Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулсан 5 төрөлт спортын арга хэмжээ 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд ИНЕГ болон Оношилгоо хэмжил зүйн лабораторийн 8 багийн нийт 109 ажилтан авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцсон байна. Тэмцээний нийт дүнгээр 1-р байрыг ИНЕГ-ын Захиргаа удирдлага, хууль, эрх зүйн хэлтсийн дарга З.Туяа ахлагчтай “НОГООН БАГ” эзэлсэн бол 2 дугаар байранд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Батбаяр ахлагчтай “БОР БАГ” орж, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа ахлагчтай “ЦАГААН БАГ” 3 дугаар байрыг тус тус эзэлсэн амжилттай оролцжээ. Нийт 8 багаас хамгийн сайн зохион байгуулалттай багаар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Хатанбаатар ахлагчтай “Ягаан Баг” тодорсон байна. Нийт оролцсон тамирчдадаа баяр хүргэж, ажлын болон спортын өндөр амжилтыг хүсье.
ИНҮТ-өөс зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр /2024.05.10/ боллоо.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Эрүүл Монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн үндэсний хэмжээний гурван хөдөлгөөн хэрэгжиж буй. Эдгээрийн нэг “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний талаар өнөөдрийн мэдээллийн цагаар ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба нэгжийн ажилтнуудад мэдээлэл өглөө.Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, “Эрүүл Монгол хүн” төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга, анагаах ухааны доктор О.Чимэдсүрэн, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш, сэтгэл заслын эмч, АУ-ны докторант Р.Энхтүвшин нар хүрэлцэн ирж мэдээллийг өгсөн юм. Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгон, зан үйлийг өөрчлөх замаар бие бялдар, сэтгэц, танин мэдэхүйн хувьд эрүүл, өв тэгш, Эрүүл Монгол хүнийг төлөвшүүлэх зорилго бүхий тус хөдөлгөөн нь үндсэн 4 хэсэгтэй байна. Нэгдүгээрт, эрүүл орчин нөхцөлийг бий болгох. Хоёрдугаарт, эрүүл зан үйл буюу эрүүл хооллолтыг дадал болгох. Гуравдугаарт, ард иргэдэд байнгын зөв дадал буюу дасгал хөдөлгөөн хийхүйц зан үйлийг хэвшүүлэх. Дөрөвдүгээрт, иргэдэд эрүүл мэндийн боловсролыг системтэйгээр зөв олгох явдал. Эдгээрийг цогцоор нь бүрдүүлж чадвал Монгол иргэдийг өвчилснийх нь дараа эмчлэх бус нийтэд нь эрүүл байлгах боломж бүрдэнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан энэ үеэр хэллээ. “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь Монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг нь тэтгэх, бие бялдрыг нь анагаахын шинжлэх ухааны үндэстэй чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ гэдгийг мөн онцлов. Онцгой чиг үүрэг бүхий иргэний нисэхийн салбарт ажилтан, албан хаагчдын эрүүл мэнд хамгийн чухал асуудлуудын нэг байдаг. Тиймээс салбарын ажилтнуудынхаа эрүүл мэндэд онцгой анхааран ажиллаж байгаагаа ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр хэллээ.