НХҮА-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “НИСЛЭГИЙН ЯРИА-2023” хэлэлцүүлэг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын хурлын танхимд ИНҮТ-ийн холбогдох албад болон Агаарын тээвэрлэгчдийн төлөөлөл оролцсон өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдлаа.
Энэхүү хэлэлцүүлгийг нээж НХҮА-ны дарга Г.Батбулган хэлсэн үгэндээ “GANP, SEAMLES ATM -ын хүрээнд “Хил хязгааргүй нисэх 2030” бодлого төлөвлөлтийн хөтөлбөрийн хэрэгжилтэд нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг улам чанаржуулах, нислэгийн хөдөлгөөний удирдагчдын мэдлэг, ур чадварыг сайжруулахаас гадна агаарын зайн зохион байгуулалтыг боловсронгуй болгох, ОУ-ын стандартад нийцүүлэх шаардлага бидний өмнө тулгараад байна. Нислэгийн яриа нь агаарын навигацийн үйлчилгээний байгууллагууд, агаарын тээвэрлэгчид хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг нэгтгэж, ололт амжилтыг бататгах чухал ач холбогдолтой ажил болдог юм” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Хэлэлцүүлэг “Олон улсад мөрдөгдөж буй ажиглалтын удирдлагын стандарт зайчлал нэвтрүүлэх” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд НХҮА-ын хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа, Стандарт ажиглалтын удирдлагын зайчлал нэвтрүүлэх, Төвийн бүсийн ажиглалтын төхөөрөмжийн судалгаа, "Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын хэрэглэлийн нислэгийн журмууд, 2024-2029 оны нислэгийн урсгал төлөвлөлт, "Чингис Хаан" Олон улсын нисэх буудлын Хөөрөх буух зурвасын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвар гэсэн сэдвүүдээр танилцуулга, хэлэлцүүлэг хийгдэж санал, дүгнэлтээ нэгтгэсэн байна. Хэлэлцүүлгээс 2016 онд Ойртолтын ажиглалтын удирдлагын үйлчилгээ нэвтрүүлсэн нь Улаанбаатарын ойртолтын бүсэд Аюулгүй, үр ашигтай, дэс дараалалт хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэхэд дөхөм болсон ба цаашид ДОК4444-т заагдсан ажиглалтын удирдлагын зайчлалд шилжин шинэ технологи нэвтрүүлж нислэгийн агаар болон газар дахь хүлээлтийг багасгах, чиг шулуун нислэгийн зам олгох замаар агаарын тээвэрлэгчийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн дүгнэсэн байна.
Мөн хэлэлцүүлгийн үеэр Вектор олгох аюулгүй бага өндөр, ойртолтын төгсгөлийн сегмент тогтоох, хэт хүйтэн температурын засвар оруулах зэрэг нислэгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хөндөж ярилцсан байна. Энэхүү хэлэлцүүлэгт оролцсон Агаарын тээвэрлэгчдийн төлөөллүүд сүүлийн жилүүдэд нислэгийн хөдөлгөөний удирдлага,үйлчилгээ илүү сайжирч,боловсронгуй болж байгаа талаар тэмдэглэн хэлж байлаа.
