ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АГААРЫН ТЭЭВРИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗРЫН ДАРГА Г.БАТБАЯРЫН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 22-27-НЫ ХООРОНД АНУ-Д АЖИЛЛАСАН ТУХАЙ ТАЙЛАН

2023/11/30

АНУ-ын Калифорниа мужийн Лос Анжелес болон Вашингтон мужийн Сиэтл хотноо 5 дугаар сарын 22-с 27-ны өдрүүдэд ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэч, Стандарт, норм, нормативын хэлтсийн дарга Ж.Сэрээтэр, МИАТ ТӨХК-ийн Нислэг, үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Н.Ганболд, МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар /АХЗҮГ/-ын Инженерингийн хэлтсийн дарга С.Пүрэвсүрэн нартай МИАТ ТӨХК-ийн АНУ-руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын хүрээнд АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдах газрын CAT 1 гэрчилгээжилт, тус компанийн АХЗҮГ-ыг Холбооны агаарын тээврийн удирдах газрын Дүрэм 145-р гэрчилгээжих болон Boeing компаниас 2019 оны 5 дугаар сард хүлээн авах байсан нэг В737 МАХ 8 агаарын хөлөгтэй танилцан Boeing компанийн төлөөлөгчидтэй тус агаарын хөлөгтэй холбоотой асуудлуудаар уулзалт зохион байгуулж ажиллав.

НЭГ. МИАТ ТӨХК-ийн АХЗҮГ-ыг FAA-145 дүрмийн дагуу гэрчилгээжих өргөдлийн өмнөх уулзалтыг хийж гэрчилгээжих өргөдлийг гаргав.

МИАТ ХК-ийн АХЗҮГ FAA-гийн дүрэм 145-р гэрчилгээжих өргөдөлийн өмнөх, өргөдөл гаргах уулзалтыг АНУ-ын FAA-ийн Лос Анжелес хот дахь бүсийн офисд , 2019 оны 05 дугар сарын 23-ны өглөөний 10 цагт хийв. Уулзалтанд FAA-ын Нислэгийн Стандартын газрын менежер Alton K. Clark, FAA-ын Нислэгийн Стандартын газрын Өргөдөл хүлээн авагч менежер Mark Ayemin, FAA-ын Нислэгийн Стандартын газрын Олон улсын агаарын тээврийн аюулгүй ажиллагааны байцаагч Paul Thoren, Boeing компанийн Системийн аюулгүй ажиллагаа, удирдах байгууллагуудын харилцаа хариуцсан ажилтан Michael Mock нар оролцов.

Уулзалтын эхэнд МИАТ ТӨХК-ийн дэд захирал Н.Ганболд МИАТ ТӨХК-ийн нислэгийн үйл ажиллагаа, техникийн үйл ажиллагаа, түүндээ Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар /АХЗҮГ/-ын агаарын хөлгийн хүнд хэлбэрийн үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулыг хийж FAA-ын өргөдөл гаргах маягтын дагуу дүрэм 145-р гэрчилгээжих өргөдөл, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын гэрчилгээжих тухай албан хүсэлтийн хамтаар гардуулав.

ЗТХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэч, Стандарт, норм, нормативын хэлтсийн дарга дарга Ж.Сэрээтэр МИАТ компани бол Монголын иргэний агаарын тээврийн ууган компани бөгөөд төр түүний хувьцааг 100 хувь эзэмшдэг, компанийн хөгжлийн асуудалд төрийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж ажилладаг ба МИАТ компанийн үйл ажиллагааг тэлэх, АХЗҮГ-ын хүнд хэлбэрийн засвар үйлчилгээний ажиллагааг өргөжүүлэх, цаашид онгоц угсрах чиглэлд үйл ажиллагааг нь нэмэгдүүлэн, боловсон хүчний мэргэжлийн бэлтгэлийг хөгжүүлэх талаар анхаарч ажилладаг бөгөөд гаргаж байгаа хүсэлтийг дэмжиж энэхүү уулзалтанд оролцож байгаа талаар мэдэгдсэн.

