Зохион байгуулагчид: Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO) / Монгол Улсын Засгийн Газар Огноо: 2025 оны 7-р сарын 7-8 өдрүүд Байршил: Гадаад харилцааны яам. Монгол Улс, Улаанбаатар хот, Энхтайвны өргөн чөлөө- 7а Цагийн хуваарь: 09:00-17:00 Форумын тухай Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO) нь Монгол Улсын Засгийн газартай хамтран 2025 оны 7-р сарын 7-8-ны өдрүүдэд "Агаарын Тээврийг Хялбаршуулах Ази-Номхон Далайн Бүсийн Форум (FALF 2025)"-ыг зохион байгуулна. Үндсэн зорилго: ICAO-ын Агаарын тээврийг хялбаршуулах жил (FAL2024)-ийн үр дүнг дэлгэрэнгүй нэгтгэн дүгнэх; Бүс нутгийн хооронд хил гааль, иргэний нисэхийн хялбаршуулалт, аюулгүйн хамгаалалт зэрэг тулгамдсан асуудлыг хэлэлцэх; Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын Хавсралт 9 (Annex 9)-д заасан стандартыг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох; Олон улсын туршлага, шинэлэг технологийн чиг хандлагыг танилцуулах; Урилга: Монгол Улсын Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн гишүүн байгууллагууд, агаарын тээвэр, технологи, аюулгүйн хамгаалалт, олон улсын тусламж, хамтын ажиллагааны байгууллагуудыг урьж байна. Форумд оролцогчдын хамрах хүрээ Ази, Номхон далайн бүс нутгийн 40 гаруй орны төлөөлөгчид; Хэлэлцүүлэх сэдвүүд · Агаарын тээврийг хялбаршуулах хөтөлбөр, Зөвлөлийн гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх; · Хилийн удирдлага, хялбаршуулалтын бүс нутгийн хамтын ажиллагаа, чадавхыг сайжруулах; · Машинаар уншигдах аяллын бичиг баримт, Нийтийн түлхүүр сан (PKD)-д нэгдэх, цахим шилжилт; · Хялбаршуулалтын ирээдүй, улсын хилээр нэвтрүүлэхэд хиймэл оюун ухаан, автоматжуулалтыг ашиглах талаар шинэ санаа санаачлагууд; · Зорчигчийн урьдчилсан мэдээлэл (API), зорчигчийн нэрийн бүртгэлийг нэвтрүүлэх шаардлага, НҮБ-ын Терроризмтой тэмцэх хөтөлбөрийн хэрэгжилт; · Нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зорчигчийн урсгалыг зохицуулах дижитал шийдэл; · Агаарын тээврийг хялбаршуулах үйл ажиллагааг хөгжүүлэхэд сургалт, техник төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах шинэ санаа, санаачлагууд. Бүртгэлийн мэдээлэл · Бүртгэлийн хугацаа: 2025 оны 6-р сарын 23 хүртэл (эсвэл 120 оролцогч бүртгүүлмэгц хаагдана) · Бүртгэлийн формат: Зөвхөн цахимаар (доорх холбоосоор бүртгүүлнэ үү) Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү холбоосноос авна уу. https://www.icao.int/Meetings/FALForumMongolia/Pages/default.aspx
“Хил хязгааргүй нисэх” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал 2025.05.22-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай болж өнгөрлөө. Хурлын ерөнхий зохион байгуулагчаар Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал, Шинжлэх ухаан технологийн их сургууль оролцлоо. Энэхүү хуралд Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, ICAO, CANSO, IATA, ACI, Presentation by the Civil Aviation Science & Technology Institute of the People’s Republic of China зэрэг байгууллагуудаас төлөөлөгч нар илтгэлээ танилцууллаа. Мөн “Хил хязгааргүй нисэх” эрдэм шинжилгээний уралдааны шилдэг оролцогчид судалгааны бүтээлээ танилцууллаа. Олон Улсын эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Засгийн гарын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр болон төр, хувийн хэвшлийн зочид төлөөлөгчид оролцож байна.
Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ), Зорчигчийн мэдээллийн төв (ЗМТ) болон Олон улсын SITA компанитай хамтран “Зорчигчийн урьдчилсан мэдээлэл (API), зорчигчийн нэрийн бүртгэлийн (PNR) мэдээллийн нэг цонхны үйлчилгээний гэрээ”-нд 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гарын үсэг зурлаа.Энэхүү гурван талт олон улсын гэрээ нь Монгол Улсын хилийн аюулгүй байдал, зорчигчийн мэдээллийн удирдлагын чадавхыг сайжруулахад чиглэсэн бөгөөд уг гэрээний хүрээнд ЗМТ нь дэлхийн 60 гаруй улсын засгийн газар, агаарын тээврийн байгууллагуудтай хамтран ажилладаг SITA компанийн аюулгүй мэдээллийн сувгаар дамжуулан Агаарын Зорчигчийн урьдчилсан мэдээлэл (API) болон Зорчигчийн нэрийн бүртгэл (PNR)-ийн мэдээллийг нэгтгэн хүлээн авах боломж бүрдэж байна. Тус гэрээ нь Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын “Агаарын тээврийг хялбаршуулах” Хавсралт 9-ийн шаардлагыг биелүүлэх, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн олон улсын терроризм болон хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тогтоолууд, мөн Засгийн газрын 2021 оны 137 дугаар тогтоолоор батлагдсан “Агаарын тээврийг хялбаршуулах журам”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна. ----oOo----
2023 оны наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д албан ёсны ажлын айлчлал хийхдээ тухайн үеийн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харристай албан ёсны хэлэлцээ хийсэн. Энэ үеэр сүүлийн 20 гаруй жил хүлээгдсэн хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны хэлэлэцээр болох “Open sky” гэрээг үзэглэсэн. Үүний үр дүн гарч, Америкийн тэргүүлэгч агаарын тээврийн “United Airlines” компани Монгол Улс руу нислэг үйлдэж эхэллээ. Монгол Улсын Засгийн Газраас явуулж буй агаарын тээврийг либералчлах бодлогын үр дүнд дотоодын 5 агаарын тээвэрлэгчээс гадна "Turkish airlines", "Korean Air", "Asiana Airlines", "Air China" тэргүүтэй гадны 16 агаарын тээвэрлэгч нислэг үйлдэж байгаа бөгөөд "United Airlines" компани 17 дахь авиа компани болж нэмэгдэж байна. Монгол Улсын ИНЕГ болон холбогдох байгууллагууд АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас олгодог САТ-1 гэрчилгээжилтийг авах ажил явагдаж байна. Энэхүү гэрчилгээг Монгол Улс эзэмшсэнээр 2025 ондоо багтаж Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" компани АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой болно. АНУ болон Монгол Улсын хооронд шууд нислэгтэй болох нь хоёр орныг холбоод зогсохгүй тийзний үнэ хямдарч, аялал жуулчлалын салбарт чухал нөлөө үзүүлнэ.
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр Тайландын Хаант улсын “Иргэний нисэхийн сургалтын төв” (CATC)-ийн Захирал бөгөөд Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хатагтай Пукканут Макчоую нар 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Бангкок хотод харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр, Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга бөгөөд хяналтын ахлах байцаагч Ч.Одгэрэл, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С.Мөнхнасан болон Тайландын албаны хүмүүс оролцлоо. Санамж бичгийн хүрээнд Монголын Улсад агаарын навигацийн чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Улаанбаатар бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ төв”, “Сайншанд бүсийн нислэгийн удирдлагын хоёр дахь төв”, “Нислэгийн хөдөлгөөний алсын удирдлагын төв”, “Чөлөөт агаарын зай-FRA” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдэд ажиллах хүний нөөцийг бэлтгэх хэрэгцээ шаардлагын хүрээнд иргэний нисэхийн чиглэлээр нисгэгч, нислэгийн хөдөлгөөний удирдагч, аэродром, агаарын навигаци, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, одоо ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн ур чадварыг хадгалах богино, дунд, урт хугацааны сургалтуудыг тус сургууль дээр болон Монгол Улсад зохион байгуулах, цаашид өсөн нэмэгдэж буй иргэний нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах таатай нөхцөл бүрдэж байна. Тодруулбал 2025-2026 оны хичээлийн жилд иргэний нисэхийн шаардлагатай мэргэжлээр бакалаврын түвшинд 15 оюутан, нислэгийн хөдөлгөөний удирдагчийн шинэ, болон давтан сургалтуудыг хамтран зохион байгуулах, Монгол суралцагчдад нисэхийн англи хэлний сургалтыг хөнгөлөлтэй нөхцөлөөр явуулахаар харилцан тохиролцсон байна. Ташрамд дурдахад Тайландын Хаант улсын “Иргэний нисэхийн сургалтын төв” (CATC) нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын “Train Air Plus” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бөгөөд Ази, Номхон далайн бүсэд тэргүүлэгч сургалтын байгууллага юм.
