Онцлох бүтээн байгуулалт буюу ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ажлын явц

d25c11_DSCF5029_x974         Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Улаанбаатар хотын Шинэ нисэх буудлын үүдээр ороход Сөүлийн Инчеон, Японы Нарита нисэх буудлуудыг санагдуулам өнгө аяс цухалзаж байлаа.

Монголчуудын олон жил ярьж, мөрөөдсөн томоохон бүтээн байгуулалт болох Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын техник эдийн засгийн судалгааг одоогоос 11 жилийн өмнө буюу 2006 онд Япон улсын тусламжтайгаар хийж байжээ. Тэгвэл энэхүү төсөл хэрэгжиж тун удахгүй бид гадаад дотоодынхны өмнө нүүр улайхааргүй онгоцны буудалтай болох гэж байна. 

Япон улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжаар Монголд олон бүтээн байгуулалт хийгдсэн байдаг. Бид тэдний хамгийн том жишээ болох Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлыг зорьж, бүтээн байгуулалттай нь наймдугаар сарын 18-ны өдөр танилцлаа.

478bc4_DSCF4969_x974

Хөгжлийн албан ёсны тусламж нь Монголд Уул уурхайн тогтвортой хөгжлийг хангах, засаглалыг бэхжүүлэх, Бүх хүнд өгөөжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглэсэн тусламж, Улаанбаатар хотын чадавхыг бэхжүүлэх гэсэн гурван үндсэн чиглэлд хэрэгжиж байна.

Нийт 65.6 тэрбум иений /1.4 их наяд төгрөг/ зээлийг Япон улсаас 40 жилийн хугацаатай, үүнээс эхний 10 жилд нь зээлийн төлбөрөөс хөнгөлөх нөхцөлтэй өгсөн аж. Зээлийн хүү жилийн 0.1-0.2 хувь маш бага байсан байна. Ийм хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авч байгаа тохиолдолд төслийн зөвлөхөөр Япон, Ерөнхий гүйцэтгэгч Япон, төслийн хүрээнд нийлүүлэгдэх бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний 30 хувь нь Япон улсаас байна гэдэг шаардлага тавигдсан ажээ.

Монголчууд өмнө нь ийм бүтээн байгуулалт хийсэн туршлагагүй учраас чанар, хариуцлагаараа алдартай Японы компаниудыг төсөлдөө татан оролцуулах нь тийм ч хэцүү шаардлага биш байсан тухай төслийн багийнхан хэлж байлаа.

Шинэ нисэх буудлын төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Японы Мицубиши-Чиёода” хамтарсан түншлэл, Ерөнхий туслан гүйцэтгэгчээр БНСУ-ын “Самсунг Си энд Ти” корпораци ажиллаж үндсэн бүтээн байгуулалтын ажлыг 2017 оны нэгдүгээр сарын 10-нд хүлээлгэн өгчээ.

Энэхүү том төсөлд 50 орчим туслан гүйцэтгэгч компанийн 2,700 гаруй ажилтан оролцсоны 70 хувь нь Монголоос байв. Одоо Монгол Улсын Засгийн газраас хийх бүтээн байгуулалтын зарим ажил хийгдэж байна. Манай Засгийн газраас нэмэлтээр 30 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхийг өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэж тохирсон юм.

ac4f94_DSCF4959_x974

Нисэх буудлыг бүрэн ашиглалтад оруулах ажил аль шатанд явж байгаа талаар Төслийн захирал Н.Энхбат “Туршилтын нислэг эхэлсэн явж байгаа. Нисэх буудлыг ашиглалтад оруулах талаар Сангийн сайд, Зам тээврийн хөгжлийн сайд нар газар дээр нь ирж ажиллалаа.

Энэ ажлын хүрээнд Засгийн газрын хуралдаанд асуудал оруулсан. Бидэнд одоо нисэх буудал хүрэх зам хэрэгтэй байна. Энэ зам 2018 онд дуусна. Мөн хоёр талын эх үүсвэрийг шийдсэн цахилгаан эрчим хүч хэрэгтэй. Бид нэг талын эх үүсвэрээ Налайхаас авна. Харин нөгөө талын эх үүсвэрээ Сонгинын дэд станцаас авна. Нийслэлийн санхүүжилтээр хийгдэх энэ ажил хараахан ашиглалтад ороогүй байна.

Нөгөө талаасаа боловсон хүчний сургалтын асуудал гарч ирнэ. Мөн Монголын талаас хийгдэх таван барилга угсралтын шатандаа явж байна. Энэ ажлуудыг хийсний дараа буюу ямар ч байсан агаарын анхны хөлгийг 2018 оноос хүлээн авах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа” гэсэн юм.

Эх сурвалж: www.ikon.mn

Сүүлийн бичлэгүүд
Холбоо барих

Санал хүсэлт ирүүлэх болон нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнд зурвас илгээнэ үү. Бид эргэн холбогдох болно.

Текстийг солих captcha txt

Хайх үгээ бичнэ үү

f0bf1c2c529c7b66d96fb4a31505b8cfc9d1635276fb38f914e118550bead4e3