ОЛОН УЛСЫН НИСЭХИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД АНХ УДАА МОНГОЛД СУРАЛЦЛАА

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба, Нисэхийн сургалтын төв хамтран Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-д хүлээн зөвшөөрөгдсөн “Нисэхийн мэдээллийн менежментийн мэргэжилтэн” олон улсын сургалтыг эх орондоо анх удаа амжилттай зохион байгуулж гадаад мэргэжилтнүүд сургалтыг баталгаажуулсан эрхийн бичгээ өнөөдөр гардаж авлаа.
Энэхүү олон улсын сургалтыг зөвхөн Монголын ИНЕГ олон улсад зохион байгуулах эрхийг эзэмшиж, сургалтын хөтөлбөрөө ОУИНБ/ИКАО/-аар баталгаажуулснаар ийнхүү анх удаа олон орны нисэхийн салбарын мэргэжилтнүүд Монголд суралцах эхлэл тавигдаж байгаа юм.
Энэ удаагийн сургалтад Австрали, Бүгд Найрамдах Бангладеш Ард улс, Непал Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын мэргэжилтнүүд ирж хамрагдсан байна. 14 хоногийн сургалтын зорилго нь агаарын навигацийн өгөгдлийн сүлжээнээс түүхий өгөгдөл боловсруулхаас эхлэн эцсийн хэрэглэгчдэд бэлэн мэдээлэл түгээх хүртэлх бүх үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгоход чиглэгджээ.

Ингээд НМҮА-ны дарга Д.Ариунгэрэл, Нисэхийн сургалтын төвийн захирал Б.Гангэрэл болон сургалтад хамрагдсан олон улсын зарим мэргэжилтнүүдээс сургалтын талаар тодруулга авснаа хүргэж байна.

ОЛОН УЛСЫН СУРГАЛТААС МӨНГӨ ОЛОХ ОЮУНЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ

Д.Ариунгэрэл /Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны дарга/

– ОУИНБ /ИКАО/ 2000 оноос эхлээд нисэхийн мэдээллийн үйлчилгээг Нисэхийн мэдээллийн менежментэд шилжүүлэх үзэл баримтлал дэвшүүлж олон улс хэрэгжүүлж эхлээд явж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өмнө нь нисэхийн мэдээллийн үйлчилгээг үзүүлэхдээ агаарын хөлгийн нисэх баг болон нислэгийн хөдөлгөөн удирдагч нарт нислэг эхлэхээс өмнө цаасан хэлбэрийн мэдээллийг өгдөг байсан. Харин одоо нисэхийн мэдээллийн менежментэд шилжсэнээр мэдээллийг өгөгдөлд тулгуурласан цахим хэлбэрээр зөвхөн нислэгийн өмнө биш нислэгийн бүх шатанд авах боломжтой болж байгаа юм. Манай улсын хувьд нисэхийн мэдээллийн менежментийг хэрэгжүүлэх явц 87 хувьтай, Ази, номхон далайн бүсийн 40-өөд оронтой харьцуулахад тэргүүлж яваа улс юм. Манай улсын дараа, 2 дугаарт Сингапур улс бичигдэж явдаг. Ийм учраас туршлагдаа тулгуурлан стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрийг бэлтгэж ОУИНБ-аар баталгаажуулсны үндсэн дээр Нисэхийн сургалтын төвтэйгөө хамтран олон улсын анхны сургалтаа амжилттай зохион байгууллаа. НМҮА-ны хэрэгжүүлсэн Нисэхийн мэдээллийн менежментийг олон улсын хурлуудад өндрөөр үнэлж, яригдаж байна.
– Ази, номхон далайн бүсэд төдийгүй дэлхийн хэмжээнд энэ чиглэлийн олон улсын сургалт эрэлт хэрэгцээтэй байдаг. Манай албанд энэ сургалтыг зохион байгуулахад бэлтгэгдсэн 4 багш байна. Бид олон улсын сургалтыг зохион байгуулдаг болсноор эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой. Гадаад улс орнуудын мэргэжилтнүүд манайд мөнгө төлж ирээд англи хэлээр богино хугацааны сургалтад хамрагдаж байна. Дотоодын мэргэжилтнүүд бусад улс оронд өндөр зардлаар очиж сурдаг байдал багасч эх орондоо суралцах эхлэл тавигдлаа. Бид энэ сургалтыг зохион байгуулахын тулд англи хэл дээр 1074 хуудас сургалтын материал боловсруулж бэлтгэсэн. Түүнчлэн гарын авлаг, ном бусад материалууд бэлтгэгдлээ. Олон улсын нисэхийн салбарын мэргэжилтнүүд манай улсад энэ сургалтанд хамрагдсанаар автоматжуулсан үйлдвэрлэлийн дадлагад хамрагдаж онолоо баталгаажуулах давуу талтай. Сургалт цаашид тогтмол явагдана. Ингэхдээ бид зөвхөн эх орондоо төдийгүй бусад улс оронд захиалгаар очиж сургалт зохион байгуулах, эсвэл сургалтын багц хөтөлбөрөө стандартчилагдсан багшид худалдах зэргээр олон улсын сургалтаас мөнгө олох оюунлаг хөрөнгө оруулалтын ажлыг амжилттай эхлүүллээ гэж хэлж болно.
Цаашид олон улсын сургалтуудыг нэмэгдүүлэх чиглэлээр манай албаныхан төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. Тухайлбал, “Чанарын удирдлагын тогтолцоо” гэсэн сэдвээр эрэлт ихтэй олон улсын сургалтын багц хөтөлбөр боловсруулж ирэх жил батлуулахаар зорьж байна. Мөн “Нисэхийн зураглал”-ын сэдвээр хөтөлбөр боловсруулах төлөвлөгөөтэй байгаа.

