Улсын хэмжээнд өнөөгийн байдлаар нийт 20 аймгийн 216 сум, нийслэлийн хоёр дүүрэгт хаваржилт хүндэрч, нийт нутгийн 60 хувь нь цастай байна. Цаашид мал төллөлт хүндрэх төлөвтэй байгаа тул малчдадаа туслах аянд зам, тээврийн салбарынхан нэгдэж, нийт 555 сая 200 мянган төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст гардуулан өгөв. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж манай Монголчууд ярьдаг. Байгалийн эрхшээлд амьдардаг малчдадаа сэтгэлийн дэм үзүүлж, туслах аяныг салбарын сайдын санаачилгаар өрнүүлж, уг аянд Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний 13 харьяа байгууллага нэгдсэн юм. Дээрх мөнгөн хандиваас гадна Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Тавантолгой төмөр зам ХХК Өмнөговь аймгийн Ханбогд сумын онцгой байдлын шуурхай штабт 24.4 сая төгрөгийн үнэ бүхий 600 боодол өвс, 150 уут малын тэжээл, 28 кг хуурай сүү зэрэг тусламж үзүүллээ.
Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа Нисэхийн сургалтын төвийн багш нарт шагнал гардууллаа.Тодруулбал, Нисэхийн сургалтын төвийн гэрээт багш, Аэродромын албаны дарга С.Булганцэрэн, Нисэхийн сургалтын төвийн багшлагч мэргэжилтэн Б.Амарсайхан нарыг Боловсрол, Шинжлэх ухааны сайдын тушаалаар “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Нисэхийн сургалтын төвийн гэрээт багш, НБҮГ-ын Газрын үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Ц.Уянгыг Боловсрол, Шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнасныг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.
Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтэс 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Тус хэлтэс нь өнөөдрийн байдлаар 7 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 2023 онд хууль эрх зүйн чиглэлээр 15, дүрэм боловсруулалтын чиглэлээр 10, нийт 25 ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь жилийн эцсээр 84.8 хувийн биелэлттэй байгааг Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын хэлтсийн дарга П.Ариунболд танилцууллаа. Тус хэлтэс нь Иргэний нисэхийн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, төслийг боловсруулах, батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах; Салбарын хэмжээнд мөрдөж буй хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан дүрэм, журам, шийдвэрийн давхардал, хийдэл зөрчлийг арилгах, кодификаци хийх; Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын эрхлэх хүрээний асуудлаар гарсан эрх зүйн маргааныг шүүх, хууль хяналтын байгууллагаар хянан шийдвэрлэх ажиллагаанд байгууллагын удирдлагыг итгэмжлэлээр төлөөлөн оролцох, үр дүнг тайлагнах; Иргэний нисэхийн дүрмийн төсөл боловсруулах, батлуулах, батлагдсан дүрмийг сурталчлах ажлыг зохион байгуулах; Хууль заасан хариуцах чиг үүргийн хүрээний бус, байнгын ажиллагаатай орон тооны бус ажил үүргийг хэрэгжүүлэх; Хариуцах чиг үүргийн хүрээнд Иргэний нисэхийн даргаас батлан гаргах шийдвэр /тушаал, гэрээ, дүрэм, журам, бусад/-ийн эрх зүйн үндэслэлийг хянах чиг үүрэгтэй үйл ажиллагаагаа явуулж байна.