БНХАУ-ЫН “SF AIRLINES” КОМПАНИЙН ГАДААДЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН ГЭРЧИЛГЭЭГ 5 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ СУНГАЖ ОЛГОЛОО

2023/11/17

БНХАУ-ын “SF AIRLINES компанийн гадаадын агаарын тээвэрлэгчийн гэрчилгээг Иргэний нисэхийн дүрэм ИНД-129-ийн дагуу 5 жилийн хугацаатай сунгасныг өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа гардуулан өглөө.

Тус компани нь БНХАУ-ын Зүүн Өмнөд мужийн Шинжинд байрладаг, BOENG 757, 767, 737, 747 зэрэг нийт 160 агаарын хөлгөөр дэлхий даяар ачаа тээврийн логистикийн үйл ажиллагаа явуулдаг компани юм.

Холбоотой мэдээ

ХҮЧИРХЭГ ААВЫН ОРОЛЦОО ХҮЧИРХЭГ ГЭР БҮЛИЙГ БҮТЭЭДЭГ
2024/12/04

“Амьдралын төлөөх аавууд” аян, хөдөлгөөнөөс ИНЕГ-ын ажилтнуудад аавын хүмүүжлийн арга барилын талаар мэдээлэл өглөө.Сүүлийн үед нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалан гэр бүл салалт ихэссэн бөгөөд аавгүйдлийн улмаас үүсдэг нөлөөллийн талаар тус байгууллагаас судалгаа хийсэн байна. Тухайлбал, Аавгүй өссөн хүүхдүүд сэтгэл хөдлөл болон зан авирын асуудал ихээр гаргадаг ба хөвгүүдийн хувьд ажилгүйдэл, гэмт хэрэгт холбогдох нь их байдаг байна. Судалгаагаар удаан хугацаагаар хоригдох ял авсан өсвөр үеийнхний 70 хувь нь аавгүй өссөн байдаг байна. Мөн аавгүй хүүхдүүдийн дунд сургуулиас завсардах байдал 2 дахин их байдаг, аавгүй өссөн охидуудын хувьд 3 дахин их ганц бие ээж болдог судалгаа гарчээ. “Хүүхэд дуугаа хураагаад, ярилцахаа болих нь олон хүчин зүйл нөлөөлж болно. Харин энэ нь удаан хугацаагаар үргэлжлэх нь амьдралд нь сөргөөр нөлөөлж болох юм. Тиймээс аав хүнийхээ хувьд тэдний хийх дуртай зүйлд нь оролцож, бага багаар харилцах боломжийг эрэлхийлэх хэрэгтэй. Хамтдаа ярилцах нь бүх асуудлын шийдэл болохгүй ч сэтгэлээ тайвшруулах боломжтой болдог гэдгийг хүүхэд тань ойлгох юм. Амьдралын төлөөх аавууд та бол хүүхдийнхээ хамгийн сайн харилцагч байх боломжтой юм” гэдгийг Амьдралын төлөөх аавууд аян, хөдөлгөөний зохицуулагч, ICAN олон улсын аавуудын сургалтын мастер багш Ч.Гансүх мэдээлэлдээ онцоллоо. “Бидэнд байгаа үнэ цэнтэй цаг бол хайртай хүмүүстэйгээ хэр их цаг гаргахаас шалтгаалдаг. Бидний ажиллаж, хөдөлмөрлөж байгаа цагууд үнэндээ гэр бүлийнхээ хүмүүсийг аз жаргалтай болгохыг хичээж байгаагаас үүдэлтэй. Гэвч заримдаа энэ их хичээл зүтгэлдээ хэт автаад хамтдаа цагийг өнгөрөөхөө умартдаг. Аавтайгаа хамт байх хугацаа дэндүү бага байсан гэдгээ бид яг аавынхаа насанд ирэх үедээ анзаардаг. Өнөөдөр хүүхэддээ цаг гаргах хамгийн тохиромжтой цаг гэдгийг өнөөдөр л бид өөртөө сануулах хэрэгтэй. Аавын гаргасан сайхан цаг, тэр хором мөч бүхэн биднийг аз жаргалтай болгож байсныг бид ойлгодог. Тэгвэл бид хүүхдүүддээ хэзээ хамгийн сүүлд дурсамж үлдээхээр гайхалтай цагийг гаргасан бэ? Өнөөдөр, одоо л тэр цагийг бид гаргаж чадна. Хүүхдүүд маань бидэнд цаг гаргаасай гэж хэлээгүй ч сэтгэлдээ цаг гаргаасай гэж хүлээж байгаа гэдгийг мөн тэрбээр аавуудад санууллаа. 

