Монголын тэнгэрээр жилдээ 100 мянга гаруй онгоц нисч өнгөрдөг боллоо

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо тунхагласны 93 жилийн ойн баяртай давхцан манай улсын агаарын замаар дамжин өнгөрөх нислэгийн тоо 100 мянгад хүрсэн түүхт үйл явдал тохиолоо.

“DLH726”аялалын дугаартай “A340-600”агаарын хөлөг 2017.11.26-ны өдрийн 11.45 минутад манай улсын хилээр нэвтрэн орж ирснээр агаарын тээврийн түүхэн дэхь дамжин өнгөрөлт анх удаа зургаан оронтой тоо давж байгаа нь энэ юм.

1993 онд өнгөрөлтийн нислэгийн тоо жилд 3220 байжээ. Харин энэ тоо жил бүр нэмэгдсээр өнгөрсөн онд 99.210-д хүрсэн байна. Цаашдаа ч техник, технологийн шинэчлэлийг хийж, цар хүрээгээ өргөжүүлснээр нэмэгдүүлэх бүрэн боломж байгааг албаныхан хэлж байна. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Улс тунхагласны баярын өдөртэй зэрэгцэн манай улсын дээгүүр 100 мянга дахь агаарын тээвэр дамжин өнгөрсөн давхар баяр тохиолоо. Энэ нь 100 мянга дахь нислэг өнгөрөхөд Иргэний нисэхийн салбарт ажиллаж байсан олон мянган ажилтнууд болон үе үеийн удирдах албан тушаалтнуудын бодлогоор тавигдсан тоног төхөөрөмжийн шинэчлэл нөлөөллөө. Мөн бид өнгөрсөн нэг жилд навигацийн орлогын бодолтыг өөрчилж, агаарын тээвэрлэгч нартайгаа уулзан, тэдэнд өөрсдийн аюулгүй байдлын хангалтаа танилцуулсны үр дүнд нислэг нэмэгдлээ гэж үзэж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард бид Монгол Улсаар дамжин өнгөрч байгаа нислэгээ чиг шулуун болгосон. Энэ нь агаарын тээвэрлэгч нарт эдийн засгийн ашигтай  дэм болж байгаа юм. Учир нь тойрог замд цаг алдаж, шатахуун их зарцуулдаг байсан. Харин чиг шулуун болсноор манай улс дээгүүр арай бага хугацаанд, бага шатахуунаар дамжин өнгөрөх бололцоогоор хангагдсан” гэв.

Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвд дөрвөн бүсийн бодит ажиглалтын нислэгийн удирдлагын сектор бий. Тус төвийн гол зорилго нь дамжин өнгөрч байгаа нислэгийг аюулгүй, үр ашигтай, найдвартай удирдлага үйлчилгээгээр хангах юм. Мөрөн секторын Бүсийн ажиглалтын нислэгийн удирдагч Б.Хашцолмон  “А340” агаарын хөлгийг аюулгүй удирдлагаар хангаж, зөвшөөрөл өгөн хилээр нэвтрүүлсэн. Тэрбээр “Сая ХБНГУ-ын Мьюнхэнээс Шанхай хотын чиглэлд нисч байгаа агаарын хөлөг дамжин өнгөрлөө. Манай улсын хилээр нэвтрэхээс 10-15 минутын өмнө нэвтрэх онгоц зөвшөөрөл авах ёстой байдаг. Мөн хилийн бүс дээр хэдэн цагт ямар өндөртэй ирж байгаагаа илтгэнэ. Хэрэв нөгөө талын нислэгийн удирдлага манай улсад нэвтрэх эрхгүй байвал зөвшөөрөл олгоддоггүй” хэмээв.

Өмнө нь нислэг хоорондын зай 150 км буюу 10 минутын зайтай байдаг байсан. Харин 1992 оноос 90 км болсон бол 2015 оноос 30 км болсон байна. 30 км гэдэг нь онгоц хооронд таван минут гаруйхан хугацааны зайтай агаарын замд зорчино гэсэн үг юм. Түүнчлэн өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэж өдгөө хоногт дунджаар 400 орчим онгоц энэ төвийн удирдлаганд дор дайран өнгөрдөг. Эдгээр онгоцны 70-80 хувь нь шөнийн цагаар буюу 02.00- 06.00 цагийн хооронд өнгөрдөг байна. Ийм өндөр ачаалалтай, хариуцлагатай ажил хийдэг учир нислэгийн удирдагч нарт маш өндөр шаардлага тавьдаг. Тэднийг өмнө нь зөвхөн ОХУ-д бэлтгэдэг байсан бол сүүлийн жилүүдэд Швейцарь, Тайланд, Англи, БНХАУ, Украйн Улсад бэлтгэдэг болсон гэнэ. Мөн мэргэжлийн өндөр төвшнөөс гадна Англи хэлний олон улсын иргэний нисэхийн байгууллагын IVболон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх шалгуурыг тавьж байна.

Техник, технологийн шинэчлэл хийж, 2012 онд нислэгийн бодит ажиглалтын систем суурилуулсан, агаарын замын бүтэц зохион байгуулалтаа шинэчилсэн зэрэг нь дамжин өнгөрөх нислэгийн тоо нэмэгдэхэд мөн нөлөөлсөн. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны дарга П.Мөнхжаргал “Бид 1997 оноос хойш агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэхээр эрчимтэй ажилласан. ИНЕГ-аас  олон төрлийн шат дараалсан ажлыг хийсний үр дүнд Монгол Улсын агаарын зайн багтаамж тууш зайчлалыг тав дахин, босоо зайчлалын зайг 40 хувиар ихэсгэсэн. Иймээс  бид 100 мянга байтугай 200 мянга, цаашдаа 400 мянган нислэгийг өнгөрүүлэх хүчин чадал бүхий агаарын зайтай болсон гэсэн үг. Энэ нь маш олон мэргэжилтний олон жилийн хүч хөдөлмөр, тухай бүрт авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн” гэлээ. Түүнчлэн цаашид хийхээр төлөвлөсөн зүйлсээ тэрбээр “Ирэх онд болон ойрын таван жилдээ төлөвлөсөн ажил их бий. Нислэг нэмэгдэхийн хэрээр нислэгийн удирдагч нараас гарах ур чадварыг өндөр төвшинд байлгах шаардлага тулгарна. Мөн Монгол Улсын агаарын зайн зохион байгуулалтыг шинэчлэх ажил төлөвлөгдөөд явж байна. Одоогоор манай бодит ажиглалтын дөрвөн сектор, процедурын ажиглалтын нэг сектор ажиллаж байгаа. Бид цаашдаа бодит ажиглалтын үйлчлгээтэй найман сектор болгож, ачааллыг жигд хуваарилах ажлыг хийнэ” хэмээв.

Одоогоор манай улсын агаарын зайг 87 улсын 180 гаруй компани ашиглаж, өнгөрөлтийн нислэг гүйцэтгэдэг. Цаашдаа он дуустал сар гаруйн хугацаанд 10 мянга гаруй нислэг өнгөрүүлэх тооцоо байгаа юм. Ингэснээр нийтдээ  110-115 мянган олон улсын нислэгийн дамжин өнгөрөлт хийх төлөвлөгөөтэй байна. Ингэснээр Монгол Улсад орох навигацийн орлого 50 тэрбумаар нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.

Навигацийн үйлчилгээний орлогоос 2011 онд Улсын төсөвт 40.8 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2015 онд 98.5 тэрбум, өнгөрсөн онд 130 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

IMG_0023

IMG_0026

IMG_0052

IMG_0056

IMG_0061

IMG_0075

IMG_0173

IMG_0095

 

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

tender-Web-Banner-1IMG_0056