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяр тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Тайландын Хаант улсын Бангкок хотод байрлах Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Ази, Номхон далайн бүсийн төв (APAC-RO)-д ажиллаж Бүсийн захирал ноён Тао Ма болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийлээ. Тус уулзалтаар Монгол Улсад Иргэний нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын Иргэний нисэхийн аюулгүй байдлын мэргэжилтнүүд 2025 оны 03 дугаар сард Иргэний нисэхийн ерөнхий газарт үзүүлсэн зөвлөх үйлчилгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хэрхэн хангах талаар төлөвлөгөө боловсруулан ажиллах, тулгамдаж буй асуудлыг хамтран шийдвэрлэх талаар санал солилцлоо. Уулзалтын хүрээнд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын зүгээс Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор үнэмлэх гэрчилгээжүүлэлт, нислэгийн стандарт хариуцсан байцаагчдын сургалтыг үнэ төлбөргүйгээр 2025 онд багтаан зохион байгуулж өгөхөөр тохиролцсон бөгөөд талууд нисэхийн аюулгүй байдал, нислэгийн аюулгүй ажиллагаанд шаардлагатай, дүрэм журмыг илүү сайжруулах, тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг ажлыг яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай тухай санал нэгдсэн байна. Уулзалтын төгсгөлд ноён Тао Ма Монгол Улсаас зорин ирж иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллаж байгаа төлөөлөгчдөд талархал илэрхийлж, амжилт хүсэв. Энэхүү уулзалт нь Иргэний нисэхийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн хэрэгжилтийг хангах, Монгол Улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлын үед иргэний нисэхийн салбарын хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулахад чухал ач холбогдолтой юм.
АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захирганаас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдрүүдийн хооронд нисэхийн аюулгүйн хамгаалалтыг хангах үйл ажиллагаанд үнэлгээ хийлээ. Энэхүү үнэлгээг АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргааны тээврийн аюулгүйн хамгаалалтын ажилтан хатагтай Nyxica Blackshear, хатагтай Orla Walsh нар гүйцэтгэж, Тээврийн аюулгүй байдлыг хангах газрын БНХАУ-ын Бээжин хот дахь төлөөлөгч, атташе хатагтай Sherrie Soto оролцлоо. АНУ-ын Тээврийн аюулгүй байдлыг хангах захиргаанаас хийсэн үнэлгээнд Иргэний нисэхийн ерөнхий газар, “ИНҮТ” ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба, “ИНҮТ” ТӨХХК-ийн Нисэхийн сургалтын төв болон “Чингис хаан” олон улсын нисэх буудал амжилттай хамрагдсан ба дараах чилэлээр үнэлгээ хийгдсэн. Үүнд: - Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үндэсний баримт бичгийн хэрэгжилт; - Чанарын хяналтын үйл ажиллагаа; - “Чингин хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа; - Аюулгүйн үзлэгийн ажилтнуудын сургалт болон аюулгүйн хамгаалалтын соёл. - Зорчигч, тэдгээрийн гар тээш болон тээшинд хийх аюулгүйн үзлэг, шалгалт; - Ачаа, шуудангийн аюулгүйн үзлэг, шалгалт; - Агаарын хөлгийн аюулгүйн хамгаалалт; - Иргэний нисэхийн эсрэг хөндлөгийн хууль бус үйлдлээс хамгаалах хариу арга хэмжээ; - Нийтийн эзэмшлийн бүсийн аюулгүйн хамгаалалт байдал; - Кибер аюулгүй байдал. Дээрх байгууллагаас АНУ-ын Юнайтэд Эйрлайнс компани Монгол Улс руу буюу Чингис хаан олон улсын нисэх буудал /UBN/ болон Нарита олон улсын нисэх буудал /NRT/-ын хооронд нислэг үйлдэх болсонтой холбогдуулан 2025 оны 05 дугаар эхээр тус нислэгийн аюулгүйн хамгаалалтыг хангах үйл ажиллагаанд хийхээр төлөвлөгдөөд байна.
Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн С/08 дугаар тогтоолоор батлагдаж, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартад нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн батлуулах ажлын хүрээнд тус стандартын нэр томьёо, тодорхойлолтын нэршил, орчуулгад зөрүүтэй байдал байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж зөрүүтэй байдлыг гарган стандартад тусгах саналын хамт 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор ирүүлнэ үү.Цахим хуудсанд байршуулсан “Иргэний нисэх. Ерөнхий нэр томьёо, тодорхойлолт” MNS 6409:2024 стандартыг дараах холбоосоор орж үзнэ үү. javascript:nicTemp();Саналаа rule@mcaa.gov.mn хаягаар ирүүлнэ үү.