ОРОН НУТГИЙН ЧИГЛЭЛД ТОГТМОЛ НИСЛЭГ ҮЙЛДЭХ “МАЗААЛАЙ” CRJ-700 АГААРЫН ХӨЛӨГ АНХНЫ НИСЛЭГЭЭ АМЖИЛТТАЙ ҮЙЛДЛЭЭ
2024/04/28

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, Зам, тээврийн хөгжлийн яамнаас дэвшүүлсэн “Хямд тийз-хүртээмжтэй нислэг” зорилтын хүрээнд өнгөрсөн 2023 онд 9 аймгийн чиглэлд орон нутгийн нислэгийг сэргээсэн.Энэ хүрээнд үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлгөө хүлээн авч, анхны нислэгээ өнөөдөр /2024.04.28/ Улаанбаатар-Ховд чиглэлд амжилттай үйлдлээ.2024 оныг Зам, тээврийн салбарт “Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, агаарын хөлгийн тоог нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах зорилт дэвшүүлсэн нь ийнхүү биелэл болж байна.Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Агаарын тээврийн салбарт либералчлал, тэгш, шударга өрсөлдөөнийг дэмжсэний үр дүнд салбарын хөгжлийг хөдөлгөх хүч болж байна. Үүний үр дүнд 2023 онд зам, тээврийн салбарт 73 хувийн өсөлт гарсан. Тухайлбал, Иргэний нисэхийн салбарт зорчигч тээвэр 3,5 дахин нэмэгдэж, олон улсын болон дотоодын нислэгийн тариф 2-3 дахин буурч, МИАТ ТӨХК орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээсэн зэргийг дурдаж болно. Орон нутгийн нислэгийг 15 жилийн дараа сэргээснээр тийзийн үнэ буурч, 1500 километрээс дээш алслагдсан Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий зэрэг аймаг руу автомашинаар 22-25 цаг явдаг бол, тогтмол нислэгтэй болсноор 1 цаг 25 минут зорчиж цаг хугацааг 20 дахин хэмнэх ач холбогдолтой. Цаашид иргэний агаарын тээврийн салбарт өрсөлдөөнийг дэмжих замаар орон нутгийн нислэгийн үнэ тарифыг тодорхой түвшинд бууруулах, хуваарьт нислэгийг тогтворжуулах арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх болно” хэмээн онцоллоо.70 хүний суудалтай CRJ-700 “Мазаалай” агаарын хөлгөөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Завхан, Увс, Баянхонгор аймаг руу нислэг үйлдэнэ. CRJ-200 агаарын хөлөгтэй харьцуулахад илүү урт зайтай тул түлш цэнэглэх шаардлагагүйгээр хол зайд нисэх боломжтой байна. Мөн илүү өргөн бүхээгийн зохион байгуулалттай тул зорчигчид хөлийн зай, өргөн суудал, тээш хадгалах зайг сайжруулжээ. Дэвшилтэт аэродинамик шинж чанар, далавчтай тул түлш зарцуулалтыг бууруулж, хурдыг нэмэгдүүлсэн зэрэг технологийн дэвшилттэй агаарын хөлөг юм.

ХАБЭА-Н ШААРДЛАГЫГ ХЭРХЭН ХАНГАХ ТАЛААР ЦОГЦ МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ
2024/04/11

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян"-ыг олон улсын хэмжээнд жил бүрийн 04 дүгээр сард зохион байгуулдаг. ОУХБ-аас гаргасан уриалгын дагуу энэ жил "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөө" сэдвийн дор явагдаж байна. Энэхүү сарын аяны хүрээнд өнөөдөр ИНҮТ-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлөөс санаачлан “ХАБЭА-н ажил олгогч, удирдах ажилтны сургалт”-ыг зохион байгууллаа. Сургалтыг “Хөдөлмөр хамгаалал, хүний хөгжлийн төв”-өөс нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй зохион байгуулж, тус төвийн захирал С.Дуламсүрэн, сургалт хариуцсан мэргэжилтэн н.Энхчимэг нар ХАБЭА-н шаардлагыг хэрхэн хангах талаар цогц мэдээлэл, ойлголт өгсөн юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлага, хэм хэмжээг мөрдөж хэрэгжүүлэх хүрээнд байгууллагад ХАБЭА-н тогтолцоог хэрхэн бүрдүүлэх, тогтолцоог бүрдүүлэгч талуудын эрх, үүрэг, хамтын ажиллагаа нь ажилтныг эрүүл аюулгүй орчинд ажиллуулах нөхцөлийг хангахад ямар чухал болохыг сургалтын үеэр онцоллоо. Аюулгүй ажиллах мэдлэг, дадлага олгох, арга барилд сургах зорилготой тус сургалтаар нийтлэг тохиолддог аюул эрсдэл,  тухайн эрсдэлийн үед ямар ажил, арга хэмжээ зохион байгуулах, ажил олгогч, ХАБЭА-н зөвлөл, Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх комисс хэрхэн ажиллах, ХАБ-тай холбоотой зардлыг хэрхэн төсөвлөх, зөв зарцуулах болон шугаман удирдлага, ажилтан, ХАБЭА хариуцсан ажилтан ямар чиг үүргээр ажиллах талаар мэдлэг ойлголт өгч, ажил амьдралд гарч буй үйлдвэрлэлийн ослын тохиолдлуудыг жишээ татаж өгснөөр сургалт өгөөжтэй  байв. Сургалтад ИНЕГ-ын даргын зөвлөлийн болон ХАБЭА-н зөвлөлийн төлөөлөл, мөн газрын ХШҮДАА, ИНҮТ-ийн СЭЗТГ, ХАБЭАХ, МТХ, ГТҮШХА, НХҮА, ШХА, ОХЗЛ, НАБХА, НСТ, НМҮА, НХНАА, БУОУНБ, НСЦ, харьяа нэгжүүдийн удирдлага, хүний нөөцийн болон санхүүгийн ажилтнууд, онцгой байдлын харьяа Агаараас эрэн хайх аврах 111-р анги, МИАТ ТӨХК, “Хүннү эйр” ХХК, Онцгой байдлын албаны төлөөлөл нийт 73 хүн хамрагдлаа.