Мөн ИНЕГ-ын зүгээс төрөөс баримталж байгаа бодлогын дагуу Монгол улсаас АНУ-руу шууд нислэг нээх талаар олон арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан ИНЕГ АНУ-ын FAA-тай Гадаадын иргэний нисэхийн үйл ажиллагаанд АНУ-ын зүгээс тавигддаг шаардлагын дагуу FAA-ын Олон улсын агаарын тээврийн аюулгүй ажиллагааны аудит хөтөлбөр IASA /International Aviation Safety Assessment program/ аудитад хамрагдан CAT 1 гэрчилгээ авах талаар хамтран ажиллаж байгаа бөгөөд аудитыг амжилттай хийлгэж ажиллахын тулд FAA-тай Техникийн туслалцаа, техникийн урьдчилсан үзлэг хийхээр бэлтгэж байгаа талаар танилцуулав.

FAA-ын Нислэгийн стандартын газрын менежер Alton K. Clark МИАТ ТӨХК-ийн АХЗҮГ-ын үйл ажиллагаа, түүндээ хүнд хэлбэрийн засвар үйлчилгээний өөр ямар улсын гэрчилгээ эзэмшдэг, мэргэжлийн боловсон хүчний тоо, тэдгээрийн эзэмшдэг гэрчилгээ, яагаад АНУ-ын FAA-ын техникийн засвар үйлчилгээний гэрчилгээ авах өргөдөл гаргах болсон талаар асуулт асууж түүндээ хариултуудыг авсан.

Уулзалтын төгсгөлд FAA-ын Нислэгийн стандартын газрын менежер Alton K. Clark уг аудит шалгалтыг түргэн хугацаанд хийж гэрчилгээжих хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэхийн тулд өргөдөл гаргагч тал хамтран ажиллахыг чухалыг дурьдаад зарим тохиолдолд өргөдөл гаргагч тал идэвхгүй байр сууртай болбол хүсэлтийг цуцалдаг тухай сануулан ойрын хугацаанд төслийн ажиллагааг эрхлэх менежерийг томилох тухай мөн томилогдсон менежер үзлэг шалгалтыг хийх хоёр байцаагчийг томилон илгээх гэсэн процедураар гэрчилгээжих үзлэг шалгалт явагдахыг тайлбарлав.

ХОЁР. АНУ-руу шууд нислэг үйлдэх, түүнд шаардлагатай холбогдох зөвшөөрөл авах гэрчилгээжих ажлын хүрээнд.

Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн 2.2.1.Үндэсний агаарын тээвэрлэгчийн өрсөлдөх чадвартай уялдуулан олон улсын агаарын шугамд чөлөөт өрсөлдөөнийг төрийн хяналттай, үе шаттайгаар нээлттэй болгох бодлогыг баримтална, 2.2.1.1.агаарын тээврийг 2016 оноос эхлэн үе шаттайгаар нээлттэй болгох. Энэ хүрээнд АНУ-тай “Нээлттэй агаарын зайн хэлэлцээр” байгуулах хэлцлийг эхлүүлнэ; заалтуудын хэрэгжилтийг хангах үүднээс АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдах газрын Гадаад улсын агаарын тээврийн салбар ИКАО-гийн Annex 1, 6 болон 8 шаардлагыг хангаж байгаад аудит International Aviation Safety Assessment /IASA/ шалгалт хийх, түүний урьдчилсан техникийн үзлэгийг хийлгэх талаар FAA-ын холбогдох албаны хүмүүстэй уулзаж санал солилцлоо.

