Иргэний
нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий
газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/382 дугаар тушаалаар
батлагдсан тус төвийн шинэчилсэн бүтэц, орон тооны талаар нийт ажилтнууддаа
танилцууллаа. Уг шинэчилсэн бүтцээр ИНҮТ нь
нийт 6 газар, 199 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулах юм.
Иргэний нисэхийн үндэсний төв нь
гэрчилгээжсэн үйл ажиллагааны гадна байсан бол шинэчлэгдэж байгаа бүтцээр ИНҮТ
нь өөрөө гэрчилгээжигч байгууллага болж байгаагаараа илүү ач холбогдолтойгоос
гадна бүтцээр зохион байгуулагдаж байгаа нэгж бүр, ажилтан бүр ИНД-ийн
шаардлагыг хэрэгжүүлэгч, оролцогч болж байгааг төвийн дарга хурлын эхэнд онцлон
хэллээ.
ИНҮТ гэрчилгээжсэнээр хэд хэдэн боломжийг бий болгож
байна. Тухайлбал,
-
Үйлдвэрлэл
болон Хяналтын байгууллага тус тусын чиг үүргээ хэрэгжүүлэхэд нэг том алхмаар
ойртоно;
- Шийдвэр гаргаж буй албан тушаалтнууд Дүрмийн хүрээнд
шийдвэр гаргаж, хариуцлагатай байдал эрс дээшилнэ;
- Гадаад хамтын ажиллагаа нэг цонхны бодлогоор явагдана;
- Ажил үүргийн давхардал багасна;
- Шат дамжлага, үйлдвэрлэлийн ажилтнуудын хиймэл ачаалал
багасаж өөр өөрийн ажлаа хариуцлагатайгаар хийх нөхцөл бүрдэнэ;
- Нисэхийн бус мөн Дүрмээр шаардаагүй олон шаардлагагүй
ажлуудыг хувийн хэвшлээр хийлгэх тогтолцоо бүрдэж үндсэн ажилдаа төвлөрч
ажиллах боломж бүрдэнэ;
- Зардал, үр
өгөөж, өртөгт суурилсан эдийн засаг, санхүүгийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх
нөхцөл бүрдэнэ;
- Хуульд заасан Агаарын навигацийн, аэродромын, нисэх
буудлын мөн аюулгүйн хамгаалалтын үндсэн чиг үүргээ хариуцлагатайгаар
хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.
Иргэний
нисэхийн үндэсний төвийн дарга Э.Төрбаяр
ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд хамгийн түрүүнд анхаарч ажиллахаа
хэллээ. Жишээлбэл, Цагийн уян хатан зохицуулалтгүй байдлыг өөрчлөх; журамд туссан ажилтанд
ээлтэй зохицуулалтыг хориглохгүй; ажилтны үр дүнг үндэслэлгүй хасдаг байдлыг зогсоох, хэдхэн ур
чадвартай ажилтанд оногддог ажлын тэгш бус ачааллыг зогсоох зэргийг яаралтай
ажил хэрэг болгоно гэлээ.
2023 он Иргэний нисэхийн тухай хууль шинэчлэгдэн
батлагдсан, ICAO-ийн
шалгалтад амжилттай оролцсон, АНУ-руу шууд нислэг үйлдэхээр болсон, орон нутгийн нислэг
сэргэж, анх удаа орон нутгийн нисэх буудлуудаа концессоор гэрээлэх шийдвэр
гаргасан, “Чингис хаан” ОУНБ-д
хөөрөлт, буултын нислэг маш их хэмжээгээр нэмэгдсэн гээд онцлог жил болж байна.
Ирэх 2024 онд:
- Орон нутгийн нисэх буудлуудыг өөрсдийгөө санхүүжүүлдэг
болгох бизнес төлөвлөгөөг тухайн орон нутгийн онцлогт нь тааруулж гаргахын
төлөө чиглэл бүрийн экспертүүдтэй хамтран дахин цогцоор нь төлөвлөх ажил
хийгдэнэ.
- Нисэхийн аюулгүй ажиллагаанд шууд оролцдог нарийн
мэргэжилтнүүдийн англи хэлийг тогтмол сайжруулах арга хэмжээ авна.
- Орон нутгийн нисэх буудлуудын нислэгийн удирдагч, инженер,
техникийн ажилтнуудын харьяаллын асуудлыг ирэх жил төвийн харьяанд шилжүүлэх
ажлыг шийдвэрлэнэ.
- 100 жилийн ойг угтаж Нисэхийн музейг авиа компаниудтай
хамтран хөгжүүлнэ гээд олон ажил хийхээр төлөвлөж байгааг ИНҮТ-ийн дарга
танилцууллаа.
Хуралд ИНҮТ, түүний харьяа
салбар, нэгжийн удирдах албан тушаалтнууд танхимаар биечлэн, ОННБ-ын удирдлагууд болон нийт ажилтнууд
цахимаар хамрагдлаа.