НИСЭХИЙН СУРГАЛТЫН ТӨВ ОЛОН УЛСЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЧАДАМЖТАЙ ГЭДГЭЭ БАТАЛГААЖУУЛЛАА

Б.Гангэрэл /Нисэхийн сургалтын төвийн захирал/

– Нисэхийн сургалтын төв нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Trainair Plus хөтөлбөрт элсэн орж, 2016 онд “Жинхэнэ гишүүн” байгууллага болсон юм. Ингэснээр өөрсдийн боловсруулж, баталгаажуулсан олон улсын түвшний сургалтыг эх орондоо төдийгүй олон улсад зохион байгуулах боломж бүрдсэн. Тиймээс эх орондоо нисэхийн салбарын чиглэлийн олон улсын сургалтыг анх удаа амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
– Сургалтыг зохион байгуулснаар хэд хэдэн чухал ач холбогдолтой. Юун түрүүнд Нисэхийн сургалтын төв нь олон улсын түвшний сургалтын хөтөлбөрийг өөрсдөө боловсруулж ICAO-аар баталгаажуулах бүрэн чадамжтай, батлагдсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтуудыг эх орондоо зохион байгуулах бүрэн боломжтой гэдгээ баталгаажууллаа. Түүнчлэн Монгол Улсын иргэний нисэхийн салбарын ажилтнууд гадаадын улс орнуудад очиж мэргэших, дадлагажих, эрх, зэрэг авах олон улсын сургалтад хамрагддаг байдлыг тодорхой хувиар бууруулж, эх орондоо, өөрсдийн нөөц боломж дээр тулгуурлан хямд зардлаар, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтад хамрагдах боломж нээгдэж байна.
Зохион байгуулж буй сургалтуудад дотоод, гадаадын мэргэжилтнүүдийг хамруулж байгаа нь мөнгөний урсгалыг дотогш чиглүүлж, сургалтын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх замаар НСТ-ийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм. Цаашид мэдээж сургалтад хамрагдах суралцагчдын тоо нэмэгдэнэ. Олон улсын сургалт манайд зохион байгуулагдаж эхэлнээ гэдэг нь олон улсын түвшинд Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын нэр хүнд нэмэгдэж байна. Мөн нисэхийн салбар эх орноо сурталчилах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ орууллаа гэж үзэж байна.

ОЛОН УЛСЫН НАРИЙВЧИЛСАН СУРГАЛТ АВЧ ЧАДЛАА

Ноён Пол Тэйлор /Австрали улсын ИНЕГ-ын Аюулгүй байдлын байцаагч/

– Нисэхийн аюулгүй байдлын байцаагчийн хувьд энэ сургалтад хамрагдсан. Сургалтаас маш олон нарийвчилсан мэдээллүүдийг авч чадсан. Австрали Улсдаа очоод хэрэгжүүлэх олон зүйлийг сурч чадсандаа баяртай байна. Цаашид манай улсаас Монгол Улсад зохион байгуулагдаж буй энэ сургалтанд мэргэжилтнүүдээ хамруулах байх. Би мөн Монгол Улсад анх удаа ирж байна. Танай улсын түүх, ёс заншил, хөгжлийг сонирхсон. Надад автомашины түгжрэлийг эс тооцвол Монгол Улс үнэхээр таалагдсан.

Хатагтай Шушма Тапа Магар /Непал улсын ИНЕГ-ын ахлах мэргэжилтэн/

– Энэ сургалтад хамрагдсанаар нисэхийн мэдээллийн менежментийн талаар нарийвчилсан сургалт авч чадлаа. Хичээлийн агуулга нь өргөн цар хүрээтэй, өгөөжтэй байсан. Манай Непал улсын иргэний нисэхийн байгууллагын хувьд энэ сэдвийн сургалтыг зөвхөн дотоодын мэргэжилтнүүддээ зохион байгуулдаг. Олон улсын сургалт бол Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа нь энэ байх. Би Монгол Улсад анх удаа ирж байна. Уламжлалт ёс заншлаа хадгалсан байдал нь надад их таалагдсан. Манай Непал улстай төстэй улс юм.

22008134_488329024861234_3711133620058591815_n

22045660_488329021527901_5784424737095542436_n

22045837_488328924861244_3261207278296613961_n

22046034_488328921527911_4164163013707717521_n

22089220_488328918194578_5515111610224833604_n

22089630_488329028194567_7641016694361477082_n

22090059_488329118194558_4474276473846057255_n

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

Murun 1Mendchilgee