Уулзалтаар ИНЕГ-ын зүгээс АНУ-руу үндэсний агаарын тээвэрлэгчид хуваарьт шууд нислэг үйлдэх боломжийг нээх, түүнд хамааралтай эрх зүй, аюулгүй ажиллагааны шаардлагуудыг хангах үүндээс ИНЕГ шат дараатай ажлуудыг хийж байгаагийн нэг нь FAA-ын аюулгүй ажиллагааны түвшин тогтоох IASA аудитаар орж CAT 1 гэрчилгээ авах ажил бөгөөд урьдчилсан техникийн үзлэг /Technical review/ шалгалтыг хийх талаар гэрээний төсөл хүлээн аваад байгаа талаар мэдэгдсэн болно.

FAA-гийн зүгээс техникийн үзлэгийг ИНЕГ дээр 8-9 жилийн өмнө хийж байсан бөгөөд түүгээр хэд хэдэн үл тохирол байсан талаар дурьдаж одоо хийлгэх техникийн үзлэг дээр Boeing компанийн зүгээс дэмжиж байгааг сайшаагаад IASA аудитын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

АНУ-руу шууд нислэг үйлдэх улсад FAA-ын зүгээс тавигддаг үндсэн шаардлага бол FAA-ын IASA аудит шалгалт. Улс орнууд тус аудит шалгалтыг авахаасаа өмнө төлбөртэй гэрээний үндсэн дээр урьдчилсан техникийн үзлэг шалгалтыг авч болдог. Урьдчилсан техникийн үзлэг шалгалт хийлгэхгүйгээр шууд IASA аудитад бас хамрагдаж болно. Нөгөөтэйгүүр, урьдчилсан техникийн үзлэг шалгалтыг авах нь IASA аудит амжиллтай дүн авах гол хүчин зүйл нь болдог. Яагаад гэвэл, урьдчилсан техник үзлэгийн гэрээг FAA-тай байгуулахдаа нэмэгдэл төлбөртэйгээр үл тохирлыг арилгах төлөвлөгөөг /Corrective Action Plan/ хамтран боловсруулж түүн дээрээ арга хэмжээ авах ажлыг хамтарсан байдлаар зохион байгуулж болдог байна.

ГУРАВ. АНУ-ын Боинг компаниас МИАТ ХК-ийн шинээр үйлдвэрээс гарч байгаа тус компанийн В737 МАХ 8 агаарын хөлөгтэй танилцаж, Боинг компанийн төлөөлөгчидтэй В737 МАХ 8 агаарын хөлгийг нислэгт гаргах талаар болон МИАТ ХК-д ашиглагдаж байгаа В737 МАХ 8 агаарын хөлгийн сул зогсолтын нөхөн төлбөр болон тус компанийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар.

АНУ-ын Сиэтл хотноо Боинг компанийн В737 МАХ 8 агаарын хөлгийн Delivery Center-д МИАТ ХК-ийн 2019 оны 05 дугаар сард хүлээн авах байсан В737 МАХ 8 агаарын хөлөгтэй танилцав. Агаарын хөлөгт хийгдэж байгаа угсралтын ажлууд дуусч агаарын хөлөг одоо туршилт шалгалтуудын ажил хийгдэж байгаа бөгөөд сүүлийн үеийн туршилт шалгалтуудын ажлуудын үр дүнгийн талаар танилцууж агаарын хөлгийн гадна дотор талын үзлэгийн МИАТ ХК-ийн төлөөлөл хийж гүйцэтгэв.

Цаашлаад, Боинг компанийн ВСА /Boing Commercial Airplanes/ компанийн төв байранд Зүүн хойд Азийн бүсийн Бүсийн борлуулалт хариуцсан захирал Scott Grimsby, Зүүн хойд Азийн бүсийн Бүсийн маркетингийн захирал Glenn Redfield, Агаарын хөлгийн гэрээ хариуцсан Бүсийн захирал Jane Berry, Олон нийттэй харилцах Харицаа холбооны захирал Dan Neville нартай Боинг компанийн зүгээс 737МАХ 8 агаарын хөлгийг нислэгт гаргах ажлын талаар, МИАТ ХК тус төрлийн агаарын хөлгийг нислэгт гаргах талаар,  уг төрлийн агаарын хөлгийг нислэгт гаргах талаар тус компанийн зүгээс олон нийтэд гаргах мэдээ мэдээллийн талаар уулзалтыг төлөвлөж эцэсд нь МИАТ ХК-ийн зүгээс уг төрлийн агаарын хөлөгтэй холбоотой асуудлаар нөхөн төлбөрийн талаар асууж тодруулав.

