УЗБЕКИСТАН УЛСТАЙ АГААРЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ОЙРЫН ХУГАЦААНД БАЙГУУЛНА

2023/11/17

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Фарход Арзиевтай уулзлаа. Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж, хоёр орны ард түмэн олон жилийн түүхэн уламжлалт найрсаг харилцааг бүх салбарт хөгжүүлж ирсэн. Тэр дундаа зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг гэдгийг онцлон хэллээ.

Сайд С.Бямбацогт ”Агаарын харилцааны тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг орчин үеийн агаарын харилцааны эрх зүйн шаардлагад нийцүүлэн шинэчлэхээр хэлэлцээрийн төслийг тохирсон. Ойрын хугацаанд цаг алдалгүй, шуурхай байгуулах хүсэлтэй байна. Агаарын хэлэлцээр байгуулснаар хоёр улсын хооронд дамжин өнгөрөх зорчигчийн тоо нэмэгдэж, Узбекистанаас жимс, ногоо, монголоос мах, ноолууран бүтээгдэхүүн тээвэрлэж хоёр улсын хооронд эдийн засгийн эргэлт нэмэгдэх чухал ач холбогдолтой хэмээн байр сууриа илэрхийллээ.

Элчин сайд Фарход Арзиевын зүгээс Миний тэргүүлэх зорилт бол хоёр улсын зам, тээврийн болон харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх. Өнөөдрийн байдлаар хоёр улсын худалдаа 7 сая ам.долларт хүрсэн байна. Манай улсаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, Монгол Улсаас мах, ноос ноолуурын бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх хүсэлтэй байна. Одоогоор хоёр улсын иргэд 30 хоног харилцан визгүй зорчдог. Энэ давуу талыг ашиглан аялал жуулчлалаа хөгжүүлж, жуулчдад аялахад таатай нөхцлийг бүрдүүлмээр байна хэмээлээ.

Уулзалтын үр дүнд хоёр улсын агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг ойрын хугацаанд байгуулахаар хоёр тал тогтлоо.

 

Холбоотой мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ЛАТВИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНД АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА
2024/06/06

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн газрын захирал Анджейс Виюмсонс нар 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, эцэслэн байгууллаа. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр” байгуулах ажил ковид-19 цар тахлын жилүүдэд саатаад байсныг эрчимжүүлж, 2023 оны 04 дүгээр сард хоёр тал хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, үзэглэсэн. Зам, тээврийн хөгжлийн яам нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй агаарын тээврийг либералчлах бодлого, түүнчлэн 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Агаарын харилцааны тухай хэлэлцээр шинээр байгуулах, одоо хэрэгжиж буй хэлэлцээрүүдэд өөрчлөлт оруулах замаар олон улсын нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна. Монгол, Латви хоёр улсын хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээр байгуулж, шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлснээр аялал жуулчлалыг хөгжүүлэх, Латви болон Хойд Европын хэсэгт оршин сууж буй манай улсын иргэд болон жуулчдад хямд зардлаар ая тухтай нисэх боломж бүрдэхийн зэрэгцээ дотоодын агаарын тээвэрлэгчид Хойд Европын орнууд руу шинэ нислэгийн чиглэл нээх, аяллын дугаар хамтран ашиглах зарчмаар нислэгийн сүлжээг өргөжүүлэх боломж бүрдэж байна. Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болох юм.