Монгол Улс, ОХУ-ын нутаг дэвсгэрийг дамнасан “Торгоны зам-2024” /Silk Way Rally/ олон улсын бартаат замын авто ралли уралдаан 2024 оны 07 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд манай улсад амжилттай болж өндөрлөсөн.Бартаат замын тэсвэр тэвчээрийн шалгуур, эр зоригийн энэхүү уралдааныг 2009 оноос хойш зохион байгуулж байгаа юм. Монгол орны нутаг дэвсгэрийг дамнан хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан энэ удаагийн уралдаан нь ОХУ-ын Томск хотоос эхэлж, Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор нэвтрэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн газар нутгийг дайрч, Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд барианд орох маршрутаар нийт 5500 орчим км замыг туулахаар зохион байгуулагдсан юм. Уралдаан зохион байгуулахтай холбоотойгоор ИНЕГ, ИНҮТ-өөс ИНҮТ-ийн ҮҮГ-ын дарга Г.Мөнгөнхуягаар ахлуулсан ажлын хэсэг гарч, уралдааны зохион байгуулалтад амжилттай оролцож ажилласан. Ажлын хэсгийн зүгээс улсын хилээр нэвтрэн орох, гарах нислэг, дотоодод нислэг үйлдэх хүсэлтийг “Silk way rally” компаниас холбогдох формын дагуу гаргуулан авч, нислэгийн зөвшөөрлийг олгох, уралдааны явцад агаарын хөлгүүд, нисдэг тэрэгний нислэг үйлдэх маршрутын дагуу агаарын зайг бүсчлэн хязгаарлалттай бүсээр тогтоож, холбогдох NOTAM мэдээг зарлуулах, уралдааны үеийн нислэгийн дэлгэрэнгүй төлөвлөлтийг гаргуулан авч, үйл ажиллагааны төлөвлөлтөд ашиглах зэргээр зохион байгуулалтад амжилттай оролцон ажилласан байна.Мөн уралдааны нислэгийн үйл ажиллагааг зохион байгуулах штаб “Буянт-Ухаа” ОУНБ-д байрлан ажиллаж, 2024 оны 07 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд тус нисэх буудалд олон улсын нислэгийн үйл ажиллагааг зохион байгуулж, уралдааны зохион байгуулагч, оролцогчдын нийт 400 орчим зорчигчийг ОХУ-ын Москва, Новосибирск, Бегишево нисэх буудал руу тээвэрлэсэн байна.“Торгоны зам-2024” олон улсын бартаат замын авто ралли уралдааныг зохион байгуулахад хамтран ажиллаж, амжилттай ажилласанд талархал илэрхийлж, тус уралдааны захирал ноён В.Г.Чагин ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа, ИНҮТ-ийн ҮҮГ-ын дарга Г.Мөнгөнхуяг, НХНАА-ны Ерөнхий инженер Б.Цогоо нарт талархал хүргүүллээ.“Торгоны зам-2024” уралдаанд 278 тээврийн хэрэгсэл, оролцогч сонирхогч 752 хүн Монгол Улсад ирсэн бөгөөд уралдаанд 30 орны 111 тээврийн хэрэгсэл уралдаж оролцжээ. Монгол Улсаас тус уралдааны нислэгийн ажиллагаанд Геосан, Skyjet компанийн 2 агаарын хөлөг, 3 нисдэг тэрэг оролцсон. Харин ОХУ-аас 1 агаарын хөлөг, 2 нисдэг тэрэг оролцсон байна.
“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт ИНҮТ-ийн Шатахуун хангалтын албаны хамт олон оролцлоо. “ШАТАХУУН ХАНГАЛТЫН АЛБА” Шатахуун хангалтын алба үүсэн байгуулагдсан цагаасаа хойш хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа танилцуулаач? Г.Баттулга /Дарга/ 2021 оноос Чингис хаан олон улсын нисэх буудалд дотоод болон гадаадын бүх төрлийн агаарын хөлөгт зөвхөн манай алба шатахууны сумлагаа хийж байгаа бөгөөд 2022 онд 34693 тн, 2023 онд 55816 тн, 2024 оны эхний 7 сарын байдлаар 37768 тн шатахуун сумлаад байна. Таны ажлын онцлог. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол? П.