цагийн ажил үйлчилгээ үзүүлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар том оврын 8 автобусаар ИНЕГ, ИНҮТ болон МИАТ ТӨХК, NUBIA компанийн нийт 630 гаруй ажилтныг өглөө, оройдоо 7 чиглэлээр тээвэрлэн ажиллаж байна.

ОЛОН УЛСЫН БОЛОН ОРОН НУТГИЙН ХУВААРЬТ НИСЛЭГИЙН ӨВЛИЙН ЦАГИЙН ХУВААРЬ БАТЛАГДЛАА
2024/09/12

2024-2025 оны өвлийн улирлын олон улс болон орон нутгийн хуваарьт нислэгийн цагийн хуваарь батлах Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл”-ийн 2 дугаар хурал 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр боллоо. Хурлаар гадаад болон дотоодын агаарын тээвэрлэгчдээс ирүүлсэн нислэгийн хүсэлтийг хэлэлцэн, өвлийн улирлын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд баталлаа. Өвлийн улирлын хугацаанд олон улсын нислэгт нийт 13 агаарын тээвэрлэгчийн 4866 нислэг төлөвлөсөн нь 2019 онтой харьцуулахад 49.8 хувиар, 2023 онтой харьцуулахад 7.1 хувиар өссөн байна. 2024-2025 оны өвлийн улиралд шинээр Хо Ши Минь, Ордос, Санья, Хайнан болон Прага чиглэлүүдийн нислэг нэмэгджээ. Түүнчлэн орон нутгийн хуваарьт нислэгт “МИАТ” ТӨХК 8 чиглэлд 660 нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна.