НХҮА-НЫ ДАРГЫН 60 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Монгол улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ-ын харьяа Нислэгийн Хөдөлгөөний Үйлчилгээний Алба байгуулагдсаны түүхт 60 жилийн ой, ОУ-ын нислэгийн удирдагчдын баярын мэндийг тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнууд, нэгэн зорилгын төлөө хүч хөдөлмөрөө зориулж буй удирдлага, албан хаагчид, мэргэжил нэгт нислэгийн удирдагчид, иргэний нисэхийн салбарт хамтран ажилладаг дотоод, гадаадын байгууллагуудын төлөөлөгчид та бүхэнд хувиасаа болон нийт хамт олныхоо нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

Тус албаны 60 жилийн ой нь иргэний нисэхийн салбар Монгол улсын дэд бүтцийн бие даасан нэгж болж, зорчигч үйлчлүүлэгчид, авиа компаниуд Монгол улсын агаарын зайд аюулгүй, үр ашигтай нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ авч эхэлсэн баярын өдөр юм.

1956 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Агаарын харилцааны газар байгуулагдаж, улмаар 1957 онд Хөдөлгөөний түр курсийн мэргэжилтнүүд болох Нисэх хүчний дарга асан, хошууч генерал М.Зайсанов, Дивизийн ерөнхий штурман Пүрэвийн Загд, агаарын буудлагын ба агаарын онолын багш Будын Надя нар тус байгууллагын суурийг тавьж, анхны даргаар П.Загд томилогдон ажиллаж эхэлсэн нь байгууллагын түүхийн эхлэл билээ.

Өнгөрсөн жарны хугацаанд манай албаны нэр хэдэнтээ өөрчлөгдсөн ч байгууллагынхаа эрхэм зорилгын хүрээнд аюулгүй, үр ашигтай нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг агаарын тээвэрлэгч байгууллагуудад хүргэх, чадварлаг хүний нөөц буюу нислэгийн удирдагч, нислэгийн мэдээллийн ажилтнууд, нислэгийн төлөвлөлтийн ажилтнуудыг тус тус сонгон шалгаруулж мэргэжлийн шаардлагын дагуу тогтмол сургах, олон улсын иргэний нисэхийн салбарт  шинээр нэвтэрч буй техник технологийн шинэчлэлүүдийг судалж, хэрэгжүүлэх, удирдах байгууллагуудын тушаал шийдвэрүүдийг МУ-ын хууль, Иргэний нисэхийн холбогдох дүрэм, журам зааврын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Алба байгуулагдсанаас хойш бид өнгөрөлтийн болон олон улс, орон нутгийн хөөрөлт буултын 2 300 000 орчим нислэгт  нислэгийн хөдөлгөөний удирдлага, үйлчилгээг амжилттай үзүүлсэн ба сүүлийн 10 жилд хэрэгжүүлсэн томоохон ажлуудаас дурдвал:

2008 онд Монгол Улс, ОХУ-ын хил дээр GINOM, VAMOL агаарын хаалгууд, Монгол Улс БНХАУ-ын хил дээр NIXAL агаарын хаалга тус тус шинээр нээгдсэнтэй холбогдуулан агаарын замын сүлжлийг боловсронгуй болгох ажлын хүрээнд дээд агаарын зайг шинээр процедур удирдлагын Улаанбаатар, Мөрөн, Сайншанд, Далан гэсэн 4 секторт хуваан, БНХАУ-ын болон Зүүн өмнөд азийн улс орнууруу чиглэсэн нислэгийн урсгалыг параллель агаарын замаар явуулах зохицуулалт хийн ажилласан нь нислэгийн аюулгүй ажиллагаанд том дэвшил болсон байна.

2010 оноос ОУ-ын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээнд оролцож байгаа нислэгийн удирдагч нарт англи хэлний IY түвшний шаардлага албан ёсоор тавигдсан байна.