Болдбаатар /Ээлжийн инженер/ Ээлж хүлээж авснаар өдөр тутмын ажил маань эхэлдэг. Үүнээс шатахуун хадгалах савны чанарын тунадаслагаа, шатахуун хүлээн авах, сумлагч автомашинд ачилт хийх, агаарын хөлгийн сумлагаа хийх гидрант системийн технологийн шугамын хаалтуудыг шалгах, гидрант системийн доод цэгийн тундаслагаа, технологийн худгийн үзлэг гэх мэт, технологийн үзлэг шалгалтыг өдөр тутамдаа хийдэг. Ажил мэргэжлийн онцлог гэвэл манай Шатахуун хангалтын алба нь Монгол улсад нэвтэрсэн гидрант системтэй. Үүгээр онгоц сумлах технологийн үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажилладаг. Та хэдэн жил ажиллаж байна вэ? Ажилдаа сэтгэл ханамж хэр байдаг бол? Д.Цолмон /Ахлах инженер химич/ Би агаарын хөлгийн шатахууны чанарыг хянах салбарт 15 дахь жилдээ ажиллаж байна. Аюулгүй нислэгийн чухал хэсэг болох шатахууны чанарыг хянадаг лабораторийн чадварлаг инженер химичид болон нислэг үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагааг хангахад бүхий л хүч чадлаа дайчлан ажилладаг лаборатори болон бусад хэсгийн инженерүүд, ШХА-ны нийт ажилчдаараа маш их бахархаж, сэтгэл хангалуун ажилладаг. Дашрамд, лабораторийн инженер химичид маань ажилдаа хичээнгүй, хариуцлагатай хандаж, чадварлаг баг болон ажилладагт баярлаж явдгаа илэрхийлье. Манай улсад анх удаа агаарын хөлгийг гидрант системээр цэнэглэж байгаа. Энэ ажлын давуу талаас танилцуулаач? У.Амгалан /Ерөнхий инженер/ Гидрант систем нь шатахууны агуулахаас “Чингис хаан” олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн зогсоол буюу перрон талбай руу 1920 метр урт, 40 см диаметртэй хос гидрант шугам хоолой, агаарын хөлөг сумлах 14 ширхэг гидрант хавхалга, технологийн 4 худаг, өндөр даралтаас хамгаалах гидроамортизатор, гидрантын 4 насос, шүүр-сеператор, зэврэлтээс хамгаалах катодын төхөөрөмж зэргээс бүрддэг цогц систем юм. Энэ системийн давуу тал нь 1000 галлон /мин буюу 3785 литр/ мин урсгалын хурдаар 3 агаарын хөлгийг нэгэн зэрэг сумлах хүчин чадалтай. Та мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэх тал дээр хэрхэн анхаардаг бол. Өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ? Б.Батбаяр /Сав тоног төхөөрөмжийн инженер/ Гидрант систем нь бүрэн автомат, өмнө нь Монголд байгаагүй технологи. Нисэхийн аюулгүй байдалтай шууд холбоотой учраас бэлэн байдал болон ажиллагааны шаардлага өндөр байдаг. Энэ системийн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэгчийн заавар, ашиглалтын гарын авлагыг судлалж ойлгох, ашиглалтын бэлэн байдлыг хангах нь мэргэжлийн хувьд өсөж дэвжих боломжтой болгодог. Ажил болоод хамт олныхоо талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач? Б.Цогт-очир /Ээлжийн систем хянагч оператор/ Намайг Б.Цогт-Очир гэдэг. Би 2022оны 05 сараас хойш “Шатахуун ханалтын алба”-нд “Ээлжийн систем хянагч-оператор”-оор ажиллаж байна. Манай хамт олон нь маш халуун дулаан уур амьсгал дор ажил үүргээ гүйцэтгэн, үргэлж нэг нэгнийгээ дэмжин ажилладаг ба ажилд анх орсон цагаас минь хойш тусалж дэмжсээр өдийг хүрсэнд нь ажлын хамт олондоо талархаж явдаг шүү. Нисэхийн салбарын ажлын онцлогийн талаар таны бодол. Та энэ салбарын юугаар бахархдаг вэ? Ч.Бат-эрдэнэ /Цахилгааны инженер Иргэний нисэхийн салбар бол Монгол улсын хамгийн чухал, тээврийн салбар дотроо хамгийн том салбар юм. Шинэ нисэх буудал дахь шатахуун хангалтын алба нь Улсын хэмжээндээ анхдагч тоног төхөөрөмж, автомашинууд ажиллуулж нутагшуулж байгаагаараа онцлог юм. 24 цаг тасралтгүй нислэг үйлдвэрлэлийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг онцгой салбар. Энэ ч утгаараа энэхүү хариуцлагатай ажлыг найдвартай хангаж ажилладаг инженер техникийн ажилтнууд Иргэний нисэхийн үе үеийн нийт ажилтан албан хаагчдаар бахархдаг. Хөшгийн хөндий өвөлдөө нэлээд хүйтэн газар. Өвлийн тасхийсэн хүйтэнд гадаа онгоц цэнэглэх хүнд ажил нь мэдээж. Шантрах үе гарах уу? Ц.