Боинг компанийн төлөөлөл уг агаарын хөлгийн удирдлагыг хангаж ажилладаг програм хангамжид шинээр холбогдох өөрчлөлтүүдийн оруулан нислэгийн туршилтууд хийгдэж байгаа талаар танилцуулаад АНУ-д В737 МАХ  агаарын хөлгийг энэ оны 8 дугаар сард багтаан шинээр гэрчилгээжих, маягийн гэрчилгээг шинээр баталгаажуулах ажил хийгдэж байгаа талаар танилцуулав.

Мөн агаарын хөлөг шинээр АНУ-д гэрчилгээжих, түүнийг дагаад олон улсад нислэгт хүлээн зөвшөөрөгдөх ажлуудыг хийхтэй холбогдуулан Боинг компанийн зүгээс олон нийтэд хандаж гаргах мэдээ мэдээллийн талаар товч танилцуулав.

Холбоотой мэдээ

AVAITION PHOTO NEWS XXX
2024/07/09

“AVIATION PHOTO NEWS”-ийн энэ удаагийн дугаарт ИНҮТ-ийн Аэродром, гэрэл суултын албаны хамт олон оролцлоо. “АЭРОДРОМ, ГЭРЭЛ СУУЛТЫН АЛБА”  ИНҮТ-ийн Аэродром, гэрэл суултын алба ямар чиг үүргээр ажилладаг вэ? Албаныхаа тухай, хамт олноо танилцуулаач.   И.Амарсанаа /Дарга/ Албаны хөгжлийн түүхийн тухайд: Улаанбаатар хотын консулын дэнжид 1925 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ю-13 маягийн агаарын хөлөг нислэг үйлдсэн тэр талбайг Монголын анхны “Аэродром” гэж түүхэнд тэмдэглэсэн. БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1957 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 107 тоот тогтоолоор Агаарын харилцааны газар байгуулагдахад аэродромын хангалт, харуул хамгаалалт, цаг агаарын мэдээ хариуцсан цогц алба үүссэн түүхтэй. Энэ цаг үеэс тус алба анх үүсгэн байгуулагдсан гэж үздэг. ЗХУ, БНМАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр 1958 онд “Буянт-Ухаа” дахь нисэх буудал, аэродромыг бүх тоног төхөөрөмж, барилга байгууламжийн хамт Монголын талд үнэ төлбөргүйгээр шилжүүлэн өгснөөр “Буянт-Ухаа” дахь аэродром нь манай улсын Иргэний агаарын тээврийн удирдлага, үйлдвэрлэлийн үндсэн бааз болсон байдаг. МАХН-ын Төв хорооны 1960 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 420-р тогтоолоор “Буянт-Ухаа” нисэх буудлыг өргөтгөх арга хэмжээ авсны дагуу 1961 онд Хөөрч буух хатуу хучилттай зурвас, явгалах замууд, агаарын хөлгийн зогсоолууд, онгоцны техник үйлчилгээний байр, аэронавигацийн болон радиолокац, нисэх холбооны дамжуулах төв, шөнийн гэрэл суултын систем, цахилгааны дэд өртөөнүүд зэрэг объектууд шинээр байгуулсан. Албаны чиг үүрэг, хамт олны тухайд: Иргэний нисэхийн салбарын үндсэн үйлчилгээний нэг нь Нисэх буудлын үйлчилгээ,  түүний суурь нь инженерингийн төлөвлөлт, ашиглалт, арчлалт, хяналт байдаг. Нисэх буудлын үндсэн байгууламж болох Аэродромын барилга, байгууламжийн ерөнхий төлөвлөгөө, элементүүд тус бүрийн төлөвлөлтүүд, шинээр байгуулагдах аэродромын барилга, засвар, арчлалт, хөөрч буух зурвасын холбогдох инженерийн тооцооллууд, хучилтын үнэлгээний ажлууд болон аэродром дээрх аюулгүй ажиллагааг хангахтай холбоотой олон төрлийн цогц ажлуудыг нисэхийн үндсэн мэргэжлийн алба буюу Аэродром, гэрэл суултын алба хийж гүйцэтгэж байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2023 оны “Зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” дугаар А/382 тушаалаар Аэродром, гэрэл суултын алба шинэчлэн байгуулагдсан ба Аэродром, ашиглалтын, Гэрэл суултын, Цахилгаан хангалтын 3 хэсэгтэй, нийт 97 ажилтантайгаар Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Чикагогийн конвенцын Хавсралт 14, Иргэний нисэхийн дүрэм 139-ын стандарт, шаардлагын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.   