ТЕАС ШАЛГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА СЕМИНАРЫГ НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛНА

2023/12/07

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас 2019 онд Хэлний ур чадварын шалгалт боловсруулах зөвлөмж гаргасан бөгөөд хэлний ур чадварын шалгалтыг сонголттой болгох, үнэ өртгийг бууруулах, шалгалтын дүн үнэлгээг хурдан гаргах, үндэсний хэлний ур чадварын шалгалттай болох зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2021 оны оны 12-р сарын 20-ны өдрийн А/154 тоот тушаалаар Монгол улсад хэлний ур чадварын тест боловсруулах ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг хэлний ур чадварын ТЕАС /Test of English for Aviation Communication/ шалгалтыг зохих стандарт зөвлөмжийн дагуу үе шаттайгаар боловсруулж, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ИНЕГ-аас МСАА 0.1 тоот зөвшөөрлийн гэрчилгээ хүлээн авч, баталгаажуулав.

ИНЕГ-ын даргын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хурлын 09/01 тоот шийдвэрээр ТЕАС шалгалтын үйл ажиллагааг Нисэхийн сургалтын төв зохион байгуулах болсны дагуу шалгалтын үйл ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

ТЕАС шалгалтын танилцуулга семинарыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагт НСТ дээр зохион байгуулна.

Холбоо барих утас: 7128-3107

 

Холбоотой мэдээ

ИНЕГ, ИНҮТ-ИЙН АЖИЛТНУУДАД “MARS-V” ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
2023/11/16

ИНҮТ-ийн Хамтын ажиллагааны газраас зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цаг” өнөөдөр боллоо. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-ийн зочноор Монгол Улсын Шадар сайдын ахалсан “Mars-V” төслийн менежер Д.Энхтүвшин, Модуль хөгжүүлэлтийн багийн ахлагч З.Дөлсайхан нар оролцож, тус төслийн талаар ИНЕГ-ын дарга, удирдлагууд болон харьяа газар нэгжийн ажилтнуудад танилцууллаа. Монголын сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвийн хэрэгжүүлж буй “Mars-V” төсөл нь Монголын говьд: 1.      Марс гараг дээр амьдрахад шаардлагатай ур чадварыг нутагшуулах, техниктэй ажиллах мэдлэг олж авах, туршлага хуримтлуулах, багийн ажиллагаа болон амьдрах чадвараа нэмэгдүүлэх сургалтын төв байгуулах; 2.      Марс гарагийг судлах технологиудыг төсөөтэй орчинд судлах, хамтарсан судалгаа хийх, олон улсын оролцоо бүхий шинжлэх ухааны судалгааны төв бий болгох; 3.      Марсын амьдрах орчныг хамгийн төсөөт орчинд нь мэдэрч, Марс явах хүмүүсийг бэлтгэдэг хөтөлбөрөөр өөрийгөө сорьж үзэхийг хүссэн аялагчдад зориулсан тусгай сонирхлын аялал жуулчлалын хөтөлбөр бүхий төв байгуулах үндсэн зорилготой байна. Өөрөөр хэлбэл, Марс гарагт судалгаа хийх багийг бэлтгэх сургалтын төвийг байгуулж, сансрын технологийн хөгжлийг Монголд нутагшуулахаас гадна сансрын мэдрэмж, туршлага авахыг хүссэн сонирхогчдод зориулсан тусгай сонирхлын аялал жуулчлалыг Монгол орны зарим бүс нутагт хөгжүүлэх зорилготой төсөл юм. Монголын говийн цаг уур, хөрс, орчин нөхцөл Марс гараг дээрхтэй төстэй учраас сансар огторгуйд аялах боломж зөвхөн сансрын нисгэгчид бус, хүн бүрд нээлттэй байх боломжтой гэдгээрээ онцлог байна. Эхний ээлжид төслийн суурь баазыг Өмнөговь аймагт байгуулж,  сургалтын хөтөлбөрөө Дундговь аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг хэллээ. “MARS-V” төслийн үйл ажиллагааг дэмжин ажиллах ажлын хэсэгт ИНЕГ-ын дарга гишүүнээр ажиллаж байгаа. Мэдээллийн цагийн төгсгөлд “MARS-V” төслийн багийн зүгээс төслийг хэрэгжүүлэхэд Иргэний нисэхийн ерөнхий газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.  

БАРУУН БҮСИЙН НИСЭХ БУУДЛУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/01/23

Иргэний нисэхийн үндэсний төвийн харьяа баруун бүсийн нисэх буудлуудын удирдах ажилтны зөвлөгөөнийг Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудалд 2024 оны 1 дүгээр сарын 19-20 өдрүүдэд зохион байгууллаа. Зөвлөгөөнд ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр, Санхүү эдийн засаг, төлөвлөлтийн газрын дарга Ч.Сэржмаа, Үйлдвэр үйлчилгээний газрын нисэх буудлуудын үйлчилгээ хариуцсан менежер Д.Гантулга нар болон Увс, Ховд, Баян-өлгий, Завхан, Говь-Алтай, Тосонцэнгэл зэрэг нисэх буудлын дарга нар оролцож, орон нутгийн нисэх буудлуудын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар санал солилцож, танилцуулга хийн, хэлэлцүүлэг өрнүүлэв. ИНҮТ-ийн дарга Э.Төрбаяр ИНҮТ-ийн бүтцийн өөрчлөлт, шинэ хуулийг хэрэгжүүлэхэд хийгдэх бэлтгэл ажлууд, орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлж, нисэхийн бус орлогыг нэмэгдүүлэх талаар зөвлөмж, мэдээ мэдээллийг танилцуулж цаашдын хөгжлийн талаар тодорхой мэдээллүүдийг өгөв. Мөн YES академийн сургагч багш Б.Ганпүрэв удирдах ажилтнуудад зориулан “Сэтгэлгээний загварчлал” сэдвээр хичээл орж, багаар ажиллуулан, дүгнэлтийн талаар хэлэлцүүлэг хийв. Баруун бүсийн нисэх буудлуудын хувьд харилцан нэгнээсээ туршлага судлан, хэрэгжүүлэх ажлын санааг хуваалцаж, орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэхэд оновчтой шийдэл, саналыг эрэлхийлсэн үр өгөөжтэй сургалт боллоо. ИНҮТ-ийн дарга удирдлагуудад асуудлыг танилцуулж газар дээр нь саналыг сонсож чиглэл авсан нь зөвлөгөөний үр дүнг бодит байлгаж, олон асуудлын шийдлийг олсон сургалт боллоо.