Дагва /Цэнэглэгч машины жолооч-оператор/ Хөшгийн хөндий маань салхи ихтэй өвлийн -40 орчим хэмийн хүйтэнд сумлагаа явуулахад онгоцны адаптарт цэнэглэх хошуу ороход хүндрэлтэй, сальник хөлдөж шатахуун шүүрч бие болон хувцас, бээлий норох үеүд байдаг. -40 хэмийн хүйтэнд шатахуунаар норсон бээлий гар хайрдаг хөлдөөж байсан удаатай. Бидний ажил норсон хувцас бээлийгээ сольж ирээд сумлагаа хийнэ гэсэн асуудал байхгүй цагийн юм цагтаа, аюулгүй байдлаа хангаад сумлагаагаа дуусгасны дараа буцаж байгууллага руугаа орж байж хувцасаа сольдог. Бээлий норох үзэгдэл бол байнга учир машиныхаа паар нь дээр бээлийгээ тавин хатаагаад дараагийн сумлагаандаа ордог үеч байгаа. Бидний ажил хүнд үедээ хүнд сайхан үедээ ч сайхан. Би энэ алба, энэ ажилдаа дуртай. Шантрах үе байдаг ч албаны маань хамт ажилдаг хүмүүс их урам өгдөг дөө. Шатахуун хадгалалт, түгээлт онцгой хариуцлагатай ажил. Хяналт, шалгалт их ирэх үү? Давтамж нь ямар байдаг бол? Д.Цогтгэрэл /Чанарын мэргэжилтэн/ Хяналт шалгалт их ирдэг учир нь JIG-1, JIG-2 гэх мэт олон улсын стандартыг үйл ажиллагаандаа мөрддөг болохоор хөндлөнгийн аудит /гаднын авиакомпани, IFQP/ шалгалт 2022 онд 12 удаа, 2023 онд 10 удаа, 2024 оны 8 дугаар сарын байдлаар 8 удаагийн ирсэн байгаа. Жилд дунджаар 10 удаа, улиралд тутам 2-3 удаагийн давтамжтай аудит шалгалтад хамрагдаж байна. Боловсон хүчний хүрэлцээ хангамж хэр байгаа вэ? Ажилтнуудынхаа мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр төлөвлөсөн онцлог ажлууд юу байна? Г.Төмөрсүх /Захиргааны хэсгийн дарга/ Манай албаны суурь бүтэц бол Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд бууж, хөөрөх агаарын хөлөгт шатахуун сумлагааны үйлчилгээ үзүүлэх Шатахуун хангамжийн байгууламжийг ажиллуулах зорилготой үүсэн байгуулагдаж байсан. 2020 оны 5 дугаар сард 39 хүний бүрэлдэхүүнтэй бүтэц батлагдаж, бүх ажилтнуудыг сонгон шалгаруулалтын журмаар шалгаж, ажилд томилж байсан. Тухайн үeд тус салбар нэгжийн анхны даргаар томилогдож байсан хүний хувьд хэлэхэд маш чадварлаг,мэргэжлийн хамт олон бүрдсэн гэж бодож явдаг. Хүний нөөцийн хүрэлцээ, хангамжийн талаар хэлэхэд нислэгийн эрчимжилт, ажлын ачаалал нэмэгдсэнээс шалтгаалж, шат дараатайгаар орон тоо нэмэгдэж, одоогоор 47 хүний бүтэц, орон тоотойгоор ажиллаж байна. Цаашид нислэгийн тоо 2019 оны түвшинд хүрч, агаарын хөлөгт үзүүлэх сумлагааны тоо ихэссэн нөхцөлд ээлжийн хуваариар ажилладаг сумлагч болон цэнэглэгч машины жолооч-опeраторуудын орон тоог нэн тэргүүнд нэмэх шаардлагатай гэж үздэг. Өнөөдрийн байдлаар ч гэсэн маш ачаалалтай ажиллаж байгаа. Нийт ажилтнууд дотоодын сургалтын байгууллагууд болон Иргэний нисэхийн сургалтын төвийн сургалтад албаны сургалтын төлөвлөгөөний дагуу хамрагддаг. Мөн албаны дотоод сургалт Үйл ажиллагааны зааврын дагуу байнга явагдаж байдаг. Сүүлийн үeд ашиглалтын хугацаанаас шалтгаалж, сумлагч, цэнэглэгч машины тусгай хэрэглэлүүд, багаж, тоног төхөөрөмжүүд дээр эвдрэл, гэмтэл гарч, гаднын мэргэжилтэн өндөр зардлаар урьж авчрах тохиолдлууд гарч байна. Миний бодлоор энд ажиллаж байгаа инжeнeр тeхникийн ажилтнуудаа гадаад улсууд руу одоо ашиглагдаж байгаа машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн сургалтад тодорхой үe шаттайгаар явуулж сургавал байгууллагын төсөвт хэмнэлттэй, үр дүнтэй байх болов уу гэж бодож явдаг даа. “Aviation photo news”-ийн 31 дэх дугаарт оролцсон Шатахуун хангалтын албаны хамт олондоо баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.