Монгол Улсын Их хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт АНУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буанган болон албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Сайд С.Бямбацогт хэлэхдээ “Энэ оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэхүү айлчлалаар хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлж, эдийн засгийн агуулгаар баяжуулах, энэ хүрээнд талууд Монгол Улс, АНУ-ын хооронд олон жил яригдсан “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан нь түүхэн үйл явдал” хэмээн онцлоод, Монгол -Америкийн хооронд шууд нислэг хийх бэлтгэл ажлын хүрээнд санал солилцлоо. Дээрх хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улс, АНУ хооронд шууд нислэгтэй болох, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэд харилцан зорчих, худалдаа, аялал жуулчлалын салбарт шинэ боломж нээх, бизнесийн салбар дахь хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд томоохон түлхэц болно гэдгийг талууд уулзалтын үеэр илэрхийлээд, 2024 оны тавдугаар сард энэхүү нислэгийг амжилттай эхлүүлэхэд талууд хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллахаар ярилцлаа. Ташрамд дурдахад, энэхүү санамж бичиг байгуулснаар хоёр тал томилогдсон төлөөлөгчөөрөө дамжуулан байнгын харилцаа холбоотой ажиллаж, тээврийн салбарт хоёр улсын ашиг сонирхолд нийцсэн аливаа төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, хамтарсан судалгаа шинжилгээ хийх, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжих зэрэг олон ажлыг талууд хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгасан юм.Тухайлбал, аюулгүй, найдвартай, үр бүтээмжтэй, тогтвортой, тээврийн нэгдсэн системийг хөгжүүлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн нөөц бололцоо, туршлагыг уялдуулж, бүх төрлийн тээврийн харилцан сонирхсон гол асуудлаар тээврийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Энэ хүрээнд авто зам, хурдны авто зам, төмөр зам, дотоодын усан зам, транзит тээвэр, иргэний агаарын тээвэр, аюултай ачааны тээвэрлэлт зэрэг тээврийн бүх төрлөөр АНУ-тай хамтарч ажиллах юм.
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ой, Агаарын тээвэрлэгчдийн өдөр өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжийн нийт хамт олон баярын хурлаа хийж, ололт амжилтаа хэлэлцэн, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан ажилтнуудад төрийн болон салбарын шагнал гардууллаа. Тус арга хэмжээнд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон ИНЕГ-ын үе үеийн дарга, удирдлагуудын төлөөлөл оролцов. ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа иргэний нисэхийн салбарын нийт хамт олондоо баярын мэнд хүргээд “Бид 99 жилийн ойгоо ололт амжилт арвин угтаж байна. Тухайлбал, өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Иргэний нисэхийн тухай хуулиа шинэчлэн батлуулж, олон улсын 3 гэрээ, конвенцод нэгдэн орлоо. Мөн 5 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, 3 улстай нислэгийн багтаамж, давтамжаа нэмэгдүүллээ. Орон нутгийн нислэгийг сэргээж, тийзийн үнийг бууруулсан. Мөн олон улс болон орон нутагт нислэг үйлдэх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлсэн гээд амжилт арвинтай сайхан жил байлаа. Энэ бүгд салбарын нийт хамт олон та бүхний минь хүч хөдөлмөр гэдгийг онцлон хэлмээр байна” гэлээ. Нисэх хүчний 99 жилийн ойн хүрээнд Иргэний агаарын тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, хамт олноо манлайлсан ажилтнуудад төрийн болон салбарын шагнал гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор Нисэхийн сургалтын төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багшлах мэргэжилтэн Б.Амарсайхан, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ашиглалтын инженер Л.Энхбаатар, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны нийтийн тээврийн жолооч Ц.Энхболд нарыг шагнаж урамшууллаа. Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр НААХЗА-ны Агаарын навигацийн хяналтын хэлтсийн Хэрэглэлийн нислэгийн журам хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Ю.Золзаяа, ИНҮТ-ийн СЭЗТГ-ын эдийн засагч Д.Баярбаясгалан, ИНЕГ-ын өндөр настан Л.Батцэцэг нарын 20 хүнийг, Авто тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр ИНЕГ-ын өндөр настан Д.Баярхүүг, “Онц тээвэрчин” хүндэт тэмдгээр МИАТ ТӨХК-ийн жолооч З.Наранбаатарыг тус тус шагналаа. ЗТХЯ-ны “Жуух бичиг”-ээр ИНҮТ-ийн Үйлдвэрлэл үйлчилгээний газрын Эдийн засгийн төлөвлөлт, судалгаа хариуцсан эдийн засагч Л.Цэнгэлбаяр, НХНАА-ны Шуурхай ажиллагааны хэсгийн ээлжийн ахлагч инженер Б.Ернар, ББАА-ны Дулаан сантехник, агааржуулалтын хэсгийн хөргөлтийн инженер Н.Цогбаяр нарын 10 хүнийг, ИНЕГ-ын “Жуух бичиг”-ээр ИНЕГ-ын БХХ-ийн Аюулгүй байдал, хялбаршуулалт хариуцсан мэргэжилтэн П.Золзаяа, ИНҮТ-ийн ХНУГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Хүсэлт нарын 18 хүнийг, ИНЕГ-ын “Баярын бичиг”-ээр ИНЕГ-ын ГХАХ-ийн Агаарын тээврийн статистик хариуцсан мэргэжилтэн С.Эрхэмбаяр, “Жаргалант” сэргээн засах амралтын тогооч Н.Мягмарсүрэн нарын 18 хүнийг тус тус шагнаж урамшууллаа.