Энэ онд орон нутгийн нисэх буудлууд дээр хийгдсэн ажлуудаас дурдвал?   Ж.Батбаяр /Ерөнхий инженер/ Энэ оны хагас жилийн байдлаар аэродром, гэрэл суулт, цахилгаан хангалтын тоног төхөөрөмжүүдийн хугацаат засвар, техник үйлчилгээний ажлуудыг батлагдсан график төлөвлөгөөний дагуу бүрэн гүйцэтгэсэн бөгөөд дараах томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: 1.  ИНҮТ-ийн даргын А/130 тоот тушаалын дагуу Булган, Мандалговь, Гурвансайхан нисэх буудлын агаарын навигацийн тоног төхөөрөмжийн цахилгаан хангалтын холимог тэжээлийн системийг бүрэн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэлээ. 2.  Баян-Өлгий аймаг дахь агаарын навигацийн үйлчилгээний тоног төхөөрөмж байрлах радио релейны цамхагт бэлтгэл нөөц тэжээлийн дизель генератор, холимог тэжээлийн систем тус тус суурилуулж, цахилгаан тэжээлийн бэлэн байдлыг хангалаа. 3.  Баянхонгор нисэх буудлын хөөрч буух хучилттай зурвасын засвар, арчлалтын ажилд аэродромын хяналтын инженерийг томилон ажиллуулж, хүлээн авах комисст хүлээлгэн өглөө. 4.  Радиолокаторын байгууламжууд болон орон нутгийн нисэх буудлууд дахь газардуулгын эсэргүүцэл өндөр байгаа цахилгаан хоног төхөөрөмжүүдийн газардуулгыг өргөтгөн сайжруулах ажлыг хийж гүйцэтгэлээ. 5.  “Ховд” нисэх буудлын цахилгаан хэрэглээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах техникийн шийдэл, эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгааны төсөл"-ийг хийж гүйцэтгэсэн ба уг төсөл нь Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 99 жилийн ойг тохиолдуулан ИНЕГ, түүний харьяа салбар нэгжүүдийн ажилтнуудын дунд зохион байгуулсан “Шинэ санаа, шилдэг төслийн инновацын уралдаан”-д шалгарлаа 6.  Онцгой, тусгай үүргийн нислэгийн хүрээнд нийт 33 түр зурвас, талбай сонгож, акт үйлдэн, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг ханган ажиллаа. 7.  Цаг агаарын онцгой нөхцөл байдал, гамшигт үзэгдлээс шалтгаалан гарсан тоног төхөөрөмж болон кабель шугамын гэмтэл саатлыг тухай бүрд нь засварлаж хэвийн ажиллагааг хангалаа. Та өөрийнхөө талаар болон ямар ажил хийдэг талаараа танилцуулаач?   А.Амгалан /Гэрэл, суултын хэсгийн дарга/ Намайг А.Амгалан гэдэг. Би гэрэл, суултын хэсгийн даргаар ажилладаг. Миний хувьд 1988 онд 10-р ангиа төгсөөд Нисэхийн дунд сургуулийн хуваарь авсан. Улмаар 1992 онд одоогийн Украин Улсын Славянскийн нисэхийн дунд сургуулийг гэрэл суултын техникч мэргэжлээр онц дүнтэй төгсөөд ажлын гараагаа Иргэний Нисэхэд буюу тухайн үеийн МИАТ нэгтгэлийн Холбоо цахилгааны албанд цахилгааны техникчээр ажиллаж эхэлснээс хойш 32 жил иргэний нисэхэд ажиллаж байна. Монгол Улсын Техникийн их сургуулийг цахилгаан системийн инженерээр 2000 онд, Удирдлагын Академийг Бизнесийн удирдлагын менежер мэргэжлээр 2005 онд тус тус суралцаж төгссөн ба 2018 онд Монгол Улсын Зөвлөх инженер болсон. Гэрэл, суултын хэсгийн хувьд Монгол Улс дах CAT I ангиллын Олон Улсын “Чингис хаан“ болон “Буянт-Ухаа” нисэх буудлуудын агаарын навигацийн гэрэл суултын 2ш, суултын PAPI 3ш , тэдгээрийн алсын удирдлагын 2ш системүүд, ИНЕГ-ын харьяа орон нутгийн 10 нисэх буудлын гэрэл суултын 10ш, суултын PAPI 8ш системүүд, тэдгээрийн алсын удирдлагын 6ш системүүд болон хувийн хэвшлийн “Ханбумбат”, “Тавантолгой” нисэх буудлуудын гэрэл суултын 2ш,  суултын PAPI 4ш системүүд, тэдгээрийн алсын удирдлагын 2ш системүүдийн хариуцдаг. Иргэний нисэхийн салбартай ажил, амьдралаа холбосон түүхээ бидэнтэй хуваалцаач. Хэдэн жил салбартаа ажиллаж байна вэ?   