2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын агаарын зайд “Багасгасан босоо зайчлал-RVSM”-ыг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын агаарын зайн багтаамж нэмэгдэж, нислэгт үр ашигтай нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн. Монгол Улсын агаарын зайд Нислэгийн багасгасан босоо зайчлалыг нэвтрүүлснээр огтлолцол бүхий агаарын замууд дээрх давхацлын тоо 0.5-1.5 дахин багасч, үйлчлүүлэгч авиакомпанийн агаарын хөлгүүд ашигтай өндрөөрөө нислэг үйлдэх боломжийг 2 дахин нэмэгдүүлсэн.

2012 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын дээд агаарын зайд анх удаа Нислэгийн хөдөлгөөний удирдлагын процедурын аргачлалаас бодит ажиглалтын удирдлагын аргачлалд шилжүүлэн ажилласан бөгөөд ингэснээр агаарын хөлөг хоорондын 10 минутын тууш зайчлалыг 90 км болгон багасган, бодит ажиглалтын удирдлагын Төв, Мөрөн, Хэнтий, Говь гэсэн 4 сектор, процедурын удирдлагын Алтай, Дорнод 2 секторт тус тус хуваан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагаас  эхлэн Монгол Улсын агаарын зайд бодит ажиглалтын тууш зайчлалыг 90 км-ыг 30 км-т шилжүүлэн ажиллаж эхэлсэн. Ингэснээр зайчлалын стандартыг хөрш улсуудтай уялдуулах, агаарын зайн багтаамжийг нэмэгдүүлэх, агаарын тээвэрлэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдсэн юм.

2015 оны 11-р сарын 12-ны өдрөөс нислэгийн үйл ажиллагаанд  RNAV5 бүхий 3 агаарын замыг ашиглаж эхэлсэн нь Үзүүлэлтэд тулгуурласан Навигаци буюу PBN-ийн 1-р үе шатыг хэрэгжүүлэх ажлын үр дүн байсан бөгөөд агаарын замын маршрут чиг шулуун болж, агаарын тээвэрлэгчид эдгээр агаарын замыг ашиглан нислэг үйлдсэнээр нислэгийн зай богиносч, эдийн засгийн хувьд түлш болон хугацаа хэмнэх ашигтайгаас гадна нүүрсхүчлийн хийн ялгаралт багасч байгаль орчинд ээлтэй байх, эдийн засгийн ач холбогдол дээшилсэн юм. Улмаар 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 00.00UTC цагт PBN-ийн 2-р үе шатыг нислэгийн үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлж, Шанхайгаас Лейпцигийн чиглэлд нислэг үйлдэж буй BOX 571 дуудлагатай Боинг 777 маягийн агаарын хөлөг 00.11 UTC цагт NIXAL-DARNO чиглэлд Y746 агаарын замаар анхны нислэгийг үйлдсэн билээ.

2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба нь  MNS ISO 9001:2010 чанарын удирдлагын тогтолцооны сертификатыг гардан авч тус тогтолцооны шаардлагыг амжилттай хэрэгжүүлж, аюулгүй, үр ашигтай, чанартай нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ бүхий байгууллага гэдгээ баталсан.

2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 00:01 UTC цагаас Ойртолтын нислэгийн удирдлагын үйлчилгээнд бодит ажиглалтын удирдлагын үйлчилгээг  амжилттай нэвтрүүлсэн бөгөөд ингэснээр нислэгийн аюулгүй ажиллагааг нэмэгдүүлж, Олон Улсын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын түвшинд хүрсэн юм.

2017.06.01-ны 00.01 UTC цагаас эхлэн зөвшилцөл дамжуулах OLDI холболтыг Эрхүүгийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран амжилттай нэвтрүүллээ.

Бид цаашид Олон улсын иргэний нисэхийн байгууллага, бүс нутгийн болон зэргэлдээх нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ИНЕГ-ын зорилго зорилтыг хэрэгжүүлэн, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний удирдлагад нэвтэрсэн  тэргүүн туршлагуудыг судлан, хэрэгжүүлэх, ажилтнуудынхаа мэдлэг ур чадвар, эрүүл мэндийг дээшлүүлэх олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллах болно.

Та бүхний цаашдын ажил амьдралд эрүүл энх,

Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

DSC_0106

НХҮА-ны дарга П.Мөнхжаргал

2017.10.20

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

image002IMG_8826