Ц.Бяраазана /Цахилгааны ахлах инженер/ Одоо яг 21 дэх жилдээ ажиллаж байна. Анх 1997 онд нисэхийн салбарт Буянт-Ухаа ОУНБ-д цахилгааны техникчээр ажилд орж байлаа. Дунд нь 2001-2004 онд Шинжлэх ухаан техникийн их сургуульд орж завсардсан. 2006 оноос Техник хангалтын албаны Цахилгааны хэсэгт хуваарилах сүлжээний техникчээр орж ажилласнаас хойш техникч,  инженер,  ахлах инженерээр одоо хүртэл ажиллаж байна. Нисэх миний ажил амьдралаа холбосон буянтай сайхан газар, Энд олон их юм сурч, сайхан инженерүүдтэй хамтран ажиллаж байгаад баяртай байдаг.  Таны мэргэжлийн онцлог? Ажлын хамгийн ачаалалтай үе хэзээ байдаг вэ?   Д.Мягмаржаргал /Аэродром ашиглалтын хэсгийн Аэродром хяналтын ээлжийн инженер/ Би аэродром ашиглалтын хэсгийн аэродромын хяналтын ээлжийн инженерээр ажилладаг. Миний ажлын үндсэн чиг үүрэг нь “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын аэродромын элементүүдийн ашиглалтын бэлэн байдалд хяналт тавьж, холбогдох дүрэм, журам, зааврын дагуу зохион байгуулалтын арга хэмжээ авч, нислэгийн аюулгүй байдлыг хангуулах үүрэгтэй. Ажлын хамгийн ачаалалтай үе тэр гэж хэлэх боломжгүй байна. Учир нь агаарын хөлгийн зогсоол хуваарилах, перрон талбай дээрх хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах, нислэгийн мэдээллийн үйлчилгээний байгууллагаар дамжуулан NOTAM мэдээ зарлуулах, дулааны улиралд засвар арчлалт, хүйтний улиралд цас цэвэрлэгээ гээд нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, агаарын хөлөг нислэг үйлдэхэд аэродромын элементүүдийн гадаргуун бэлэн байдлыг 24 цагийн турш бэлэн байлгах үүрэгтэй. Удахгүй үндэсний их баяр наадам болох гэж байна. Баяр наадмаар хэрхэн баярладаг вэ? Хамгийн дурсамжтай наадмынхаа талаар бидэнтэй хуваалцаач.   Ч.Баттүвшин /Цахилгаан хангалтын ахлах инженер/ Үндэсний их баяр наадам бол миний хамгийн дуртай баяруудын нэг. Манай монгол эрчүүд бүгд л морь бөхөд дуртай байдаг. Сүүлийн үед наадмын эхний 2 хоног гэртээ телевизороор бөх, морио үздэг болсон. Харин 13-ны өдөр гэр бүлийнхэнтэйгээ уяачдын  наадам үздэг. Уяачдын наадам жороо морины уралдаан, эрлийз морьдын уралдаан, бөх гээл бас үзэх юм ихтэй онцлог наадам болдог учир үзэх дуртай байдаг даа. Бага насны маань сумын наадам санаанаас ерөөсөө гардаггүй хамгийн дурсамжтай байдаг. Би Баянхонгор аймгийн Галуут суманд төрж өссөн. Бага байхад наадамд явахдаа задгай зил-130 машинд үеийнхээ найзуудтайгаа наадамд яваад хуушуур, улаан ус уугаад зайрмаг идэж баярладаг байсан маань санаанаас ердөө гардаггүй. Энэ дашрамд та бүхэндээ баяр наадмын мэнд хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай.  Aviation photo news-д оролцсон Аэродром, гэрэл суултын албаны хамт олондоо баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. Та бүхэн сайхан наадаарай.  

ИНЕГ-ЫН ДЭРГЭДЭХ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛӨӨР ШАЛГАРЧЭЭ
2023/12/18

Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийг Хан-Уул дүүргийн “Тэргүүний эцэг эхийн зөвлөл”-өөр шалгаруулсан байна. Өнөөдөр “Батламж”-ийг ИНЕГ ын дарга Ч.Мөнхтуяа, зөвлөлийн дарга Р.Амарбаясгалан, зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Замбуулин нарт Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Ганболд гардуулан өглөө.  Иргэний нисэхийн ерөнхий газрын дэргэдэх Эцэг эхийн зөвлөл нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шинэчлэгдэн байгуулагдаж, олон талт ажил арга хэмжээг зохион байгуулсаар иржээ. Тухайлбал, 2023 онд ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлөөс гаргасан санаачилгын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар 0-16 хүртэл насны хүүхдийн төрсөн өдрөөр 1 өдрийн, тухайн насны хүүхэд өвчилсөн тохиолдолд 5 хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгохоор шийдвэрлүүлсэн, ажилтнуудын хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулсан уралдаан тэмцээн болон ОУ-ын олимпиадад оролцсон хүүхдүүдэд үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, ИНЕГ-ын дэргэдэх Эцэг эхийн зөвлөлийн санаачилгаар ИНҮТ Байгалийн түүхийн музейтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж,  2023 оныг дуустал тус музейг гэр бүлээрээ үнэ төлбөргүй үзэх боломжийг салбарын ажилтнууддаа олгосон, ИНЕГ БНСУ-ын ХАНСЕО их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа  салбар  нэгжийн    ажилтнуудын  ахлах ангийн 8 сурагчийг тус  улсад  зохион байгуулагдсан “МОНГОЛ-СОЛОНГОС  СОЁЛЫН  СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР”-т хамруулсан гэх мэт оновчтой томоохон ажил арга хэмжээнүүд нь гол шалгуур үзүүлэлт болсныг Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Ганболд онцоллоо. Иргэний нисэхийн ерөнхий газар дэргэдээ Нийслэлийн 250 дугаар цэцэрлэгийн “Буянт-Ухаа” салбар цэцэрлэгийг байгуулан ажиллуулж, ажилтнуудын хүүхдүүд болон ойр орчмын төрийн байгууллага, оршин суугчдын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгааг ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа хэллээ.